| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2021/0077/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/74 |
| Огноо | 2021-06-23 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Ганболдын Эрдэнэжаргал Улсын яллагч *******н ******* Шүүгдэгч *******гийн ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******ад холбогдох 2123000350059 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-2, ээжийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын багт оршин суух хаягтай, Дүүргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 984 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан хэрэг хариуцах чадвартай. овогт *******гийн *******, /РД: *******/
Шүүгдэгч Г.******* нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн ******* сумын багийн нутаг гэх газраас Ж.*******гийн эзэмшлийн сүрэг хониноос тасарч хээр үлдсэн байсан 45 тооны хонь, 1 тооны ямааг бусдын эзэмшил ашиглалтад байгааг мэдсээр байж өөрийн хонинд нийлүүлж завшсан, үүнээс 30 тооны хонийг бусдад зарж борлуулж, хохирогч Ж.*******д бага хэмжээнээс дээш 4.410.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох Хохирогч Ж.******* нь 2020 оны 10 дугаар сарын 01-нээс 08-ны өдрийн хооронд Завхан аймгийн ******* сумын багийн нутаг гэх газраас тус сумын багийн нутаг гэх газар руу нүүхдээ сүргээс 45 хонь 1 ямаа тасарч үлдсэнийг мэдэлгүй орхиж явсан нь хохирогч Ж.*******гийн “...Би 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Завхан аймгийн ******* сумын багийн гэх газарт намаржиж байхдаа өөрийн эзэмшлийн хониноос хурга эм хонь нийлсэн 60 тооны хонио хулгайд алдсан хэдэн удаагийн үйлдлээр адсанаа мэдэхгүй байна. Би 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ******* сумын багийн нутаг Цагдуултайн ар гэх газарт нүүж буусны дараа хонио тоолоод хонь дутахаар нь хонь алга болсноо мэдээд 10 сарын 17-нд ******* сумын багийн гэх газарт хонио шүүхээр ирээд ******* сумын багийн иргэн Г.*******ын хотноос 15 тооны хурга 1 тооны ямааг олж аваад 18-нд нь ялгаж аваад явсан.. Манай алдсан хонинууд бүгд баруун талын чих нь урд тал руугаа ганзага эмтэй хонь байсан. Мөн хурганууд болон хөх шанаатай, ягаан хошуутай 2 эм хонь нь хондлой хэсэгтээ ногоон будгаар тэмдэг тавьсан байсан бусад хонь тэмдэггүй байсан... 1 ямаанаас гадна 45 тооны хонь алга болсон байсан... Би хонио алдсан дариудаа мэдээгүй би 7,8 хоногийн дараа хонио зүсээр үгүйлээд хонио тоолж үзээд хонь дутахаар нь ******* сумын багийн гэх газарт , *******. , , , зэрэг айлын хонинд хонио шүүсэн. Тэгээд *******ын хотноос 15 хурга 1 ямаа олж авсан. Тэгээд би ******* сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдээд 2020 оны 10 дугаар сарын 18-нд хэсгийн төлөөлөгчийн хамт *******ынд очиж 15 хурга 1 ямаагаа ялгаж авсан... Би *******ын хотноос хургануудаа олж авсан болохоор *******ын авсан байж магадгүй гэж бодож байна. Хонь алга болсон газраас ямар нэг хүн, мал болон тээврийн хэрэгслийн мөр байгаагүй... Би өөрөө хонио байнга хариулдаг байсан. Оройдоо малаа гэр лүүгээ чиглүүлээд орхидог байсан тэгэхэд л хониноос тасарч үлдээд айлын хонинд нийлснийг л мэдээгүй орхиод нүүгээд явсан тэгээд хонь алга болсноо 8 хоногийн дараа мэдсэн...” гэсэн мэдүүлэг, Гэрч П.гийн “...Манайх 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ******* сумын багийн нутаг Цагдуултайн ар гэх газарт нүүж буусны дараа хонио тоолоод хонь дутахаар нь хонь алга болсноо мэдээд Манай нөхөр Ж.******* нь 10 сарын 17-нд ******* сумын багийн гэх газарт хонио шүүхээр ирээд ******* сумын багийн иргэн Г.*******ын хотноос 15 тооны хурга 1 тооны ямааг олж аваад 18-нд нь ялгаж аваад ирсэн... Нөхөр бид хоёроос өөр хүн мэдэхгүй. Харин би малын тооны бүртгэлд байгаа тоотойгоо мөн зарсан хонио байнга бүртгэж харин өөрийн хүнсэнд хэргэлцэн малаа нийлүүлээд бүртгэлийн дэвтэртээ бичиж тулгалт хийж байдаг... Би *******ын хотноос хургануудаа олж авсан болохоор *******ыг авсан байж магадгүй гэж бодож байгаа. Хонь алга болсон газраас ямар нэг хүн, мал болон тээврийн хэрэгслийн мөр байсан талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлгээр нотлогдсон байна. Бэлчээрээс тасарч үлдсэн Ж.*******гийн өмчлөлийн 45 хонь 1 ямаа нь Г.*******ын хонинд нийлсэн байсан нь шүүгдэгч Г.*******ын хариулгад байсан малд эзэнгүй хонь ямаа бэлчээрээр нийлсэн талаар мэдүүлсэн гэрч Г.гийн “... Манайх 2020 оны 10 дугаар сард ******* сумын Агьт багийн нутаг гэх газарт Г.*******ын хамт намаржиж байсан. 2020 оны 10 дугаар сард манайх Г.*******тай айл цуг байсан. Г.******* нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний үед байхаа Агьтын эхэнд Г.******* нь өнөөдөр хонь хариулж байхад баруун талын чих нь урд талаасаа ганзага эмтэй эм хонь хурга голцуу дөчин таван тооны хонь манай хонинд нийлчихлээ гэж ярьж байсан. Би манай ойр хавийн айлуудын хониноос нийлсэн юм байхдаа гэж бодоод тэр талаар нь лавлаж асуугаагүй... Би Г.*******ыг тасарсан хонь хониндоо нийлүүлж байгааг нь яг нүдээр бол хараагүй. Манай хонинд нийлсэн хонинууд нь бүгд баруун талын чих нь урд талаасаа ганзага эмтэй эм хонь хурга голдуу хонь байсан яг ямар зүсмийн хонь байсан талаар нь мэдэхгүй... Г.******* нь 2020 оны 10 дугаар сарын эхээр манай хонинд нийлсэн байсан гучин тооны хонийг өөрөө явган туугаад айлд нь аваачиж өгнө гээд явсан. Харин 2 хоногийн дараа Г.******* нь нөгөө ялгаж туугаад явсан хонинуудаа эзэн нь олдохгүй болохоор аймаг оруулаад хямдхан шиг зарчихлаа гээд ирсэн...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Б.ын “...Манай мал Г.*******ын хонь хоёр цуг байдаг байсан. Намайг хонь хариулж байхад баруун талын чих нь урд талаасаа ганзага имтэй эм хонь хурга голцуу дөчин гаран тооны хонь манай хонинд харагдаад жоохон захалж бэлчээд байсан. Би манай ойр хавийн айлуудын хониноос хонь нийлж дээ гэж бодсон... Тухайн нийлсэн хонийг хэний хонь байсан талаар би мэдэхгүй байна. Харин хоёр хоногийн дараа Г.******* нөгөө манай хонинд нийлсэн байсан гучин тооны хонийг ялгаж аваад айлд нь аваачиж өгөхөөс гээд туугаад явсан...Тухайн манай хонинд нийлсэн хонинууд нь бүгд баруун талын чих нь урд талаасаа ганзага имтэй эм хонь хурга голдуу дандаа бага шиг хонь байсан яг ямар зүсмийн хонь байсан талаар нь мэдэхгүй байна... Харин 2 хоногийн дараа Г.******* нь нөгөө ялгаж туугаад явсан хонинуудаа эзэн нь олдохгүй болохоор аймаг оруулаа малын зах дээр зогсоод хямд ханшиг зарчихлаа гээд ирсэн...” гэсэн мэдүүлгээр, Г.******* нь өөрийн хонинд нийлсэн байсан 45 хонь 1 ямаанаас 30 хонийг нь Завхан аймгийн сум руу тууварлан малын зах дээр бусдад худалдсан хэргийн үйл баримт нь гэрч С.ын “...2020 оны 10 дугаар сарын эхээр яг хэдний өдрийг сайн санахгүй байна. сумын Шинэ хорооноос уруудаад алхаж байтал малын зах дээр Г.******* ах 40 орчим тооны хонь туугаад ирсэн зараад зогсож байсан. Би яаруу явсан болохоор хальт таараад хэдэн үг солиод өнгөрсөн...Хондлой дээгүүрээ ногоон будагтай, баруун талын чих нь урдаасаа ганзага имтэй хонинууд байсан. Бор халзан, шар халзан, хар халзан зүсмийн хонинууд байсан. Тухайн хонинуудыг ******* сумаас явган тууж ирлээ зарна гээд малын зах дээр бөөгнүүлээд зогсож байсан би яарч явсан болохоор олон юм ярьж чадаагүй юм...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Г.*******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Манайх Завхан аймгийн ******* сумын багийн гэдэг газар намаржиж байсан юм. Би 2020 оны 10 сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна би хонинд явсан юм. Тухайн өдөр цас орж байсан, өгсөөд тод магнай гэдэг газар хар ямаа дагуулсан жижиг том нийлсэн 46 тооны бог мал тасраад үлдчихсэн манай хонь руу нийлж байсан юм. Эдгээр малнууд нь манай хонинд 3, 4 хоносон юм. Эзэн нь гэж сурч ирэхгүй байхаар нь 30 тооны эм хонийг нь ялгаж аваад аймгийн төв рүү явганаар тууж орж ирээд малын зах дээр хямдхан зарчихсан. юм...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Г.*******ын дээрх үйлдлийн улмаас хохирогчид 4,410,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ны Завхан салбарын гэрээт хөрөнгийн үнэлгээчин Г.гийн “... 30 тооны эм хонь 3,900,000, 1 тооны ямаа 60,000, 15 тооны хурга 450,000 төгрөгөөр нийт 4,410,000 төгрөгөөр үнэлсэн...” гэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах баримтаар үнэлсэн болно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно. Алдуул мал гэдэг нь хэн нэг этгээдийн ямар нэг оролцоогүйгээр ижил сүргээсээ тасарсан, байнга бэлчээрлэх нутаг газраасаа холдож, өөр нутаг бэлчээрт шилжин байрласан, өмчлөгч, эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй, мэдэгдэхгүй байгаа малыг ойлгох ба Монгол Улсын Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн засаг захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэж заасан. Алдуул мал завших гэдэг нь гэмт этгээд тухайн малыг өөрт олж авахын идэвхтэй үйлдэл хийгээгүй хохирогчийн мал гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж өөрийн өмчлөл эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авсан, захиран зарцуулсан шууд санаатай үйлдлээр илэрнэ. Өөрөөр хэлбэл мал өөрийн хөлөөр эсхүл гэмт этгээдийн хүсэл зоригоос үл хамаарах хүчин зүйлийн үр дүнд түүний эзэмшилд шилжин ирснийг захиран зарцуулсан бол завших гэмт хэргийн шинжтэй гэж үзнэ. Шүүгдэгч Г.******* өөрийн хонинд нийлсэн байсан 45 тооны хонь, 1 тооны ямааг бусдын эзэмшил ашиглалтад байгаа, өөрөө захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлэлгүй бусдад худалдаж хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Г.*******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч нь хохирогчид хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж заасныг тус тус үндэслэв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх тогтоогдохгүй байна. Шүүгдэгч хохирогчид хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгч Г.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол хор уршгийг нөхөн төлсөн байдлыг харгалзан түүнд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1000000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ. Шүүгдэгч Г.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1000000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.*******ад оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 06 /зургаан/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1000000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Г.*******ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ