Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2017/00318

 

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2017/00318

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2017/00318

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 60/3 байрны 6 тоотод байрлах, хуулийн этгээдийн …регистртэй БУ ББСБ ХХК  ХХК-ийн,

Хариуцагч: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, …дүгээр байрны …тоотод оршин суух, …регистртэй, Хатгид овогт Т.С-д холбогдуулан гаргасан,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 27,768,000 /хорин долоон сая долоон зуун жаран найман мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү, хариуцагчийн өмгөөлөгч Д.Тамир /ШТҮД: 0651/ нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч БУ ББСБ ХХК  ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Т.Стой 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Зээлийн гэрээ байгуулан 12,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн. Т.С нь зээлийн гэрээний барьцаа болгон өөрийн өмчлөлийн Тоёота Рав-4 маркийн автомашин барьцаалсан боловч барьцааны зүйл одоо хаана байгаа нь тодорхойгүй байна. Мөн Т.С нь зээлийн гэрээний дагуу сар бүр төлөх ёстой хүүгийн төлбөрийг нэг ч удаа төлж байгаагүй. Манай компанийн зүгээс гэрээний дагуу үүргээ биелүүлэхийг Т.Сид удаа дараа сануулсан ч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлсэнгүй. Иймд үндсэн зээл 12,000,000 төгрөг, зээлийн хүү 8,640,000 төгрөг, алданги 7,128,000 төгрөг, нийт 27,768,000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж тайлбарлахдаа:

Нэхэмжлэлийг гаргахдаа алдангид 7,128,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь хуульд нийцээгүй байх тул уг шаардлагаас татгалзаж, 7,128,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. /хх 30/ гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Тамир шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Зээлийн гэрээг 2 сарын хугацаатай байгуулсан боловч хариуцагч нь нийт 4 сарын хугацааны хүү төлсөн байгаа. Илүү төлсөн 1,440,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч, зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг тооцвол үндсэн зээлийн үлдэгдэл 10,560,000 төгрөг, хүү 7,603,200 төгрөг, нийт 18,163,200 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрнө. Мөн хүүгийн хэмжээ хэт өндөр байгааг харгалзан үзнэ үү. Т.Сийн амьжиргааны түвшин доогуур байгаа. /хх 30/ гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч БУ ББСБ ХХК  ХХК нь хариуцагч Т.Сид холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөр 12,000,000 төгрөг, зээлийн хүү 8,640,000 төгрөг, алданги 7,128,000 төгрөг, нийт 27,768,000 /хорин долоон сая долоон зуун жаран найман мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас 18,163,200 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

БУ ББСБ ХХК  ХХК нь Т.Стой 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ЗГ15062902 тоот Зээлийн гэрээ байгуулж, 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр, мөн өдрийн БГҮ15062901 тоот Барьцааны гэрээгээр Т.Сийн өмчлөлийн 9789 УБН улсын дугаартай Тоёота Рав-4 суудлын автомашиныг барьцаалан, зээлийн гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүү тооцохгүй байхаар харилцан тохирчээ. /хх 5/

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн, зээлийн барьцааны гэрээ нь мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар бичгээр хийх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна. /хх 5-6/

Гэвч Зээлийн гэрээнд алданги тооцохоор заасан бөгөөд нэхэмжлэгч алдангид 7,128,000 шаардсан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “... Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй” гэж заасантай нийцээгүй байх бөгөөд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч тал уг шаардлагаа хасч, нэхэмжлэлийн шаардлагаа 20,640,000 төгрөг болгон багасгасан болохыг дурдах нь зүйтэй.

Хариуцагчийн өмгөөлөгч зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал болон ерөнхий нөхцөл, зээлийн гэрээний хугацааны талаар маргахгүй боловч үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болон хүүгийн төлбөрийн хэмжээнээс тодорхой дүнг эс зөвшөөрч маргасан.

Хариуцагч Т.С нь 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 720,000 төгрөг, 8 дугаар сарын 29-ний өдөр 720,000 төгрөг, 9 дүгээр сарын 25-ны өдөр 720,000 төгрөг, 10 дугаар сарын 25-ны өдөр 720,000 төгрөг, нийт 2,880,000 төгрөгийг нэхэмжлэгч БУ ББСБ ХХК  ХХК-д төлсөн байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэн нь зээлийн хүү” байхаар хуульчилжээ.

Хэдийгээр зээлийн гэрээг 2 сарын хугацаатай байгуулж, уг хугацаанд зээлдэгч нь гэрээнд зааснаар буюу сар бүр 720,000 төгрөг төлөх үүргээ биелүүлсэн бөгөөд гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2015 оны 9, 10 дугаар сард төлөгдсөн нийт 1,440,000 төгрөгийн төлөлтийг үндсэн зээлээс хасч тооцох ёстой гэж хариуцагчийн өмгөөлөгч маргах боловч, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасны дагуу зээлийн хүүгийн төлбөрт тооцсон нь энэхүү хуулийн зохицуулалтад нийцсэн байна.

Түүнчлэн, хариуцагчийн өмгөөлөгчөөс зээлийн хүү сарын 6 хувь буюу 720,000 төгрөг байхаар гэрээнд тусгасан нь хэт их, хариуцагчийн амьжиргааны түвшин доогуур байгаа гэх үндэслэлээр зээлийн хүүгийн хэмжээг багасгахыг хүссэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шүүхэд гаргаж буй тайлбар, татгалзлыг баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

         Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул шүүхийн зардлыг хариуцагчид хариуцуулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч …регистртэй Хатгид овогт Т.С-с зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,640,000 /хорин сая зургаан зуун дөчин мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч БУ ББСБ ХХК  ХХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 296,790 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 261,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин танилцуулснаар хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигчид болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.САРАНТУЯА