Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/388

 

 

 

  2022         05         02                                    2022/ШЦТ/388

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч Л.Г,

нарийн бичгийн даргаар О.Тэргэлсаран,

улсын яллагч П.Итгэл нарыг оролцуулан эрүүгийн 2011018071113 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Хадаа дамба овогт Л.Г

Монгол улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын барилга дээр ажилладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон хэргийн талаар шүүгдэгч Л.Г нь нь хохирогч Ө.Бгоос Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах СУИС-ийн Хаан банкны АТМ-ээс 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 220,000 төгрөгийг, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барилга трейд” ХХК-ны байрнаас интернет банкаар 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 4,200,000 төгрөгийг “автомашинаа ломбарднаас чөлөөлөх гэсэн юм, 30 минутын дотор буцааж хийнэ” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн залилан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч Л.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн:  “...би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол мөнгөө бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 184 дүгээр тал/,

- Хохирогч Ө.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би өөрийн танил болох Лхагвасүрэнгийн Г гэж хүнийг мөнгө гуйгаад байхаар нь 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны 5011411763 дугаарын данснаас Л.Гийн 5032528743 дугаарын данс руу 220.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах СУИС-ийн хажуу талд байдаг Хаан банкны АТМ-ээс шилжүүлсэн, дараа нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр мөн 4.200.000 төгрөгийг СУИС-ийн баруун талд байрладаг Барилга трейд ХХК-ийн байрнаас интернэт банкаар шилжүүлсэн. 2 удаагийн гүйлгээгээр нийт 4.420.000 төгрөгийг шилжүүлсэн. Би Л.Г гэдэг хүнтэй 1990 оны үед Чех улсад хамт сурч байсан. Л.Г нь надаас өмнө нь мөнгө зээлээд буцааж өгдөг байсан юм. Уг мөнгийг авахдаа надаас “байр билүү автомашинаа ломбардад тавьчихсан, тэрийгээ чөлөөлж авмаар байна, 30 минутын дотор чамаас авсан мөнгөө буцааж хийнэ” гэж хэлсэн. Гэвч 30 минут нь бүхэл бүтэн 2 жил болж байна. Одоог хүртэл миний мөнгийг өгөөгүй...Би хохирол мөнгөө бүрэн барагдуулж авсан тул надад ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй. Бид хоёр найз нөхдийн холбоотой байгаа юм. Хэргийг хөнгөн шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-26 дугаар тал/,

- гэрч В.Өын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би бэлнээр 2-3 сая төгрөг бас 5034070165 тоот данснаас 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Л.Г гэх хүний 5032528743 дугаарын дансанд 6.000.000 төгрөгийг төлж байсан. 39-77УБЕ тоёота приус 30 маркийн мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийн нэр Л.Г гэдэг хүний нэр дээр байсан. Тэгээд нотариатын газар дээр очиж шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн баталгаа хийлгээд би тус машины нэрийг шилжүүлж авч байсан. Түүнээс биш ямар нэг банк бус санхүүгийн байгууллагын нэр мөн Начин заан авто ломбардын нэр дээр байгаагүй юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дүгээр тал/,

- Начин Заан ХХК-ийн “Манай байгууллага нь автомашин барьцаанд авдаггүй бөгөөд тус хэлтэст 201101807 дугаартай хэрэгт шалгагдаж байгаа Лхагвасүрэн овогтой Г /РД:ЧР79112511/ нь 3977УБЕ улсын дугаартай тоёота приус 30 маркийн автомашин барьцаалж зээл авч байгаагүй болно” гэх тайлбар /хавтаст хэргийн 105 дугаар тал/,

- Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 84 дүгээр тал/,

- хохирогч Ө.Бгийн Хаан банкны 5011411763 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 17 дугаар тал/,

 - шүүгдэгч Л.Гийн Хаан банкны 5032528743 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 150-160 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Г нь хохирогч Ө.Бгийн 4.420.000 төгрөг өөртөө шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.

Иймд Л.Г нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах СУИС-ийн Хаан банкны АТМ-ээс 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 220,000 төгрөгийг, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барилга трейд” ХХК-ны байрнаас интернэт банкаар 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 4,200,000 төгрөгийг “автомашинаа ломбардаас чөлөөлөх гэсэн юм, 30 минутын дотор буцааж хийнэ” гэж итгүүлэн нийт 4.420.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан үйл баримт нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөлөд байгаа эд хөрөнгө, бэлэн мөнгө зэргийг  гэмт этгээд гэмт үйлдэл хийхээсээ өмнө шууд санаатайгаар шунахай сэдэлтээр буцааж өгөх, хариу төлбөр хийхгүй байх зорилгоор урьдах танилынхаа харилцааг ашиглан өмчлөгчиг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдүүлэн өөртөө шилжүүлэн авахыг ойлгоно.

Шүүгдэгч Л.Г нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахай сэдэлтээр шууд санаатайгаар хохирогч Ө.Бтой урьд ажил хэргийн шугамаар танилцан итгэл төрүүлж байсан харилцаагаа урвуулан ашиглаж, автомашинаа ломбардаас чөлөөлөх гэсэн юм 30 минутын дотор буцааж өгнө гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 220.000 төгрөгийг, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барилга трейд” ХХК-ны байрнаас интернэт банкаар 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 4.200.000 төгрөгийг хохирогчоос нийт 4.420.000 төгрөгийг өөртөө тус тус шилжүүлэн авч бусдын өмчлөх эрхийн эсрэг залилсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Л.Гид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжээр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Гийн цагдан хоригдсон нийт 26 хоногийн нэг хоногийг 15 нэгж буюу 15.000 төгрөгөөр тооцон, түүнд оногдуулсан 800 нэгж буюу 800.000 төгрөгийн торгох ялаас хасаж, нийт биечлэн эдлэх торгох ялыг 410 нэгж буюу 410.000 төгрөгөөр тогтоож шүүх шийдвэрлэв..

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан Л.Гид шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов. 

 

Бусад асуудлын талаар

Хохирогчийн Ө.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хохирол мөнгөө бүрэн барагдуулж авсан тул надад ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-26 дугаар тал/, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус үндэслэн шүүгдэгч Л.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Хадаа дамба овогт Л.Гийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдах харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгө залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Гийг 800 /найман зуун/ нэгж буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан Л.Гийн цагдан хоригдсон нийт 26 /хорин зургаа/ хоногийн нэг хоногийг 15 /арван таван/ нэгж буюу 15.000 /арван таван мянган/ төгрөгөөр тооцон, түүнд оногдуулсан 800 /найман зуун/ нэгж буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгийн торгох ялаас хасаж, нийт биечлэн эдлэх торгох ялыг 410 /дөрвөн зуун арав/ нэгж буюу 410.000 /дөрвөн зуун арван мянган/ төгрөгөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Гийг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүгдэгч Л.Гид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Л.Голбодоржийг шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Гид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.БАТГЭРЭЛ