Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/408

 

    2021        03           26                                 2021/ШЦТ/408

 

 

    

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2106 00000 0240 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн угсралтын инженер мэргэжилтэй, Тэлмэн ХХК-нд барилгын угсралтын инженер ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулан 1 дүгээр хэсэг гудамжны 6-244 тоот хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Ганцын задгай тоотод оршин суух,

урьд Булган аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 139 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял,

Булган аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 83 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял,

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1846 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн, *******

           Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Яллагдагч ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Ганцын задгай тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр О.Мөнхзулын нүүрэн тус газарт нь алгадаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс хохирогч О.Мөнхзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр манай найз Цэрэнбал, Чимгээ нар нь манай гэрт ирсэн юм. Учир нь намайг төрсний дараа эргэж ирээгүй байсан бөгөөд чихэр жимс, бэлэг, 1 шил архи, 4-5 шил пиво авч орж ирсэн юм. Тэгээд тухайн архи пивыг нь Цэрэнбал, Чимгээ нартай хувааж ууж байсан чинь нөхөр ******* нь гаднаас ажлаа тараад орж ирсэн юм. ******* нь тэр үед архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан бөгөөд орой 23 цагийн үед манай найзууд явахаар болж би гаргаж өгөхөөр хамт гэрээс гарч автобусны буудал хүргэж өгсөн юм. Автобусны буудал нь хол учраас 1 цаг орчим болсон юм. Тэгээд би эргээд гэртээ орж ирсэн чинь манай бага охин Есөн-Эрдэнэ унтаж байгаад сэрчихсэн байсан ба манай нөхөр ******* нь намайг хүүхдээ унтуул, хүүхдээ хөхүүл гэж хэлэхээр нь би өөдөөс нь өөрөө унтуул гэж маргалдаж эхэлсэн. Тэгсэн чинь ******* миний нүүр рүү гараараа алгадсан ба би унахдаа зуухны доод талын тавиурыг зүүн талын гараараа цохисон, тэгээд дахин маргалдаагүй унтсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын сарын 26-ны өдрийн 1041 дугаартай “О.Мөнхзулын биед дээд уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 30-31 хуудас/

Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “О.Мөнхзул нь тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд хүүхэд уйлаад байхад хүүхдээ авахгүй, мөн намайг хэл амаар доромжлоод байхаар нь алгадсан. Гэхдээ би өөрийгөө өмөөрч байгаа юм биш. Өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 хуудас/ болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганцын задгай тоот гэртээ хүүхдээ хөхүүлж унтуулсангүй гэх хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан эхнэр О.Мөнхзулын нүүрэн тус газарт цохиж унагасны улмаас эрүүл мэндэд нь дээд уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтас хэргээс шинжлэн судалсан  Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-6/,

Хохирогч О.Мөнхзулын “Би эргээд гэртээ орж ирсэн чинь манай бага охин Есөн-Эрдэнэ унтаж байгаад сэрчихсэн байсан ба манай нөхөр ******* намайг хүүхдээ унтуул, хүүхдээ хөхүүл гэж хэлэхээр нь би өөдөөс нь өөрөө унтуул гэж маргалдаж эхэлсэн. Тэгсэн чинь ******* миний нүүр рүү гараараа алгадсан, тэгээд унахдаа зуухны доод талын тавиурыг зүүн талын гараараа цохисон ... гэрлэлтийн баталгаагүй, дундаасаа хүүхэдтэй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-14-15, 18/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын сарын 26-ны өдрийн 1041 дугаартай “О.Мөнхзулын биед дээд уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-30-31/,

Яллагдагч *******ын “Манай эхнэр О.Мөнхзул 2 найзын хамт архиа уугаад дуусгасан, пиво уугаад сууж байсан. Би хоолоо идчихээд орон дээр хэвтэж байсан чинь унтчихсан байсан ба 22 цагийн үед сэрээд байж байсан чинь эхнэр О.Мөнхзул нь 2 найзыгаа гаргаж өгнө гэж хэлээд гараад явсан. Би  буцаад хүүхдээ аваад хэвтсэн бөгөөд 00 цаг өнгөрч байхад ганцаараа орж ирэхэд манай бага охин 10 сартай Есөн-Эрдэнэ айгаад уйлж эхэлсэн. Тэгээд би О.Мөнхзулыг хүүхдээ хөхүүлээд унтуул гэж хэлсэн чинь би дандаа унтуулдаг, чи аваа унт гэж чанга дуугаар ярьж эхэлсэн. Тэгэхээр нь би ямар хөхтэй биш гэсэн чинь чи дагуулж ирсэн хүүхдээ яаж өсгөсөн юм, чи аргалаад унтуулдаг биз дээ гэхээр нь гэнэт уурлаад нэг алгадсан. Намайг алгадах үед эхнэр О.Мөнхзул галын дөрвөлж рүү унахдаа гараа хавсарч цохиж унасан. Өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-57-58/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг хуулийн үйлчлэлд хамаарахаар хуульчилжээ.

            Гэр бүлийн хүчирхийлэл гэж хамт амьдарч буй эсхүл хамтын амьдралтай байсан ойрын төрөл, садан хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцааг тодорхойлсон. Дээрх харилцааны явцад хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжээр зүйлчилнэ.

Шүүгдэгч *******, хохирогч О.Мөнхзул нар гэрлэлтийн баталгаагүй, 4 жил хамтран амьдарсан, эхнэр, нөхрийн харилцаатай бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний биед халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинжийг агуулж байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байх тул *******ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэм буруутайд тооцов.

           Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч О.Мөнхзул нь ахуйн хүрээнд архидан согтуурсан, үл ялих зүйлээр шалтаглан маргалдсан хувийн таарамжгүй харилцаа нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болжээ. 

Хохирогч О.Мөнхзул нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гэм хор, хор уршигтай холбоотой хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн байна.

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

Улсын яллагчаас шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгч ******* торгуулийн хэмжээг багаар тогтоож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч *******ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, эхнэр ажилгүй, 4 хүүхэдтэй, Тэлмэн ХХК-нд барилгын угсралтын инженерээр ажилладаг, цалин хөлс орлоготой гэх хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******ад шүүхээс оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн  5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаруулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******ад найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч О.Мөнхзул нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

           

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Г.ХАТАНЦЭЦЭГ