| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 184/2017/02032/и |
| Дугаар | 01663 |
| Огноо | 2017-07-25 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 01663
| 2017 оны 07 сарын 25 өдөр | Дугаар 184/ШШ2017/01663 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Боржигон овогт Цэрэнгийн Батцэцэг /рд:КБ79110102, Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, Одонт 1 дүгээр гудамж, 12 тоотод оршин суух/-ын нэхэмжлэлтэй,
Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Батцэцэг, нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Батцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“миний бие Ц.Батцэцэг Содомпилийн Жаргалсайхантай 2000 онд танилцаж хамтран амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2002 оны 02 дугаар сарын 05-ны өдөр охин Буянравжих, 2016 оны 06 дугаар сарын 20-нд охин Ж.Буян-Ундрах нар төрсөн. Бид Сонгинохайрхан дүүргийн Одонтийн 1 дүгээр гудамж 12 тоотод амьдарч байсан. Гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй, 2 охин маань эцгээрээ овогтой. Нөхөр маань 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймагт явж байгаад гэнэт зуурдаар нас барсан. Одоо миний бие 3 сартай жирэмсэн. Хоёр охиндоо тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсон тул нөхөр бид хоёрыг 2000 оноос 2017 оны 07 дугаар сар хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Ц.Батцэцэг нь С.Жаргалсайхантай хамтын амьдралтай байснаа тогтоолгохыг хүсч нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн нас барсны бүртгэлийн 3308 дугаарт бүртгэж, олгосон 0000197178 дугаарын гэрчилгээгээр “Тайж овогт Содномпилийн Жаргалсайханыг 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр, 56 настайдаа Сүхбаатар аймагт өвчнөөр нас барсан” болох нь тогтоогдож байна. /х.х 4 дэх тал/
Хүсэлт гаргагч Ц.Батцэцэг нь С.Жаргалсайхантай 2000 онд танилцаж, хамтран амьдарч эхэлсэн, гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдарч байгаад нөхөр Содномпилийн Жаргалсайхан нь 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр өвчний улмаас нас барсан гэж тайлбарлаж байна.
Тэдний дундаас том охин Жаргалсайханы Буянравжих 2002 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн /Г410/, охин Жаргалсайханы Буян-Ундрам 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төрсөн /бүртгэлийн №1116990141/-ийг төрсний бүртгэлд эцэг Тайж овогт Содномпилийн Жаргалсайхан, эх Боржигон овогт Цэрэнгийн Батцэцэгээр бүртгэсэн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар, одоо 3 сартай жирэмсэн болох нь түүний жирэмсний хяналтын дэвтэрийн хуулбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Түүнчлэн шүүхэд ирүүлсэн талийгаачийн төрсөн ахын том хүү Адъяагийн Батгэрэл /рд:КИ84092012/ болон талийгаачийн ангийн хүүхэд Ургамалцэцэгийн Хатанбаатар /рд:КИ83122117/ нар нь Ц.Батцэцэгийг С.Жаргалсайхантай хамтран амьдарч, 2 хүүхдийн эцэг эх болсон гэх тодорхойлолт, гэрч нарын мэдүүлэг, мөн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны засаг даргын Ц.Батцэцэгийг Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, Одонтын 1 дүгээр гудамж, 12 тоотод оршин суудаг гэсэн тодорхойлолт нь талийгаач С.Жаргалсайханы оршин сууж байсан бүртгэлтэй хаягтай нэг болох нь, мөн шүүх хурлын үеэр шүүхэд гаргасан хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар Ц.Батцэцэг нь талийгаач “Содномпилийн Жаргалсайхан”-тай 2000 оноос хамтын амьдралтай байсан нь тогтоогдож байх тул түүний хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Боржигон овогт Цэрэнгийн Батцэцэг /рд:КБ79110102/, Тайж овогт Содномпилийн Жаргалсайхан /рд:ЧД61041932/ нарыг 2001 оноос хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ц.Батцэцэгийнулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН