| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2022/0055/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/333 |
| Огноо | 2022-03-30 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Даваадорж |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/333
2022 03 30 2022/ШЦТ/333
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шийдвэрийн огноо: 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр;
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явагдсан;
Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;
Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;
Улсын яллагч: Д.Д;
Хохирогч: Т.Б;
Шүүгдэгч: Б.З;
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.М;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;
Хэргийн дугаар:;
Шүүгдэгч Б.З регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Нэйшнл кашмер силк” ХХК-д гадаад худалдааны менежер ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Б.З нь 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла” гэх нэртэй оффисоос хохирогч Т.Бий “автомат шүүгээ” захиалгаар худалдан авах зорилгоор интернэт банк ашиглан шилжүүлсэн 16.000.000 төгрөгийг “...“юань” болгож Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу шилжүүлж өгнө...” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Б.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.З мэдүүлэхдээ: “Хийсэн үйлдэлдээ харамсаж, гэмшиж байна. Хохирлыг төлж барагдуулах болно. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Б мэдүүлэхдээ: “2021 оны 04 дүгээр сарын сүүлээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас автомат шүүгээ авахаар болсон. Ингээд яаралтай мөнгө шилжүүлэх хэрэгтэй болоод Б.З руу 16.000.000 төгрөг шилжүүлсэн. Б.З нь мөнгөн гуйвуулга хийдэг гэсэн. Гэтэл мөнгийг шилжүүлээгүй байсан. Одоо хохирлоос 1.500.000 төгрөг авсан. 14.500.000 төгрөгийн үлдэгдэл байгаа. Үүнийг барагдуулж авах хүсэлтэй байна” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Б /хх-ийн 37/, Б.Зын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 41-42/, Б.Зын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 79/, Б.Зын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 82-86, 94/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн Б.Зын хувийн байдалтай болон хохирлоос төлсөн баримт зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.З нь 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла” гэх нэртэй оффисоос иргэн Т.Бий “автомат шүүгээ” захиалгаар худалдан авах зорилгоор интернэт банк ашиглан шилжүүлсэн 16.000.000 төгрөгийг “...“юань” болгож Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу шилжүүлж өгнө...” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж залилсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Т.Бий /хх-ийн 37, 39/: “...Би 2021 оны 04 дүгээр сард Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас “автомат шүүгээ” захиалахаар болсон юм. Тэгээд урьдчилгаа төлбөр болох 16.000.000 төгрөгийг шүүгээ авах компанийн данс руу шилжүулэх болсон. ...Тэгээд 2021 оны 04 дутээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Шангрила” гэх нэртэй оффист байрлах ажлын байран дээр байхдаа компанийн данснаас интернэт банк ашиглан нийт 16.000.000 төгрөгийг 2.900.000 төгрөгөөр 5 удаа, 1.500.400 төгрөгөөр 1 удаа шилжүүлсэн. Тэгээд Б.З нь шууд шүүгээ авах Бүгд Найрамдах Хятад Ард Улсын компанийн данс руу шилжүүлэх байсан бөгөөд мөнгө шилжүүлэхгүй удаад байхаар нь асуухад тэрээр “Хятадад ашигладаг данс хязгаарлагдсан” гэх зэрэг шалтгаан хэлж байсан. Тэгээд явсаар байгаад 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр уулзахад манай мөнгө болох 16.000.000 төгрөгийг Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу явуулаагүй, Б.Зын дансанд байхгүй болох нь тодорхой болж Б.З нь өмнө 100.000.000 төгрөгийн өртэй байсан хүндээ өгсөн юм шиг байсан. Надад 16.000.000 төгрөгийн хохирол учирсан. Одоо болтол хохирол төлсөн асуудал байхгүй. Би хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлгээр,
Б.Зын депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /хх-ийн 41-42/,
Б.Зын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 79/: “...2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Номинзул нь надтай “Вий чат”-аар холбогдож “Монгол мөнгийг Хятад улсын юань болгож солиулах шаардлагатай байна, боломжтой юу” гэж асуухаар нь би “болно, хэдэн төгрөг юм бэ” гэж асуухад тэрээр “16.000.000 төгрөг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө 5023165960 дугаартай данс руу 16.000.000 төгрөгийг шилжүүлж авсан. Би тухайн мөнгийг юань болгох гэсэн боловч миний данс ажиллахгүй байсан. Тэгэхээр нь би тухайн мөнгийг өөрийнхөө өртэй байсан хүмүүст өгч өрийг төлсөн...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Б.Зт холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийн эд хөрөнгийг нь хуурч мэхлэх аргаар өөртөө шилжүүлж авснаа, хохирогч нь шүүгдэгчид эд хөрөнгийг шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлсэн, хохирогчид учирсан хохирлын хэмжээг шүүгдэгчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоосон” зэрэг үйл баримтуудыг хөдөлбөргүй, эргэлзээгүй агуулсан байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Б.З нь Т.Бий эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилсныг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар мөнгөн гуйвуулга хийх нэрийдлээр хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн өөрийн эзэмшилдээ авч буй Б.Зын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлоос зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулан дүгнэлт хийв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Бусад асуудлаар:
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон хохирол, гэм хор болох хохирогч Т.Бд учирсан 16.000.000 төгрөгийн хохирлоос шүүгдэгч Б.З нь 1.500.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул үлдэх хохирол төлбөр 14.500.000 төгрөгийг шүүгдэгч Б.Заас гаргуулж хохирогч Т.Бд олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.З нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зыг 7 (долоо) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Заас 14.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Бд олгосугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Зт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ