Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/105

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж,

 

Нарийн бичгийн дарга Ц.Н

Улсын яллагч Г.А 

Хохирогч Ц.Ө

        Шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.М-д холбогдох эрүүгийн 2125000000328 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Ц.М

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Ц.М нь 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зээлийн ****тоот гэртээ эхнэр Ц.Ө ыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас Ц.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.М мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Ц.Ө  мэдүүлэхдээ: “Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр эвлэрсэн, одоо хамт амьдарч байгаа” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Ц.Ө ын “...2021 оны 9 дүгээр сарын 29-ний орой нөхөртөө зодуулсан, мөн байнга гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг” гэх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

 

2. Хохирогч Ц.Ө ын Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 3-4 дэх тал/,

 

3. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд хавтаст хэргийн 5-9 дэх тал/,

 

4. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

 

5. Хохирогч Ц.Ө ын “...2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 16 цагийн үед нөхрийн дугаар луу залгатал утсаа авахгүй байсан, дахин залгахад архи уусан шинжтэй ярьж байсан, намайг ирээд авчих, тэгээд гурвуулаа цуг харья гэсэн, 18 цагийн үед ирсэн, би охин М  гийн хамт суугаад бид гурав гэртээ харьсан, гэртээ ороод галаа түлээд байж байхад “би унтлаа орой 21 цагт буцаад явна гэж хэлсэн, гар утсаа аваад ир” гэхээр нь би түүнд утсаа өгсөн, тэгээд үзэж байгаад урьд бичиж байсан бүх чатуудыг гаргаад ирсэн, мессежүүдийг уншсанаа найз Э-тэй й хардаж “чи хэн хэнтэй мессежилдэг юм” гэснээ миний баруун өвдөг рүү нэг удаа өшиглөсөн чи энэнтэйгээ нийлж намайг доромжиллоо гээд үсдэж дарж газар унагаагаад нүүр лүү хоёр удаа өшиглөсөн, би хоёр гараараа нүүрээ дарж хамгаалсан бөгөөд дээрээс хэд хэдэн удаа өшиглөсөн, үсдэж босгосноо баруун шанаа руу нэг удаа алгадсан, зугтаатал миний гар утсыг шидсэн гэрийнхээ үүдний өрөөний тавиурыг татаж унагаагаад тогоотой хоол асгаад, сандал авч шидэхээр нь би түүнд хандан чи тавилга эвдэж байхаар намайг зод гэж хэлсэн, гараа атгаж байгаад миний толгой руу нэг удаа цохисон. Би сөхрөөд унасан, босоод эргээд хартал гартаа сандал барьчихсан цохих гэж байсан, би цохиулахгүй гээд сандалтай нь зулгаалцсан, буйдан дээр унатал миний хүзүүн дээр өвдөглөж байгаад гараараа толгой руу 2-3 удаа цохисон. Охин маань энэ үед “ааваа та ээжийг битгий зодооч дээ” гэхэд “ална шүү” гээд байсан. Тэгээд намайг үг хэлээр доромжилж дархадын шээс, чи хүнтэй явж хуурлаа гээд хэл амаар доромжилж эхэлсэн, намайг буудна гээд том өрөөний булан руу алхахаар нь би битгий л дээ гээд хойноос нь тэвэрч авсан гэтэл эргэж харснаа үснээс зулгааж, буйдан руу түлхэж унагаагаад нуруу руу гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохисон, миний буруу, би чамайг хуурсан юм байхгүй, зүгээр л би мессеж бичсэн шүү дээ, намайг битгий зодооч гэж уйлаад гуйхад миний зүүн гар луу өшиглөсөн. Би шинжээч эмч Ч.Б-н 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гаргасан №535 тоот дүгнэлттэй танилцсан, миний биед учирсан зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтлийг Ц намайг үсдэж дараад алгадаж, хөлөөрөө хоёр удаа өшиглөхдөө, мөн нүүр, хоёр гарын мөр, бугалга, баруун бугуй, шуу, сарвуу, нуруунд цус хуралт гэмтлүүдийг гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохихдоо учруулсан, надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-19, 21-22 дахь тал/,

6. Гэрч Н.З-н “...Би Ө  эгчтэй 2013 оны 1 дүгээр сараас нэг газарт одоог хүртэл хамт ажиллаж байна. Ц нь Ө  эгчийн нөхөр бөгөөд бид нар гэр бүлийн найзууд 2021 оны 3 дугаар сард Ө  эгч ажилдаа ирэхдээ дух нь хавдчихсан ирсэн, тухайн үед “нөхөртөө цохиулсан гэж хэлж байсан. Дараа нь 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өглөө Ө  эгчтэй уулзахад түүний зүүн нүд нь хөхрөөд хавдчихсан байсан бөгөөд нөхөртөө зодуулсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

7. Гэрч Ц.С-н  “...Манай хүргэн ах Ц.М нь манай эгчтэй хамт амьдарснаасаа хойш зодож цохиж байсан, хүргэн ах архи уугаад ирэх болгондоо эгчийг зодож цохидог, сүүлд 2021 оны 3 дугаар сард зодсон байсныг би эгчээсээ сонссон. 2021 оны 9 дүгээр сарын 30-ны шөнө хүргэн ах Ц эгчийг зодож биед нь буу тулгасан талаар эгч Ө  надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дахь тал/,

8. Ц.М-н гэрчээр болон яллагдагчаар өгсөн “...Би 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр эхнэр Ө , охин М   нарыг эхнэрийн ажлын гаднаас аваад гэртээ харьсан, тэгээд гар утсыг нь үзэж байтал устгасан файл дотор нь хүнтэй дотно маягаар харилцсан мессежүүд байсан. Би эхнэртээ хандан энэ юу вэ гээд харуултал надаас утсаа булааж авах гээд цамнаад унангуут нь хардалтын сэтгэл төрж үргэлжлүүлэн мессежүүдийг унштал нэг нэгнийгээ хайраа гэж бичилцсэн байсан, надтай 2021 оны 3 сард харилцаж байсан хүн гэж хэлсэн, би түүнийг хоёр удаа алгадсан, эхнэртээ гар хүрсэн нь миний буруу, буруугаа хүлээн зөвшөөрч байна. Түүний биед учирсан зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, хоёр гарын мөр, бугалга, баруун бугуй, шуу, сарвуу, нуруунд цус хуралт гэмтлүүдийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Эхнэр бид хоёр хоорондоо учраа олсон, одоо ямар нэг үл ойлголцох асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-26, 28, 72 дахь тал/,

9. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Б-н 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 535 дугаартай “...1.Ц.Ө ын биед зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, хоёр гарын мөр, бугалга, баруун бугуй, шуу, сарвуу, нуруунд цус хуралт, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, хоёр гарын мөр, бугалга, баруун бугуй, шуу, сарвуу, нуруунд үүссэн цус хуралт нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Баруун нүдний ухархайн дотор хананы хугарал нь хуучин гэмтэл байна. 4.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, хоёр гарын мөр, бугалга, баруун бугуй, шуу, сарвуу, нуруунд цус хуралт, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 6.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 60-62 дахь тал/,

 

10. Ц.М-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн78 дахь тал/,

 

11. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 90 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал, дүгнэлт.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.А  дүгнэлтдээ “Шүүгдэгч Ц.М нь 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зээлийн ****тоот гэртээ эхнэр Ц.Ө ыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлөх саналтай байна” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Ө ын “...миний биед учирсан зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтлийг Ц намайг үсдэж дараад алгадаж, хөлөөрөө хоёр удаа өшиглөхдөө, мөн нүүр, хоёр гарын мөр, бугалга, баруун бугуй, шуу, сарвуу, нуруунд цус хуралт гэмтлүүдийг гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохихдоо учруулсан.” гэх мэдүүлэг, гэрч Н.З-н “...2021 оны 3 дугаар сард Ө  эгч ажилдаа ирэхдээ дух нь хавдчихсан ирсэн, тухайн үед “нөхөртөө цохиулсан” гэж хэлж байсан. Дараа нь 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өглөө Ө  эгчтэй уулзахад түүний зүүн нүд нь хөхрөөд хавдчихсан байсан бөгөөд нөхөртөө зодуулсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг, гэрч Ц.С-н  “...Манай хүргэн ах Ц.М нь манай эгчтэй хамт амьдарснаасаа хойш зодож цохиж байсан, 2021 оны 3 дугаар сард зодсон байсныг би эгчээсээ сонссон. 2021 оны 9 дүгээр сарын 30-ны шөнө хүргэн ах Ц эгчийг зодож биед нь буу тулгасан талаар эгч Ө  надад хэлсэн.” гэх мэдүүлэг, Ц.М-н гэрчээр болон яллагдагчаар өгсөн “...Эхнэртээ гар хүрсэн нь миний буруу, буруугаа хүлээн зөвшөөрч байна. Түүний биед учирсан зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, хоёр гарын мөр, бугалга, баруун бугуй, шуу, сарвуу, нуруунд цус хуралт гэмтлүүдийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Б-н 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 535 дугаартай дүгнэлт, хохирогч Ц.Ө ын “...2021 оны 9 дүгээр сарын 29-ний орой нөхөртөө зодуулсан, мөн байнга гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг” гэх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ц.М нь 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зээлийн ****тоот гэртээ эхнэр Ц.Ө ыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Ц.М нь гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүн болох эхнэр Ц.Ө ыг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.М-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, улсын яллагчийн саналын дагуу ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.

           

            Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Ө ын биед зүүн гарын долоовор хуруунд шарх, баруун гарын сарвуу, баруун шанаа, хуйханд чамархай хэсэгт зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            3.Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д оногдуулсан 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

          6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.АЛТАНГАДАС