| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2021/0073/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/72 |
| Огноо | 2021-06-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Мижиддоржийн Пүрэвдорж Улсын яллагч *******гийн ******* Шүүгдэгч *******гийн ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.*******д холбогдох 2123000000062 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт амьдардаг, Завхан аймаг сум баг ******* тоотод оршин суух хаягтай, урьд Завхан аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 3 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт зааснаар 08 сарын хугацаагаар хорих ялаар, тус шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 05 жил 06 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******гийн *******, /Регистрийн дугаар: *******/
Шүүгдэгч Л.******* нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 18 цагийн орчим Завхан аймгийн сум багт байрлах “” нарийн боовны цехийн орчимд иргэн Т.*******ыг нурууны шарх хөндлөө гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө толгой тус газарт нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох: Шүүгдэгч овогт *******гийн ******* нь 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 18 цагийн орчим Завхан аймгийн сум багт байрлах “” нарийн боовны цехийн орчимд иргэн Т.*******ыг нурууны шарх хөндлөө гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих, толгой руу нь өшиглөх зэргээр зодсон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: Л.******* өөрийг нь нүүрэн тус газар гараараа цохих, толгой руу нь өшиглөж зодсон талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч Т.*******ын “...2021 оны 04 дүгээр сарын 05-ны орой 18 цагийн үед ... ах бид хоёр цехийн арын уурын зуурны араар дамжаад захын урагшаа гарах гээд явж байтал цехийн арын уурын зуухны хашаан дотор , /*******/ нар сууж байсан. Тэгээд хажуугаар нь юу байна гэж хэлээд гарах гэтэл нь шууд босч ирээд намайг шууд заамдаж аваад толгой хэсэгт гараараа 4-5 удаа цохиод мөн намайг унагааж байгаад толгой хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд намайг хаяад явчихсан. ... Тэгээд гэртээ байж байсан миний нүднээс цус гараад байсан тэгэхээр нь эмнэлэг рүү залгатал зодуулсан юм чинь цагдаа дууд гэсэн. Тэгээд би ах ын хамт цагдаа дээр ирсэн... Гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр, Л.******* Т.*******ыг зодсоныг харснаа шууд тусган мэдүүлсэн гэрч М.ын “Тухайн өдөр ... ******* // бид хоёр юм яриад сууж байсан. ... ******* болон нар ... таарсан. Тэгээд ******* “За юу байна” гэж надтай мэндэлчхээд, дараа нь тай мэндлээд гар барьсан. Тэгээд удалгүй тэр хоёр маргалдахаар нь би гүйж ирээд салгасан. Тэгээд юу болсон талаар аас асуухад “******* миний шархнаас бариад авахаар нь би нүд рүү нь цохичихсон” гэж надад хэлсэн. Би тухайн үед бие засаад зогсож байсан... Нэг их маргалдаж муудалцахаар зүйл болоогүй. Т.*******, ийн бие дээрх шарханд хүрчихсэн гэсэн тэрнээс болоод маргалдаад би цохичихсон гэж надад хэлсэн. 2020 онд мотоциклтой шатаад бие нь түлэгдэлтийн шарх ихтэй тэрэнд нь ******* хүрчихсэн гэж байсан ...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Л.*******гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр би ын хамт сум багт байрлах “” нэртэй гурилан боов, зайрмагны үйлдвэрийн хажууд сууж байсан чинь ******* ирээд юм ярьж байгаад миний нурууны шархыг хөндчихсөн юм. Тэгэхээр нь миний уурд хүрээд *******ын нүүр хэсэг рүү нь гараараа цохиж унагаад нүүр үү нь өшиглөчихсөн юм...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 000000135 дугаартай “Иргэн Т.*******ын биед зүүн нүдний доод зовхины хэсэгт шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд хавдар цус хуралт, хамрын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах баримтаар үнэлсэн болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Л.******* нь хохирогчийн нүүрэн тус газарт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч Л.******* нь хохирогчийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг гараараа цохиж, өшиглөсөн үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна. Иймд Л.*******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй болох нь “Миний бие одоо зүгээр болсон тул надад санал нэхэмжлэх зүйл алга” гэсэн хүсэлтээр нотлогдож байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч Л.*******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Л.******* нь хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан нь шүүх хуралдаанд шүүгдэгчийн гаргасан Завхан аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2020 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн шийдвэрээр тогтоогдож байна. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 67 дугаар тогтоолоор батлагдсан “ Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”- ийн хавсралтын 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсгийн 4.4. 1-д “ хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдсан бол бүрэн алдсан” гэж үзэхээр заажээ. . Монгол Улсын Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд... оногдуулахгүй” гэж заасан. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд прокурорын шүүгдэгчид сонсгосон 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын хүрээнд ял оногдуулах нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг, мөн Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчихөөр байна. Хэдийгээр шүүгдэгч Л.*******, түүний өмгөөлөгч нар прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн боловч энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина“ гэж заасныг зөрчихөөр байна. Гэвч мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч шүүх хуралдааны явцад хөдөлмөрийн чадвар алдсан баримтаа гаргаж ирүүлсэн нөхцөл байдлыг харгалзан шүүх хэргийг прокурорт буцаалгүйгээр ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болно. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан хувийн байдлыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулав. Шүүгдэгчээс хохирогч хохирол нэхэмжлээгүй тул хохирогчид төлөх төлбөргүй, түүний эд хөрөнгөөс битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдах зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Л.*******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.******* нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Л.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ