| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 184/2017/02157/и |
| Дугаар | 01840 |
| Огноо | 2017-08-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 01840
| 2017 оны 08 сарын 18 өдөр | Дугаар 184/ШШ2017/01840 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Сонгинохайрхан дүүрэг, 01 дүгээр хороо, 52 гудамж, 06 тоотод оршин суух Боржигин овогт Самбуугийн Сарантуяа /РД: ШЕ60081503/-ын нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.Сарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Сарантуяа шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие 1982 оноос хилийн цэргийн 0200-р ангид нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд орон тоо зохион байгуулалтаар ангийн 109-р ангитай нэгдэж 1989 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 109-р ангид нягтлан бодогчоор томилогдож шилжиж ажилласан. Засгийн газрын 141 тогтоолоор 1991 оны 8 дугаар сарын 15-нд хилийн цэргийн 0200-р ангид эргэж очиж ажилласан юм. Дээрх тушаалууд миний хөдөлмөрийн дэвтэрт бичигдэж баталгаажуулагдсан боловч Батлан хамгаалах яамны архивт байхгүй, харин 109-р ангид очоод авсан цалингийн баримт нь байсныг лавлагаа авсан. Иймд 1989 оны 6 дугаар сараас 1991 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
С.Сарантуяа нь Ардын армийн 109-р ангид нягтлан бодогчоор 1989 оны 6 сараас 1991 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ.
Иймд С.Сарантуяагийн гаргасан хүсэлтэд иргэний хэрэг үүсгэж, уг хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
С.Сарантуяа нь 1989 оны 6 дугаар сарын нэгний өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Ардын армийн 109-р ангид санхүүгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь Ардын армийн 109 дүгээр ангийн Захирагчийн 1989 оны 5 дугаар 16-ны өдрийн 01 тоот тушаалаар Ардын армийн 109 дүгээр ангид санхүүгийн нягтлан бодогчоор авч, Ардын армийн 109 дүгээр ангийн Захирагчийн 1991 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 180 тоот тушаалаар орон тоо зохион байгуулалтын өөрчлөлтөөр хилийн цэргийн боловсон хүчний мэдэлд шилжүүлсэн тухай хөдөлмөрийн дэвтэр дэх бичилт, Батлан хамгаалах яам, батлан хамгаалахын төв архивын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр олгосон 1762 дугаартай Цалингийн тодорхойлолт, гэрч Д.Баатарсүх /РД:ШЕ61081817/, С.Бямба /РД:ШЕ59031615/ нарын гаргасан тодорхойлолт, гэрчээр асуусан мэдүүлэг болон тэдний хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбар, хэрэгт авагдсан 1982 оны 3 дугаар сарын нэгний өдрийн Арьс ширний үйлдвэрийн харьяа Гутлын үйлдвэрийн захиргаанаас С.Сарантуяад олгосон хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Боржигин овогт Самбуугийн Сарантуяа /РД: ШЕ60081503/-г 1989 оны 6 дугаар сарын нэгний өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Ардын армийн 109 дүгээр ангид санхүүгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч С.Сарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН