| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2022/0082/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/107 |
| Огноо | 2022-03-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Н.Б
Улсын яллагч Н.Д
Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Баярсайханд холбогдох эрүүгийн 2225000000103 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Ч.Б
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Ч.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянталын 146-5 тоотод 2022 оны 01 сарын 27-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.Г-н нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Г.Г “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Г.Г-н “...2022 оны 01 сарын 27-ны өдрийн шөнө Б, Б-ны эхнэр, хүүхдийнх нь хамт бид 4 Т-гийн гэрээс гарч такси барин би замдаа явж байхдаа шагийн архи зардаг хүнээс 0.75 литрийн хэмжээтэй нэрийг нь мэдэхгүй архи 1 шилийг худалдан аваад Ч.Б-ы гэрт очихоор болж гэрт нь очиж уг архинаас би нэг, хоёр удаа рункинд хийгээд уусны дараа архиндаа согтож ухаангүй, тасарсан байсан. Тэгээд гэнэт ухаан ороод сэрэхэд Ч.Б-ы гэрийнх нь хашаан дотор Ч.Б миний хоолойг боон газарт унагаан, миний нүүрэн хэсэг рүү нилээн олон удаа өшиглөж байгаад болихоор нь би босож ирэхэд Ч.Б гэр лүүгээ явж орсон, тэгээд би гэр рүүгээ харихаар явсан. Миний биед учирсан гэмтлийг Ч.Б зодож учруулсан, би өгсөн баримтын дагуу 64 100 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/,
2. Гэрч Б.Ө-н “...Манай гэрт очоод Г.Г , нөхөр Ч.Б бид Зсууж байтал Г.Г намайг тэвэрч аваад миний хацар, уруул дээр үнссэн чинь манай нөхөр уурлаад яагаад байгаа юм бэ гэсэн чинь Г.Г ямар нэгэн үг хэлэлгүйгээр сууж байхдаа манай нөхрийг татаж ирээд уруул хэсэг рүү нь мөргөсөн. Тэгээд хүү унтаж байгаад гэнэт уйлаад сэрэхээр нь би хүүгээ унтуулах гээд авахад манай нөхөр Г.Г ийг гэрээс дагуулан гарсан бөгөөд хашаан дотор Г.Г , Ч.Б 2 зодолдоод байх шиг байсан. Хүү уйлаад байсан болохоор би гэрээс гарч юу болж байгааг хараагүй. Удалгүй манай нөхөр ганцаараа эргээд ороод ирсэн. Манай нөхөр бид 2 уг өдөр л Г.Г тэй танилцсан. Манайх монгол гэрт амьдардаг. Гадаа болж байгаа асуудал намайг гэрт байхад сонсогдоод байсан бөгөөд хоорондоо нэг нэгнийгээ цохиж байгаа юм шиг пид, пад гээд чимээ гараад байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,
З. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 сарын 10-ны өдрийн №152 дугаартай “...Г.Г-н биед нүүрний зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд баруун нэгдүгээр шүдний ганхалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нүүрний зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байна. Дээд баруун нэгдүгээр шүдний ганхалт гэмтлийн үүссэн хугацааг нарийн тогтоох боломжгүй. Нүүрний зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд баруун нэгдүгээр шүдний ганхалт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 17-19 дэх тал/,
4. Яллагдагч Ч.Б-ы“...прокурорын тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Г.Г манай эхнэрийг тэвэрч аваад байхаар нь би яагаад байгаа юм бэ гэсэн чинь яадаг юм бэ гээд миний уруул хэсэг рүү мөргөхөөр нь би Г.Г ийг гэрээс авч гаран Г.Г-н нүүрэн хэсэг рүү цохиход Г.Г мөн адил миний бие хэсэг рүү цохисон, тэгээд бид 2 харилцан цохилцонзодолдож байгаад хөөгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Ч.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянталын 146-5 тоотод 2022 оны 01 сарын 27-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.Г-н нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үлйдсэн гэм буруутай болох нь хохирогч, гэрчийн мэдүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.Г-н “...Ч.Б миний хоолойг боон газарт унагаан, миний нүүрэн хэсэг рүү нилээн олон удаа өшиглөж байгаад болихоор нь би босож ирэхэд Ч.Б гэр лүүгээ явж орсон, тэгээд би гэр рүүгээ харихаар явсан. Миний биед учирсан гэмтлийг Ч.Б зодож учруулсан, би өгсөн баримтын дагуу 64 100 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, гэрч Б.Ө-н “...Манай нөхөр Г.Г ийг гэрээс дагуулан гарсан бөгөөд хашаан дотор Г.Г , Ч.Б 2 зодолдоод байх шиг байсан. Удалгүй манай нөхөр ганцаараа эргээд ороод ирсэн. Гадаа болж байгаа асуудал намайг гэрт байхад сонсогдоод байсан бөгөөд хоорондоо нэг нэгнийгээ цохиж байгаа юм шиг пид, пад гээд чимээ гараад байсан...” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №152 дугаартай дүгнэлт, яллагдагч Ч.Б-ы“...Г.Г-н нүүрэн хэсэг рүү цохиход Г.Г мөн адил миний бие хэсэг рүү цохисон, тэгээд бид 2 харилцан цохилцонзодолдож байгаад хөөгөөд явуулсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 01 сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянталын 146-5 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.Г-н нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.Б-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас Г.Г-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
3. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Баярсайханд оногдуулсан 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Баярсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС