Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2214

 

 

 

 

 

       2017           10               16  

                           2214

 

 

Б.Ө-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2017/02344 дугаар шийдвэртэй Б.Ө-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “С” ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Э нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Ө-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Б.Ө нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс “С” ХХК-д гадаад харилцааны менежерийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. 2016 оны 11 дүгээр сард маркетинг борлуулалтын албаны даргын албан тушаалд томилон ажилласан ч энэ талаар тушаал шийдвэр гаргаагүй. Би 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн орой гэнэт ухаан алдан унасан ба маргааш нь ажил руугаа залгахад захирал Н.Мөрөн “бие чинь зүгээр юм уу өнөөдөр амарчих гэсэн тул тэр өдөр ажиллаагүй буцсан. 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ажилласан боловч бие дээрдээгүй тул захиралдаа хэлж толгойн зургаа авахуулахаар болж, эмнэлгээр явсан. 2017 оны  01 дүгээр сарын 08-ны өдөр ажилдаа очиход захирал “чамайг ажиллуулахгүй, удахгүй тушаалыг чинь гаргана ирж аваарай” гэсэн тул ажилдаа очиж чадаагүй. Эмнэлэгт өгсөн шинжилгээгээр тархины усан хаван, венийн судасны цүлхэнт гэсэн онош гарсан ба өнөөдрийг хүртэл тасралтгүй эмчилгээ хийлгэж байна. Б.Ө нь өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа хагалгаанд орж одоогоор эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна. Энэ хугацаанд эмнэлгийн актыг байгууллагад хүргүүлж, өөрөө нэг хувийг канондож авч байсан. Акттай эмнэлэгт байх хугацаанд ажлаас халсан тушаал гаргаагүй. 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр захиралд тусламж хүсэх болон урт хугацааны чөлөө авах тухай өргөдөл, 02 дугаар сарын 24-ний өдөр нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай өргөдөл тус тус гаргасан боловч ямар нэгэн хариу өгөөгүй. 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр захирал Н.Мөрөнтэй утсаар холбогдоход тушаал чинь гарсан ирж ав гэснээр өөртэй нь уулзан тушаалаа авсан. 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр захирал Н.Мөрөн өөрөө чөлөө өгчихөөд ажил тасалсан гэж ажлаас халсан нь үндэслэлгүй. Иймд Б.Ө-ийг гадаад харилцааны менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ. 

 

            Хариуцагч “С” ХХК-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Ө нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн “С” ХХК-д гадаад харилцааны менежерийн албан тушаалд томилогдон ажилласан бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр захирлын 17/08 тоот тушаалаар ажлаас халагдсан. Ажлаас халах үндэслэл нь Б.Ө 2017 оны 01 дүгээр сарын 04, 06, 07, 09-ний өдөр ажилдаа ирээгүй, өмнө нь хэд хэдэн удаа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан болно. Тушаалыг хүний нөөцийн ажилтан 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Б.Ө-т хүлээлгэж өгсөн. Хөдөлмөрийн хуульд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Утсаар ярьсан тэмдэглэл дэх дуу хоолой Н.Мөрөн захирал мөн эсэх нь тогтоогдохгүй гэжээ.

 

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Ө-ийг “С” ХХК-ийн гадаад харилцааны менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “С” ХХК-иас 3 284 440 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ө-т олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Ө-ийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “С” ХХК-д үүрэг болгож, 

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, түүний төлсөн 168 350 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулан буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “С” ХХК-иас 67 501 төгрөгийг гаргуулж улсын төсвийн 2602002965 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмөнх давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Гар утсанд бичигдсэн дуу хоолойны бичлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Ө нь бичлэг хийж байгаа талаар урьдчилж мэдэгдээгүй, бичлэг нь бүрэн эсэх, нөгөө талаар тагнах, чагнах эрх бүхий этгээд хийгээгүй, гүйцэтгэх ажиллагааны журам зөрчсөн нотлох баримтыг шүүх хүлээн авч үзлэг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Нөгөө талаар бичлэгт хэний хоолой байгаа эсэхийг тогтоогоогүй болно. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс бичлэгийг хууль бус болох, нотлох баримтаас хасах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй нь хууль зөрчсөн байна.

Б.Ө нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр захирал Н.Мөрөнтэй утсаар холбогдож, эмнэлэгт үзүүлэх талаар мэдэгдсэн гэдэг шүүхийн үндэслэх хэсэгт заасан үйл баримт тогтоогддоггүй. Зөвхөн нэхэмжлэгчийн нэг талын тайлбарыг шүүх үнэлсэн. Нөгөө талаар 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 01 дүгээр сарын 09-ний өдрийн эмнэлгийн магадлагааг тухайн үед хариуцагч байгууллага болон түүний удирдлагуудад өгөөгүй бөгөөд  2017 оны 05 дугаар сард болсон шүүх хуралдаанд гаргаж өгсөн нь нотлох чадвараа алдана. Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг өвчтэй гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан нь тус байдлаар тогтоогдож байна.

Гэрч М.Шинэжаргалын мэдүүлгээр 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тушаал танилцуулсан болох нь тогтоогддог. Өөрөөр хэлбэл Б.Ө нь мөн өдөр “С” ХХК-д өргөдөл бичсэн нь хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг зөрчиж нэхэмжлэл гаргасан байхад шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Ө нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч “С” ХХК -тай 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, гадаад харилцааны менежерээр ажиллаж байхад нь ажил олгогч тал 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 17/08 тоот тушаалаар  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогджээ.

 

Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд ажилтны гаргасан зөрчил нь тогтоогдсон байх шаардлагатай бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан “нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, сахилгын ноцтой зөрчил гаргасан” гэх тайлбараа Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Хэрэгт авагдсан эмнэлгийн магадлагаа, тодосгогч бодистой толгойн компьютерт томографийн шинжилгээ, эрүүл мэндийн дэвтэр, зүрхний бичлэг хийсэн баримт зэргээр нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 04, 06, 07, 09-ний өдрүүдэд эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдсөн болох нь тогтоогдсон, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. 

 

Нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3 284 440 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасан шүүхийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 555 тоот тушаал зэрэгтэй нийцсэн байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн гар утаснаас Си Ди-д хуулсан бичлэгийг нотлох баримтаар үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байх боловч хэргийн бусад баримтаар нэхэмжлэгчийг хууль бусаар ажлаас халсан нөхцөл байдал тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл гар утсаар хийсэн бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй ч бусад баримтаар энэ үйл баримт тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Хариуцагч нь 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ажлаас чөлөөлсөн тушаалыг нэхэмжлэгчид 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гардуулсан болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2017/02344 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138 000 төгрөгийг улсын орлгогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                 ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

             ШҮҮГЧИД                     Д.БАЙГАЛМАА

                                                    А.МӨНХЗУЛ