| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/02984/И |
| Дугаар | 02447 |
| Огноо | 2017-09-14 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 02447
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 302 дугаар байр, 46 тоотод оршин суух, Буурал овогтой Эрдэнэдаваагийн Ганчимэгийн нэхэмжлэлтэй, Б.Ган-Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Ганчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Ган-Эрдэнэтэй харилцан тохиролцож 2017 оны 3 дугаар сарын 17 өдөр зээлийн гэрээ байгуулж 3,900,000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаатай хүүгүй зээлдүүлсэн юм. 2017 оны 3 сарын 28-нд 700,000 төгрөг 2017 оны 3 сарын 31-нд 1,060,000 төгрөг Б.Ган-Эрдэнэд өгсөн. Б.Ган-эрдэнэ нь мөнгө зээлж авсан өдрөөс хойш нэг ч төгрөг төлөөгүй болно. Хариуцагч Б.Ган-Эрдэнэ хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул Б.Ган-Эрдэнийг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Ганчимэг нь иргэн Б.Ган-Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Б.Ган-Эрдэнэ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 181/ШЗ2017/11288 дугаар захирамж, Хаан банкны дансны хуулга, зээлийн гэрээ, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 1, 4, 5-6, 8 дугаар тал/
Түүнчлэн Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Ган-Эрдэнийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 181/ШЗ2017/11288 дугаар захирамжаар нотлогдож байх тул түүний оршин суугаа газрыг олж тогтоохоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Ган-Эрдэнийг эрэн сурвалжлах ажиллагааг Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигон овогтой, Батсуурийн Ган-Эрдэнэ /РД:ЧЙ74091016/-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Б.Ган-Эрдэнийг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг цагдаагийн байгууллага /Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст/-д даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Ганчимэг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР