Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/448

 

 

 

 

 

 

 

 

 

    2022        04          27                                     2022/ШЦТ/448

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр;

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;  

 

Улсын яллагч: Б.Г;

 

Шүүгдэгч: У.С (өөрийгөө өмгөөлж);

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;

 

Хэргийн дугаар:;

           

Шүүгдэгч У.С регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа номын худалдаа эрхэлдэг, ам бүл 6, 5 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

У.С нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор .... У.Э-ын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаартай “Төлбөр төлөгчийн банк дахь дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай” тогтоолын дагуу .... битүүмжлэгдсэн өөрийн талийгаач нөхөр Ө.Ч-гийн эзэмшлийн  тоот дансны битүүмжлэлийг чөлөөлүүлэх зорилгоор 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... тоот албан өрөөнд ... У.Э-ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний эзгүйд ажлын ширээн дээр гадна хэсэгтээ i-12 гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн 1 цаасан хайрцагт хийж бэлдсэн 1.000.000 төгрөгийг үлдээж хахууль өгөхийг санал болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн Прокуророос У.Сы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт

үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.С мэдүүлэхдээ: “Манай нөхөр 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр бурхан болсон. Манайх дүүгийнхээ хашаа, байшинг барьцаалаад ... 44.000.000 төгрөгийн зээл авсан. Ковидын үеэс болоод авсан зээлээс нэлээн хүү алданги бодчихсон байсан учир тухайн банкнаас “энэ зээлийн төлбөрийг 9, 10 сард сайн төлбөл хүү алданги тооцохгүйгээр үндсэн зээлээс хасна” гэсэн. Тухайн асуудлын талаар ах, дүү нартаа хэлж хандив цуглуулж, өөрийн ном зарсан орлогоосоо тодорхой хувийг пос машинд нь уншуулж хасуулаад 12 сард тухайн банк дээр очиход зээлийн эдийн засагч нь ...  газраас таны нөхрийн нэр дээрх данс болон пос машиныг битүүмжил гэсэн, та нөхрийгөө өнгөрснийг эртхэн хэлэхгүй яасан юм бэ” гэж хэлсэн. Тухайн банкны хуулийн зөвлөх “шүүхийн буруутай үйл ажиллагаанаас болсон буюу тодруулга авахгүйгээр битүүмжилсэн байна, та юу ч гэсэн очоод уулзаад үз” гэж хэлснийх нь дагуу очиж уулзсан. Намайг маргааш ир, нөгөөдөр ир гэж хэлээд миний асуудлыг шийдэхгүй байсан болохоор нь мөнгө өгчихсөн...” гэв.   

 

  Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-ийн 14, 22/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 16-19/, гэрч У.Э /хх-ийн 24-25/, гэрч Ё.Б /хх-ийн 27-28/, гэрч Н.У /хх-ийн 33-34/, Ө.Ч-гийн нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-ийн 39/, Ө.Чтай холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны материалууд /хх-ийн 43-96/, Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас ирүүлсэн Ө.Ч-гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн гэрээний хуулбарууд /хх-ийн 99-154/, У.Сы депозит дансны хуулга /хх-ийн 162-186/, У.Сы хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 40-41/, У.Сы яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 189-190/,   зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч У.С нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу өөрийн талийгаач нөхөр Ө.Ч-гийн . ...... дугаарын данснаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Голомт банк дахь ........ дугаартай дансанд шилжиж орсон 9.992.540 төгрөгийн битүүмжлэлийг чөлөөлүүлэх зорилгоор 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...  тоот албан өрөөнд шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч У.Эд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний эзгүйд ажлын ширээн дээр гадна хэсэгтээ i-12 гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн цаасан хайрцагт хийж бэлдсэн 1.000.000 төгрөгийг үлдээж хахууль өгөхийг санал болгосон үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн “...Иргэн У.Сы гэм хэргийн шинжтэй үйлдлийг хуульд заасны дагуу шалгуулах мэдээлэл хүргүүлж байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн ...... дугаартай шүүгчийн захирамжаар ........ 11.573.558 төгрөгийг гаргуулж “...” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт ...   У.Э нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд төлбөр төлөгч Ө.Ч-гийн эхнэр гэх иргэн ....... нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр i-12 гэсэн бичээс бүхий цагаан өнгийн хайрцагтай зүйлсийг тус газрын ...... тоот өрөөнд шийдвэр гүйцэтгэгчийн ширээн дээр үлдээсэн байна.

Дээрх зүйлийг тодруулахаар   тоот дугаараас   тоот дугаар луу залган иргэн З.С-с тайлбар авахад “хайрцаг дотор 1.000.000 /нэг сая/ төгрөг байгаа, надад туслаарай” гэсэн тайлбар өгч, албан хаагчид авлига санал болгосон тул уг гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгаж өгнө үү.

Нотлох баримтаар хяналтын камерын бичлэг СД 1 ширхэг, зурвас бичсэн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, хайрцагтай зүйлийг тус тус хавсарган хүргүүлэв” гэх албан бичгээр,

 

“...Өрөөний үүдэн хэсэгт 1 ширээ, цонхон талын хэсэгт зэрэгцээ 2 ширээ харагдах ба алба хаагч нар өрөөнд орж, гарч байгаа харагдана. Мөн өрөөний үүдэн хэсэгт байх ширээн дээр албаны хувцастай ... эмэгтэй хүн суух ба цонхон талын 2 ширээн дээр хүн байхгүй, ширээ хоосон байна.

Бичлэгийн 15 дахь секунд дээр юүдэн малгайтай, цэнхэр өнгийн өвлийн куртиктэй, 40-45 орчим насны эмэгтэй хүн орж ирэн өрөөний үүдэн хэсэгт байх. ... эмэгтэйтэй дараах байдлаар харилцав.

1. Цэнхэр куртиктэй иргэн: “......." гэж өөрийн нэрийг хэлэв.

2.   Утсаар ярьж, “..... гэх эмэгтэй ирсэн, хүлээж байх уу, яах уу гэнээ, иргэний үнэмлэхийн хуулбарыг нь аваад үлдчих юм уу”

1. Цэнхэр куртиктэй иргэн: “Энэ дээр үлдээчих үү” гэж хэлээд дундуур нь нугалж барьсан цаасан баримтыг өрөөний цонхон талд байх 2 ширээний зүүн гар талын ширээн дээр тавив.

2. ....: “Та өөртэй нь ярьж байгаад ирээрэй”

1. Цэнхэр куртиктэй иргэн: “Тэгье оо миний дүү” гэж хэлээд өрөөнөөс гарав” гэх камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр /хх-ийн 15/,

 

“...i12 гэсэн цэнхэр өнгийн бичиглэлтэй, 9х9 см хэмжээтэй, цагаан өнгийн цаасан хайрцаг скочоор ороосон байх ба хайрцгийг задалж үзэхэд дотор нь 20.000, 10.000, 5.000 төгрөгийн дэвсгэртээс бүрдсэн мөнгийг голоор нь нэг нугалж хийсэн байна.

Бэлэн мөнгө тоолох автомат машинаар мөнгийг тоолж үзэхэд 5.000 төгрөгийн дэвсгэрт 60 ширхэг буюу 300.000 төгрөг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 62 ширхэг буюу 620.000 төгрөг,  20.000 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг буюу 80.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөг байв...” гэх эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлээр /хх-ийн 16-19/,   

 

гэрч У.Э-ын /хх-ийн 24/: “... Б.С  нь 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр  .... үйлдэж, материалын хамтаар шийдвэр гүйцэтгэгч У.Э надад цохолт хийж, хүлээлгэн өгсөн. Би материалыг хүлээж аваад хариуцсан Ө.Ч-гийн утасны дугаар руу нь залгахад холбогдох боломжгүй байсан учир 2021 оны 07 дугаар сард 1 удаа тухайн иргэний гэрийн хаягаар очиход гэр нь цоожтой байсан. Ингээд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр арилжааны банкнуудад албан бичиг хүргүүлж, хариуцагч Ө.Ч-гийн данс битүүмжлэх тогтоол хүргүүлсэн. ... 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би өөрөө ковид-19 өвчин тусаад эмнэлэгт хэвтэж байтал 11 дүгээр сарын 20-ны өдрийн орчимд Ө.Ч-гийн эхнэр У.С гэх хүн өөрийн биеэр манай .... ирж, надтай хамт нэг өрөөнд суудаг .... Б.А-тэй уулзсан байсан. Тэгээд над руу утсаар ярихаар нь би “эмнэлгээс гарсны дараа ирж уулз” гэж хэлүүлээд тухайн иргэнийг явуулсан. ...2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр би ажилдаа ороод байж байтал ..... гэсэн дугаараас миний утас руу дахин дахин залгаж “би Ө.Ч-ийн эхнэр байна, ажил дээр чинь очиж уулзъя” гэж яриад байсан ба 12 дугаар сарын эхний 7 хоногт тухайн иргэн манай ажил дээр ирж надтай уулзсан ба уулзахдаа нөхөр ..... нас барсны гэрчилгээ барьсан ирсэн. Тэгээд “манай нөхөр элэгний өвчтэй байж байгаад 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нас барсан, амьд байхдаа дүүгийнхээ хашаа байшинг барьцаалаад зээл авсан байсан, манай нөхрийн дансанд 10 сая төгрөг байгаа, гэтэл танай байгууллагаас дансыг нь битүүмжилсэн байна” гэж хэлсэн. Тэгээд би тухайн иргэнээс “яагаад нас барсан хүний дансанд мөнгө орсон байгаа юм бэ” гэж асуухад “манай талийгаач нөхрийн зээлийг нь төлнө гээд дүү нар нь манай нөхрийн данс руу мөнгө хийсэн, гэтэл танай.....  битүүмжилсэн учир банк болон бидний зүгээс уг мөнгийг авч чадахгүй байна” гэж уулзаад явсан. Гэтэл уг иргэн буцаж яваад 2-3 хоногийн дараа дахин над дээр хүрч ирээд “..... банкны зээлийн эдийн засагч руу яриад өг, намайг зээлээ төл гэж шаардаад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ...... ажилтан гэх хүний дугаар руу залгаж ярихад “...иргэн Ө.Ч-гийн зээлийг төлүүлмээр байна” гэж хэлэхээр нь ...“иргэн Ө.Ч нь 2021 оны 08 сард нас барсан юм байна, нас барснаас нь хойш түүний дансанд мөнгө орсон учир Иргэний хуульд заасны дагуу нас барснаас хойш 1 жилийн хугацааны дараа өв нээгдэнэ, үүний дараа асуудлыг шийдвэрлэнэ” гэдгээ хэлсэн. Тэрнээс хойш иргэн У.С нь дахин дахин над руу утсаар яриад “ажил дээр чинь очиж уулзъя” гээд байсан. Ер нь бол талийгаач нөхрийнхөө дансанд орсон байсан 10.000.000 төгрөгийг нь гаргаж авах гээд байсан. ...2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагийн үед би ..... дээр явж байтал надтай хамт 1 өрөөнд суудаг шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Ё.Б  над руу утсаар яриад “тантай У.С гэх хүн уулзах гээд ирсэн байна, танд иргэний үнэмлэхийн хуулбараа өгнө гэнэ, хүлээлгэж байх уу, бичиг баримтыг нь аваад явуулах уу” гэж асуусан. Тэгэхээр нь би ажилтай явж байсан учир “бичиг баримтыг нь үлдээгээд наад хүнээ явуулчих” гэж хэлсэн. Ингээд би 16 цаг 50 минут болж байхад ажил дээрээ буюу .... .... тоот өрөөндөө ирсэн. Тэр үед миний ажлын ширээн дээр нэлээд олон материал тавьсан байсан ба тэр үедээ би ямар нэгэн зүйл анзаараагүй ажлаа хийж байгаад орой 17:30 цагт ажил тарж, ширээн дээрх бичиг баримтаа цэгцэлж байтал “иргэн У.Сы иргэний үнэмлэхийн лавлагаа байсан ба лавлагаа дээр цэнхэр өнгийн балаар “эгчдээ туслаач болсон баярлалаа” гээд биччихсэн байсан, гэхдээ “ТУСЛААЧ” гэдэг үгийнхээ сүүлийн “ААЧ” гэсэн залгаврыг баллаад дарчихсан байсан, мөн иргэний үнэмлэхийн хуулбар доор нь жижиг цагаан өнгийн хайрцагтай, i12 гэсэн бичиглэлтэй, чихэвчний зурагтай цагаан өнгийн хайрцагтай зүйл скочоор ороож тавьсан байсан. Тэгээд би нөгөө нас барсан иргэн Ө.Ч-гийн эхнэр У.С юм байна гэдгийг мэдээд түүний ... утас руу залгахад утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би утас руу нь “та юун хайрцагтай зүйл тавьсан юм бэ, ирээд энэ зүйлээ ав” гэх мессеж бичсэн. Гэтэл энэ хүн над руу хариу мессеж бичихдээ “эгчдээ туслаач таньж мэдэх хүн байхгүй болохоор хэцүү байна, баярласандаа үлдээсэн юм” гэх утгатай 3-4 мессеж ирүүлсэн. Ингээд ажил тарсан учир би хайрцагтай зүйлийг ширээн дээрээ үлдээгээд харьсан ба маргааш нь буюу 12 дугаар сарын 07-ны өглөө 08:30 цагт ажил дээрээ ирээд У.Сы утас руу залгахад ерөөсөө утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би хамт ажилладаг ахмад Э.У  утаснаас залгахад иргэн У.С нь утсаа авч ярьсан. Би тэр хүнийг “ирээд уулз, юун хайрцагтай зүйл ширээн дээр үлдээсэн юм бэ” гэж хэлэхэд 12 цагийн үед манай ажил дээр ирж ... тоот өрөөнд надтай уулзсан. Тэгээд би “миний ширээн дээр юу үлдээсэн юм бэ” гэж асуухад “2021 онд манай нөхөр Улсын 3 дугаар эмнэлэгт нас барсан, эгч нь эмч нарт мөнгө өгч чадаагүй учир нөхрөө хагалгаанд ч оруулж чадаагүй алдчихсан, сая өмгөөлөгч авах гэтэл өмгөөлөгч үнэтэй байсан юм, тэгээд хүмүүсээс зөвлөгөө авахад шийдвэр гүйцэтгэгчтэйгээ тулаад харьц гэж хэлсэн, тэгэхээр нь эгч нь чамд мөнгө өгье гэж шийдсэн юм” гэж хэлсэн. Ингээд би болсон асуудлыг ахлах шийдвэр гүйцэтгэгч С-д танилцуулаад мэдээллийг танай байгууллага руу явуулсан. ...Би 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэн У.Стай уулзахдаа “таныг холбогдох газарт нь өгч шалгуулна” гэдгээ хэлсэн ба миний ширээн дээр байсан хайрцагтай зүйлийг нь задалж ч үзээгүй танай байгууллага руу шилжүүлсэн байгаа, мөрдөгч тантай хамт хайрцагтай зүйлийг задалж үзэхэд 1.000.000 төгрөг байсан гэдгийг мэдлээ. Би тухайн иргэнийг над дээр ирж уулзах үед нь “та байгаа байдал, зовлонгоо Голомт банканд хэлээд уулзаад үз” гэх зөвлөгөө өгч байсан” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ё.Бгийн /хх-ий 27-28/: “...  .... тоот өрөөнд ..... У.Э, Б.А, Э.У нарын хамт ажил үүргээ гүйцэтгэдэг. Дүрс бичлэгт харагдаж байгаа өрөөний үүдэн хэсэгт байрлах ширээн дээр сууж байгаа .... хувцастай эмэгтэй нь би өөрөө байгаа юм. Тухайн үед буюу 2021 оны 12 дугаар сарын эхэн үед өдөр 14 цаг өнгөрч байхад би өрөөндөө нэг иргэнээс тайлбар аваад сууж байтал гаднаас үл таних 35-40 орчим насны хүн өрөөний хаалгаар шагайж байгаад “..... Э  ирэх үү, иргэний үнэмлэхийн хуулбараа үлдээх гэсэн юм” гэж надаас асуусан. Тэгэхээр нь би тэр хүнийг “Э-той өөртэй нь утсаар холбогдоод асуу” гэж хэлээд гаргасан. Гэтэл тэр эмэгтэй эргэж манай өрөөнд орж ирээд “Э утсаа авахгүй байна, намайг иргэний үнэмлэхийн хуулбараа авч ирээд уулз гэсэн юм” гэж хэлсэн. Тухайн үед Э ажил дээрээ байгаагүй учир би өөрийн утаснаас Э-ын утас руу залгаж “нэг эмэгтэй тантай уулзах гээд ирсэн байна, танд иргэний үнэмлэхийн хуулбараа өгөх ёстой гэнэ, энэ хүнийг хүлээлгэж байх уу, яах вэ” гэж асуухад Э  нь намайг тэр хүний иргэний үнэмлэхийн хуулбарыг авч үлдээд “маргааш ирж уулз гэж хэлээд явуулчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүнийг “иргэний үнэмлэхийн хуулбараа Э-лын ширээн дээр үлдээчих” гэж хэлээд Э-лын ажлын ширээг зааж өгсөн. Ингээд тэр хүн Э-лын ширээн дээр нэг зүйл үлдээчхээд гараад явсан. Тэр хүний үлдээсэн зүйлийг нь би нягталж хараагүй, яг юу үлдээсэн гэдгийг нь хараагүй. Тэгээд удаагүй ажил тараад явсан ба маргааш өглөө нь намайг ажил дээрээ иртэл Э “өчигдрийн эмэгтэй чинь миний ширээн дээр иргэний үнэмлэхийн хуулбараа үлдээхдээ юу нь тодорхойгүй хайрцагтай зүйл тавьсан байна, цаашдаа хүнээс юм авч үлдээд дэмий юм байна шүү” гэж хэлсэн. Тэр хайрцагтай зүйлийг гадна талаар нь скоч ороосон байсан учраас дотор нь юу байгааг онгойлгож хараагүй. Би өөрөө өөр иргэнээс тайлбар авч байсан учраас тэр үл таних 35-40 орчим настай эмэгтэйн Э-лын ширээн дээр тавьж байгаа зүйлийг нягталж хараагүй, тэр хүн “зөвхөн иргэний үнэмлэхийн хуулбараа үлдээнэ” гэж ярьж байсан. Тэрнээс биш хайрцагтай зүйл тавьж байгааг нь хараагүй, маргааш өглөө нь мэдсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Н.Угийн /хх-ийн 33-34/: “...Иргэн Ө.Ч нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр .... дугаартай зээлийн гэрээ байгуулж, 36 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй, 44.000.000 төгрөгийн зээл авсан байдаг. Иргэн Ө.Ч нь 2019 оноос хойш төлбөрийн хувиараа зөрчиж зээлээ хугацаандаа төлөөгүй ба банкны чанаргүй зээлдэгчийн мэдээлэлд орсон. Манай банкны зүгээс иргэн Ө.Чд боломж олгож 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс эхлээд 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлийн төлбөрөөсөө 25 хувиас дээш хувь хэмжээгээр төлсөн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг 100 хувь чөлөөлж, үндсэн зээлийн төлөлтийн хувьд тохируулж үндсэн зээлийнх нь хүүг хасаж өгөхөөр тохирсон. Үүнээс хойш буюу 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн иргэн Ө.Ч нь үндсэн зээлийнхээ 25 хувийг төлөхийн тулд манай банканд эзэмших   дугаартай харилцах данс руугаа бага багаар мөнгө хийж зээлээ төлж байсан. Гэтэл  ..... У.Э нь 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн .... дугаартай “Төлбөр төлөгчийн банк дахь дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол”-ыг 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр манай банканд ирүүлж, зээлдэгч Ч-гийн харилцах дансыг битүүмжилж, 9.992.540 төгрөгийг ....  дугаар дансанд шилжүүлэхийг манай банканд даалгасан. Улмаар 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш манай банк иргэн Ө.Ч-гийн дансандаа хийсэн мөнгийг үндсэн зээлдээ татаж авахгүйгээр дансанд нь хуримтлуулж эхэлсэн. Улмаар Ө.Ч-гийн   дугаар дансанд 9.992.540 төгрөг бүрдсэн учир шийдвэр гүйцэтгэгч У.Э-ын бичиж ирүүлсэн дээрх тогтоолын дагуу 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр .. дугаар дансанд 9.992.540 төгрөгийг нь шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр,

 

У.Сы яллагдагчаар мэдүүлсэн /xx-ийн 189-190/: “...Би .... Э-лын ажлын ширээн дээр хайрцагт хийж бэлдсэн 1.000.000 төгрөг тавьсан нь үнэн учир намайг яллагдагчаар татсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...2018 онд миний нөхөр Ө.Ч нь манай төрсөн дүү У.Ө-ны өмчлөлийн Сүхбаатар дүүрэгт байрлах хашаа байшинг барьцаалж .. банкнаас 40.000.000 төгрөгийн зээл авсан байсан. 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн үед манай нөхөр ковид-19 өвчний эсрэг вакцины 2 дугаар тунгаа хийлгэсний дараагаар бие нь муудаж эхэлсэн. Тэгээд Улсын 2 дугаар эмнэлэгт хэвтэн 4-5 хоног эмчлүүлж байгаад эмнэлгээс гарч гэртээ ирсэн юм. Гэтэл дахин бие нь өвдөж эхэлсэн учир эмнэлэгт үзүүлэхээр болж түргэн тусламжийн машин дуудаад Улсын 3 дугаар эмнэлэг дээр очиж эмчилгээ хийлгэсэн. ...“2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэхэд үндсэн зээлийн тодорхой хувийг төлөх юм бол нөхөр бид хоёрт боломж олгож үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг нь чөлөөлж өгнө” гэж хэлсэн. Ингээд нөхөр бид хоёр үндсэн зээлээ төлж чадаагүй байж байтал 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нөхөр минь нас барсан. Ингээд би дээрх зээлийг төлөх гээд ах, дүү нараас буяны ажилд өгсөн мөнгө болон өөрийнхөө ажлын өдөр өдрийн орлого зэргийг цуглуулаад бага багаар ...  данс руу шилжүүлж байсан юм. Улмаар 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө ... зээлийн ажилтан гэх хүн рүү холбоо барьж байгаад очиж уулзахад “тус банканд төлсөн мөнгийг ..  данс битүүмжлэх тогтоолын дагуу битүүмжилсэн” гэдгийг хэлсэн. Учир нь манай нөхөр ...  зээл авсан, тэр зээлээ төлөөгүй байж байтал ...... банкнаас шүүхэд хандаж, шүүхийн шийдвэр гарсан юм байна лээ. Нөхөр маань ...  зээл авсан байсныг би тэр үед л мэдсэн. Ингээд .... дээр очиж шүүхийн шийдвэр гүйцэтгэгч гэх эмэгтэй хүнтэй нь уулзаад нөхрийнхөө дансны битүүмжийг чөлөөлүүлэх асуудлын талаар ярьсан. Улмаар “мөнгө өгөхгүй л бол миний ажил бүтэхгүй байх” гэж ойлгоод тухайн ажилтанд мөнгө өгөхөөр шийдэж, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өөрийн хамаатны дүү П-аас бэлнээр 320.000 төгрөг, дансаар 180.000 төгрөг зээлж авсан, мөн өөрийн ээж Ц-гоос бэлнээр 200.000 төгрөг, дансаар 300.000 төгрөг авч, нийт 1.000.000 төгрөг бүрдүүлсэн. Ингээд дансандаа орсон мөнгийг бэлнээр гаргаж аваад бэлэн байсан 500.000 төгрөг дээрээ нэмж нэгтгээд чихэвч хийх зориулалттай цагаан өнгийн хайрцаг дотор хийж бэлдсэн.  .. газарт очиход ...  эмэгтэй ажил дээрээ байгаагүй. Тэгэхээр нь 1 өрөөнд хамт сууж байсан эмэгтэй хүнийг утсаар яриулж “иргэний үнэмлэхийн хуулбараа өгч үлдээнэ” гэж хэлээд ширээн дээр нь иргэний үнэмлэхийн хуулбараа тавихдаа хайрцагт хийж бэлдсэн  1.000.000 төгрөгөө хамт тавьсан. ...Тухайн үед би Э-лын утас руу залгасан боловч утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь өөрт нь хэлэхгүйгээр ширээн дээр нь хайрцагтай мөнгө тавиад явсан. ...Э нь надад тус болоогүй байхад нь би өөрийн иргэний үнэмлэх дээр “эгчдээ тус болсонд баярлалаа” гээд биччихсэн. Э гэх хүн надад “та юун хайрцагтай зүйл ширээн дээр тавьсан юм бэ, би өөрийнхөө ажил төрлөө бодож байгаа тул таны үйлдлийг даргадаа хэлж мэдэгдэнэ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

У.Сд холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь өөрийн талийгаач нөхөр Ө.Ч-гийн эзэмшлийн ....  банкны данснаас ... дахь дансанд шилжиж орсон 9.992.540 төгрөгийн битүүмжлэлийг чөлөөлүүлэх зорилгоор ... хахууль өгөхийг санал болгосноо, шийдвэр гүйцэтгэгч нь өөрийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан шүүгдэгч хахууль өгөхийг санал болгосон талаар хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, шүүгдэгчийн дээрх үйлдлийг үзлэгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг хөдөлбөргүй, эргэлзээгүй агуулсан байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, У.С нь бусдад хахууль өгөхийг санал болгосныг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан өөрийн хувийн ашиг сонирхлыг гүйцэтгүүлэхээр буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан  эд зүйл өгөхийг санал болгосон У.Сы гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгөхийг санал болгож хахууль өгөх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Өөртөө, ...давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгөхийг санал болгосон бол  нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулан дүгнэлт хийв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч У.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заасан төрөл, хэмжээний дотор нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгж буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.700.000 төгрөгөөр торгох ял  шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор  тогтов.

 

Шүүгдэгч У.С торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.

 

Бусад асуудлаар:

 

Гэмт хэргийн улмаас бусдад хохирол учраагүй тул шүүгдэгч У.Сыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.  

 

Харин түүний гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1.000.000 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч У.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч У.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгөхийг санал болгож хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Сд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Сд оногдуулсан торгох ялыг 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.С торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Сд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүгдэгч У.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий  7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн 5.000 төгрөгийн дэвсгэрт 60 ширхэг буюу 300.000 төгрөг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 62 ширхэг буюу 620.000 төгрөг, 20.000 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг буюу 80.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөгийг улсын орлого болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                                                               

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ