Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/443

 

 

 

 

 

 

 

 

 

    2022        04          26                                     2022/ШЦТ/443

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр;

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;  

 

Улсын яллагч: Д.М;

 

Хохирогч: Б.Д;

 

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Д;

 

Шүүгдэгч: Н.Ц;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.Б;

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;

 

Хэргийн дугаар:;

           

Шүүгдэгч Н.Ц регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 1964 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, 2 хүүхэд, хүргэн, 2 зээ нарын хамт, урьд ял шийтгэлгүй.  

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

 

H.Цнь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Баянбүрдийн автобусны буудал орчим согтуурсан байх үедээ таксины жолооч Б.Дтэй “таксины төлбөр өгөхгүй” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний хэвлий болон цээжин тус газрууд нь хөлөөрөө өшиглөх, дэвсэх, толгойн тус газар нь гараараа цохих зэргээр халдан зодож, түүний эрүүл мэндэд “цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуя цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокуророос Н.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ц мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 12 дугаар сарын 19-нд “Сүнжин гранд”-ын хашаанаас таксинд суусан. Нэг харсан чинь  Нарантуул худалдааны төвөөр тойрч явж байсан. Тэгээд зам тойрч явсан асуудлаас болж маргалдаад би “бууя“ гэхэд буулгахгүй байсан. Би халамцуу байсан учир унтчихсан байсан. Тэгээд Баянбүрд дээр ирээд намайг “буу“ гэж хэлээд 20.000 төгрөг нэхсэн. Би “үгүй” гэж хэлээд буугаад явах гэтэл миний цүнхнээс татахаар нь мөр рүү нь 2 цохиж, гуя шилбэ рүү нь өшиглөсөн. Тэгээд зугтсан. Гэтэл тэр хавийн цагдаа намайг авч яваад эрүүлжүүлэхэд хоноод өглөө нь цагдаад байцаалт өгсөн. Ийм л юм болсон. Намайг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрч байна” гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Д мэдүүлэхдээ: “Би тухайн үед тэтгэвэрт гарсан байсан бөгөөд 2015 оноос хувиараа таксинд явж эхэлсэн. Өглөө 9-20 цаг хүртэл явдаг. 12 дугаар сарын 19-ний 18 цагийн үед “Сүнжин гранд”-ын хажуу талаас 2 хүн гар өргөхөөр нь зогссон. Тэгтэл нэг нь “энэ хүнийг Баянбүрдийн буудал руу хүргээд өгөөч, оффицерийн зам битүү түгжрээ байна, Нарантуулын урдуур яваад хүргээд өгөөч” гэж хэлсэн. Утсан дээрээ миний машины дугаарыг дарж авсан. “Өгөөмөр” захын урд түгжирсэн байдалтай байхад Н.Ц гэх хүн “энэ замаар хэн чамайг яв гэсэн юм, буцаад яв лалар минь” гэж хэлсэн бөгөөд арын суудал руу өшиглөөд, шүлсээ хаяж, намайг хэл амаар доромжилж, хаалга онгойлгох гээд байхаар нь би түгжсэн. Тэгээд буцаж эргээд оффицерийн замаар түгжирсээр байгаад 19 цаг 20 минутын үед Баянбүрдийн буудал дээр ирсэн. Ингээд 15 километр болсон 1 километр нь 1.200 төгрөг буюу 20.000 төгрөг болсон гэж хэлтэл намайг харааж “яахаараа ийм мөнгө гардаг юм” гэсэн. Тэгээд мөнгөө өгөхгүй гээд бууж ирээд шууд заамдаж аваад намайг чирч буулгаад хэвлий рүү өшиглөөд түлхэж унагаад цээж рүү дэвссэн. Босож ирээд цагдаа дуудах гэтэл толгойн ар хэсэгт 2 удаа хүчтэй цохиж унагаасан. Миний бие шүүх эмнэлгээс гараад явж байтал муудаад байсан бөгөөд ойрхон эмийн сан орж даралтаа үзүүлтэл маш өндөр гарсан болохоор ойрхон эмнэлэг рүү очиж хэвтэх гэтэл ор байхгүй болохоор нь тэр орой нь хувийн эмнэлэгт хэвтсэн. Эмнэлэгт хэвтсэн мөнгөнөөс ерөөсөө өгөөгүй бөгөөд би урьдчилгаа болгож 300.000 төгрөг өөрөөсөө өгсөн. Миний ор хоногийн хугацаа дуусаад гарах гэж байхдаа Н.Ц руу залгаад “үлдсэн тооцоогоо хийгээд гармаар байна” гэж хэлтэл “би төрсөн өдрөө тэмдэглэж байна лалар минь, шорондоо явна, чиний эмнэлгийн мөнгийг би юу гэж мөнгө өгдөг юм” гэж хэлсэн. Зодуулснаас хойш миний хараа муудаж, нэг талын чих сонсгол муутай болсон. 1.843.807 төгрөгийн хохирлоос 865.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл хохирол 978.807 төгрөг үлдэж байгаа. Мөн тухайн үед би ээмэг, гинж, кулонтой явж байсан бөгөөд зодуулах үед унагаасан. Энэ нь 2.562.000 төгрөг болж байгаа. Би таксинд яваад сар болгоны 1-ний өдөр ипотекийн зээл төлдөг бөгөөд энэ үйл явдал болсноос хойш 3 удаа эмнэлэгт хэвтсэн тул 3 сарын хугацаанд зээлээ төлөөгүй буюу 2.145.000 төгрөг төлж чадаагүй. Би 3 сар ажлаа хийгээгүй бөгөөд олох байсан орлого буюу 1.937.076 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 400.000 төгрөг буюу шүүгдэгч Н.Цоос  8.022.880 төгрөг нэхэмжилж байна” гэв.

 

  Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Дгийн мэдүүлэг /хх-ийн 11-12, 99-/, Б.Дгийн биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 726 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23/, Б.Дгийн хохирол, эрүүл мэндтэй холбоотой баримтууд /хх-ийн 24-28, 37-60, 103, 105/, хохирогч Б.Дгээс гаргаж өгсөн баримтууд /хх-ийн 82-91/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 93-94/, Н.Ц хохирол төлсөн баримт /хх-ийн 104/, Н.Цын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 68-78, 100/, Н.Цын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 64-65/, болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Дгээс шинээр гаргаж өгсөн эрүүл мэнд, хохиролтой холбоотой баримтууд зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч H.Ц нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний оройн 19 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Баянбүрдийн автобусны буудал орчим таксины жолооч Б.Дд “таксины төлбөр төлөхгүй” гэж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Б.Д-гийн (хх-ийн 11-12): “...2021 оны 12 дугаар сарын 19-ний 18 цагийн үед Баянзүрх дүүрэг 8 хороо, “Сүнжин” грандын ойролцоох уулзвар орчмоос 2 хүн такси барихаар гар өргөсөн. Тэгээд би зогсож нэг хүн нь миний машинд сууж нөгөө хүн нь “энэ хүнийг Баянбүрдийн автобусны буудал дээр хүргээд өгөөч, ямар нэг асуудал байхгүй, настай томоотой хүн байгаа юм, мөнгөө асуудалгүй өгнө” гэж хэлсэн. Би зөвшөөрсөн бас миний автомашины улсын дугаарыг утсаараа зургийг нь авсан. Тэгээд автомашинд суусан хүнийг согтуу байсан гэж мэдээгүй, чимээгүй орж ирээд л суучихсан. Замд явах зуурдаа нөгөө суусан хүн чанга чангаар хараал хэлж, машин дотор шүлсээ хаяж бас суудлын ар хэсэг рүү өшиглөөд байсан. Энэ үед би тэр хүнийг согтуу байсныг мэдсэн. Тэгээд тэр хүн “намайг буулгаад хая” гээд орилоод байхаар нь би машины хаалгаа цоожилсон. Тэгээд 19 цаг 20 минутын үед ертөнцийн зүгээр замынхаа хойд талын Баянбүрдийн автобусны буудал дээр ирсэн. Би “ахаа Баянбүрдийн автобусны буудал дээр ирчихлээ” гэхэд “пизда минь хэн чамайг энд авчир гэсэн юм, лалар минь би чамд мөнгө өгөхгүй” гэж хэлээд машинаас бууж жолооч талын хаалгыг онгойлгож миний цамцны захнаас зулгааж, машинаас татаж буулгаад миний хэвлий хэсэг рүү өшиглөсөн. Би “ёо ёо” гээд доош тонгойход намайг цааш түлхэж унагаад миний цээжин дээр 2 удаа дэвссэн. Тэгээд би босоод цагдаа дуудах гэхэд миний толгойн ар хэсэг рүү гараараа хүчтэй цохисон. Би газарт унасан бас миний цээжинд цус амтагдаж, амнаас цагаан хөөс гараад байсан. Тэгээд 19 цаг 30 минутын үед цагдаа дуудсан. Нөгөө хүн зугтаад яваад өгсөн. Цагдаа нар тэр хүнийг зугтсаны дараа 19 цаг 50 минутанд ирсэн. Цагдаа нар ирээд намайг машиндаа суулгаад зугтсан хүнийг хаашаа явсныг асуугаад би зааж өгсөн. 20 орчим минутын дараа нэг гудамжнаас нөгөө зугтсан хүн цүнхээ үүрээд гараад ирсэн. Тэгээд цагдаа нар бариад цагдаагийн газар ирсэн. Би дээрх гэмтлийг 2021 оны 12 дугаар сарын 19-ний орой 19 цагийн үед үл таних таксинд суусан хүнд зодуулсанаас болж үүссэн. Тэр хүнд зодуулснаас болж миний зүрх, толгой, бөөр маш өвддөг болсон. Би тухайн хүнийг зүс царайгаар нь танина. Шаравтар өнгийн царайтай, 60 орчим насны, баруун талын хацар дээрээ жоохон зурагдсан байсан. Хэрэг явдал гарах үед тэр хүн хар куртик, хар өмд, нэг мөрөндөө үүрдэг хар өнгийн цүнхтэй байсан...” гэх мэдүүлгээр,  

 

Б.Д-гийн биед “цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуя цус хуралт” бүхий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар  сарын 24-ний өдрийн 726 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /xx-ийн 22-23/,

 

Н.Цын яллагдагчаар мэдүүлсэн (xx-ийн 64-65): “...манай шинэ жил 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах “Сүнжин гранд” гэх нэртэй ресторанд болсон. Шинэ жилийн арга хэмжээ 18 цагийн үед дууссан. Би их хэмжээний согтолттой байсан. Би тэнд байсан хүмүүс дундаас хорооны хэсгийн байцаагч ...., түүний нөхөр хоёрыг таньдаг байсан. Тэгээд тэр 2 намайг “явах уу” гэж асуухад би “явахгүй, манай нэг найз ирнэ” гэж хэлээд үлдсэн. Тэгээд Батшандас гэх найз маань ирнэ гэчихээд ирээгүй. Тэгээд би гадаа нэг залуутай тамхи татаад зогсож байснаа санаж байна, хэн гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгээд миний суусан такси намайг Баянбүрдийн автобусны буудал дээр хүргэж ирсэн. Тэгээд надаас 20.000 төгрөг нэхэхээр нь би “чи манай гэрээс 2 буудал хэтэрч явчихаад юун 20.000 төгрөг нэхээд байгаа юм, нэг бол намайг гэрт хүргэж өг” гээд таксины эмэгтэй жолоочтой маргалдаж эхэлсэн. Би “өгөхгүй” гэж хэлснээс болж маргаан үүсэж улмаар тэр эмэгтэйн биед гэмтэл учруулсан. Би машинаас нь буухад тэр эмэгтэй дагаад буусан. Надаас мөнгөө нэхээд байхаар нь мөр лүү нь цохисон. Би цаашаа явах гэсэн чинь надаас зууралдаад цүнх, куртикнээс татаад байсан. Тэгээд мөр лүү нь 2, 3 удаа цохисон. Тэр эмэгтэй газарт унасан. Би замаа дагаад гэр лүүгээ явж байсан. Удалгүй цагдаагийн машин ирж намайг эрүүлжүүлэх байр луу аваад явсан....” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Н.Цд холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь таксины төлбөр тооцооноос болж хохирогчийг зодсоныг шүүгдэгч, хохирогч хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, шүүгдэгчийн хүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогч гэмтсэн үр дагавар бий болсон, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг хөдөлбөргүй, эргэлзээгүй агуулсан байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Н.Ц нь Б.Дг зодож хөнгөн гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Н.Цын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулан дүгнэлт хийв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Н.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан төрөл, хэмжээний дотор 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоов.

 

Шүүх Н.Цд тодорхой нийтэд тустай ажил хийлгэхийг даалгаагүй учир нийтэд тустай ажлыг нутгийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагаас баталсан жагсаалтад заасан байгууллагад гүйцэтгэх учиртайг дурдаж байна.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Б.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжилсэн нэхэмжлэлээс эмчилгээний зардлын үлдэгдэл 978.807 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 400.000 төгрөгийг хангаж, шүүгдэгч Н.Цоос нийт 1.378.807 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Дд олгохоор шийдвэрлэв.

 

Харин гэмт хэрэг гарах үед байсан ээмэг, гинж, кулон зэрэг нь машинаас татаж буулгахад алдагдсан гэх боловч тухайн үед ийм эд зүйл байсан эсэх, хохирогчийн мэдүүлгийг нотолсон эх сурвалж байхгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч нь таксины мөнгө төлөхгүй гэж зугтах үед хохирогч мөнгөө авахын тулд өөрөө машинаасаа бууж шүүгдэгчийг барьж авсан байх бөгөөд хохирогчийн “намайг машинаас татаж буулгасан” гэх мэдүүлгийг үгүйсгэх үндэслэл нотлох баримтуудаас харагдаж байна.(хх-ийн 14)

 

Иймд эд хөрөнгийн хохиролд 2.562.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, ипотекийн 3 сарын зээл 2.145.000 төгрөг, олох байсан орлого 1.937.076 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Н.Ц нь хохирол төлбөрт 865.000 төгрөг нөхөн төлснийг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Н.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цыг  400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.                    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Н.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цоос 1.378.807 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Дд олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 2.562.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 4.082.076 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж энэ талаарх шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                                                               

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХ-ЭРДЭНЭ