Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/327

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                             Хэргийн индекс:166/2020/0306/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,

Улсын яллагч Б.Батсүх,

Шүүгдэгч Б.М, Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М, Б.А нарт холбогдох эрүүгийн 2018003540326 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн с/манд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 7, нөхөр 5 хүүхдийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б.М / /,

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй Б.А / /

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Б.М, Б.А нар нь бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан баг 15 дугаар байрны ард байрлах төмөр гүүрний хажууд А.У зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.М- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. байна.” гэв.

Шүүгдэгч Б.А- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мэдүүлэг өгөхгүй миний буруу” гэв.

Эрүүгийн  2018003540326 дугаартай хэргээс:

Хохирогч У.У-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр би хамтран амьдрагч Ч.Б- хамтаар 18 цагийн үед санагдаж байна ******* гэр хороолол руу аавындаа очих санаатай Дархан баг 15 дугаар байрны ард алхаж явтал хажууд жижиг машинтай хүмүүс давхиж ирээд Б-г гол руу авч явна гээд машиндаа суулгаад хөдлөхдөө “өө, янхан минь зайл” гээд бүгдээрээ орилохоор нь би тэд нарыг тоолгүй цаашаа алхаад гүүрний хажууд явж байтал Б- за за би эхнэртэйгээ явлаа гэж хэлэх шиг болохоор нь би иргээд хартал Б- нөгөө машинаас буугаад миний араас хүрээд ирсэн. Тэгэхээр нь Б- хамт цаашаа алхаж явтал нөгөө машинтай хүүхнүүд дахиж араас гүйцэж ирээд ямар ч үгийн зөрөөгүй А- гэх хүүхэн бууж ирээд миний үснээс араас зулгаахаар нь би эргэж хараад өөрийнх нь үсийг бас зулгаасан чинь Ч- гэж хүүхэн хүрч ирээд миний хоолойг маажиж мөн хөл гар луу өшиглөж эхэлсэн...Миний дух, хүзүү, нүд зэрэгт учирсан гэмтлийг Ч- учруулсан, харин үснээс зулгааж зодсон нь А- байгаа юм. Энэ хоёр аль аль нь миний хөл гар луу цохиж гэмтэл учруулсан. Би гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх 10-11/,

Гэрч Б.М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...У- хамтран амьдрагч Б- хамтаар явж байхаар нь хажуугаар нь гарахад А-  Б- хандаж наашаа суучих, гэрийн чинь гадаа хүргээд өгье гэж хэлсэн чинь Б- дөнгөж машинд суутал У- бид нарыг муу сайн янхнууд гэж хэлтэл А- уурлаад чи бид нарыг янхан байхыг хаана харсан юм гэж хэлээд намайг машинаа зогсоо гэж хэлэхээр нь би зогстол А- машинаас буугаад У- барилцаж аваад үснээс нь зулгаасан чинь араас нь М- бууж очоод салгах гэж байснаа сүүлдээ хоорондоо барилцаж аваад бужигнаад бөөн юм болсон гэхдээ хэн хэнийгээ цохиж байгааг би анзаарч хараагүй, зууралдаад л байсан.” гэх мэдүүлэг /хх 14/,

Гэрч Ч.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...У- араас би гүйцэж очоод цаашаа хамт алхаад явж байтал араас А-, М-, М-нар машинтайгаа гүйцэж ирээд янхан минь чамайг би мэднэ шүү дээ, олон хүний хүүхэд гаргасныг чинь гэж хэлээд У- үснээс А-зулгаагаад тэр үед М- хажуугаар нь орж У- үснээс зулгааж байгаад дух болон хүзүүг нь маажихаар нь би голоор нь орж салгах хооронд миний хажуугаар А- , М- нарын гар хөл орж ирээд У- цохиод байсан” гэх мэдүүлэг /хх 15/,

Гэрч Ц.Ү- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр би жижүүр эмчээр ажиллаж байсан бөгөөд тухайн орой У- гэх хүүхэн ирж үзүүлсэн бөгөөд 2 хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд намайг үзэхэд У- ухаан санаа эрүүл, үе мөчний хөдөлгөөн чөлөөтэй, арьс салстын хувьд нэлээд олон газарт маажуулж, цохиулсан, хүзүүгээ боолгосон гэмээр хөхрөлттэй шинэ гэмтэлтэй ирсэн...Надад хэлэхдээ “зүс таньдаг 2 эмэгтэй хүн зодсон” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх 22/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 554 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.А.У- биед тархи доргилт, нүүр, зүүн бугалга, баруун бугалга, зүүн шуу, баруун гуя, цавь, умдаг, зүүн шилбэ, баруун шилбэ, зүүн завжны дотор салст хэсгийн цус хуралт, баруун өвдөгний хаван, дух, хүзүү хоолойн дахь цус хуралт тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.А.У- биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.А.У- биед учирсан гэмтэл нь цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх 13-14/,

 

Хохирогч А.У-, шүүгдэгч Б.М-, Б.А- нарын иргэний үнэмлэхийн дэлгэрэнгүй лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт /хх 40-45/,

Шүүгдэгч Б.М-, Б.А- нарын арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолт /хх 47-57/, шүүгдэгч Б.М-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 61-65/, шүүгдэгч Б.А-, Б.М- нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 74-75/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.М-, Б.А- нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 18 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан баг 15 дугаар байрны ард байрлах төмөр гүүрний хажууд А.У-г зүй бус үг хэрэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

              

Шүүгдэгч Б.М-, Б.А- нар нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар бүлэглэж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв байна.   

 

Иймд шүүгдэгч Б.М-, Б.А- нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч А.У- хохирол төлбөртэй холбоотой баримт хавтаст хэрэгт авагдаагүй ба шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.М-, Б.А- нарт улсын яллагчаас торгох ял оногдуулах дүгнэлт гаргасныг, шүүгдэгч нар нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулж өгнө үү гэснийг шүүх тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн хуульд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь шудрага ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болохыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар тус бүр 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч – Б,М, Б,А нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-, Б.А- нарыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус  шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.М-, Б.А- нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-, Б.А- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             З.ТӨМӨРХҮҮ