Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 01817

 

 

    2017 оны 08 сарын 15 өдөр

    Дугаар 184/ШШ2017/01817

            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Гал овогт Долгоржавын Алтантариа /РД:ЧД62103104/ Сонгинохайрхан дүүрэг 2 дугаар хороо орбид 7 дугаар гудамж 99 тоотод оршин суух/-ийн нэхэмжлэлтэй,

            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Алтантариа, нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Д.Алтантариа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Долгоржав овогтой Алтантариа миний бие 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүнсний үйлдвэрийн ТМС-д элсэн суралцаж 1981 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төгссөн. Энэ хугацаанд манай хойд аав болох н.Баасан гэдэг хүнээр миний хувийн хэргийг нээсэн байсан. н.Баасан гэдэг хүн хэсэг хугацааны дараа манай ээжээс салаад явсан. Миний бусад бичиг баримтууд манай ээжээр овоглосон учраас миний хөдөлмөрийн дэвтрийн овог зөрж байгаа. Тийм учраас хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Ингээд 1981 оны 07 дугаар сарын 05-нд Чихэрийн үйлдвэрт ажилд ороод 1982 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ар гэрийн гачигдлаар ажлаас шилжүүлсэн. 1982 оны 07 дугаар сарын 13-наас 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Улаанбаатар хотын 49 дүгээр сургуульд ажилд орж 1989 оны 08 дугаар сарын 01-нд ажлаас чөлөөлөгдсөн. Дараа нь 1989 оны 08 дугаар сарын 16-нд 92 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажилд ороод 1995 он хүртэл ажилласан. Энэ хугацаанд ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрийг манай хойд эцэг байсан н.Баасан гэдэг хүнээр овоглосон. Миний 92 дугаар цэцэрлэгт ажилд орсон тушаал байдаг ч, гарсан тушаал байхгүй. Цалин тодорхойлолт байгаа учраас би нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Иймд миний 1981 оноос 1994 оныг дуусталх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэв.

            Шүүх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.Алтантариа нь хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай болгон өөрчилж, хүсэлтийг шүүхэд  гаргажээ.

Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ.

Иймд Д.Алтантариагийн гаргасан хүсэлтэд иргэний хэрэг үүсгэж, уг хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Алтантариа нь 1981 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд  гаргажээ.

Д.Алтантариа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргасныг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хүсэлт гаргагч Д.Алтантариад анх хөдөлмөрийн дэвтэр нээхдээ хойд эцэг “Баасан”-аар бичсэн нь миний төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэх, бусад бичиг баримт дахь эх Долгоржаваар овоглосноос зөрүүтэй бичигдсэн тухай маргаж байна. 

Хүсэлт гаргагчийн хувийн байдлыг тодорхойлсон 1979 оны 8 дугаар сарын нэгний өдөр нээсэн Архангай аймгийн Цэцэрлэг хотын сургуульд Эрдэнэт хотын 8 жилийн сургуулиас шилжиж ирсэн Сурагчийн хувийн хэрэг, Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэл №453169, 1981 оны 7 дугаар сарын нэгний өдөр нээсэн Хөдөлмөрийн дэвтэр зэрэг Алтантариагийн овгийг “Баасан” гэж бичилттэй баримт бичиг дэх Алтантариагийн төрсөн огноо, газар зэрэг нь “Долгоржав”-ын Алтантариагийн иргэний үнэмлэх, 1962 он 10 дугаар сарын 31-ний өдөр төрснийг бүртгэж, эх Базарсадын Долгоржав, эцэг бичигдээгүй 371 дугаартай төрсний гэрчилгээ зэрэгт бичигдсэн төрсөн огноо, газартай тохирч байгаа, эхийг Базарсадын Долгоржав гэж нэрлэдэг байсан болохыг Б.Долгоржавын нас барсны гэрчилгээний хуулбараар, мөн хөдөлмөрийн дэвтэрээ хаалгаснаас хойшхи буюу 1995 оноос хойшхи хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг Долгоржавын Алтантариа гэж хийсэн болох нь тогтоогдож байх тул Баасангийн Алтантарий гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ”Долгоржавын Алтантариа” мөн гэж дүгнэв.  

Гал овогт Долгоржавын Алтантариа нь Дархан хотын хүнсний комбинатын даргын 1981 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 213 дугаар тушаалаар 1981 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс Дархан хотын хүнсний комбинатын Чихэрийн үйлдвэрт ажилтнаар орж, тус комбинатын даргын 1982 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 280 дугаар тушаалаар 1982 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс хүртэл; Улаанбаатар хотын Октябрийн районы 49 дүгээр сургуулийн  захирлын 1982 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 67 тоот тушаалаар 1982 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс хувцас өлгөгчөөр ажилд орж, 1989 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 43 тоот тушаалаар 1989 оны 8 дугаар сарын 11-ны өдөр хувцас өлгөгчийн ажлаас чөлөөлөгдсөн; Улаанбаатар хотын Октябрийн районы 92 дугаар нэгдсэн ясли цэцэрлэгийн эрхлэгчийн 1989 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 21 тоот тушаалаар 1989 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын Октябрийн районы 92 дугаар нэгдсэн ясли цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан болох нь Алтантариагийн хөдөлмөрийн дэвтэр, түүн дэх бичилтүүд, цалин хөлсний лавлагаа, гэрч С.Жаргалнэмэх /рд:ЧД70120108/-ийн тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбар болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Гал овогт Долгоржавын Алтантариа /РД:ЧД62103104/-г 1981 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1982 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Дархан хотын хүнсний комбинатын Чихэрийн үйлдвэрт ажилтнаар, 1982 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 11-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын Октябрийн районы 49 дүгээр сургуульд хувцас өлгөгчөөр, 1989 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын Октябрийн районы 92 дугаар нэгдсэн ясли цэцэрлэгт туслах багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Алтантариагийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.МӨНХБҮРЭН