| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2019/0310/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/329 |
| Огноо | 2020-09-15 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 2020/ШЦТ/329
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:166/2019/0310/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,
Улсын яллагч Б.Батсүх,
Хохирогч Д.А-, Д.Б-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б-,
Шүүгдэгч Б.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т-д холбогдох эрүүгийн 2018003630327 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эхнэрийн хамт оршин суух хаягтай, урьд:
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн '61.1 дэх хэсэгт зааснаар 02 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,
-Сэлэнгэ аймгийн Сайхан Сумын Сум дундын шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,
-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 хилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн Б.Т / /,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Б.Т- нь 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, 2-р баг, Хараа голын орчим 5 настай Т.Э. тоглож байсан Самсунг А10 загварын утсыг “утсаар яриад өгье” гэж хураан авч 350000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14-р баг, 1а байрны орчим Д.Б- Самсунг Жи-5 маркийн гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг өөрт шилжүүлэн авч 280000 төгрөгийн, нийт 630000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Т- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 06 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна. А-, Б- нарын гар утсыг авсан нь үнэн” гэв.
Хохирогч Д.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр миний төрсөн өдөр болсон юм. Тэгээд найз маань маргааш нь буюу 29-ны өдөр гол дээр хүрээд ирээч төрсөн өдрийг чинь тэмдэглэе гэсэн. Тэгээд хүүгээ салхинд гаргах далимаар гол гарсан. Гол дээр очоод найзтайгаа ганц пиво уугаад сууж байтал шар дугуйтай залуу ойр ойрхон хүү дээр минь ирээд сундлаад давхиад байсан. Тухайн үед энэ залууг сайн хараагүй, тэгж байтал гэнэт хүүг маань суулгаад аваад явчихсан. Тэгээд би араас нь хөл нүцгэн гүйсэн. Нэлээд хол дэлгүүрийн үүдэнд хүүг минь орхиод ах нь утсаар чинь ээж рүү нь яриад өгье гэж хэлээд утсыг маань аваад явсан байсан.” гэв.
Хохирогч Д.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн орчим Дархан сумын 1а байрны мужаан найз дээрээ уулзахаар очиход байхгүй байсан. Тэгээд энэ залуутай таарахад энэ залуу ахаа утсаар чинь яриад өгье гэсэн. Тэгээд яваад өгсөн тэгснээ ирээд ахаа дахиад булан тойрч ярьчхаад ирье гээд аваад явсан. Тэгээд удаад байхаар нь араас нь очтол утсыг маань аваад явсан байсан. Би тэр даруй нь Мобиком дээр очиж залгасан дугаарыг нь шалгуулаад цагдаад мэдэгдсэн. Бас миний утасны хавтсанд иргэний үнэмлэх маань байсан.” гэв.
Эрүүгийн 2018003630327 дугаартай хэргээс:
Гэрч Б.Ц- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай найз А-ийн 5 настай хүү Э- дугуйтай хүүхдийн ард суугаад нэлээд хол яваад бургасны цаана орчихоор нь манай найз А- араас нь гүйгээд би утас руу нь залгасан чинь дуудаад авахгүй байсан. Манай найз А- хүүхдээ аваад утас нь алга болсон байна гэж хэлээд удалгүй утас нь холбогдох боломжгүй болсон.” гэх мэдүүлэг /хх 10-11/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-6/,
“К*****л зууч” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Самсунг А10” маркийн гар утас /хэрэглэж байсан/ 350000 төгрөг” гэх эд хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /хх 19-20/,
“К******л зууч” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “Самсунг Жи-5” маркийн гар утас /хэрэглэж байсан/ 280000 төгрөг” гэх эд хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /хх 55-56/,
Шүүгдэгч Б.Т-ийн тээврийн хэрэгсэл эзэмшдэг талаарх тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 70-73/, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх лавлагаа /хх 79-85/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 86-93/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Т- нь 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, 2-р баг, Хараа голын орчим 5 настай Т.Э- тоглож байсан Самсунг А10 загварын утсыг “утсаар яриад өгье” гэж хураан авч 350000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14-р баг, 1а байрны орчим Д.Б-ы Самсунг Жи-5 маркийн гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг өөрт шилжүүлэн авч 280000 төгрөгийн, нийт 630000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Т-г үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.
Шүүгдэгч Б.Т-ийн үйлдлийн улмаас хохирогч Д.А-т 350000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол, хохирогч Д.Б-д 280000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч нь бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулаагүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол 630000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.А-д 350000 төгрөг, хохирогч Д.Б-д 280000 төгрөг олгуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Т- нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд хохирол төлбөр нөхөн төлөх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн боловч тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Т-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Т-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Т-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 02 сарын хугацаагаар хорих ял дээр, Сэлэнгэ аймаг сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хэмжээг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоож, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Т- үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Т-ийг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.Т-ийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял дээр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Т-өөс нийт 630000 /зургаан зуун гучин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Д. А- /, утас /-д 380000 /гурван зуун наян мянга/ төгрөг, оршин суух хохирогч Д.Б- / /-д 280000 /хоёр зуун наян мянга/ төгрөг тус тус олгосугай.
7.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ