Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 1132

 

-

 

 

 

 

 

 

 

              Ч.З, Б.Б нарт холбогдох

                эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

прокурор Ж.Энх-Амгалан,

шүүгдэгч Ч.З, түүний өмгөөлөгч Н.Баатардорж, 

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Батбаяр,  

            нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 755 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, шүүгдэгч Ч.З-гийн өмгөөлөгч Н.Баатардорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ч.З, Б.Б нарт холбогдох 1802002370152 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. ............... овгийн ............ .................., Улаанбаатар хотод 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, .. дугаар хэсэг, “................” орон сууцны хорооллын .. дүгээр байрны .. тоотод оршин суудаг, /регистрийн дугаар: ......................../,

2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

 

2. ............. овгийн .............. ................, Хэнтий аймгийн Өндөрхаан суманд 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн менежмент мэргэжилтэй, “.............” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай гэх, ам бүл .., эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, .. дугаар хороолол, Усны гудамжны .. дүгээр байрны .. тоотод оршин суух хаягтай, Сүхбаатар дүүргийн .. дүгээр хороо, .. дугаар хороолол, ..-.. тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ...................../,

 

Ч.З нь 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Toyota prius” загварын 22-84 УБС улсын дугаартай автомашинд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфитамины агууламж бүхий 0,4 гр “мөс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг Б.Б-д худалдсан, мөн 2,4 гр “мөс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

 

Б.Б нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфитамины агууламж бүхий 0,4 гр “мөс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг Ч.З-гээс худалдаалах зорилгогүйгээр худалдан авч, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

Нийслэлийн прокурорын газраас Ч.З-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ч.З-г мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн, Б.Б-ыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.З-д 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бд 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.З, Б.Б нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №1 дугаартай 2 хэсэг В, Г гэж дугаарласан гялгар уутны хамт нийт 1 грамм, мөн №2 дугаартай А, Б гэж дугаарласан гялгар уутны хамт нийт 1,39 грамм метамфетамины агууламж бүхий бодис, №1 дугаартай гялгар уутны хамт 0,4 грамм метамфетамины агууламж бүхий бодисыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.З, Б.Б нарын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоногийг тэдний эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2018 оны 6 дугаар сарын 15-ны шөнө 22 цагийн орчим цагдаагийн байгууллагын ажилтанд шалгагдаж эхлэхдээ л өөрт байсан 0.4 гр мөсийг сайн дураараа гарган өгч, мөрдөн байцаалтын ажилд ямар нэгэн саад бэрхшээл учруулалгүй, өөрийн холбогдсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөөр ирсэн. Учир нь, анх удаа ийм хэрэгт холбогдож, үүндээ чин сэтгэлээсээ гэмшиж байсан тул гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Дотны найз маань “... бизнес хийх гэсэн юм, мөнгө олж өгөөч, хугацаанд нь төлнө ...” гэж гуйхаар нь хүнээс 2018 оны 11 дүгээр сард 50,000,000 төгрөг зээлж авч өгсөн боловч найз маань мөнгөө өгөлгүй гадаад улс руу надад мэдэгдэлгүй явсныг 2018 оны 6 дугаар сарын эхээр мэдсэн. Мөнгө зээлдүүлсэн хүн надаас байнга мөнгөө нэхэж, гэр орноор минь ирж дарамтлан, үүний улмаас би сэтгэл санааны гүн хямралд орсон байх үедээ урьд өмнө нь огт хэрэглэж байгаагүй мансууруулах бодис гэгчийг Ч.З-ээс гуйж хэрэглэж үзсэнээр энэ төрлийн хэрэгт анх удаа холбогдон аав, ээж, дүү нар, хамаатан садныхаа өмнө гэмтэн болж хоригдож байгаадаа харамсаад ч барахгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” болохыг дурдсанаас гадна Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтээр надаас “мансууруулах бодист донтох шинж илрээгүй” гэсэн дүгнэлт гарсан байсан. Энэ нь намайг урьд нь тийм төрлийн зүйл хэрэглэж байгаагүйг, ийм зүйлд донтож ороогүйг минь нотолсон гэж би ойлгож байна.

Намайг энэ хэрэгт холбогдон шалгагдаж байх үед аав Л.Батбаяр маань 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улсын нэгдсэн 3 дугаар эмнэлэгт тархины судасны 98 хувийн бөглөрөлтэй гэсэн оноштой яаралтай хагалгаанд орж, сэхээний тасагт эмчлүүлэн сахиж байх хооронд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би шүүхээс ял сонсож цагдан хоригдоод өнөөдрийг хүрлээ. Ар гэрийнхээ хүмүүст би хэрэгт холбогдсон талаараа огт хэлээгүй байсан тул тэд маань дуулаад, сэтгэл санааны хямралд орж хүнд байдалд орсон гэдгийг сонсоод надад маш хэцүү байна. Аав минь тархины баруун талын судсандаа 5 цаг орчим хүнд хагалгаанд орж, амжилттай болсон боловч одоо биеэ тэнхрүүлж байгаад тархины зүүн талын судсандаа дахин хагалгаа хийлгэх ёстой. Эмч нар аавыг сэтгэл санаагаа маш тайван байлгаж, дэглэм сахихыг зөвлөсөн бөгөөд 1 cap гаран эмнэлэгт хэвтээд одоо гэрээр асаргаа сувилгаа хийлгэж дараагийн хагалгаанд бэлдэж байгаа юм. Гэтэл асарч тусалж байх ёстой хүү нь хоригдож байгаадаа өөрийгөө маш их буруутгаж гэмшээд баршгүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, надад оногдуулсан хорих ялыг тэнсэж, өндөр настай аавыгаа асран зөв хүмүүжилтэй төлөвшсөн хүн гэдгээ бусдад харуулж нотлох боломж олгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Б-ы өмгөөлөгч Д.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж дүгнэсэн. Миний үйлчлүүлэгч Б.Б нь мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүх хуралдаанд өөрийн үйлдсэн хэргийн талаар анхнаасаа үнэн зөв мэдүүлж, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаагаа илэрхийлж байсан. Б.Б нь тухайн гэмт хэрэг үйлдэгдэхээс 2 сарын өмнө буюу 2018 оны 4 дүгээр сард өөрийн дотны найзынхаа гуйлтаар бизнесийг нь дэмжих зорилгоор хүнээс 50,000,000 төгрөг зээлж өгсөн боловч найз нь уг мөнгийг төлөлгүй гадаад улсад гарч явсан. Зээл өгсөн хүн нь өдөр, шөнөгүй гэр орноор нь ирж мөнгөө нэхэх болсны улмаас сэтгэл санааны хүнд дарамттай байх үедээ Ч.З-тэй уулзаж, түүнээс мансууруулах бодисыг авч хэрэглээд тэр дороо цагдаагийн байгууллагын алба хаагчдад баригдан, болсон бүх үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн. Мөн хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 589 дүгээр дүгнэлтийн 6 дахь хэсэгт “Б.Б нь сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.” гэж дүгнэсэн нь Б.Б-ыг урьд өмнө нь мансууруулах бодис хэрэглэж байгаагүйг болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолсон гэж үзэж байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа тул дээрх нөхцөл байдлуудаас дүгнэж үзэхэд шүүх миний үйлчлүүлэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг хэрэглэх бүрэн боломжтой байсан. Гэтэл анхан шатны шүүх дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй, миний үйлчлүүлэгчийн хуулиар олгосон эрхийг эдлүүлэлгүй 1 жил 1 сарын хорих ял оногдуулсныг шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Иймд Б.Б-д оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тэнсэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Ч.З, түүний өмгөөлөгч Н.Баатардорж нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... хэргийг гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан нотлох баримтаар илрүүлж, улмаар нотлох баримттай нь дайчлан баривчлах зэрэг гүйцэтгэх ажиллагаа явуулсан байдаг. Энэ ажиллагаа нь бүхэлдээ Гүйцэтгэх ажлын тухай хуулийг зөрчиж явагдсан. Өөрөөр хэлбэл прокурорын хяналтаас гадуур, хүний эрх болон холбогдох хуулийг зөрчсөн байна. Хэрэв Гүйцэтгэх ажлын тухай хуулийн дагуу прокурорын зөвшөөрлөөр явагдсан ажиллагаа байсан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар нууц ажиллагааны магадлагаа үйлдэж хэрэгт хавсаргах ёстой байтал тийм зүйл хавтаст хэрэгт огт байхгүй байна. /Хавтаст хэргийн 1-3 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулсан шүүгчийн захирамжаар гүйцэтгэх ажиллагаа ямар нэг байдлаар явагдсан нь тогтоогддог/.

Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч Ч.З-г мансууруулах бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан гэм буруутайд тооцсон. Гэвч тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан бэлэн мөнгө, жин, ХААН банкны карт, зиплок түгжээ бүхий ууттай “мөс” гэх бодис /жин нь ойролцоогоор 1 грамм орчим байсан/, мөнгө шилжүүлсэн дансны хуулга зэргээр хүний дотоод сэтгэхүйн үйлдэл болох санаа зорилгыг тогтоосон байгаа нь хангалттай нотолгоо болж чадахгүй. Өөрөөр хэлбэл, худалдаалах зорилгоор хадгалж байсан эсэхийг дээрх нотлох баримтаар тогтоосон нь эргэлзээ төрөхүйц байна.

Мөн Ч.З-д мансууруулах бодисыг худалдсан хүнийг олж тогтоох талаар тодорхой ажиллагаа явуулалгүй шүүхээр шийдвэрлэснээс үзэхэд хавтаст хэрэгт авагдсан мөрдөгчийн тогтоолд дурьдагдсан “...нотлох баримттай нь дайчлах...” гэж хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай мөрдөгчийн саналд бичигдсэн байгаа нь Ч.З-д хяналттай худалдаа явуулсан байх гэсэн дүгнэлтэд хүрч байна. Хэрэв ийм ажиллагаа явуулсан бол прокурорын зөвшөөрлөөр явагдаж, нотлох баримтаар тооцуулж байж нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх учиртай.

Иймд дээрх процессийн зөрчлүүдийг шийдвэрлэлгүйгээр анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.8 дугаар зүйлийг зөрчиж, шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байгаа тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 755 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч Ч.З-гийн өмгөөлөгч Н.Баатардорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах шатны шүүхэд 2 үндэслэлээр гомдол гаргасан. Хэргийн үйл баримт нь Ч.З, Б.Б хоёр нь хоорондоо “мөс” гэх бодисыг өгсөн, нэг нь гуйсаар байгаад авсан нөхцөл байдал байдаг. Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа “энэ хүний өгсөн үйлдэл нь хариу төлбөргүй ч гэсэн бусдад шилжүүлснээр худалдаалсан байна” гэж дүгнэж байгаа атлаа гэм буруутайд тооцохдоо худалдаалсан гэж үзэхгүйгээр худалдаалах зорилгоор хадгалсан гэж үзсэн. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх явцдаа “энэ хэрэг нь гүйцэтгэх ажиллагааны нотлох баримтуудаар давхар тогтоогдож байна” гэсэн дүгнэлт хийсэн. Шүүх хуралдааны явцад энэ талаар тэмдэглэлд тусгуулсан байтал шүүх хуралдааны тэмдэглэл болон анхан шатны шүүхийн шийдвэрт энэ талаар тусгагдаагүй байсан. Энэ талаар өмгөөлөгч би шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах хүсэлт гаргаж, улмаар миний хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Мөн шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг танилцуулахдаа хэлсэн боловч тухайн үед тог тасарч, техникийн саатал гарсан тул тайлбар хэсэгт оруулах шийдвэр гарсан. Тэгэхээр хэргийг бүхэлд нь харахаар зарна гэх зорилго нь ил харагдахгүй. Ч.Згийн автомашинаас мансууруулах бодис гарч ирсэн үйлдэл нь худалдаалах зорилгоор хадгалж байсан гэдгийг Ч.З, Б.Б нарын хоорондын харилцан яриагаар тогтоох боломжгүй байна. Мөн анхан шатны шүүх худалдаалах зорилготой байсан гэдгийг нотолж байна гэдгийг прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан хэргийн газрын үзлэг, тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэг хийсэн тэмдэглэлээр их хэмжээний мөнгө, жин, уут гарсан нь дараагийн гэмт хэрэгт худалдана гэсэн субъектив хандлагыг тогтооно гэж ойлгоход эргэлзээтэй. Энэ нөхцөл байдлыг харахад анхан шатны шүүх гүйцэтгэх ажиллагааны нотлох баримт байгаад хэргийг шийдвэрлэсэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гүйцэтгэх ажиллагааны баримтыг нотлох баримт болгох зорилгоор магадлагаа гаргаж, нууц ажиллагааны магадлагаагаар шүүх хуралдаан хийж тогтоолыг танилцуулж шүүгдэгчид ял оногдуулах асуудлыг шийдвэрлээгүй. Мөн шүүх хуралдаанд шүүгч гүйцэтгэх ажиллагааны магадлагаа байгаа гэсэн атлаа яагаад энэ талаар шийтгэх тогтоолд тусгаагүй гэдгийг ойлгохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв. 

 

Шүүгдэгч Ч.З тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би гэмт хэрэг үйлдэж энд зогсож байгаадаа туйлын их харамсаж, гэмшиж байна. Миний хувьд энэ зүйлийг хэрэглэх гэж аваад, хэрэглэж амжаагүй баригдсан. Надад худалдаалах, арилжаалах өчүүхэн төдий ч санаа бодол байгаагүй. Би энэ талаар ч мэдүүлсээр ирсэн. Хортой, аюултай зүйлийг хууль бусаар олж авсан гэдгээ мэдсээр байж хорхойтсон баавгай шиг гуйгаад байсан дүүгээ ч гэсэн гэмт хэрэгтэн болгож энд суулгаж байгаадаа уучлалт гуйж, гэмшиж байна. Хүнд өвчтэй хөгшин эцэг, хайртай хань, бага балчир насны 2 хүүхэдтэйгээ илүү их хамт байх боломж бололцоог олгож, анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэгт авагдсан нотлох баримтаар Ч.З нь худалдаалах зорилгоор метамфитамины агууламж бүхий “мөс” гэх бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан, худалдаалсан, Н.Батсайхан нь уг бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан болох нь тогтоогдсон гэж үзэж байна. Д.Батбаяр өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилготой байдаг. Энэ хүрээнд шүүхээс оногдуулсан 1 жил 1 сарын хорих ял нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарч байгаа боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийг нь харгалзан үзэх ёстой.

Н.Баатардорж өмгөөлөгч яриад байгаа нууц ажиллагааны магадлагаа гэсэн зүйл байхгүй. Хэрэг бүртгэлтийн хэрэг 2018 оны 5 дугаар сард нээгдэж ажиллагаа хийгдсэн байдаг. Гэхдээ энэ нь Гүйцэтгэх ажлын тухай хуульд зааснаар мэдээлэл дээр үндэслэж тухайн ажиллагаа хийгдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.1, 26.2, 26.3, 26.4, 26.5, 26.6 дугаар зүйлүүдэд заасан нууц ажиллагаа хийгдээгүй. Ийм учраас нууц ажиллагааны магадлагаа гэж гараагүй. Харин бусад баримтаар буюу тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд жижиглэн уутанд хийсэн “мөс” гэх бодис, жин, дансны гүйлгээний хуулга зэрэг баримтаар нотлогдож байгаа учир худалдаалсан, хадгалсан гэдэг нь тогтоогдож байна. Анхан шатны шүүхээс хадгалсан гэх зүйлчлэлээр хэргийг шийдвэрлэсэн байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар худалдаалсан гэх үйлдлийг нэмж, ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ч.З, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Ч.З нь 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Toyota prius” загварын 22-84 УБС улсын дугаартай автомашинд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфитамины агууламж бүхий 2,4 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, мөн 0,4 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг Б.Б-д худалдсан,

 

Б.Б нь дээрх 0,4 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг Ч.З-гээс худалдаалах зорилгогүйгээр худалдан авч хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч Б.Б, Ч.З нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд /хх 40, 42, 58-59, 62-63/, “Toyota pruis” загварын 22-84 УБС улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 20/, Ч.Згийн банкны дансны хуулга, тодорхойлолт /126, 146/, Б.Б-ы биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-13/, Б.Б мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл /хх 14-15/, Б.Б нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфитамины агууламж бүхий мансууруулах бодис хэрэглэсэн болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн 6622 дугаартай дүгнэлт /хх 36/, Б.Б, Ч.З нараас хураан авсан бодис нь метамфитамины агууламжтай болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн 6578 дугаартай дүгнэлт /хх 32/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн “... Заагий ахыг өмнө нь “мөс” хэрэглэдэг гэж дам сонсож байсан. З ахаас “мөс байна уу” гэхэд “одоо байхгүй, 2 цагийн дараа Гуравдугаар хороололд уулзъя” гэсэн. Би Гуравдугаар хороололд очоод “Элбэг” Их дэлгүүрийн зогсоол дээр зогсож байхад Заагий ах ирээд автомашины цонхоор гялгар уутны ёроол орчмоор хийсэн цагаан өнгийн “мөс”-ийг өгсөн...” /хх 40/ гэх мэдүүлэг, Б.Б-ы ХААН банк дахь 5003815391 тоот данснаас хэрэг үйлдэгдсэн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр Ч.З-гийн ХААН банк дахь 5029199201 тоот дансанд 400,000 төгрөг шилжүүлсэн дансы хуулга, банкны тодорхойлолт /хх 126, 146/, Ч.З-гийн жолоодож явсан “Toyota prius” загварын 22-84 УБС улсын дугаартай автомашинд үзлэг хийхэд гар цүнхнээс цахилгаан жин, хоёр тусад нь ууталсан 1 грамм мансууруулах бодис, мөн автомашинд байсан тамхины хайрцаг дотроос хоёр тусад нь ууталсан 1,4 грамм мансууруулах бодис илэрсэн тухай тэмдэглэл /хх 20/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.З нь худалдаалах зорилгоор мансууруулах бодис хадгалсан, худалдсан хэргийн нөхцөл байдал хөдөлбөргүй тогтоогджээ. Тэрээр автомашиндаа нийт 2,4 грамм мансууруулах бодисыг дөрвөн хэсэг болгон уутлан бэлтгэж, зориулалтын жин авч явсан нь тухайн бодисыг бусдад худалдаалах зорилготой байсныг нотолж байна.

 

Анхан шатны шүүх, шүүгдэгч Ч.Згийн мансууруулах бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан, бусдад худалдсан үйлдлийн талаар хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлтийг хийсэн /хх 205/ атлаа тогтоох хэсэгт гэм буруутайд тооцохдоо бусдад худалдсан үйлдлийг орхигдуулжээ. Гэвч энэ зөрчил нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэлд хамаарахгүй тул давж заалдах шатны шүүхээс тогтоолд өөрчлөлт оруулах байдлаар залруулж шийдвэрлэсэн болно.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ч.З, Б.Б нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулсан нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Ч.З-д оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Ч.З, түүний өмгөөлөгч Н.Баатардорж нарын хамтран гаргасан “... прокурорын зөвшөөрөлгүй гүйцэтгэх ажиллагаа явуулсан, нууц мөрдөн шалгах ажиллагааны магадлагаа үйлдээгүй, Ч.З худалдаалах зорилгоор мансууруулах бодис хадгалсан, бусдад худалдсан болох нь нотлогдоогүй тул хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэх, ял шийтгэлийг хөнгөрүүлэх ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.    

 

Харин шүүгдэгч Б.Б-ы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байх тул энэ талаар шүүгдэгч болон өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг давж заалдах шатны шүүх хүлээж авч, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хугацааг 2 жилээр тогтоон, энэ хугацаанд тодорхой ажил хөдөлмөр эрхлэх үүрэг хүлээлгэж, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 755 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын шүүгдэгч Ч.З-г гэм буруутайд тооцсон хэсгийг “... мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, бусдад худалдсан ...” гэж өөрчилсүгэй.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 5 дахь заалтуудаас шүүгдэгч Б.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй. 

 

4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт 63 хоног цагдан хоригдсон болохыг дурьдаж, түүнийг нэн даруй суллан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Шүүгдэгч Ч.З, түүний өмгөөлөгч Н.Баатардорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

 

                                    ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН