| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2020/0300/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/321 |
| Огноо | 2020-09-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/321
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2020/0300/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,
Улсын яллагч Ч.Мядагбадам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.З-,
Шүүгдэгч Б.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б.Г-т холбогдох эрүүгийн 2018003650305 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн. 40 настай, эмэгтэй, мэргэжил боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, нөхөр хүүхдийн хамт оршин суух, овогт Б.Г- //,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Б.Г- нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 22 цагийн үед Б.Г-н хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч хууль бусаар нэвтэр 475.000 /дөрвөн зуун далан таван мянга/ төгрөгийн хохирол учруулан хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Г- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 7 сарын 7 өдөр би архи жаахан уусан байсан. Тэгээд С- гэх жолоочтой ямаа авахаар явсан. Орой болтол ямаа авах айлаа олоогүй. Тэгээд нэг айлын гадаа очсон. Би буугаад хүн байна уу гэж хэлэхэд хариу дуугарахгүй, хүн байхгүй байсан. Нохой нь уяатай байсан. Би гэрийн гадаа очиход цонх нь онгорхой байхаар нь цонхны тавцан дээр байсан зүйлсийг нь авсан. Намайг юм авсныг жолооч мэдээгүй” гэв.
Эрүүгийн 2018003650305 дугаартай хэргээс:
Хохирогч Б.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 22 цаг өнгөрч байхад унтаж амарсан. Өглөө 06 цагийн үед сэрээд амбаартаа ортол их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг зэс аяга 1 ширхэг, 3 литрийн халуун сав, 2 литрийн халуун сав 1 ширхгийг хулгайд алдсан байсан. Манайх амбаарын хаалгыг гаднаас нь байнга цоожилдог, эд зүйл алга болсны дараа хаалганы гадна цоож гаднаасаа зүгээр байсан. Харин амбаарын гадна талын цонхыг онгойлгоод ширээн дээр байсан их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, зэс аяга, 3 литрийн халуун сав, 2 литрийн халуун сав 1 зэрэг эд зүйлийг авсан байсан” гэх мэдүүлэг /хх 13/,
Гэрч С.Д-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...өглөө 06 цагийн үед үнээгээ сааж дуусчхаад зуны амбаартаа орсон чинь амбаарын цонхнууд онгорхой байсан. Зуны амбаарын хаалганы цоожийг онгойлгоод дотогш ороход цонхны харалдаа ширээн дээр байсан их болон дунд гарын мөнгөн аяга тус бүр нэг ширхэг, зэс аяга, хоёр болон гурван литрийн цайны 2 ширхэг халуун сав хулгайд алдагдсан байсан” гэх мэдүүлэг /хх 14/,
Гэрч М.Ө- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г- надад хандаж Т- гэдэг хүнтэй уулзмаар байна. Би хүргээд өг гэхээр нь бид Т-н гэрийн гадаа очсон. Ямар зорилготой очсоныг нь бид мэдэхгүй. Г- надад хэлэхдээ гэрээс нь хүн гарч ирэхгүй байна гэсэн. Тийм болохоор уулзаагүй байх гэж бодож байна. Харанхуй байсан болохоор Г- ямар хуу байдалтай байсан, ямар нэгэн эд зүйл барьсан эсэхийг анзаараагүй гэрээс нь хүн гарч ирэхгүй байна явъя гэж надад хэлсэн. Тэгээд би Г-, Т-нарыг Шарын гол суманд байх гэрт нь хүргэж өгөөд харьсан” гэх мэдүүлэг /хх 15/,
Гэрч Ч.Т-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай эхнэр Г- надад хэлэхдээ би халамцуу байхдаа айлаас мөнгөн аяга авчихлаа, гэж 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр намайг архи уугаагүй байхад хэлсэн. Би тэр мөнгөн аяга нь одоо хаана байгаа талаар асуухад байрны доор суурийн бетон доор нуусан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 19/,
“К*****л зууч” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт: Их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, зэс аяга 1 ширхэг, 3 литрийн халуун сав 1 ширхэг, 2 литрийн халуун сав 1 ширхэг: 475000 төгрөг /хх 22-23/,
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 3/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-7/,
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх 9/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-11/,
Шүүгдэгч Б.Г-ийн эрүүгийн хариуцлага хүлээсэн хүний тэмдэглэл /хх 27/, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын эзэмшил, өмчлөлийн газаргүй болно гэх тодорхойлолт, тээврийн хэрэгслийн тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх тодорхойлолт /хх 28-33/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 34/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 38/, арилжааны банкнуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх лавлагаа /хх 41-47/, Шарын гол сумын Хайрхан багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 22 цагийн үед Б.Г- амбаараас их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, зэс аяга 1 ширхэг, 3 литрийн халуун сав 1 ширхэг, 2 литрийн халуун сав 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Г- нь хүний орон байрны халдашгүй байдалд халдаж, хөрөнгийг нууцаар, хууль бусаар өөртөө шилжүүлэн авсан болох нь тогтоогдсон тул өмгөөлөгч Д.З- “бүтэн биеэр нэвтэрч ороогүй, эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээ төрсөн тул шүүгдэгчид ашигтай байдлаар хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай оронд байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Г-ийн үйлдлийн улмаас хохирогч Б.Г-д 475000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчид хулгайд алдагдсан гэх их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, зэс аяга 1 ширхэг, 3 литрийн халуун сав 1 ширхэг, 2 литрийн халуун сав 1 ширхэг зэргийг хүлээлгэж өгсөн болох нь хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд авагдсан “Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл”-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо биет байдлаар эргүүлэн өгсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Г- бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Г-ийг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ