Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/209

 

    2022        03         09                                 2022/ШЦТ/209

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч Ш.М,

нарийн бичгийн даргаар Ө.Бишрэлт,

улсын яллагч П.Итгэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсүрэн нарыг оролцуулан эрүүгийн 2111015250100 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Харчин овогт Ш.М

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1997 оны 10 дугаар сарын 09-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, группт, ам бүл 1, ял шийтгэлгүй, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй.

 

 Шүүгдэгч: Ш.М нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Жаргалантын 32 дугаар гудамжны 532 тоотод төрсөн ах Ш.Жтай маргалдан улмаар түүний хөл гарыг заазуураар зүсэж биед нь зүүн мөр, баруун зүүн бугалга, шуу, сарвуу, цээж, баруун зүүн шилбэ, зүүн өвдөгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

                 Шүүгдэгч Ш.М нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Жаргалантын 32 дугаар гудамжны 532 тоотод төрсөн ах хохирогч Ш.Жтай маргалдан улмаар түүний хөл гарыг заазуураар зүсэж биед нь зүүн мөр, баруун зүүн бугалга, шуу, сарвуу, цээж, баруун зүүн шилбэ, зүүн өвдөгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

 - хохирогч Ш.Жы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ...2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гадуур архи уучхаад гэртээ орж иртэл миний төрсөн дүү М ганцаараа байж байсан. Тэгтэл намайг архи уусан байна гээд над руу уурлаад бид хоёр маргалдсан. Тэгтэл манай дүү шургуулгад байсан ногоон бариултай заазуур аваад миний хөл гарыг зүссэн мөн ямар ч үг дуугүй намайг зодоод байсан. Би ухаан алдаад нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар тал/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №12034 дугаартай Ш.Жны биед зүүн мөр, баруун зүүн бугалга, шуу, сарвуу, цээж, баруун зүүн шилбэ, зүүн өвдөгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/,

- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 8 дугаартай “Ш.М нь сэтгэцийн хувьд F02.8 Эпилепсийн үеийн тэнэгрэл, бие хүний зан төлөвийн өөрчлөлт өвчтэй байна. Ш.М нь үнэн бодит мэдүүлэг өгөх чадваргүй байна. Ш.М нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байна. Ш.Мд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 3 сараар авах шаардлагатай байна.” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд Ш.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Улсын яллагч П.Итгэл шүүхэд ирүүлсэн саналдаа: “Шүүгдэгч Ш.Мд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт 3 сарын хугацаагаар эмчлүүлэх саналтай байна” гэв.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт: “шүүгдэгч Ш.М нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байх тул Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Ш.М нь F02.8 Эпилепсийн үеийн тэнэгрэл, бие хүний зөн төлөвийн өөрчлөлт өвчтэй байна. Ш.М нь үнэн бодит мэдүүлэг өгөх чадваргүй байна. Ш.М нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй болох нь шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар тогтоогдож байх тул прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлд заасан Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх санал ирүүлснийг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх үзэв..

Иймд шүүх, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинжээчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж, уг арга хэмжээг СЭМҮТ-д хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2 дахь хэсэгт зааснаар “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх” тухай шүүхийн шийдвэр гармагц уг этгээдийг албадан эмчлэх байгууллагад хүргэх үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээх бөгөөд шүүхийн шийдвэр, сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээний дүгнэлт, холбогдох бусад баримт бичгийг хамтад нь хүргүүлэхийг даалгав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 12.5 см урттай, бариулны урт 10.5 см, 5.7 см өргөнтэй, нийт урт 23 см заазуур 1 ширхгийг шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дэх хэсэг, 19.1, 19.3 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харчин овогт Ш.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Ш.Мд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, уг арга хэмжээг хэрэгжүүлэхийг Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд даалгасугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ш.Мд сэтгэцийн байдал нь өөртөө, бусдад аюул учруулахааргүй бол шүүх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр сэтгэцийн эрүүл мэндийн холбогдох байгууллагад эмчлүүлэх асран хамгаалагчид халамжлуулахаар шилжүүлж болохыг тайлбарласугай.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2 дахь хэсэгт зааснаар “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх” тухай шүүхийн шийдвэр гармагц уг этгээдийг албадан эмчлэх байгууллагад хүргэх үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээх бөгөөд шүүхийн шийдвэр, сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээний дүгнэлт, холбогдох бусад баримт бичгийг хамтад нь хүргүүлэхийг даалгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг нь 12.5 см урттай, бариулны урт 10.5 см, 5.7 см өргөнтэй, нийт урт 23 см заазуур 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

 7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ш.Мд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.БАТГЭРЭЛ