Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 74

 

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган,

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг

Шүүгдэгч Б.Оюунболд нарыг оролцуулан,

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт Баасанжавын Оюунболдод холбогдох 201611000173 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 07 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Шарнууд овогт Баасанжавын Оюунболд, Дорнод аймгийн Халхгол суманд 1993 оны 04 сарын 09-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-ЖЙ93040917/, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, эгч нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Нуурын 01-01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

 

Шүүгдэгч Б.Оюунболд нь 2016 оны 02 сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын "Ганц толгой" гэх газраас иргэн Ц.Лхамын эзэмшлийн хээр халзан зүсмийн даага хулгайлж 250.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн давтан үйлдлээр 2016 оны 02 сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн 29 дүгээр байрны 15 тоотод оршин суух иргэн Г.Лхамын гэрээс дунд гарын мөнгөн аягыг хулгайлж 200.000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 450.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол

2016.07.22 ¹74

Хөтлөх хэрэгт 5-125 Ү.Одгэрэл                                                                                                                      D/disk Шийтгэх тогтоол 2016  

учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Оюунболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 02 сарын 20-ны өдөр Лхам эгчийн хээр халзан зүсмийн даагыг хүнд 200000 төгрөгөөр зарсан, дараа нь 2016 оны 02 сарын 27-ны өдөр мөнгөн аягыг нь хэлэхгүйгээр авч ломбарданд тавьсан нь үнэн.

 Би Лхам эгчтэй ойр дотно, тэднийхээр орж гардаг юм. Аав эмнэлэгт хэвтээд мөнгөний хэрэг болоод аягыг нь гуйх гэсэн чинь Лхам эгчийн утас холбогдохгүй байсан. Тэгээд мөнгөн аягыг  Лхам эгчид хэлээд ломбарданд тавиад хэрэглэж байсан болохоор болох байх гэж бодоод авсан. Даага, аягыг хэлэхгүйгээр авсан нь миний буруу. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан гэв.

 

                                                                Хохирогч Г.Лхам мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ "...Би 2016 оны 02 сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос ирээд дунд гарын мөнгөн аягаа үзэхэд байхгүй байхаар нь Оюунболд руу залгаад "чи мөнгөн аяга яасан бэ, чамаас өөр хэн авдаг юм гэж хэлэхэд, Оюунболд "би аваагүй" гэж хэлсэн...мөн 2015 оны 04 сарын дундуур Оюунболд надад хээр халзан гүү, ухаа гүү, зэгэл халзан морь, хээр байдас зэрэг нийт 4 адуу өгсөн. Хээр халзан гүү нь хавар унагалсан байсныг 2016 оны 02 сарын 20-ны өдөр хээр халзан гүү, хээр халзан сарваатай хамт Эрдэнэцогт ахад зарсан байсан...Манай малыг би өөрөө хардаг.

Б.Оюунболд нь миний дунд гарын мөнгөн аягыг буцааж өгсөн, хээр халзан дааганы үнэ 250000 төгрөгийг төлсөн учир надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..." гэжээ. /хх 19-22/

 

Гэрч Ц.Эрдэнэцогт /хх 23-24/, Л.Даншиг /хх 27/, Н.Цэцэгмаа /хх 25-26/ нарын болон шүүгдэгч Б.Оюунболдын мөрдөн байцаалтад /хх 31-37/ өгсөн мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх 1/, Б.Оюунболдын эзэмшлээс мөнгөн аяга хураан авах тогтоол, тэмдэглэл /хх 10-11/, Эд зүйлийн үнэлгээ /хх 15, 38/ Мөнгөн аягыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 12/, Хохирол хүлээн авсан талаарх Г.Лхамын хүсэлт /хх 44/, Б.Оюунболдын эд хөрөнгөнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 16/, Б.Оюунболдын эзэмшлээс эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 13-14/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх 42/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 43/ зэрэг болон бусад хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн  хэрэгт  хамааралтай нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Оюунболд нь  2016 оны 02 сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын "Ганц толгой" гэх газраас хохирогч Ц.Лхамын эзэмшлийн хээр халзан зүсмийн даага хулгайлж 250.000 төгрөгийн, мөн давтан үйлдлээр 2016 оны 02 сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн 29 дүгээр байрны 15 тоотод оршин суух хохирогч Г.Лхамын гэрээс дунд гарын мөнгөн аягыг хулгайлж 200.000 төгрөгийн, бусдад нийт 450.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, түүнийг давхар нотолсон хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хохирогч Г.Лхам, гэрч Ц.Эрдэнэцогт, Л.Даншиг нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, Б.Оюунболдын эзэмшлээс мөнгөн аяга хураан авах тогтоол, тэмдэглэл, Эд зүйлийн үнэлгээ, Мөнгөн аягыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Хохирол хүлээн авсан талаарх Г.Лхамын хүсэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч Б.Оюунболдын үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

 

Иймд шүүгдэгч Б.Оюунболдыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Оюунболд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан эд хөрөнгийг хураахгүйгээр энэ хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн шүүгдэгчид оногдуулах ял хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байх ба  шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг нь  урьд  ял  шийтгэгдсэн  эсэхийг  шалгах  хуудас,  хохирол  төлсөн талаарх хохирогч

Г.Лхамын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, хүсэлт, шүүгдэгчийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д тус тус заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

Түүнчлэн дээр дурдсан нөхцөл байдлуудаас гадна үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, иргэдэд учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, гэм хорын хохиролд хохирогчид  мөнгөн аягыг буцаан өгч, дааганы үнэ 250000 төгрөг төлсөн, одоо төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах, мөн шүүх эд хөрөнгө хураах ял хэрэглээгүй, хохирогчид төлөх төлбөргүйг байдлыг харгалзан шүүгдэгч Б.Оюунболдын эзэмшлээс таван ханатай гэр 1-ийг битүүмжилсэн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгох, баримт бичгээр шүүхэд ирүүлсэн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг өөрт нь буцаан олговол зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298   дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ

.1. Шүүгдэгч Шарнууд овогт Баасанжавын Оюунболдыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Баасанжавын Оюунболдын эд хөрөнгийг хураахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Б.Оюунболдод оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, ялтан нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5-д  зааснаар ялтан Б.Оюунболдод оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/

жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ялтанд мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан Б.Оюунболдын эзэмшлээс 1800000 төгрөгийн үнэ бүхий таван ханатай эсгий гэр 1-ийг битүүмжилсэн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн 2016 оны 05 сарын 24-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгосугай.

 

7. Баримт бичгээр ирүүлсэн ялтан Б.Оюунболдын ЖЙ93040817 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Б.Оюунболдод авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэнсэж хянан харгалзах хугацааг 2016 оны 07 сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтныг батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                      

 

 

ДАРГАЛАГЧ                   Ү.ОДГЭРЭЛ