| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 184/2017/02033/и |
| Дугаар | 01664 |
| Огноо | 2016-07-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 01664
| 2017 оны 07 сарын 25 өдөр | Дугаар 184/ШШ2017/01664 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Гэлэгням овогт Хүрэлхуягийн Болормаа /рд:ВО65120304, Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, хангайн 8 дугаар гудамж, 25 тоотод оршин суух/-ын нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Болормаа, нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Хүрэлхуягийн Болормаа миний бие 52 настай, 5 хүүхэдтэй тэтгэврийн хуулийн дагуу Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалд хандсан боловч зарим нэгэн архивын лавлагаа олж ир гэсэн. Би 1980 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 10 жил ажилласан, энэ нь миний хөдөлмөрийн дэвтэр дээр болон надтай хамт ажиллаж байсан Д.Баасан, Г.Цэрэндолгор нар нотолно. Иймд ажилласан жилийг хуулийн дагуу тогтоож өгнө үү” гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Х.Болормаа нь 1980 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ.
Иймд Х.Болормаагийн гаргасан хүсэлтэд иргэний хэрэг үүсгэж, уг хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Х.Болормаа нь 1980 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн Баянхонгор аймгийн Заг сумын “Давшилт” нэгдлийн 3-р бригадад хоньчноор тус Нэгдлийн даргын 21 дүгээр тушаалаар ажиллаж, 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хүртэл хугацаанд ажиллаж, “Давшилт” нэгдэл тарж, Хувьцаат компани болсон учир Нэгдлийн даргын 64 дүгээр тушаалаар хоньчны ажлаас чөлөөлсөн болох хөдөлмөрийн дэвтэр дэх бичилт, тухайн жилүүдийн ажилласан хоног, авсан хөлсний бичилтүүд, Баянхонгор аймгийн Заг сумын “Давшилт” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Төлбөр тооцох тухай 36 тоот тушаал, Г.Цэрэндолгор /рд:ВО56090105/, Д.Баасан /рд:ВО50111514/ нарын тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг, тэдний хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбар болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Гэлэгням овогт Хүрэлхуягийн Болормаа /рд:ВО65120304/-г Баянхонгор аймгийн Заг сумын “Давшилт” нэгдлийн 3-р бригадад 1980 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хүртэл хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Х.Болормаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН