Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 221/2015/0000/З |
Дугаар | 221/МА2015/0400 |
Огноо | 2015-08-26 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2015/0400
2015 оны 8 сарын 26 өдөр | Дугаар 221/МА2015/0400 | Улаанбаатар хот |
Э ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Татварын улсын байцаагч нарын 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 200010283 дугаартай актыг хүчингүй болгуулах гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Э ХХК-ийн 2009-2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд төлөвлөгөөт шалгалт хийж, 278094742 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр 200010283 дугаартай акт тогтоосон. Тус компани нь 50 айлын орон сууцыг барьж ашиглалтанд оруулан улсын комисст хүлээлгэн өгсөн. Тухайн орон сууцыг барихад зориулж авсан санхүүжилтийг борлуулалт гэж үзэн өөрсдөө хүлээн зөвшөөрөөд 2013 оны санхүү, татварын тайлангууддаа тусган татвар ногдуулсан. Улсын комисс хүлээн авсан акт, тайлангаас харахад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5.3, 7.1 заалтуудын дагуу эцсийн борлуулалт болох нь тодорхой. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар цалин хөлснөөс цэнхэр дэвтэрт бичилт хийж суутгасан бол төсөвт тушаах ёстой, суутгаагүй бол мэдээ өгөх ёстой. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 8 дугаар зүйлийн 8.1.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг тус тус баримтлан Орхон аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар 09-ний өдрийн 200010283 тоот төлбөр ногдуулсан актын тогтоох хэсгийн 2.1 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 24 дугаар шийдвэр нь хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтын ач холбогдлыг дутуу үнэлэн дүгнэлт хийсэн бөгөөд хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан хэмээн үзэж дараахь үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:
Орхон аймагт үйл ажиллагаа явуулж тус Татварын хэлтэстэй харьцдаг 2011012019 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 2852055 тоот регистрийн дугаартай Э ХХК-ний 2009-2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын хяналт шалгалт хийх томилолт, Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж-ын дагуу төлөвлөгөөт шалгалт хийж, 200010283 тоот татварын улсын байцаагчийн актаар 27,809,474.20 төгрөгийн төлбөрийг Э ХХК-иар төлүүлж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн юм.
Гэтэл тус компанийн ТУЗ-ийн дарга С.Мишиг, санхүү эрхэлсэн захирал Б.Ш нар уг актын төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд гомдол гаргасныг захиргааны хэргийн анхан шатны 11-р шүүхийн шүүгч Б.М дараах байдлаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж хариуцагч татварын улсын байцаагчаас захиргааны хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргаж байна.
Захиргааны хэргийн анхан шатны 11-р шүүхээс татварын улсын байцаагчийн актаас нэмэгдсэн өртгийн албан татварын 9,175,772.40 төгрөгийн нөхөн татвар, 4,572,886.20 төгрөгийн торгууль, 27,437.40 төгрөгийн хүү нийт 13,746,096.00 төгрөгийн төлбөрийг хүчингүйд тооцож бусад заалтыг хэвээр үлдээсэн шийдвэр гаргасан.
Уг шүүхийн шийдвэр нь орлогын нэг эх үүсвэртэй хоёр төрлийн татварын /ААНОАТ, НӨАТ/ нэгийг төлүүлж нөгөөг хүчингүй болгож байгаа нь Татварын багц хуулийг мэдэхгүй үнэн бодит байдлыг нягтлан шүүж чадаагүй шийдвэр гэж үзэж байна.
Уг барилгыг улсын комисс хүлээн авсан мөн бүх айлууд нь байрандаа нүүж орсон бүх мөнгө төгрөгөө авсан зэргээс үзэхэд уг барилгыг борлуулж дууссан гэсэн үг юм. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч компанийн тухайн жилд олсон орлогод ААНОАТ, НӨАТ ногдуулдаг хуулийн дагуу татвар ногдуулж хариуцлага тооцсныг 2 эх үүсвэртэй болгож аж ахуй нэгжийн орлогын албан татварын төлбөрийг хүлээн зөвшөөрч, нэмэгдсэн өртөгийн албан татварын төлбөрийг хүлээн зөвшөөрөөгүй нь буруу гэж үзэж гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Э" ХХК нь Орхон аймагт 50 айлын орон сууц барих барилгын ажлыг 2005 онд эхлүүлэн 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр комисст хүлээлгэн өгч, барилга бүрэн хэмжээгээр ашиглалтад орсон гэж дүгнэсэн байгаа атал эцсийн борлуулалт гэж үзэхэд учир дутагдалтай байна хэмээн шүүхийн шийдвэр өөрөө алдаатай гарсан хэмээн үзэж байна. Мөн орон сууц санхүүжилтийн корпорациас авлагатай гэж нэхэмжлэгчийн тайлбараар нотлох баримтгүйгээр дүгнэсэн нь алдаатай шийдвэр юм. Нөгөөтэйгүүр, татварын улсын байцаагчид хяналт шалгалтыг хийж төлбөр ногдуулахдаа орлого болон бодит борлуулалтад үндэслэсэн байгаа. Өөрөөр хэлбэл бусдаас авах авлагад урьдчилан татвар ногдуулаагүйг анхаарах шаардлагатай байсан. гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Э ХХК-аас Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 200010283 дугаар актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/102 дугаар тушаалаар батлагдсан Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж болон Татварын хяналт шалгалт хийх томилолтын дагуу Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Базар, Ч.Цэрэндорж нар 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Э ХХК-ийн 2009-2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт явуулж, уг шалгалтаар нийт 201.507.224 төгрөгийн зөрчил илрүүлж, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2 дахь заалтыг үндэслэн 18.444.046.6 төгрөгийн нөхөн татвар, 7.362.368.5 төгрөгийн торгууль, 1.975.621.7 төгрөгийн алданги, 27.437.4 төгрөгийн хүү, нийт 27.809.474.2 төгрөгийн төлбөрийг Э ХХК-аас гаргуулахаар татварын улсын байцаагчийн Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 200010283 дугаар актыг үйлджээ.
Анхан шатны шүүх Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, Хувь хүний албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 8 дугаар зүйлийн 8.1.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг тус тус баримтлан Орхон аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 200010283 дугаар төлбөр ногдуулсан актын тогтоох хэсгийн 2.1 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Өөрөөр хэлбэл, Татварын улсын байцаагчийн нарын Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 200010283 дугаар акт нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, 74.3-д Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна гэж заасантай нийцсэн гэж үзэхээр байна.
Учир нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Энэ хуулийн 5.3-д заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого, гадаад улсад олсон орлогод албан татвар ногдоно, 7.3.1-д үйл ажиллагааны орлого, 8 дугаар зүйлийн 8.1.1-д үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого гэж, мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна, 7.1.1 Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ гэж аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны орлогод татвар ногдуулахаар заасан байхад нэхэмжлэгч Э ХХК нь 2009-2013 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тайландаа 2009 онд гэрээний санхүүжилт 2.247.176.00 төгрөгийг, 2013 онд барааны үнийн зөрүүгийн орлого 89.201.548.00 төгрөгийг тусгаагүй орхигдуулан татвар ногдуулан төлөөгүй нь татвар ногдуулах орлогоо үнэн зөв тайлагнаагүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан санхүүгийн баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна.
Мөн хэрэгт авагдсан нэхэмжлэгч компанийн санхүүгийн баримтаас үзэхэд тус компанийн 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан 40.000 орон сууц хөтөлбөрийн хүрээнд Э ХХК-ийн барьсан орон сууцны барилгын гүйцэтгэлийн тооцооны хуудаст 42.094.010 төгрөгийн авлагатай гэж тусгасан бөгөөд уг төлбөр тооцоотой холбогдуулан хариуцагч татварын улсын байцаагч нар татвар ногдуулж, хүү, алданги, торгууль тооцоогүй байна.
Өөрөөр хэлбэл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.2-д бараа, ажил, үйлчилгээг борлуулж төлбөрийн баримт үйлдсэн өдөр гэж татвар ногдох хугацааг хуулиар тодорхойлон зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн барилга угсралтын ажил гүйцэтгэсэн бол эцсийн борлуулалтад нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна гэж заасан байхад захиалагчтай эцсийн тооцоо хийж төлбөр тооцоогоо дуусгаж чадаагүй байхад нийт 42.094.010 төгрөгийн авлагатай байгаа учир Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-д заасан нөхцөл бүрдээгүй, борлуулалтын тооцоогүй гэх зөрчил нь 2008 онд гүйцэтгэсэн материалын үнийн зөрүүгийн нөхөн олголтын тооцоо юм. Үүнийг татварын улсын байцаагч буруу ойлгож Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар ногдох ёстой орлого гэж үзээд акт бичиж нөхөн татвар ногдуулж, хүү, алданги, торгууль тавьсан нэмэгдсэн өртгийн албан татварын давхардуулан авсан акт болсон гэж маргаж байгаа үндэслэлгүй юм.
Түүнчлэн анхан шатны шүүх Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 200010283 дугаар татварын улсын байцаагчийн актын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан шүүхийн шийдвэрийн үндэслэл нь дээрх дүгнэлтээр үгүйсгэгдэж байна.
Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР