Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2020/0407

 

                                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П.Р

Хариуцагч: НЗД

Нэхэмжлэлийн шаардлага: “НЗД 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/**4 дүгээр захирамжийн П.Р-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, НЗД 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/**4 дүгээр захирамжийн 3 дугаар заалтын “И.Ж” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ”И.Ж” ХХК-ийн эзэмшлийн 5678 м.кв газрын гэрчилгээг П.Р гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 5678 м.кв газрын гэрчилгээг П.Р гаргаж өгөхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Р шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "И.Ж" ХХК нь /хувьцаа эзэмшигч, захирал П.Р  Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, нэгж талбарын ******* тоот нэгж талбарын дугаар бүхий 5678 м2 талбай бүхий газрыг 1992 оноос хойш, 26 жил эзэмшиж байсан. /Дээрх нэг гишүүнтэй компанийн хувьцаа эзэмшигч П.Р миний бие уг газар эзэмших эрхийг өөрийн хувь хүний нэр дээр шилжүүлэн авахаар холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн 2018 оны 7 дугаар сард Нийслэлийн газрын албанд хүсэлт гаргасан боловч 2018 оны 10 дугаар сарын 05-ний өдрийн ******* албан тоотоор "Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэл хөгжлийн чиг хандлагын дагуу авто зам төлөвлөгдсөн хэсгийг хасч шийдвэрлэх тухай дүгнэлт гарсан тул 4052 м.кв болгож эрхийн гэрчилгээг шилжүүлэх болсныг мэдэгдье" гэсэн хариу өгсөн.

Төлөвлөгдсөн гэх замын трасст Амгалан хотхон болон ойр орчмын аж ахуйн нэгж байгууллага, айлуудыг цахилгаанаар хангадаг ЦТП болон бусад барилга байгууламж байгаа нь хоёр урсгалтай зам төдийгүй явган хүний зам тавигдах ямар ч нөхцөл боломжгүй юм. Түүнчлэн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас ирүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 02/4266 тоотоор ирүүлсэн "Тайлбар хүргүүлэх тухай " албан бичигт “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад хот байгуулалтын мэдээлэл, газрын кадастрыг Нийслэлийн газрын албанаас авсан бөгөөд 16 дугаар нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд таны 18**********68 дугаартай нэгж талбарын кадастрын зүүн талд хорооллын чанартай авто зам төлөвлөсөн нь танай газрыг дайруулаагүй байна” гэсэн тайлбарыг ирүүлсэн байдаг.

"И.Ж" ХХК нь дээрх газрыг Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлж ирсэн байхад тухайн компаниас зохих журмын дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан иргэн П.Р миний хууль ёсны эрх ашгийг шууд хөндөж, газрын хэмжээг 1626 м.кв-аар бууруулж газар эзэмших эрхийн гэрчилгээг олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч  2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гомдол гаргасан боловч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хариу мэдэгдээгүй тул 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр НЗД Тамгын газар очиж гомдлын хариугаа тодруулахад 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03/4682 тоот бүхий "НЗД 2018 оны дүгээр захирамжаар иргэн П.Р 4053 м.кв газрыг орон сууцны зориулалтаар эзэмших эрх олгосон байна. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2-т зааснаар НЗДбатлагдсан төлөвлөгөөний дагуу тухайн жилд эзэмшүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох үүрэгтэй тул танд газар эзэмших эрх олгосон НЗД 2018 оны А/**4 дүгээр захирамж нь хууль ёсны бөгөөд таны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна." гэсэн хариуг өгсөн .

Энэхүү хариу албан тоотыг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл надад зохих журмын дагуу мэдэгдээгүй, энэхүү албан тоотод дурдсан НЗД 2018 оны А/**4 дүгээр захирамжийг би мэдээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд НЗД 2018 оны А/**4 дүгээр захирамжаар газрын эрхийг шилжүүлэхдээ талбайн хэмжээг багасгасан нь иргэн П.Р миний хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...П.Р нь “И.Ж” ХХК-иас 5678 м.кв газрыг эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр шилжүүлэн авахаар тохиролцсон. Шилжүүлэх явцад талбайн хэмжээнд өөрчлөлт оруулж, 1626 м.кв газрыг хасаж, 4054 м.кв газрыг П.Р ын нэр дээр шилжүүлэх болсон байдаг. Үүнийг эс хүлээн зөвшөөрч, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнтэй холбогдуулан тухайн захирамжийн 3 дугаар заалтад заасан “И.Ж” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагатай.

Учир нь П.Р холбогдох хэсгийг хүчингүй болгосноор тухайн газар нь бүхэлдээ “И.Ж” ХХК-ийн нэр дээр хэвээрээ үлдэх болоод байгаа юм. НЗД 2018 оны ******* дугаар захирамжаар “И.Ж” ХХК-ийн газар эзэмших, ашиглах эрхийн хугацаа сунгах тухай захирамжийг хүчингүй болсонд тооцсон. П.Р шилжүүлсэн газар хүчингүй болсон тохиолдолд “И.Ж” ХХК-ийн газар эзэмших, ашиглах эрхийн хугацаа сунгах тухай захирамж  хэвээрээ үлдэх ёстой. Иймээс “И.Ж” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. П.Р ын хувьд тухайн газар эзэмших эрхийг шилжүүлэн авах хүсэл зориг нь хэвээрээ байгаа. Гэхдээ хассан хэмжээгээр бус бүтэн хэмжээгээр авах хүсэлтэй байгаа тул газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг холбогдох бусад баримтын хамт 2018 оны 06 дугаар сард Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд өгсөн. Энэ хугацаанд шийдэгдэхгүй байж байгаад 2018 оны 09 дүгээр сард “тухайн газарт трасст төлөвлөгдсөн байгаа учраас танай газрыг хасаж шилжүүлэх болсон” гэж газрын албанаас мэдэгдсэн. Үүнийг эс хүлээн зөвшөөрч Нийслэлийн Газрын албанд удаа дараа хандаж байсан. Нийслэлийн газрын албанаас 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр П.Р болон “И.Ж” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Тус мэдэгдэлд “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх Хөгжлийн чиг хандлагын дагуу авто замын төлөвлөлт хийгдэх болсон тул газрын хэмжээг хасаж 4052 м.кв болгож, эрхийн гэрчилгээг шилжүүлэх болсныг мэдэгдэж байна. Иймд холбогдох тайлбар, санал ирүүлэх тохиолдолд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор хотын захиргаанд хандана уу” гэж дурдсан байдаг. Үүнийг эс хүлээн зөвшөөрч 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Миний газрын хэмжээг хасаж олгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул 5678 м.кв газрын гэрчилгээ олгож өгнө үү” гэсэн утга бүхий гомдлыг НЗД гаргасан. Энэ гомдлын хариу ирэхгүй байсан тул 2019 оны 01 дүгээр сард НЗД Тамгын газрын архив дээр очиж гомдлын хариугаа авсан.

Гомдлын хариуд “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2 дахь заалтад зааснаар НЗДнь батлагдсан төлөвлөгөөний дагуу тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох үүрэгтэй тул танд газар эзэмших эрх олгосон НЗД 2018 оны А/**4 дүгээр захирамж нь хуульд нийцэж гарсан бөгөөд таны эрх, ашгийг хөндөөгүй байна” гэсэн байдаг. Энэ хариуг авах хүртэл П.Р нь газрын эрх шилжсэн талаар захирамж гарсан гэдгийг мэдээгүй байсан. Гомдлын хариуг хүлээн авсныхаа дараа НЗД тамгын газарт очиж тус захирамжийг үзэхэд газрын хэмжээг багасгаж П.Р 4053 м.кв газрыг орон сууцны зориулалтаар олгосон байсан. Иймээс хуульд заасны дагуу Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Газрын хэмжээг багасгасан захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийгдээгүй. “И.Ж” ХХК-иас 5678 м.кв газар авахаар гэрээ хийчихсэн байхад газрын хэмжээг багасгасан захирамж гаргаж байгаа нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж байгаа юм.

Маргаан бүхий захирамжийн үндэслэх хэсэгт “...НИТХ 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн захирамжлах нь” гэж дурдсан байдаг. Үүний дагуу судалж үзэхэд 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр НИТХ тогтоолын хавсралтаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалт хэмжээг өөрчлөх үйл ажиллагааны  журам”-ыг баталсан байдаг. Энэ журмын 2.4 дэх хэсэгт “газар эзэмшигч нь газраа бүхэлд нь шилжүүлж байгаа тохиолдолд газрын зориулалт хэмжээг өөрчлөхгүй. Харин газрын зарим хэсгийг шилжүүлж байгаа тохиолдолд газрын зориулалтыг өөрчилж болохгүй” гэж заасан байдаг. Энэ тогтоолыг үндэслэл болгож байгаа атлаа тус тогтоолын хавсралтаар батлагдсан журмыг зөрчсөн байгаа тул дээрх захирамж нь хууль зөрчсөн гэдэг нь харагдаж байгаа юм. Удаа дараа 5678 м.кв газар эзэмших хүсэлт гаргаж байхад багасгаж олгох эрх нь НЗД байна. Та багасгасан хэмжээгээр газраа ав гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ нь П.Р 5678 м.кв газрыг бүтнээр нь олгохгүй байгаа эс үйлдэхүй байгаа харагдаад байгаа юм. Мөн энэ нь Иргэний хуульд заасан гэрээний талуудын эрх үүргийг зөрчсөн асуудал байгаа юм. Тухайн газар дээр трасст төлөвлөгдсөн байж болно.

Гэхдээ батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ ажил нь 2020 он хүртэл үргэлжлэх ёстой байсан. Гэтэл өнөөдөр 2020 оны хагас жил өнгөрчихсөн байхад ажил нь эхлээгүй явж байгаа тул энэ ажил 2020 онд хэрэгжих боломжгүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Авто замын төлөвлөгөөний дагуу тухайн газраас хасах байсан юм бол яагаад “И.Ж” ХХК-ийн нэр дээр байхад нь хасаагүй вэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. 2015 оноос хойш олон жилийн хугацаа өнгөрч байхад газрын хэмжээг хасаагүй атлаа иргэн П.Р-ыг шилжүүлэн авах үед газрын хэмжээг хасаж байгаа нь хууль бус үйлдэл юм. Хэрэв газрын хэмжээг хасах шаардлагатай байсан бол “И.Ж” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байхад нь хасах ёстой байсан. Эсвэл Д.Раднаабазарын нэр дээр газар шилжиж очсоны дараа хасаж, тодорхой хэмжээний нөхөн олговор олгох боломжтой байсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Хоёр. НЗД итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: НЗД 2000 оны 244 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн **-р хороонд Автобус баазын зориулалтаар И.Ж ХХК-д 1,05 га газрыг гэрээгээр түр ашиглах эрх олгосон байна.

“И.Ж" ХХК нь “НЖТ” ХХК-д эзэмшил газраас хэсэгчлэн эзэмших  хүсэлт ирүүлсний дагуу НЗД 2005 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар захирамжаар “НЖТ” ХХК-д 3872 м.кв, “И.Ж” 072 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. Ийнхүү эзэмшүүлэхэд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу зам дагуу төлөвлөгдсөн хэсгийг хасч шийдвэрлэж байжээ. НЗД “Газар эзэмшүүлэх эрхийн талбайн хэмжээ, зориулалт

өөрчлөх тухай” 2012 оны А/**4 дүгээр захирамжаар эзэмшил газрын талбайн 5678 м.кв хэмжээтэй болгон нэмэгдүүлж, 2014 оны ******* дугаар захирамжаар газрын зориулалтыг орон сууцны зориулалттай болгон өөрчилж шийдвэрлэсэн байна.

Тус газар эзэмших эрхийн гэрчилгээг “И.Ж” ХХК-иас иргэн П.Р шилжүүлэх хүсэлтийг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гаргасан бөгөөд Нийслэлийн Газрын албаны “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2018 оны 09 сарын 01-ний өдрийн хурлаар хэлэлцүүлж тухайн газрын зарим хэсэгт Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он  хүртэлх хөгжлийн чиг хандлагад тусгагдсаны дагуу авто зам төлөвлөгдсөн байх тул авто зам төлөвлөгдсөн хэсгийг хасч эзэмшүүлэх дүгнэлт гарсан. Газрын тухай хуулийн 20 дугаар 20.2.1-т  "нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, ....зохион байгуулж хангах” , 21.2.4-т “хотын хөгжлийн төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах” бүрэн эрхийг НЗД олгосны дагуу эзэмшил газраас авто зам төлөвлөгдсөн хэсгийг хасч 2018 оны А/**4 дүгээр захирамжийг гаргасан болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.”гэв.

НЗД итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анх гаргаж байсан нэхэмжлэлийн шаардлагаасаа өөр үндэслэл ярьж байна. Анх үндэслэлгүйгээр манай газрыг хассан. Трасст нь төлөвлөлтөд манай газар өртөөгүй гэж маргаж байсан. Мөн П.Р-ын хувьд Хот байгуулалт хөгжлийн газарт 10 дугаар сарын 02-ны өдөр хандаж өөрийн газрыг трасст төлөвлөлтөд орсон эсэх лавлагаа авахад, “П.Р-ын газар трасст төлөвлөлтөд орсон байна” гэсэн хариу өгсөн байдаг. П.Р нь 10 дугаар сарын 26-ны өдөр дахин хандсан. Тухайн үед трасст төлөвлөсөн хэсэг нь хасагдаж П.Р олгосон газарт кадастрын зураг хийгдсэн байсан тул П.Р-ын газар нь трасст төлөвлөлтөд ороогүй байна гэсэн хариу өгсөн байдаг.

 Гэтэл нэхэмжлэл гаргахдаа 10 дугаар сарын 26-ны өдөр авсан хариугаа шүүхэд өгсөн байдаг. 10 дугаар сарын 02-ны өдрийн хариуг нь би өөрөө Хот байгуулалт хөгжлийн газраас очиж аваад нотлох баримтын шаардлага хангуулан хавтаст хэрэгт өгсөн. Анх энэ хэрэг нь А.Сарангэрэл шүүгчид хуваарилагдсан. Тухайн үед сонсох ажиллагаа хийгдсэн гэж яригдаж байсан. Учир нь хавтаст хэрэгт Нийслэлийн Газрын албанаас хийсэн сонсох ажиллагааны мэдэгдэл байгаа.

Мөн анх нэхэмжлэл гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй гэж маргаж байгаагүй.  Хэрэг А.Сарангэрэл шүүгч дээр хянагдаж байхад “Нийслэлийн төлөвлөгөөтэй эхэлж маргах ёстой юм биш үү” гэсэн зүйл яригдсан юм. Гэтэл үүнээс санаа аваад сонсох ажиллагаа хийгээгүй гэж ярьж эхэлдэг. Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт “Аймаг, НИТХ шийдвэрээр хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах шийдвэрт хамрагдсан тухайн газар нутагт газар эзэмших, ашиглах эрх олгох болон хот байгуулалтын бусад үйл ажиллагаа явуулахыг тодорхой хугацаагаар түр зогсооно” гэж заасан байдаг. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан төлөвлөгөөний дагуу трасст төлөвлөлтийн ажил явагдаж байхад НЗДөөрийн эрх хэмжээг хэтрүүлж, газрыг бүхэлд нь олгох боломжгүй. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 91.1.1 дэх заалтад “НЗДнь хот, тосгоны батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилгажилтын төслийг үндэслэн газар олгох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” үүрэгтэй юм.

 Мөн нэхэмжлэгч нь 2019 онд нэхэмжлэл гаргасан. Энэ ажил нь 2030 хүртэл үргэлжлэх төлөвлөгөөтэй байгаа. Анх удаа П.Р-ын газраас хассан асуудал байхгүй. Өмнө нь төлөвлөгөөнд тусгагдсан байсан учраас “И.Ж” ХХК-д хасаж шилжүүлсэн. Харин төлөвлөгөө хэрэгжиж эхлээгүй байсан учраас “И.Ж” ХХК-ийн хүсэлтээр газрыг нэмэгдүүлж олгож байсан. Хэрэв трасст төлөвлөлтийн ажил хийгдэхгүй бол П.Р хүсэлтээ гаргаад газраа нэмэгдүүлэх боломжтой. Маргаан бүхий захирамжийг нь зөвхөн П.Р зориулж гаргаагүй. Тус захирамжаар маш олон газрын асуудлыг шийдсэн бөгөөд маргаан бүхий захирамжид хамаарах бусад газарт НИТХ 5/14 дүгээр тогтоол хамаарч байгаа юм.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлсний төлөө НЗД-ынбуруутгах үндэслэлгүй. “И.Ж” ХХК-д газар олгосон шийдвэрийг хүчингүй болгосон тохиолдолд “И.Ж” ХХК-ийн эрх сэргэнэ. Тус компанийн эрх сэргэсэн тохиолдолд П.Р гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй болно. Тэгэхээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хоорондоо зөрчилдөж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анх нэхэмжлэгч П.Р-аас “НЗД 2018 оны 10

дугаар сарын 09-ний өдрийн А/**4 дүгээр захирамжийн П.Р холбогдох хэсгийн талбайн хэмжээнд өөрчлөлт оруулсан хэсгийг хүчингүй болгож, “И.Ж” ХХК-иас шилжүүлэн авсан 5678 м.кв газрыг хэмжээгээр газар эзэмших эрхийг иргэн П.Р шилжүүлэхийг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг НЗД холбогдуулан гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “НЗД 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/**4 дүгээр захирамжийн П.Р холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

НЗД 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/**4 дүгээр захирамжийн 3 дугаар заалтын “И.Ж” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

 ”И.Ж” ХХК-ийн эзэмшлийн 5678 м.кв газрын гэрчилгээг П.Р гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 5678 м.кв газрын гэрчилгээг П.Ргаргаж өгөхийг хариуцагчид даалгах” гэж эцсийн байдлаар тодруулсан болно[1].

 

Нэг: Хөөн хэлэлцэх хугацааны тухайд:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: “...нэхэмжлэгч 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/**4 дүгээр захирамжийг мэдэж байсан. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03/82 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн гэж бичиг хэрэгт хаалт хийсэн.П.Р-ын утсанд мессеж очсон...” гэх тайлбарыг гаргасан.

Тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШЗ2019/1321 дүгээр “нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай” захирамжаар[2] ”...НЗД Тамгын газрын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03/4682 дугаар албан бичиг бүхий хариуг...” гардан авсан эсэх талаар баримт шаардсан.

Нэхэмжлэгч уг албан бичгийн хуулбарыг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гардаж авсан баримтыг ирүүлснээр[3] түүнийг хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргасанд тооцон, мөн шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШЗ2019/1819 дүгээр захирамжаар[4] захиргааны хэрэг үүсгэжээ.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар баримт цуглуулсан боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хоёр: “НЗД 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/**4 дүгээр захирамжийн П.Р холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

2.1.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “И.Ж ХХК-ийн үүсгэн байгуулагч[5] П.Р нь НЗД 2000 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ******* дүгээр захирамжаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах маргаан бүхий газар дээр 2000 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах гэрээ”-г[6] үндэслэн автобус баазын зориулалтаар 10520 м.кв газрыг[7] ашиглаж байжээ.

Уг газраасаа 2004 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ээр 12 машины граж, нэг айлын сууц, 2 өрөө конторын барилга бүхий обьектыг түүний оршин байгаа 4130 м.кв газрыг ашиглах эрхийн хамт “ ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн болно.[8]

Энэ хэлцэлтэй холбогдуулан газрын асуудал эрхэлсэн захиргааны байгууллагад хүсэлт гарган,[9] газраа баталгаажуулахад НЗД 2004 оны 4*******, 2005 оны ******* дугаар захирамжуудаар “И.Ж” ХХК-д аж ахуйн зориулалтаар 4072 м.кв газрыг эзэмшүүлэхээр баталгаажуулсан.

Харин нэхэмжлэгч “И.Ж ХХК-ийн захирал П.Р2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр албан бичгээр “...газрынхаа кадастрыг үнэн бодит хэмжээг хэмжүүлэхэд 5677.5 м.кв болж байх тул газрыг баталгаажуулж, кадастрын мэдээллийн санд оруулж, НЗД захирамж гаргуулах”

утга бүхий хүсэлтийг НЗД хандан гаргасан.[10]

Уг хүсэлтэд дурьдсан асуудлыг Нийслэлийн Газрын алба, Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх техникийн зөвлөл 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар хэлэлцэн дүгнэлт гаргасныг НЗДхянан үзээд 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/**4 дүгээр “газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” захирамжаараа[11] “И.Ж” ХХК-д эзэмшүүлэх газрын талбайн хэмжээг 5678 м.кв болгон өөрчлөн, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон.[12]

Улмаар нэхэмжлэгчээс энэхүү газрынхаа зориулалтад өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргаснаар НЗД 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх, байршил шилжүүлэх тухай” захирамжаар “И.Ж” ХХК-ийн аж ахуйн зориулалтаар эзэмшиж байсан газрын зориулалтыг орон сууцны зориулалттай болгон өөрчлөн эзэмшүүлэн,[13] гэрчилгээ олгосон байна[14].

Нэхэмжлэгчээс дээрх захирамжаар газар эзэмшиж байх хугацаандаа Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1.газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх; 35.3.3. газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх; буюу газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж, хууль тогтоомж зөрчсөн үйлдэл гаргаж байгаагүй болно.

Гэтэл 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч П.Раас “...өөрийн[15] “И.Ж” ХХК-ийн эзэмшлийн 5678 м.кв орон сууцны зориулалттай газрыг өөрийн нэр дээр шилжүүлэх...” тухай хүсэлт гаргасныг[16] Нийслэлийн газрын алба хүлээн авч, Газар эзэмших, ашиглах эрхийн хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн НИТХ Тэргүүлэгчдийн 2017 оны 63 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн 16 дугаар нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлт”-ийн 2 дугаар зэргийн туслах замын трассд[17] хэсэгчлэн орсон[18] гэж “И.Ж” ХХК-ийн эзэмшлийн 5678 кв.м орон сууцны зориулалттай газрын хэмжээг 4052 кв.м болгон өөрчлөн иргэн П.Р шилжүүлэхээр дүгнэлт гаргажээ.[19]

Энэхүү дүгнэлтийг НЗДүндэслэлтэй гэж үзэн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/**4 дүгээр “Газар эзэмшүүлэх, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай” захирамжаар[20] иргэн П.Р 4052 кв.м газрыг орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна[21].

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий шийдвэрийнхээ нэхэмжлэгчид холбогдох хэсгийн хууль зүйн үндэслэлийг “...НИТХ 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4-т заасан эрх хэмжээнийхээ хүрээнд нэхэмжлэгчийн газрынхан хэмжээг багасган, өөрчлөн эзэмшүүлсэн...” гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.[22]

Тодруулбал, Төрөөс[23] бусдын хууль ёсны эзэмшилд байгаа газрыг буцаах авах тохиолдлуудыг Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т “бусдын эзэмшил газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргах; нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

Газар эзэмшигчийн гэрээний хугацаа дуусахаас өмнө түүний эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно”, 42.2-т “Засгийн газар нь бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, газар эзэмшигчтэй түүний хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан зохих шийдвэр гаргана.”,  42.З-т “Энэ хуулийн 42.2-т заасан Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авна” гэж.

Харин бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд ашиглах тохиолдолд Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Засгийн газар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмшигч, ашиглагчтай урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг тодорхой хугацаатайгаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглаж болно” гэж тус тус зохицуулжээ.

Хэдийгээр Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн эзэмшил газрын хэмжээнд өөрчлөлт орох талаар танилцуулан хэлбэрийн төдий оролдлого хийсэн[24] мэт харагдах боловч үүнийг нь хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй газрыг нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах асуудлаар урьдчилан тохиролцох ажиллагааг хийсэн гэж тооцох боломжгүй байна.

Учир нь хариуцагч Нийслэлийн Засаг дарга, түүний харьяа Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнууд нэхэмжлэгчийн хууль ёсны эзэмшлийн 5678 м.кв орон сууцны зориулалттай газрын хэмжээг 4052 м.кв болгон өөрчлөн багасгахдаа дээрх хуулиудад заасны дагуу түүнтэй урьдчилан тохиролцсоны үндсэн дээр газрыг нь нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах асуудлыг шийдвэрлэх ёстой байсан.

Гэтэл бодит байдалд талууд харилцан тохиролцоонд хүрээгүй байхад хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн хууль ёсны дагуу эзэмшиж буй газраас 1626 м.кв газрыг багасаж шилжүүлсэн нь дээрх Газрын тухай хуульд заасан “харилцан зөвшилцөх”, “нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах” зохицуулалтуудыг зөрчсөн гэж шүүх  дүгнэлээ.

Гурав: НЗД 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/**4 дүгээр захирамжийн 3 дугаар заалтын “И.Ж” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Шийдвэрийн үндэслэх хэсгийн хоёрт дахь хэсэгт хариуцагч НЖД маргаан бүхий 2018 оны А/**4 дүгээр актыг гаргахдаа Газрын тухай хуульд заасан “бусдын эзэмшил газрыг эргүүлэн авах, “эргүүлэн авахад нөхөх олговор олгох” зохицуулалтыг баримтлаагүй атлаа нэхэмжлэгчийн хуулиар эзэмшиж байгаа газрын хэмжээг түүний зөвшөөрөлгүй багасган өөрчилсөн нь нэхэмжлэгч П.Рын эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн үр дагаварыг бий болсон гэж дүгнэсэн билээ.

Иймд НЗД 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/**4 дүгээр “Газар эзэмшүүлэх, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай” захирамжийн гурав дахь заалтын “НЗД 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар захирамжийн “И.Ж” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосонд” тооцох нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд ач холбогдолтой байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Дөрөв: ”И.Ж” ХХК-ийн эзэмшлийн 5678 м.кв газрын гэрчилгээг П.Р гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 5678 м.кв газрын гэрчилгээг П.Р гаргаж өгөхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Энэхүү нэхэмжлэлийн зүйл нь Захиргааны хууль бус “эс үйлдэхүй” байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар “эс үйлдэхүй” гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж тодорхойлсноос үзэхэд Захиргааны байгууллага, албан тушаалтны зүгээс захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл огт гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгахыг ойлгохоор байна.

Товчхондоо даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхийн тулд 1/-рт Эс үйлдэхүй байх 2/-рт уг эс үйлдэхүй хууль бус байх, 3/-рт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх ёстой.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл НИТХ 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “Журам батлах тухай” 5/14 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалт, хэмжээг өөрчлөх үйл ажиллагааны журам”-ыг баталжээ.

Журам батлагдсанаар “...эзэмшлийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах,

газрын зориулалтаар талбайн хэмжээг өөрчлөх зэрэг хүсэлтийг шийдвэрлэх...”

харилцааг бүрэн зохицуулах бөгөөд энэ журам батлагдсантай холбогдуулан НЗД2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/404 дүгээр “НИТХ 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “Журам батлах тухай” 5/14 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх тухай” захирамжийг гаргасан аж.

Энэхүү захирамжийнхаа 1.4-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалт, хэмжээг өөрчлөх тухай хүсэлтийг шийдвэрлэхдээ тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан журмыг баримтлан

ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгасан[25] атлаа хариуцагч НЗДөөрөө уг захирамж болон дээрх НИТХ 2014 оны 5/14 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтын 2.4-т “Газар эзэмшигч газраа бүхэлд нь шилжүүлж байгаа тохиолдолд газрын зориулалт, хэмжээг, газрынхаа зарим хэсгийг шилжүүлж байгаа тохиолдолд газрын зориулалтыг өөрчлөхгүй”, 6.1.3-т “газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхдээ “...талбайн хэмжээг нэмэгдүүлэх, багасах...” хориглоно гэж заасныг баримтлаагүй байна.[26]

Өөрөөр хэлбэл иргэн П.Р-ыг “И.Ж” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч, тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх ганц хуулийн эрх бүхий субьект гэдэгтэй хариуцагч огт маргадаггүй боловч “И.Ж” ХХК-ийн эзэмшлийн 5678 м.кв орон сууцны зориулалттай газрыг өөрийн нэр дээр шилжүүлэх хүсэлтийг НИТХ 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “Журам батлах тухай” 5/14 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтад заасныг биелүүлж шийдвэр гаргахгүй байгаа хариуцагч НЗД эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдлоо.

Хариуцагчийн дээр дурьдсан хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байх тул “И.Ж” ХХК-ийн нэр дээр НЗД 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар захирамжаар хууль ёсны дагуу эзэмшиж байгаа 5678 м.кв орон сууцны зориулалттай газрын “газар эзэмших эрхийн гэрчилгээг” нэхэмжлэгч П.Р шилжүүлэн гаргаж өгөхийг хариуцагч НЗД даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

     Мөн шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үүргээ хэрэгжүүлж хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзэн маргаан бүхий газар дээр үзлэг хийх явцад “...Төлөвлөгдсөн замын трасс Амгалан хотхон болон ойр орчмын аж ахуйн нэгж, байгууллага айлуудыг цахилгаанаар хангадаг ЦТП болон бусад барилга байгууламж,

барилгын суурьтай давхцалтай...” байж болохыг дурьдах нь зүйтэй.

Иймд дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч П.Раас НЗД холбогдуулан гаргасан “НЗД 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/**4 дүгээр захирамжийн П.Р холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, НЗД 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/**4 дүгээр захирамжийн 3 дугаар заалтын “И.Ж” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ”И.Ж” ХХК-ийн эзэмшлийн 5678 м.кв газрын гэрчилгээг П.Р гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 5678 м.кв газрыг гэрчилгээг П.Р гаргаж өгөхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.4, 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 42.3, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “НЗД 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/**4 дүгээр захирамжийн П.Р болон “И.Ж” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгон, ”И.Ж” ХХК-ийн эзэмшлийн 5678 м.кв газрын гэрчилгээг П.Р гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ”И.Ж” ХХК-ийн эзэмшлийн 5678 м.кв газрын гэрчилгээг иргэн П.Р шилжүүлэн гаргаж өгөхийг хариуцагч НЗД даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.БАТБААТАР

 

 

 

 


[1] 3 Хавтас хэргийн 10 хуудас

[2] 1 Хавтас хэргийн 14-17 хуудас

[3] 1 хавтас хэргийн 22-23 хуудас

[4] 1 Хавтас хэргийн 26-27 хуудас

[5] 1 Хавтас хэргийн 74, 103-105  хуудас

[6] 1 Хавтас хэргийн 79-81 хуудас

[7] 1 хавтас хэргийн 74-81 хуудас

[8] 1 Хавтас хэргийн 82-86 хуудас

[9] 1 Хавтас хэргийн 71 хуудас

[10] 1 Хавтас хэргийн 41-42 хуудас

[11] 1 хавтас хэргийн 38-40 хуудас

[12] 1 Хавтас хэргийн 48 хуудас

[13] 1 Хавтас хэргийн 116-118 хуудас

[14] 1 Хавтас хэргийн 108-113 хуудас

[15] 1 хавтас хэргийн 104-107 хуудас

[16] 1 Хавтас хэргийн 102-103 хуудас

[17] 2 хавтас хэргийн 10-11, 181-182 хуудас

[18] 2 Хавтас хэргийн 48-50 хуудас

[19] 1 Хавтас хэргийн 99-100 хуудас

[20] 1 Хавтас хэргийн 133-135

[21] 1 хавтас хэргийн 137 хуудас

[22] 3 Хавтас хэргийн 16-17 хуудас

[23] “Нийгэмд удирдлага, нийтлэг засаглалыг хэрэгжүүлдэг улс төрийн байгуулал” /Газрын тухай хуулийн 4, 5 дугаар зүйлийг үзнэ үү./

[24] 1 хавтас хэргийн 99 хуудас

[25] 2 Хавтас хэргийн 65-67 хуудас

[26] 2 Хавтас хэргийн 80 хуудас