Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 1987

 

 

 

 

 

 

 

 

 

Б.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2017/01460 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Э-д холбогдох

 

  Зээлийн гэрээний үүрэгт 69 900 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: Ч.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Э-тай 2015 оны 3 сарын 31-ний өдрөөс 2017 оны 2 сарын 01-ний өдөр хүртэл 30 000 000 төгрөгийг нэг жил арван сарын хугацаатайгаар, нэг сарын 4 хувийн хүү тооцож авахаар харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. 2015 оны 3 сарын 31-ний өдөр Ч.Эын Хас банкны зээлийг чөлөөлж 7 000 000 төгрөг, 2015 оны 3 сарын 31-ний өдөр хуушуур, ямаа 100 ширхэг, нэгжийн үнэ 6 000 төгрөгөөр тооцож 600 000 төгрөг, 2015 оны 3 сарын 31-ний өдөр ямаа, рүлет 100 ширхэг, нэг бүрийн үнэ 6 200 төгрөгөөр тооцож 620 000 төгрөг, 2015 оны 4 сарын 02-ны өдөр хуушуур ямаа 200 ширхэг, нэгжийн үнэ 6 000 төгрөгөөр тооцож 1 200 000 төгрөг, 2015 оны 4 сарын 02-ны өдөр ямаа рүлет 100 ширхэг, нэгжийн үнэ 6 200 төгрөгөөр тооцож 620 000 төгрөг, 2015 оны 14 сарын 04-ний өдөр ямааны рулет 400 ширхэг, нэгжийн үнэ 6 200 төгрөгөөр тооцож 2 480 000 төгрөг, 2015 оны 4 сарын 05-ны өдөр ямаа рулет 325 ширхэг, нэгжийн үнэ 6 200 төгрөгөөр тооцож нийт 2 015 000 төгрөг, 2015 оны 4 сарын 05-ны өдөр “Бийлэг” ХХК-иас кассын зарлагын ордер Дэнжийн мянга Энхээд гэж 14 826 812 төгрөг шилжүүлсэн. Ингээд нийт 30 000 000 төгрөгийг Ч.Э нь зээлийн гэрээний графикт хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй. Иймд үндсэн зээл 30 000 000 төгрөг, 2015 оны 3 сарын 31-ний өдрөөс 2017 оны 2 сарын 01-ний өдөр хүртэлх 22 сарын хүү 1 200 000 төгрөгөөр тооцож нийт 26 400 000 төгрөг, 2017 оны 2 сарын 01-ний өдрөөс эхлэн 1 хоногийн алданги 150 000 төгрөгийг 90 хоногоор үржүүлж 13 500 000 төгрөг нийт 69 900 000 төгрөгийг Ч.Эаас гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Чингэлтэй дүүргийн 13 хороо, Сургуулийн 1 гудамжны 06 тоот эрхийн улсын бүртгэлийн Г-2202002956 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 391 м.кв газар, 24 м.кв талбайтай хувийн сууцыг албадан худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.С-оос ийм их хэмжээний мөнгө аваагүй. Б.С нь миний Хас банкны 7 000 000 төгрөгийн зээлийг чөлөөлж өгсөн нь үнэн. Би Б.Сос өөр бэлэн мөнгө аваагүй. Бид харилцан тохиролцож 26 000 000 төгрөгийн мах зээлээр аваад 4 826 812 төгрөгийн хүү тооцож, 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Ийм хэмжээний хүү болон нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Б.С ээж Дагийсүрэнгийн дансанд 5 000 000 төгрөг төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.       

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4., 56 дугаар зүйлийн 56.10., 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Э-аас 25 155 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 44 745 000 төгрөгт холбогдох хэсгийг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507 450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ч.Э-аас 283 725 төгрөг гаргуулж Б.С-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхгүйгээр хэргийн бодит нөхцөл байдалд зөв үнэлэлт, дүгнэлт өгөлгүй хариуцагч талын нотлох баримтгүй, амаар хэлсэн ярьсан тайлбарт үндэслэн хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг илтэд хохироож нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 44 745 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч Ч.Эын хүсэлтээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу харилцан эрх, үүрэг хүлээж 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр талууд харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Ч.Эд 30 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий мөнгө, мах зэргийг шилжүүлсэн нь талуудын хооронд зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн болохыг нотлох хангалттай нотлох баримт болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг анхан шатны шүүх ноцтой зөрчсөн. Хариуцагч нь нэхэмжлэгчээс 7 000 000 төгрөгийг зээлийн зориулалтаар авсан ба энэ талаар тэрээр хүлээн зөвшөөрч маргадаггүй болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэг дэх тайлбар, нэхэмжлэгчийн шилжүүлсэн баримт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогддог. Гэтэл анхан шатны шүүх нь нэхэмжлэгч Б.С хариуцагч Ч.Э-ын Хас банкнаас авсад 7 000 000 төгрөгийн зээлийг 2015 оны 3 дугаар сарын 31-ны өдөр чөлөөлсөн байгаа боловч ямар нэгэн тохиролцоо хийсэн болохоо нотолж чадахгүй байна ... гэсэн нь анхан шатны шүүхийн нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Ч.Э-д мөнгийг бодитойгоор шилжүүлээгүй байх тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэсгүй байна ... гэснийг үгүйсгэх хангалттай үндэслэл болно. Хариуцагч Ч.Э-ын “Хас” банкнаас авсан 7 000 000 төгрөгийн зээлийг 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр чөлөөлсөн байгаа боловч ямар нэгэн тохиролцоо хийсэн болохоо нэхэмжлэгч нотолж чадахгүй байна ... гэж дахин давтан тодруулж бичсэн баина. Нэгэнт талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах бүрэн эрхтэй юм. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т "мөнгө буюу эд хөрөнгө зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно" гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид 30 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий мөнгө, мах зэргийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагддаг хууль зүйн бүрэн үндэслэлтэй. Талууд зээлийн гэрээг байгуулахдаа уг гэрээг байгуулах талаараа санал нэгдсэн, хүсэл зоригийн илэрхийллийг бичгээр хийж гаргасан, талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсэн байхаас гадна хуульд зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхийн тулд зээлийн гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлсэн, зээлийг бодитойгоор олгосон байхыг нэмж шаарддаг. Энэхүү зээлийн гэрээний үүргээ нэхэмжлэгч зохих ёсоор бүрэн биелүүлсэн. Зохигч талууд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл "Зээлийн гэрээ" байгуулаагүй талаар огт маргаагүй байхад шүүх өөрийн санаачлагаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүйг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зохигчид 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 30 000 000 төгрөгийн "Зээлийн гэрээ" байгуулсан талаараа хэн аль нь хүлээн зөвшөөрч маргаагүй тул нэхэмжлэгч Б.С зээлийн гэрээний дагуу шаардсан үндсэн зээл 30 000 000 төгрөг, зээлийн хүү, алдангийг шаардах эрхтэй, хариуцагч гэрээнд заасны дагуу буцаан өгөх үүрэгтэй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д "хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ" гэж заасан мөн талуудын хооронд байгуулсан 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн "Зээлийн гэрээ"-нд алдангийг нийт үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувиар тооцохоор харилцан тохиролцсон баримт хэрэгт авагдсан байгаа. Мөн 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 30 000 000 төгрөгийг 23 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Чингэлтэй дүүрэг 13 дугаархороо, Сургуулийн 1 гудамжны 06 тоот эрхийн улсын бүртгэлийн Г-2202002956 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 391 м.кв газар, 24 м.кв талбайтай хувийн сууц бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2202010357 дугаартай хувийн сууцаар хангуулах нэхэмжлэлийн шаарлагыг хангах бүрэн үндэстэй юм. Иймд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь "Зээлийн гэрээ" зээлийн гэрээний зүйл болох мөнгө, мах зэргийг шилжүүлсэн талаарх нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул шүүхийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

                                        

Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Ч.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 69 900 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Зохигчид 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч Б.С нь  30 000 000 төгрөгийг зээлдүүлэх, зээлдэгч Ч.Э нь зээлийн мөнгөн хөрөнгийг 20 сарын хугацаанд, сарын 4 хувийн хүүтэй төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөх нөхцөлтэйгээр тохиролцжээ. /хх-ийн 5 дугаар тал/

 

Дээрх зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгө болох 30 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон тул анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Харин анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэх замаар залруулан өөрчлөх боломжтой байна.

 

Талууд 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулах болсон үндэслэлээ “... нэхэмжлэгч Б.С-ос хариуцагч Ч.Э-д зээлээр өгсөн ямааны мах, рулет зэргийн үнэ болон нэхэмжлэгч нь “Хас банк” ХХК-д хариуцагчийн төлөх зээлийн төлбөр болох 7 000 000 төгрөгийг төлсөн зэргийг харилцан тооцоо нийлсэний үндсэн дээр уг гэрээг байгуулсан” үйл баримтын талаар хэн аль нь тайлбарласан, энэ нь хэрэгт авагдсан төлбөр төлсөн баримт, зарлагын баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 10-15 дугаар тал/ Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасан тооцоо нийлэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

Зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул  нэхэмжлэгч Б.С нь зээлийн хүү, алданги нэхэмжлэх эрхгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн, талууд  2015 оны 4 сарын 05-ны өдрийн зарлагын баримтад /хх-11/ 14 826 812 төгрөг гэж бичсэн боловч 10 000 000 төгрөгийн мах авсан, 4 826 812 төгрөгийг хүүд тооцож нэмж бичсэн талаар тайлбарласан тул зарлагын баримтуудаар тогтоогдсон нийт 25 155 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Талууд гэрээний үүргийг баталгаажуулж 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр барьцааны гэрээ байгуулж, хариуцагч нь үүргийн гүйцэтгэлд Чингэлтэй дүүргийн 13 хороо, Сургуулийн 1 гудамжны 06 тоот эрхийн улсын бүртгэлийн Г-2202002956 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 391 м.кв газар, 24 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаалсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцсэн байна. Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар дээрх барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй байхад анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйгээс үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагад буруу дүгнэлт өгч хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн алдааг залруулав.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2017/01460 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 56 дугаар зүйлийн 56.10, 243 дугаар зүйлийн 243.1 ...” гэснийг “Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1” гэж,

Шийдвэрт 2 дахь заалт нэмж “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Э нь шийдвэрийг сайн дураар  биелүүлээгүй  тохиолдолд  барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 1 гудамжны 06 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний  зориулалттай 391  м.кв  газар, 24 м.кв  талбайтай хувийн сууцаар үүргийн  гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай” гэж,

2 дахь заалтыг “3” гэж дугаарлан тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381 675 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

                                                                                                 

                                                                                    Г.ДАВААДОРЖ