Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 221/2015/0000/З |
Дугаар | 221/МА2015/0404 |
Огноо | 2015-08-26 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2015/0404
2015 оны 8 сарын 26 өдөр | Дугаар 221/МА2015/0404 | Улаанбаатар хот |
“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, гуравдагч этгээд Л.Ж-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 419 дүгээр шийдвэрт гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт өгсөн албан хүсэлтийн хариуг хуулийн хугацаанд нь гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу шийдвэрлэхийг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-339 дүгээр тушаалаар иргэн Л.Ж-д олгосон 3 га газрын манай компанийн хүсэлт гаргасан 2 га газартай давхцуулж олгосныг хууль бус болохыг тогтоож, давхцуулан олгосонд холбогдох хэсгийг хүчингүй болгож, манай компанийн хүсэлт гаргасан 2 га газарт ашиглах эрх олгохыг даалгуулах” гэжээ.
Хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ““Х” ХХК нь Байгаль, орчин ногоон хөгжлийн яаманд 2014 оны 01 дүгээр сарын 05-ны 03 тоот, 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01/25 дугаартай албан бичгээр “газар ашиглах тухай” хүсэлтийг тус тус гаргажээ. Энэ хүсэлтүүд нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль, холбогдох журмыг зөрчсөн байсан боловч энэ талаар хариу өгөөгүй. Дараа нь 2014 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хүсэлт нь Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр уламжлагдан ирсэн боловч хүсэлтийг шийдвэрлэлгүй удаасан байна. Харин Л.Жаргалмаа нь газар ашиглах хүсэлтээ яаманд 2014 оны 09 дүгээр сарын 18-нд гарган 2014 оны 09 дүгээр сарын 19-ний А-339 дүгээр тушаалаар 3 га газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхтэй болжээ. Ингэхдээ Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэж, баталгаажуулаагүй холбогдох хууль, журмыг зөрчсөн тул 2014 оны 09 дүгээр сарын 19-ний А-339 дүгээр тушаалын Л.Жаргалмаад холбогдох хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
Хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт өгсөн албан хүсэлтийн хариуг авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...нэхэмжлэгч нь газар ашиглах хүсэлтээ 2014 оны 7 дугаар сарын 26-нд гаргасан. Өмнө нь гаргасан гэх хүсэлтээ яаманд гаргасан нь хуулийн дагуу холбогдох газарт гаргаагүй гэж үзэхээр байна. Мөн Богдхан уулын дархан цаазат газрын албан бичиг нь тамга тэмдгээр баталгаажуулаагүй, кадастрын зургийн хүчин төгөлдөр хугацаа дууссан, санал нь дэмжигдсэн эсэх нь тодорхойгүй байна. Намайг газар ашиглах зөвшөөрөл авах үед эрх бүхий албан тушаалтнууд Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэх нь цаг хугацаа их шаарддаг, үнэтэй тул зөвшөөрөл олгох эсэх нь тодорхойгүй байхад шаардах хүндрэлтэй тул олгох шийдвэр гарсны дараа хийлгүүлэхийг шаардаж байсан. Иймд Л.Жаргалмаад газар ашиглах эрхийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 419 дүгээр шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.3, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч "Х" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт өгсөн албан хүсэлтийн хариуг хуулийн хугацаанд нь гаргаж өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2014 оны 09 дүгээр сарын 19-нийөдрийн А-339 дүгээр тушаалын иргэн Л.Жаргалмаад холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн түрүүлж хүсэлт гаргасан 2 га газарт давхардуулан олгосон холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн 2014 оны 01 дүгээр сарын 05, 2014 оны 05 дугаар сарын 15-нд тус тус хүсэлт гаргасан 2 га газарт нь газар ашиглах зөвшөөрөл олгосон шийдвэр гаргахыг хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгаж шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “1. Шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу гуравдагч этгээдэд мэдэгдээгүй ньЗХШХШтХ-ийг ноцтой зөрчсөн.
Гуравдагч этгээд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2015 оны 06 дугаар сарын 29-ны өдөр болсон шүүх хуралдааны товыг ЗХШХШтХ-ийн 49 дүгээр зүйлийн 49.2-т "Хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болох товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэнэ" гэж заасны дагуу мэдэгдээгүй.
Шүүхээс гуравдагч этгээдэд шүүх хуралдааны товыг мэдэгдээгүйн улмаас шүүх хуралдаанд оролцож эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалан мэтгэлцэх боломжоор хангагдаж чадаагүйдээ маш их гомдолтой байна.
2. ...Иргэн, аж ахуй нэгж байгууллага нь хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх үндэслэл болдоггүй. Гэтэл шүүхээс "Х" ХХК нь удаа дараа дээр дурьдсан хууль, журмыг зөрчиж Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандаж газар ашиглах хүсэлт гаргах ёстой байтал харьяаллын бус газарт буюу Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуучлалын яаманд хандаж хүсэлт гаргаж байсан алдаатай үйлдлийг зөвтгөн, уг алдаатай үйлдлийг төрийн захиргааны байгууллагын буруу мэтээр тайлбарласан нь шүүх хэт нэг талыг барин үндэслэлгүй дүгнэлт гаргасан байна.
3. ...Гуравдагч этгээд Л.Ж нь газар ашиглах тухай хүсэлтээ анхнаасаа хууль, журамд заасны дагуу Тусгай хамгаалалттай удирдлагын газарт хандан гаргасан бөгөөд хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан учраас түүнд газар ашиглах зөвшөөрлийг 2014 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр олгосон байдаг. Л.Ж-д газар ашиглах зөвшөөрлийг олгохдоо "Х" ХХК-ийн эзэмших, ашиглах зөвшөөрөлтэй газарт давхцуулан олгоогүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн асуудал байдаггүй.
Шүүхээс БОНХЯ-ны Тусгай хамгаалалтын удирдлагын газарт үзлэг хийж хэвлэн авсан "Шууд шилжүүлсэн бичгийн дэлгэрэнгүй" бүртгэлээс /ХХ-22-23/ харахад нэхэмжлэгчээс 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр БОНХЯ-нд гаргасан гэх хүсэлтийг 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Б.Дайриймаа гэх ажилтан хүлээн авч 14-10132 дугаарт бүртгэлд бүртгэсэн байдаг. Энэ үед Л.Ж-д газар ашиглах зөвшөөрөл олгох тушаал аль хэдийн гарчихсан байсан. Харин 14-05066 дугаарт бүртгэгдсэн 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр "Х" ХХК-иас .гаргасан "Газрын гэрчилгээ олгож өгнө үү" гэх хүсэлт нь хэргийн материалд авагдаагүй, ямар материалуудыг хавсаргасан тоот байсан нь тодорхойгүй байдаг юм.
Л.Ж нь газар ашиглах хүсэлтээ 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд гаргасан. Тус хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа хянаж үзээд 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт уламжилж, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас төслийг журамд заасны дагуу хянаж үзээд 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхэд татгалзах зүйлгүй гэсэн санал хүргүүлсний дагуу Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтэст 2014 оны 08 дугаар сарын 19-ны өдөр ерөнхий үнэлгээ хийлгэх тухай хүсэлт гаргасан. Төсөл, хүсэлтийг хянаж үзээд 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 2014/В086 дугаар ерөнхий үнэлгээний дүгнэлт гарсан. Мөн гуравдагч этгээд нь байгаль орчинд нөлөөлөх байдлыг нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн нь хэрэгт авагдсан байдаг.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын яамны 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 10/3761 дугаар "Нэмэлт тайлбар хүргүүлэх тухай" тоотод "...Тухайн үед Байгаль орчин, үнэлгээ аудитын хэлтэс болон Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт ажиллаж байсан бөгөөд одоо ажиллаж байгаа холбогдох мэргэжилтнүүдээс асуухад:Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг мэргэжлийн эрх бүхий байгууллага төслийн цар хүрээнээс хамаарч 3.000.000-5.000.000 төгрөгийн үнэлгээтэй хийдэг бөгөөд үнэлгээ хийлгэчихээд шийдвэр гарахгүй байх тохиолдол гардаг. Энэ нь газар ашиглах хүсэлт гаргасан аж ахуй нэгж, байгууллагад эдийн засгийн болон цаг хугацааны хувьд хүндрэл учруулдаг гэж үзэн, Сайдын "Газар ашиглах эрх олгох тухай шийдвэр гарсны дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг хийлгэж, тайланг батлагдсаны дараа "Газар ашиглах эрхийн гэрчилгээ"-г Тусгай хамгаалалттайнутгийн удирдлагын газрын дарга олгодог байсан гэсэн" гэж заасан нотлох баримтыг шүүх үнэлээгүйгээр үндэслэлгүй дүгнэлт гаргасан.
2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 2014/В086 дугаар ерөнхий үнэлгээний дүгнэлт гарсаны дараа Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд 2014 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн А-339 дүгээр тушаалаар Л.Жаргалмаад 3.04 га газрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгосон нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмыг зөрчөөгүй.
4. Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт "...нэхэмжлэгчийн 2014 оны 01 дүгээрсарын 05, 2014 оны 05 дугаар сарын 15-нд тус тус хүсэлт гаргасан 2 га газарт нь газар ашиглах зөвшөөрөл олгосон шийдвэр гаргахыг хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ... " гэжээ.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т "Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ", Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан "Тусгай хамгаалалттай газар нутагт ашиглах зөвшөөрөл олгох түр журам"-ын 3.3-т "Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага төсөлдөө "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль"-д заасан хугацаанд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэнэ" гэж тус тус заасан байдаг. Гэтэл шүүхээс дээрх хууль, журамд заасан газар ашиглуулах тухай шийдвэр гаргахаас өмнө хийгддэг шат дамжлагуудыг шууд алгасан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдад шүүхийн шийдвэрээрээ хууль зөрчихийг даалгаж байгаа нь хууль бус юм.
Хэргийн материалд нэхэмжлэгч "Х" ХХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр БОНХЯ-д гаргасан хүсэлт нь нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргаж өгсөн хувь байдаг /ХХ-218/ бөгөөд 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гаргасан хүсэлт авагдаагүй байдаг. Өөрөөр хэлбэл, шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцдаа нэхэмжлэгч "Х" ХХК-ийн гаргасан дээрх хүсэлтүүд болон хүсэлтэндээ хавсаргаж өгсөн материалуудыг холбогдох байгууллагуудаас гаргуулж аваагүй. Жишээлбэл, "Х" ХХК-ийн төсөл, байгаль орчны нарийвчилсан болон ерөнхий үнэлгээний тайлан гэх мэт.
Шүүхээс "Х" ХХК-ийн ашиглах эрх хүссэн газар нь давхцалгүй гэх баримтыг үндэслэн газар ашиглах эрх авахад шаардагдах бусад холбогдох баримтуудыг гаргуулан авалгүйгээр нэхэмжлэгчид газар ашиглах зөвшөөрөл олгосон шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэсэн нь хууль бус, үндэслэлгүй байна.
Иймээс давж заалдах гомдлыг хүлээн авч, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 419 дүгээр шийдвэр болон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээс гадна хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хэргийг шийдвэрлэжээ.
“Байгаль орчин Ногоон хөгжил аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газарт өгсөн албан хүсэлтийн хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгох, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах” шаардлага бүхий “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу шүүх Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэжээ.
Нэхэмжлэгч 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Л.Ж-д олгосон 3 га газар нь манай компанийн хүсэлт гаргасан 2 га газартай давхцаж олгосон нь хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах”, 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “манай компанийн хүсэлт гаргасан 2 га газарт газар эзэмших эрх олгохыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д “ Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана.” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, тусгай хамгаалалтай газар нутагт газар ашиглах эрхийг олгох тухай шийдвэрийг гаргах, уг асуудлыг хариуцах төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд олгосон бөгөөд түүний шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар маргаж, нэхэмжлэл гаргасан байхад тухайн байгууллагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй байна.
Тодруулбал, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авсан атлаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу хамтран хариуцагчаар татан оролцуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүхээс гарсан баримт бичгүүдэд “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэрэг” гэж бичсэн боловч уг албан тушаалтныг хамтран хариуцагчаар татан оролцуулсан байдал хавтаст хэргээс тогтоогдохгүй байна.
Гэтэл шүүхээс хэргийн оролцогч бус этгээд болох Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэж, улмаар “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-339 дүгээр тушаалын иргэн Л.Жаргалмаад холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн түрүүлж хүсэлт гаргасан 2 га газарт давхардуулан олгосон холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн 2014 оны 01 дүгээр сарын 05, 2014 оны 05 дугаар сарын 15-нд тус тус хүсэлт гаргасан 2 га газарт нь газар ашиглах зөвшөөрөл олгосон шийдвэр гаргахыг хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгах” шийдвэр гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Харин анхан шатны шүүхээс гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хуульд заасан журмаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх арга хэмжээг авсан бөгөөд тэдгээрээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 /Хэргийн оролцогч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ/-д заасан үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул “хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанд оролцуулаагүй, мэтгэлцэх боломж олголгүйгээр хэргийг шийдвэрлэсэн” гэсэн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 419 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР