Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 1988

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2017/02207 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “ХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “БИБ” ХХК болон Ш.О, О.Ө нарт холбогдох

 

  Зээлийн гэрээний үүрэгт 871 313 078 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагч нарын гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Б, С.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч О.Ө, Ш.О нар манай банктай 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 1330018660 тоот зээлийн гэрээ байгуулж, 635 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай жилийн 19.2 хувийн хүүтэй барилгын санхүүжилтийн зориулалтаар, мөн 5001155965 тоот зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай жилийн 19.2 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн юм. Гэвч зээлдэгчид гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлсэн тул талууд харилцан тохиролцож өмнө олгосон 685 000 000 төгрөг дээр нэмж 50 000 000 төгрөгийн зээл олгож, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шинээр зээлийн гэрээ байгуулж, нийт 750 000 000 төгрөгийг 84 сарын хугацаатай болгон өөрчилсөн. Талууд энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар зээлдэгч О.Ө, Ш.О нарын болон барьцаалуулагч “БИБ” ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн дараах үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалж, улсын бүртгэлд зохих ёсоор бүртгүүлсэн. Үүнд: 

1. Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, ................. тоот улсын бүртгэлийн дугаартай 192 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө,

2.  Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, ....................... улсын бүртгэлийн дугаартай 192 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө,

3. Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, ................. тоот улсын бүртгэлийн дугаартай 192 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө,

4. Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, ............ тоот улсын бүртгэлийн дугаартай 576 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө,

5.  Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, .............. тоот улсын бүртгэлийн дугаартай 960 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө,

6. Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, ................ тоот улсын бүртгэлийн дугаартай 515 м.кв талбайтай газар,

7. Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, .................. м.кв талбайтай газар,

8.  Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, ....................... тоот улсын бүртгэлийн дугаартай 448 м.кв талбайтай газар. Гэтэл зээлдэгчид гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийг төлөхгүй байгаа ба үндсэн зээл 735 000 000 төгрөг, хүү 103 745 946 төгрөг, үүн дээр 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хооронд нэмэгдсэн 32 567 132 төгрөг, нийт 871 313 078 төгрөг болсон. Хэдийгээр бидний хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусах болоогүй боловч зээлдэгчид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул зээлийн гэрээг шүүхийн журмаар цуцлах хүсэлттэй байна. Иймд, хариуцагч О.Ө, Ш.О нараас 871 313 078 төгрөгийг гаргуулж, хариуцагчид шүүхийн шийдвэрийн сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нэхэмжлэгч “ХБ” ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 735 000 000 төгрөгийг аваагүй бөгөөд нийт нэхэмжилсэн 871 313 078 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэгт авагдсан баримтаар зээлдүүлэгчээс өмнө олгосон 635 000 000 төгрөг болон 50 000 000 төгрөгийг буцаан төлсөн тул 735 000 000 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй. Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1- тус тус зааснаар хариуцагч О.Ө, Ш.О нараас үндсэн зээл 735 000 000 төгрөг, зээлийн хүүнд 135 926 366 төгрөг, нийт 870 926 366 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ХБ” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 386 703 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 

            Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч О.Ө, Ш.О нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, ........................ 960 м.кв талбайтай Ү-2204058784 тоот улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, ........................ 192 м.кв талбайтай  үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, ................. байршилтай 192 м.кв талбайтай .................... үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, .................. тоот хаягт байршилтай 192 м.кв талбайтай ...................... үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, ....................... 576 м.кв талбайтай ...................... үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, ........................ 759 м.кв талбайтай газар, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, ........................ 448 м.кв талбайтай газар, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, ......................... 515 м.кв талбайтай газрыг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, 

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 351 680 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчдаас 4 512 582 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, Т.Ц нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Майбаяр намайг “Хас” банкны нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаанд биечлэн оролцож, мэтгэлцэх боломжийг олголгүй, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийн оролцогч миний шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэх эрхийг зөрчсөн. Учир нь, Миний бие тус шүүх хурал 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 09:30 цагт товлогдсоныг мэдсэн боловч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хянагдаж байгаа ялтан О.Э-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаантай давхцсан тул тус шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ бичгээр гаргаж, шүүх хуралдааны товыг хавсаргасан болно. /хх-ийн 153х-156х/ Тус эрүүгийн хэргийн ялтан О.-ыг анхан шатны шүүхээс цагдан хорьсон байсан тул миний бие тус хуралд өөрийн биеэр оролцох зайлшгүй шаардлагатай байсан. Ийнхүү миний бие хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцлох боломжгүй болсон тухай хүсэлтээ холбогдох баримын хамт гаргасаар байхад шүүх намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар миний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч нь нэхэмжлэгч “ХБ” ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 30-
ны өдөр 1470006212 тоот зээлийн гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч нь Иргэний
хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн
хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн
21.2 дахь хэсэгт зааснаар тус гэрээний дагуу хариуцагчид 735 000 000 төгрөгийн зээлийг
олголгүй 13 430 098.32 төгрөгийг шилжүүлсэн. Энэ нь уг зээлийн гэрээний нэмэлт
өөрчлөлтөд тодорхой тусгагдсан бөгөөд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлдээ мөн тодорхой дурдсан байдаг. /хх-ийн 1-4х, 196-20 хуудас/ Талуудын хооронд 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 635 000 000 төгрөгийг барилгын санхүүжилтын зориулалтаар, жилийн 19,2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай 1330018660 дугаартай зээлийн гэрээ, мөн өдөр 50 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн  зориулалтаар, жилийн 19,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 5001155965 дугаартай зээлийн шугамын гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 735 000 000 төгрөгийг үндсэн хөрөнгийн зориулалтаар жилийн 19,2 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай 1470006212 тоот зээлийн гэрээг тус тус байгуулж, зээлийн данс нээсэн хэдий ч нэхэмжлэгч нь 1330018660 дугаартай зээлийн гэрээний дагуу 635 000 000 төгрөгийг, 470006212 тоот зээлийн гэрээний дагуу 13 430 098.32 төгрөгийг буюу нийт 648 430 098.32 төгрөгийг л олгосон байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 5001155965 дугаартай зээлийн шугамын гэрээний дагуу олгох 50 000 000 төгрөг, 1470006212 тоот зээлийн гэрээний дагуу олгосон гэх 50 000 000 төгрөгийн 36 571 455.22 төгрөгийг тус тус 1330018660 дугаартай зээлийн гэрээний дагуу олгосон 635 000 000 төгрөгийн хүүнд тооцон суутган авсан. Ингээд хариуцагчийн хүлээн авсан 648 430 098.32 төгрөгийн зээл дээр зээлийн хүүнд тооцон суутган авсан 86 571 455.22 төгрөгийг нэмж нэгтгээд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1470006212 тоот зээлийн гэрээг байгуулсан. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт "зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох"-оор зааж хуульчилсанаас биш "зээлийн үндсэн хүүгээс хүү, нэмэгдүүлсэн хүү тооцно" гэж хуульчлаагүй байна. Нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн дансыг 1470006220 тоот болгон өөрчлөн, тухайн дансанд 735 000 000 төгрөгийн зээлийг шилжүүлсэн тухай баримтыг хэрэгт гаргаж өгсөн хэдий ч уг дансны хуулгад хариуцагч нь тухайн зээлийг авсан зарлага гарсан тухай мэдээлэл бүртгэгдээгүй байдаг. Мөн нэхэмжлэгч нь 1470006212 тоот зээлийн гэрээг байгуулахын тулд өмнөх зээлийн гэрээ, дансыг хаасан байснаас хариуцагч авсан зээлээ 1470006220 тоот дансанд л төлөх боломжтой болсон байхад анхан шатны шүүх 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1470006212 тоот зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчийг 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр зээлийн 1470006220 тоот дансанд 735 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэж дүгнээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 40 зүйлийн 40.1, 40.2 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж, хариуцагчид гардуулсан нэхэмжлэлд талуудын хооронд байгуулагдсан зээлийг гэрээг шүүхийн журмаар цуцлуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байсан. Гэтэл шүүхийн шийдвэрийн тодорхойлох нь зээлийн гэрээг шүүхийн журмаар цуцлуулах хүсэлт гаргаснаар шүүх уг шаардлагад дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн. Энэ шаардлагыг хариуцагч нарт гардуулаагүй. Мөн нэхэмжлэгч нь шүүхэд зээлийн гэрээний үүрэгт 871 313 078 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэсэн 2 нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэрнээ зөвхөн зээлийн гэрээний үүрэг шаардсан шаардлагадаа тохирсон улсын тэмдэгтийн хураамжийг төлж, харин 2 дахь шаардлага болох үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангах шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн тус шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэрнээ улсын тэмдэгтийн хураамж нь нэхэмжлэгчийн төлснөөс илүү хэмжээгээр хариуцагчаас гаргуулж байгаа нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн бодсон нь шүүхийн шийдвэрт тодорхойгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2017/02207 дугаартай шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.2, 168.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

                                     

            Нэхэмжлэгч “ХБ” ХХК нь хариуцагч “БИБ” ХХК болон Ш.О, О.Ө нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 871 313 078 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

                        Нэхэмжлэгч “ХБ” ХХК болон хариуцагч Ш.О, О.Ө нар нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зээлдүүлэгч “ХБ” ХХК нь 735 000 000  төгрөгийг зээлдүүлэх, зээлдэгч Ш.О, О.Ө нар нь жилийн 19.2 хувийн хүүтэй, 84 сарын хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгийг төлж барагдуулах үүргийг тус тус хүлээж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуарангийн 1 дүгээр гудамж, 191 тоот хаягт байшилтай 960 м.кв талбайтай Ү-2204058784 тоот улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуарангийн 1 дүгээр гудамж, 191 дүгээр барилгын зоорийн давхар тоот хаягт байршилтай 192 м.кв талбайтай Ү-2204075900 тоот улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуарангийн 1 дүгээр гудамж, 191 дүгээр барилгын 1 давхар тоот хаягт байршилтай 192 м.кв талбайтай Ү-2204049182 тоот улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуарангийн 1 дүгээр гудамж, 191 дүгээр барилгын 2 давхар тоот хаягт байршилтай 192 м.кв талбайтай Ү-2204075899 тоот улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуарангийн 1 дүгээр гудамж, 191 дүгээр барилгын 3-5 давхар тоот хаягт байршилтай 576 м.кв талбайтай Ү-2204075898 тоот улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, цахилгаан дэд станцын зүүн урд байршилтай нэгж талбарын 133025/5021 тоот дугаартай 759 м.кв талбайтай газар, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, нэгж талбарын 18649310952454 дугаартай 448 м.кв талбайтай газар, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1-191 тоот хаягт байршилтай нэгж талбарын 3025/5011 тоот дугаартай 515 м.кв талбайтай газрыг тус тус барьцаалсан байна. /хх-ийн  15-24 дүгээр тал/                                         

                                                                                                           

            Зохигчдын байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хийсэн хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч “ХБ” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг шаардах, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хариуцагч нараас шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “… зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй” гэж зээлийн гэрээний 1.1-т зээлийн хүүг жил бүр төлөх хуваарийг нарийвчлан тохиролцсон байгаа нь хуулиар хориглоогүй хэлцэл тул уг хэлцлээр хүлээсэн үүргээ хариуцагч нар нь биелүүлэх үүрэгтэй болно.

 

            Хариуцагч зээлийн гэрээний дагуу 735 000 000 төгрөгийг хүлээн аваагүй гэж маргасан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүйгээс гадна, хэрэгт зээлдүүлэгчээс дээрх мөнгөн хөрөнгийг зээлдэгч нарт шилжүүлсэн бичгийн нотлох баримт болох дансны хуулга, зарлагын баримтаар уг тайлбар няцаагдаж байна. /хх-ийн 14, 82-83, 107 дугаар тал/

 

Хариуцагч  нар нь зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан боловч зээлийн төлбөрийг хуваарийн дагуу хугацаанд нь төлөх үүргээ зөрчиж, биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч “ХБ” ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээг цуцлах талаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна. /хх-ийн 104 дүгээр тал/ Үүнээс хойш хариуцагч нар нь хэргийн материалтай удаа дараа танилцсан /хх-116, 120, 142, 159/ байх тул нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг шүүх гардуулаагүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Зээлдэгч  нар нь зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлөөгүй болох нь дансны хуулга, зээлийн тооцоолол зэргээр тогтоогдсон тул анхан шатны шүүх зээлийн үндсэн төлбөр 735 000 000 төгрөг, зээлийн хүү 135 926 366 төгрөг, нийт 870 926 366 төгрөгөөр тооцож хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.

 

Анхан шатны шүүх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэхүү шүүх хуралдааны товыг эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тов гарахаас өмнө мэдсэн, зохигчдын хүсэлтээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан, шүүх талуудын мэтгэлцэх эрхийг хязгаарлаагүй гэж дүгнэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг шаардлагад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-т заасны дагуу нэхэмжлэлийн үнийг тодорхойлж, мөнгөн хөрөнгөд ногдох улсын тэмдэгтийн хураамж төлсөн нь тус хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй байна. Мөн анхан шатны шүүх хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт гаргуулж шийдвэрлэсэн 870 926 366 төгрөгт ногдох  4 512 582 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2017/02207 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заладах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 512 590 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

                                                                                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ