Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/331

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                 Хэргийн индекс: 166/2020/0312/Э/219/2020/0014

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундрам,

Улсын яллагч:  Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О-,

Шүүгдэгч Т.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Т.А- холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1918002660539 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, Ө***ж г***л ХХК-ны оператор ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, 9 тоотод оршин суудаг урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Т.А- / /,

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Т.А- нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан үүргээ биелүүлээгүйн улмаас 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Дархан-******* “Ө***ж г***л” ХХК-ны гурилын үйлдвэрийн байранд операторын ажилтай танилцаж байсан М.Н- гурилын шигшүүрийн ханцуйвч руу гараа хийж зүүн сарвууны 4 хуруу тасарч эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Т.А- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр хохирогчид би тоног төхөөрөмж танилцуулаад аваад явж байсан. Тэгтэл төхөөрөмж дээр бөглөрөл үүссэн тэмдэг гараад улайсан байсан тэрийг үзчихээд төхөөрөмжөө зогсоох гээд чи 4 давхраас шатаа авчирч бай гэж хэлчихээд өөрийнхөө операторын өрөө рүү очоод унтраах команд өгчихөөд буцаад очиход хохирогч өөрөө шатан дээр гарчихсан байсан. Тэгээд чи буу, би өөрөө хийе гэхэд буугаагүй. Тэгэхээр нь би харах гээд нөгөө талаар нь тойрч очиж харчихаад өрөө рүү ороод дахиад хартал улайчихсан тэмдэг асаалттай байсан. Ингээд эргэж ирэхэд ханцуйвчин дотор гараа хийгээд хуруунууд нь тасарсан байсан. Тэгээд анхны тусламж үзүүлээд түргэн дуудсан. Ийм л юм болсон” гэв.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Т.А- нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан үүргээ биелүүлээгүйн улмаас 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Дархан-******* “Ө****ж г***л” ХХК-ны гурилын үйлдвэрийн байранд операторын ажилтай танилцаж байсан хохирогч М.Н- гурилын шигшүүрийн ханцуйвчинд гараа хийж зүүн сарвууны 4 хуруу тасарч эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Т.А-ийн үйлдсэн гэмт үйлдлийг Эрүүгийн 1918002660539 дугаартай хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон байна.           

            Хохирогч М.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын сүүлээр фэйсбүүк орж юм уншиж байгаад Дарханы хамгийн том зар гэсэн нэртэй зарын групп дээр цахилгаанчин мэргэжилтэй хүнийг оператораар сургаж авна, цалин өндөр гэсэн зар байхаар нь 9937**** утсаар холбогдоход Ө**** г**** ХХК байгаа юм өмнө нь хаана ажиллаж байсан бэ гэхээр нь С**** ХХК-д ажиллаж байсан гээд ажлын туршлага хэлсэн чинь маргааш хүрээд ир анкет бөглөөд өгөөрэй гэхээр нь би 2019 оны 04 сарын 01-ний өдөр Ө**** г*** ХХК-ны байранд очиж захирал Д- уулзаж ажлын туршлагынхаа талаар хэлж бөглөсөн анкетаа өгөхөд маргааш өглөө хүрээд ир, чамайг 2 хоног цалингүй, тоног төхөөрөмжүүдтэй танилцаадах одоо манай хүний нөөцийн ажилтан, хөдөлмөр хамгааллын ажилтан байхгүй байгаа учир манай оператор А- дагалдаад ажиллах зарчимтай нь танилцаад ажиллаж бай гэсэн. Тэгээд ерөнхийдөө хоёр хоногийн дараа чамд ажиллаж чадах эсэх талаар ерөнхий ажлын дүр бууна ингээд гурав дахь хоногоос нь хүний нөөцийн ажилтан ирэхээр нь албан ёсоор авч ажилд авсан тушаал гаргая гэж хэлсэн. Ингээд би тухайн үйлдвэрт Д- гээд захирлынх нь шийдвэрээр А- гээд операторыг дагалдаж 2019 оны 04 сарын 02-ны өдрийн 08 цагаас хойш операторынх өрөөнд орж схем зургуудтай танилцаж, ямар товч ямар тоног төхөөрөмжийг ажлуулах талаар мэдэж танилцаж байтал үйлдвэрийнх нь дарга Б- намайг дуудахаар нь очиж уулзахад үйлдвэрийн тоног төхөөрөмжтэй биечлэн явж танилцуулсан. Тэгээд түүний дараа би цайны цагийн дараа буцаад тухайн гурилын үйлдвэр дээр очиж А- ажиллаж байсан операторын өрөөнд тэр хүнээр тоног төхөөрөмжийнх нь схемүүдийг заалгаж байхад компьютер дээр үйлдвэрийнх шигшүүр бөглөрсөн талаар алдаа гарсан. Тэгээд оператор А- үйлдвэрийн нэг давхарт шигшүүр бөглөрсөн байна гээд гараад явахаар нь би тэр хүнийг дагалдаж юу хийж байгаа үйл ажиллагаатай нь танилцаж байсан учир дагаад гарсан. Тэгээд нэг давхарт байрлах тээрэмдсэн будааг ялгах төхөөрөмжийн хоолой бөглөрсөн байсан бөгөөд тэр хоолойг А- тусгай түлхүүр авчраад салгачих гэхээр нь би операторын өрөөнөөс тусгай түлхүүрийг авчирч тухайн хоолойг би тусгай түлхүүрээр салгасан. Үүний дараа А-, Б- гэх хүмүүсийн хамтаар тухайн бөглөрсөн хоолой руу хажууд нь байсан нарийн төмрөөр ээлжилж цохиж байгаад бөглөрсөн байсныг хэвийн ажиллагаанд оруулсан. Тэгээд буцаад операторын өрөө рүү А-, Б- нарын хамтаар ороход хамгийн дээд давхарт дахиад нэг шигшүүр нь бөглөрсөн талаар алдаа компьютер дээр заагаад байхаар нь А-, Б- нарын хамтаар үйлдвэрийн хамгийн дээд давхарт явж очсон. Тэгсэн тухайн хамгийн дээд давхарт байрлах шигшүүр дээр доороо 2 газраа бөглөрчихсөн байсан. Тэгсэн А- наад бөглөрсөн хэсгийг гурван давхарт байгаа А хэлбэртэй төмөр шатыг авчраад бөглөөг гаргачих гээд А- нь өөрөө 2 давхарт байрлах операторын өрөө рүү явчихсан. Ингээд би 3 давхарт байсан шатыг авах гээд зогсож байхад араас Б- хүрч ирээд надтай хамт тухайн шатыг аваад 5 давхар руу гарсан. Тэгээд Б- тухайн шатыг би түшээд зогсож байя гэхээр нь надад өмнө нь А- чи бөглөөг гаргачхаарай гэж хэлсэн болохоор тухайн А хэлбэртэй шатан дээр гарч зогсоод шигшүүрийн даавуун хоолойны доод хэсгийн түгжээг нь тайлж салгах гээд байж байхад А- шалны мод барьчихсан ирээд энэ шалны модоор наад шигшүүрийнхээ дээд доод хоолой руу цохичих гэхээр нь би тухайн шалны модоор 10 гаруй удаа цохиход бөглөө нь гарахгүй байсан. Тэгэхээр нь би тухайн даавуун шигшүүрийн доод хоолойг мултлаад шалны модоор цохиход бөглөө нь гарахгүй байхаар нь гараа тухайн хоолой руу хийсэн чинь миний гарыг сороод авсан бөгөөд час гээд гар эвгүй болохоор нь гараа татаад авсан чинь миний зүүн гарын чигчий, ядам, дунд долоовор, хуруунууд тайрагдчихсан байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 43-44/,

            Гэрч Б.Х- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Захирал Д- үйлдвэрийн оператораар өнөөдрөөс эхлээд дагалдуулж байгаа гээд танилцуулсан. Операторчин бол үйлдвэрийг бүхэлд нь удирдах болохоор ерөнхийд нь ажлын байрыг мэдэж байх ёстой гэж бодоод зааварчилгаа бүгдийг уншиж танилцаад гарын үсэг зурах талаар хэлсэн. Тэгээд дагалдах ажилтан М.Н- зааварчилгааг уншиж танилцаад гарын үсэг зурсан. Н- операторын өрөөнд ороод А-ийн хамт үйлдвэрийн ажиллах горимын талаар ярилцаад үлдсэн. ...намайг өрөөнд байхад Б- 09 цаг өнгөрч байхад гаднаас орж ирээд шинэ ажилтанд урьдчилсан зааварчилгаа өгнө гээд ярьж байсан. ....Би зааварчилгаа өгөх эрхтэй. ...Манай үйлдвэрт шинээр дагалдаж байсан Н-д сургалт ерөөсөө ороогүй” гэх мэдүүлэг /1-р хх 50/,

            Гэрч Г.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 04 сарын 02-ны өдөр хүний оронд тээрэм дээр 08 цагаас ажиллаж байсан. Н- шатаар дээш гаран ханцуйвчийг оролдсон. Тэгэхээр нь би битгий наадахаараа оролдоорой гээд хэлтэл оператор А- ирээд Н-г чи буу би өөрөө янзална гэтэл гараас нь цус гоожоод буугаад ирсэн” гэх мэдүүлэг /1-р хх 51-52/,

            Гэрч Б.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би үйлдвэрийн дарга Б-, оператор А- гэх хүмүүстэй танилцуулаад энэ хүүхдийг бие дааж ямар нэгэн ажил хийлгэж болохгүй шүү гэж оператор А-, тариа бэлтгэгч Батдорж нарт хэлсэн. ... үйлдвэрийн тоног төхөөрөмжийг бүрэн унтарч амжаагүй байхад нь салхи хуваарилагч руу гараа хийгээд гэмтээсэн юм шиг байна. Албан ёсоор ажилд аваагүй байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 55-56/,

            Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 04 сарын 02-ны өдөр намайг эмнэлэг дээр шинжилгээ өгч байхад гүйцэтгэх захирал Э- над руу утсаар яриад манайд шинээр оператораар ажилд орох гэж байгаа Н- гэж залуу оператор А-ийн өрөөнд байгаа чи ажил дээрээ ирэхээрээ үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг танилцуулаарай гэж хэлсэн. Тэгээд би ажил дээр очоод А-ээр тухайн Н- гэдэг залууг дуудуулж өрөөндөө уулзаад түүнийг үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжтэй болон тэдгээрийн ажиллагааны талаар тайлбарлаж өгөөд сүүлд нь операторын өрөөнд 15 цагийн үед одоо операторын өрөөнд байгаа схем зурагтай танилцаад байж бай гээд өрөөндөө орсны дараа 30 минутын дараа оператор А- шинээр ажилд орохоор дагалдан хийж байсан Н- гэх залуу гараа затур буюу шигшүүрийн ханцуйвч руу гараа хийгээд гэмтээчихлээ станцаар мэдэгдсэний дагуу би түүнийг шууд эмнэлэг рүү авч явсан юм” гэх мэдүүлэг /1-р хх 60/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 743 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.М.Н-гийн зүүн сарвууны 2, 3, 4, 5 дугаар хурууны тасрал гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг их хэмжээгээр алдагдуулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

2.Зүүн сарвууны 4 хурууны тасрал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 45 хувь (шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1, хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь, хэмжээг тогтоох хүснэгтийн 93.4) тогтонги алдагдуулна. /1-р хх 109-110/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 901 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.2.М.Н-гийн зүүн сарвууны 2, 3, 4, 5 дугаар хурууны үений тасрал үүссэн нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.93.4-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 45 хувь нөлөөлөх тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3.Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 313 тоот  дүгнэлт үндэслэлгүй, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 743 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна” /2-р хх 181-183/,

 

2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ХАБ-31/20 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2,/Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна./ гэж заасны дагуу “Өгөөж гурил” ХХК- ний ерөнхий захирал Б.Д- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр Д.Ц- томилон ажиллуулж байсан.

“Ө*** г***” ХХК-ийн чанарын инженер Б.Х нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалт”-д суралцаж 2018 оны 11-р сарын 14-ний өдрийн 20183185 дугаартай сертификат болон 104 дугаартай хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцан ажиллах эрхийн үнэмлэхтэй тул ажилтнуудад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч байсан байна.

Гэрч: Б.Х /... Бид өглөөний шуурхай тараад үйлдвэрийн дарга Б- байхгүй байсан тул би өглөөний гарах ээлжийн үйлдвэрийн ажилтан нарт бичгээр зааварчилгаа өгсөн, намайг зааварчилгаа өгч байхад Д- үйлдвэрийн оператораар өнөөдрөөс эхлээд дагалдуулж байгаа гээд танилцуулсан, Би оператор бол үйлдвэрийг бүхэлд нь удирдах болохоор ерөнхийд нь ажлын байрыг мэдэж байх ёстой гэж бодоод зааварчилгаа бүгдийг нь уншиж танилцаад гарын үсэг зурах талаар хэлсэн. Тэгээд дагалдах ажилтан М.Н- зааварчилгааг уншиж танилцаад гарын үсэг зурсан. Би 2018 оны намар Хөдөлмөр хамгааллын ажилтны 40 цагийн сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, Би зааварчилгаа өгөх эрхтэй ../.

Иймд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27-р зүйлийн 27.1 Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/ гэж заасны дагуу “Ө*** г****” ХХК-ийн ерөнхий захирал Б.Д- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг сахин хангуулах талаар албан тушаалтнуудыг томилон үүрэгжүүлж, эрх бүхий албан тушаалтнуудаар дамжуулан аюулгүй ажиллагааны зааварчилгааг бичгээр болон биечлэн дагуулж танилцуулах байдлаар өгч, хяналт тавьж ажиллаж байсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ зөрчөөгүй байна гэж үзлээ.

2.“Ө*** г****” ХХК-ийн Үйлдвэрийн дарга Б.Б- болон чанарын инженер Б.Х нар нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартад 4.1/ Үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтыг зааварчилга өгөх хэлбэрээр зохион байгуулна./ Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилга дараах 3 хэлбэртэй байна. Үүнд: /1 .Урьдчилсан зааварчилга, 2.Ажлын байран дахь анхан шатны зааварчилга, З.Давтан зааварчилга/ гэсэн хэлбэртэй байдаг бөгөөд 4.9 /Ажлын байран дахь анхан шатны зааварчилгыг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө/ гэсэн шаардлагын дагуу ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг газар дээр биечлэн үзүүлэх хэлбэрээр хариуцан өгсөн байна гэж үзлээ.

Мөн “Ө*** г***” ХХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 01-р сарын 11-ний өдрийн 20 тоот тушаалаар баталсан “******** ***** ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлын зохион байгуулалтын нэгдсэн дүрэм”-ийн Дөрөв. ХАБЭА-н талаар урьдчилсан зааварчилгаа өгөх: хэсгийн 4.2./Шинээр ажилд орж байгаа ажилтан, үйлдвэрлэлийн сургалт дадлага хийхээр ирэгсдэд боловсрол харгалзахгүйгээр урьдчилсан зааварчилгааг ХАБЭА-н инженер өгнө./, 4.3.2./үйлдвэрийн ерөнхий зохион байгуулалт, тэдгээрийн дотор биеэ авч явах талаар, 4.3.5. /Дагалдан ажиллах хугацаанд болон цаашид ажлын байранд аюулгүй ажиллагааг ханган ажиллахад анхаарах шаардлагуудын тухай/, 4.3.6,/Компаний хэмжээнд мөрдөх бусад заавруудын заалт/ гэж заасанчлан М.Н-д үйлдвэрийн ерөнхий байдал, операторын ажлын байр, ажиллах зарчим, технологийн схем зураг, үйлдвэрийн тоног төхөөрөмжтэй биечлэн явж танилцуулсан, аюулгүй ажиллагааны зааварчилгааг дагалдан ажилтны хувьд бүрэн өгсөн байна гэж үзлээ.

Гэрч: Г.Б-/... А- операторын өрөөнд ороход шинээр дагалдангаар ажиллаж байгаа гээд М.Н- гэх залуу операторын өрөөнд А-тэй хамт сууж байсан. Тэр хоёр хоорондоо хянах самбарынхаа товч схемийг тайлбарлаж байгаа бололтой байсан, Дараа нь үйлдвэрийн дарга Б- тухайн М.Н- гэх залууг дагуулаад үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдтэй биечлэн явж танилцуулж байгаа харагдсан.../

Гэрч:Б.Б- /...А-ээр тухайн М.Н- гэх залууг дуудуулж өрөөндөө уулзаад түүнийг үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжтэй болон тэдгээрийн ажиллагааны талаар тайлбарлаж өгөөд сүүлд нь операторын өрөөнд 15 цагийн үед одоо операторын өрөөнд байгаа схем зураг зэрэгтэй танилцаад байж бай.../

3.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1./Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/ гэж заасан байдаг бөгөөд “Ө*** г****” ХХК-нд оператор ажилтай Т.А- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж болон захиргааны хэм хэмжээний актыг хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэг хүлээхгүй тул холбогдох хууль дүрмийг зөрчөөгүй байна гэж үзлээ.

4.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1,/Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/ гэж заасан байдаг бөгөөд “Өгөөж гурил” ХХК-нд ээлжийн мастер ажилтай Г.Б- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж болон захиргааны хэм хэмжээний актыг хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэг хүлээхгүй тул холбогдох хууль дүрмийг зөрчөөгүй байна гэж үзлээ.

5.“Ө*** г***” ХХК-ний чанарын инженер Б.Х нь Хөдөлмөрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалт”-д суралцаж 2018 оны 11-р сарын 14-ний өдрийн 20183185 дугаартай сертификат болон 104 дугаартай хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцан ажиллах эрхийн үнэмлэх авсан байна.

“Ө*** г***” ХХК-ний чанарын инженер Б.Х, үйлдвэрийн дарга Б.Б- Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм МNS 4969:2000 стандартад 4.1/ Үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтыг зааварчилга өгөх хэлбэрээр зохион байгуулна./ Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа,-эрүүл ахуйн зааварчилга дараах 3 хэлбэртэй байна. Үүнд: /1 Урьдчилсан зааварчилга, 2.Ажлын байран дахь анхан шатны зааварчилга, З.Давтан зааварчилга/ гэсэн хэлбэртэй байдаг бөгөөд 4.9 /Ажлын байран дахь анхан шатны зааварчилгыг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө/ гэсэн шаардлагын дагуу ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг газар дээр биечлэн үзүүлэх хэлбэрээр хариуцан өгсөн байна гэж үзлээ.

“Ө*** г****” ХХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 01-р сарын 11-ний өдрийн 20 тоот тушаалаар баталсан “Өгөөж гурил ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлын зохион байгуулалтын нэгдсэн дүрэм”-ийн Дөрөв. ХАБЭА-н талаар урьдчилсан зааварчилгаа өгөх: хэсгийн 4.2./Шинээр ажилд орж байгаа ажилтан, үйлдвэрлэлийн сургалт дадлага хийхээр ирэгсдэд боловсрол харгалзахгүйгээр урьдчилсан зааварчилгааг ХАБЭА-н инженер өгнө /, 4.3.2./үйлдвэрийн ерөнхий зохион байгуулалт, тэдгээрийн дотор биеэ авч явах талаар, 4.3.5. /Дагалдан ажиллах хугацаанд болон цаашид ажлын байранд аюулгүй ажиллагааг ханган ажиллахад анхаарах шаардлагуудын тухай/, 4.3.6 /Компанийн хэмжээнд мөрдөх бусад заавруудын заалт/ гэж заасанчлан М.Н-д үйлдвэрийн ерөнхий байдал, операторын ажлын байр, ажиллах зарчим, технологийн схем зураг, үйлдвэрийн тоног төхөөрөмжтэй биечлэн явж танилцуулсан, аюулгүй ажиллагааны зааварчилгааг дагалдан ажилтны хувьд бүрэн өгсөн байна.

Хохирогч М.Н- /...Намайг өглөө ирэхэд Өгөөж гурил гэсэн хувцас өгсөн, би хувцасаа хүлээж аваад үйлдвэр дээр захирал дагуулж очоод, нэг өндөр хүүхэн дээр очоод зааварчилгаа танилцуулаад гарын үсэг зуруулсан,... Д- тоног төхөөрөмжүүдтэй танилцаадах, одоо манай хүний нөөцийн ажилтан хөдөлмөр хамгааллын ажилтан байхгүй байгаа учир манай оператор А-ийг дагалдаад ажиллах зарчимтай танилцаад ажиллаж бай гэсэн. Ингээд би тухайн үйлдвэрт Д- гээд захирлынх нь шийдвэрээр А- гээд операторыг нь дагалдаж 2019.04.02-ны өдрийн 08 цагаас хойш операторынх нь өрөөнд орж схемийнх нь зургуудтай танилцаж, ямар товч ямар тоног төхөөрөмжийг ажиллуулах талаар мэдэж байтал үйлдвэрийнх нь дарга Б.Б- намайг дуудахаар нь очиж уулзахад үйлдвэрийн тоног төхөөрөмжтэй биечлэн явж танилцуулсан, Надад нэг цагаан халаад өмссөн эмэгтэй энийг уншиж танилцаад гарын үсэг зур гэхээр нь би бичгийг нь гаргахгүй байсан тул гарын үсэг зурчихсан, тухайн зүйл нь аюулгүй ажиллагааны зааварчилгаа байсан эсэхийг мэдэхгүй байна, надад бол “Ө*** г***” ХХК-ийн захирал Д- нь А- гэдэг хүнийг дагалдаж ажиллаарай, үйлдвэрийн тоног төхөөрөмжтэй танилцаарай гэж хэлсэн.

Гэрч: Б.Х /...Бид өглөөний шуурхай тараад үйлдвэрийн дарга Б- байхгүй байсан тул би өглөөний гарах ээлжийн үйлдвэрийн ажилтан нарт бичгээр зааварчилгаа өгсөн, намайг зааварчилгаа өгч байхад Д- үйлдвэрийн оператораар өнөөдрөөс эхлээд дагалдуулж байгаа гээд танилцуулсан, Би оператор бол үйлдвэрийг бүхэлд нь удирдах болохоор ерөнхийд нь ажлын байрыг мэдэж байх ёстой гэж бодоод зааварчилгаа бүгдийг нь уншиж танилцаад гарын үсэг зурах талаар хэлсэн, Тэгээд дагалдах ажилтан М.Н- зааварчилгааг уншиж танилцаад гарын үсэг зурсан.../

Гэрч: Г.Б-/... А- операторын өрөөнд ороход шинээр дагалдангаар ажиллаж байгаа гээд М.Н- гэх залуу операторын өрөөнд А-тэй хамт сууж байсан. Тэр хоёр хоорондоо хянах самбарынхаа товч схемийг тайлбарлаж байгаа бололтой байсан, Дараа нь үйлдвэрийн дарга Б- тухайн М.Н- гэх залууг дагуулаад үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдтэй биечлэн явж танилцуулж байгаа харагдсан.../

Гэрч:Б.Б- /...А-ээр тухайн М.Н- гэх залууг дуудуулж өрөөндөө уулзаад түүнийг үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжтэй болон тэдгээрийн ажиллагааны талаар тайлбарлаж өгөөд сүүлд нь операторын өрөөнд 15 цагийн үед одоо операторын өрөөнд байгаа схем зураг зэрэгтэй танилцаад байж бай.../

6.“Ө*** г***” ХХК-ийн захиргаанаас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17-р зүйлийн 17.4./Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна./, 28 дугаар зүйлийн 28.1,8./аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны. ..сургалтад хамрагдаагүй шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ гэж заасан шаардлагын дагуу М.Н-г аюулгүй ажиллагааны сургалт хамруулаагүй, шалгалт аваагүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 зүйлийн 18.2.Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараах нийтлэг үүрэгтэй байна. 18.2.7. /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/ гэсэн чиг үүргээ биелүүлээгүй байна.

Гэрч: Хохирогч М.Н- /...А- шалны мод барьчихсан ирээд энэ шалны модоор наад шигшүүрийнхээ дээд доод хоолой руу нь цохичих гэхээр нь би тухайн шатны модоор 10 гаруй удаа цохиход бөглөө нь гарахгүй байсан. Тэгэхээр нь би тухайн даавуун шигшүүрийн доод хоолойг нь мултлаад шалны модоор цохиход бөглөө гарахгүй байхаар нь гараа тухайн хоолой руу нь хийсэн чинь миний гарыг сороод авсан, Тухайн шигшүүрийн даавуун ханцуйвч руу бол намайг гараа хий гэж хэлээгүй ч гэсэн бөглөө нь гаргачих гэсэн болохоор нь би бөглөөг нь гаргахаар гараа хийсэн юм. Би даавуун хоолойны цаана хутга байгааг мэдэхгүй тул гараа хийхэд зүүн гарыг минь сороод аваад явсан..../

Гэрч: Г.Б- /...авчирсан шатаа шигших машины хажууд байрлуулаад М.Н- шатаар дээш гаран ханцуйвчийг оролдсон. Тэгэхээр нь би битгий наадхаараа оролдоорой гээд хэлтэл А- ирээд Н-г чи буу би өөрөө янзална гэтэл гараас нь цус гоожоод буугаад ирсэн.

Гэрч: А- /...Ингээд 2 давхраас 4 давхарт гараад очтол шатаа шигшүүрийн хажууд байрлуулаад Н- шатан дээр шалны мод бариад гарсан байсан, тэгэхээр нь миний дүү буу би өөрөө гарья гэж 2 удаа хэлсэн, үйлдвэрийн дуу нэлээд чанга байдаг болохоор гараараа дохиж хүртэл хэлсэн, Мөн Б- ах чи буу гэж хэлж байгаа бололтой байсан, ингээд буухгүй болохоор нь шатны нөгөө талаас би гараад хартал шигшүүрийн дээд ханцуйвчийг Н- мулталсан байсан, Тэгэхээр нь наад хавцуйвчаа сэгсэрчих гэж хэлээд дор байсан Б- ах руу харчхаад эргээд хартал дараа нь цус гарсан байдалтай гараа үзүүлсэн.../

7.“Ө*** г**** ” ХХК-ийн оператор Т.А-ийн ажпын байрны тодорхойлолтын Ажлын байрны нэгдүгээр үндсэн үүргийн хүрээнд хийгдэх ажлууд: 7,/Үйлдвэрлэлийн явцад тоног төхөөрөмжид гэмтэл саатал гарсан тохиолдолд тухайн технологийн ажилтантай хамтран засвар үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэх бөгөөд гэмтэл саатлыг цаг тухайд нь хэвийн ажиллагаанд оруулна./ гэж заасан үүргийн дагуу Затвор буюу бүтээгдэхүүн хуваарилах салхины хоолой бөглөрсөн үед оператор Т.А- нь технологийн ажилтантай хамтран хэвийн ажиллагаанд оруулах үүрэгтэй.

8.2019 оны 05 сарын 01-ний өдрийн 19/04 тоот шинжээч С.Э2 дүгнэлт, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 05-078/17 тоот дүгнэлт, 2019 оны 09 сарын 02-ны өдрийн 05-078/30 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд нь тухайн цаг үед хавтаст хэрэгт авагдсан материалуудад үндэслэн тавигдсан асуулт, асуудлын хүрээнд шинжээчийн дүгнэлт гаргасан байна гэж үзлээ.”  /2-р хх 199-203/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх 27/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 28-36/,

Хэргийн газрын схем зураг /1-р хх 37/,

Хохирогч М.Н-гийн эмийн хуудас, өвчний түүх /1-р хх 67-79/,

“Ө*** г***” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлын зохион байгуулалтын нэгдсэн дүрмийн хуулбар /1-р хх 176-180/,

Шүүгдэгч Т.А-ийн ажлын байрны тодорхойлолт /1-р хх 181-182/,

“Ө*** г***” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын хуулбар, өдөр тутмын зааварчилгааны журналын хуулбар /1-р хх 194-200, 205-213/,

 

Шүүгдэгч Т.А-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, А.О, А.И нарын төрсний гэрчилгээний хуулбар  /2-р хх 38, 40-46/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.А-эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4  дүгээр зүйлд заасан журмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Т.А-ийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хохирогч М.Н-гийн... “хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг бүрэн авч дууссан тул одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэх хүсэлт, Хаан банкны орлогын мэдүүлгээр хохирогч М.Н-д  30.000.000 төгрөг шилжүүлсэн нь  тогтоогдож байх тул шүүгдэгч Т.А-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчтай зөвшилцсөн, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх өнхөцөл байдал тогтоогдоогүйг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тоног төхөөрөмжийн операторчнаар ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч,тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т.А-г хууль, түүнд нийцүүлэн гаргасан үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тоног төхөөрөмжийн операторчнаар ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Т.А-д оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах, санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

            5.Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

           

            6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

            7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.А-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ