Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2020/00325

 

“...банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн     

          2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/00386 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 899 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: “...банк” ХХК

          Хариуцагч: “....муфьт” ХХК

          Хариуцагч: “....грэйди мэн” ХХК

          67,605,083 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Булганхишигийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Оюун-Эрдэнэ, нарийн бичгийн даргад Ц.Энхтүвшин нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: ....муфьт ХХК нь 2017-07-27-ны өдөр ЗГ2105116294 тоот зээлийн гэрээг ...банк ХХК-тай байгуулж 100сая төгрөгийн зээлийг нэг жилийн 35,4%-н хүүтэй, 12 сарын хугацаатай авсан. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2017-07-27-ны өдрийн БГ2105116294 тоот гэрээгээр ....грэйди мэн ХХК-н өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-,,,,,,,52639 дугаартай, Нийслэлийн ХУД-н ..-р хороо, .. байр 902 тоот хаягт байршилтай орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2018-07-27-ны өдөр дууссан боловч ....муфьт ХХК нь зээл төлөөгүй. 2018-12-17-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 56,328,814.03 төгрөг, зээлийн хүү 9,451,203.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,825,065.88 төгрөг, нийт 67,605,083.19 төгрөг байна. Иймд  ....муфьт ХХК-с зээлийн гэрээний үүрэгт нийт 67,605,083.19 төгрөг гаргуулж, “....грэйди мэн” ХХК-с барьцаанд авсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

       Хариуцагч тал тайлбартаа: ...банк ХХК нь шуурхай зээл нэрээр .... муфьт ХХК-д банкны системд хамаарал бүхий арилжааны 14 банкны алинд нь ч үйлчилдэггүй өндөр хүү буюу банк бус санхүүгийн байгууллагад мөрдөгддөг хүү, шимтгэлийн нөхцөл болох жилийн 35.4%, сарын 3 хувийн хүүтэй зээл олгосон байна. Тус компанийн бизнесийн үйл ажиллагааны доголдлоос болж төлбөрийн чадвар муудсан, мөн зээлийн барьцаанд бариулсан орон сууцыг худалдан авсан иргэд нь ипотекийн 8%-н зээл авахаар банканд хандсан боловч санхүүжилт дууссан шалтгаанаар зээл олгогдохгүй удааширсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаануудын улмаас төлбөрийг хуваарийн дагуу төлж чадаагүй. Зээлийн хүүнд нэг удаа 3 сая төгрөг төлсөн. Банкны шаардлагаар 100сая төгрөгийн гэрээний үүрэгт ХУД-н ..-р хороо, ..-р байрны 901 тоот 1 өрөө шинэ орон сууцыг 90 сая төгрөгөөр, мөн 70.5 м.кв талбай бүхий 902 тоот 3 өрөө шинэ орон сууцыг 140 сая төгрөгөөр тус тус үнэлж барьцаалсан. “... хороолол” гэж нэрлэгдсэн тус хотхонд шинэ орон сууцны 1 м.кв талбайн зах зээлийн үнэ ханш 2.6 сая төгрөгөөр худалдагдан борлогддог. Барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангах тохиолдолд зах зээлийн үнээс харьцангуй доогуур буюу даруй 600 мянган төгрөгөөр худалдан борлуулахаар талууд  тохиролцсон нь гэрээний нөхцөлөөр тодорхойлогдсон байна. Гэтэл банк гэрээний үүргийг зөрчиж, 901 тоот 1 өрөө шинэ орон сууцыг 1 м.кв талбайг нь 1.644 төгрөгөөр худалдан борлуулж зээлийн төлбөрөөс 74.8 сая төгрөгийг хассан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ энэ талаар дурдаагүй. Иймд төлбөрөөс гэрээний талууд барьцаа хөрөнгийг худалдан борлуулах талаар харилцан тохиролцсон үнэлгээ болох 90 сая төгрөг, уг барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан үнэ 74,983,000.08 төгрөгийн зөрүү болох 15,016,992.92 төгрөгийг хасч тооцох үндэслэлтэй байна. Түүнчлэн,гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацаанд зээлийн хүү тооцож нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль 22,  гэрээ 1, ИХ-н 451.1-р банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгө хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар шилжүүлнэ, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгийг, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүрэг хүлээнэ. ... банк ХХК, .... муфьт ХХК-ийн хооронд 2017-07-28-ны өдөр байгуулсан Шуурхай зээлийн гэрээний хавсралт төлбөрийн хуваариар тогтоосон 2017-07-27-с 2018-07-27-ны өдөр хүртэлх хугацаанд төлөгдөх нийт зээл, хүүгийн төлбөр 123,676, 392 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй ба 77, 892,589.08 төгрөг нь төлөгдсөн байна. Нэхэмжилсэн 67,605,083.19 төгрөгнөөс үндэслэлгүйгээр нэхэмжилсэн 15,016,992.92 төгрөг, зээлийн гэрээний хугацаа 2018-07-27-ны өдөр дууссанаас хойш хугацааны хүү тооцооллын хүснэгтэд зааснаар 7,812,266.36 төгрөгийн үндсэн хүү, 1,562,451 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү бүгд 9,374,719.64 төгрөгийг хасна. ИХ-н 216.4-т үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасны дагуу нэхэмжлэлийн дүн нийт 24,391,712 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...банкыг төлөөлөх эрхгүй этгээд зээл олгосон.. хуулиас давсан зохицуулалтаар зээлийн хүүг тооцсон.. хоёр үл хөдлөх хөрөнгө барьцаалснаас 1 орон сууцыг нь зараад, банк өөрийн оролцоотойгоор ..зах зээлийн үнээс хэт доогуур үнээр борлуулсан. Энэ худалдах, худалдан авах гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн. Тус гэрээнд байрыг 80 сая төгрөгөөр үнэлж зарсан байдаг. Гэтэл ипотекийн гэрээгээр зах зээлийн ханшаар буюу зээлдэгч зээлдүүлэгчийн харилцан тохиролцоод 90 сая төгрөгөөр үнэлсэн байдаг. 80 сая төгрөгөөр зарчихаад 75,000,000 төгрөгнөөс зээлийн төлбөрийг хийхдээ 43,671.185.97 төгрөгийг үндсэн зээлд, 29.483.835.70 төгрөгийг хүүгийн төлбөрт, 1.827.978.38 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт суутгаж, үлдэх 5,000,000 төгрөг нь алга болсон байдаг. Энэ дараалал нь хуульд нийцэхгүй байгаа. Мөн дээрх хуулийг үндэслээд нэмэгдүүлсэн хүү нь гүйцэтгээгүй үүргийн 20%-с хэтрэхгүй байхаар зохицуулсан болохыг харгалзан үзэхийг хүсэж байна. .. 90 сая, 140 сая төгрөгөөр тус тус үнэлэгдсэн цоо шинэ 2 орон сууцыг барьцаалсан. 1 үл хөдлөх хөрөнгийг нь банк хууль дүрэм зөрчиж, зээлдэгчийг илтэд хохироож, барьцаа хөрөнгийг худалдаж борлуулсан учраас дараагийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь арай дэндүү ашгийн төлөө улайрсан үйлдэл гаргаж байна. Зээлийн төлбөрийг хуульд заасан дарааллын дагуу хасаад явсан бол өнөөдрийн байдлаар ... банкны системд үүссэн 67 сая төгрөг хуримтлагдахгүй байсан байх. Мөн зээлийн гэрээний хугацаа 2018-07-27-ны өдөр дууссан боловч ... банк ХХК-иас зээлийн хугацаа дуусаад сар хүрээгүй байхад нэмэгдүүлсэн хүү тооцсон. Гэрээний хугацаа дууссанаас хойших хүү, алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

      Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 182/ШШ2019/00386 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-д заасныг баримтлан “....муфьт” ХХК-с 57,746,780 төгрөгийг гаргуулж, “... банк” ХХК-нд олгон, нэхэмжлэлээс 9,858,303 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар “....муфьт” ХХК төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн .. дугаар хороо, ..... дугаар байрны 902 тоот, 70.5 мкв, 3 өрөө /Ү-......52639/ орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 566,175 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, “....муфьт” ХХК-с 446,683 төгрөг, “....грэйди мэн” ХХК-с 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдсэн байна.

      Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 899 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 182/ШШ2019/00386 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч талаас төлсөн 516,883 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

    Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Хоёр шатны шүүх “... банк” ХХК-ийн салбар, нэгжийн зээлийн нөхцөл буюу эрхлэх үйл ажиллагааны хязгаарыг тогтоосон хэм хэмжээ болох хх-н 49-р талд авагдсан ... банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016-05-04-ний өдрийн тоот тушаалаар батлагдсан “Бизнес, шуурхай, бичил бизнесийн зээлүүдийн нөхцөл, шаардлага”-ыг шийдвэр, магадлалдаа иш татаж нотлох баримтын хувьд буруу үнэлж, уг баримтыг үндэслэн төлөөлөх эрхийн тухайд дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Дээрх баримтыг арилжааны банкнаас авсан зээл нь сарын 3 хувь, жилийн 36 хувийн хүүтэй байгаа нь банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос олгодог зээлийн хүүтэй дүйцэх өндөр хэмжээтэй байгааг нотлох зорилготой “....грэйди мэн” ХХК-с шүүхэд хүсэлт гаргаж, нэхэмжлэгчээс гаргуулан хэрэгт баримтаар хавсаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн явцад зээлийн нөхцөлийн талаар хариуцагч тал маргаагүй ба энэ баримт нь төлөөлөх эрхийн талаарх маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байхад шүүх өнгөц, буруу дүгнэлт хийснийг залруулж өгнө үү. “Шуурхай зээлийн гэрээ”-нд “... банк” ХХК-ийн 120 мянгат салбарын захирал Б.Энхдолгион, ахлах банкир Д.Цэрэнлхам, банкир Т.Тунгалагсайхан нар гарын үсэг зурсан байдаг. ... банк ХХК-ийн салбар, нэгж нь эрх зүйн харилцаанд “... банк” ХХК-ийг төлөөлөх эрх нь холбогдох хууль, журамд зааснаар ... банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэгдэж хавсаргагдсан байхаар зохицуулагджээ. Хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс банкны нэгжийн талаарх Монголбанкны холбогдох журмуудыг хэрэгт баримтаар гаргаж өгсөн. Банкны тухай хуулийн 3.1.1-д “банк”.. 3.1.13-т “банкны нэгж”.. 18.2-т “Банк, түүний салбар байгуулах ..Монголбанкны зөвшөөрөл авна.”.., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20-д “..зээлдүүлэгч... ..зээл гэх..” гэнэ гэж тус тус заасан. Монголбанкны Еренхийлөгчийн 2012-07-03-ны өдрийн А-99 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Банкны нэгжийн журам”-ын 2.1.1; 2.2; 2,3; 2.4; 2.5; 2.7 дахь хэсгүүдэд банкны салбар, тооцооны төв байгуулахад Монголбанкнаас тухайн банканд ерөнхий зөвшөөрлийг нэг жилд 2 удаа, тус бүр 6 сар хүртэлх хугацаагаар олгох, банк нь нэгж байгуулахдаа тухай бүр шийдвэр гаргаж 3 хоногийн дотор харилцагчдад мэдээлэх ба Монголбанкинд албан бичгээр ирүүлж бүртгүүлэх, салбарын мэдээллийг банкны гэрчилгээний хавсралтад тэмдэглүүлэн баталгаажуулах тухай журамлагджээ. “Шуурхай зээлийн гэрээ”-г байгуулсан ... банкны 120 мянгат салбар нь хуулийн дээрх заалтуудын шаардлага болох зээл олгох хуулийн этгээдийн эрхгүй этгээд бөгөөд банкны салбарын эрх, зүйн байдлын талаар зохицуулсан Монголбанкны журмын шаардлагыг хангасан баримтаар төлөөлөх эрхээ нотлоогүй учраас уг гэрээ нь Иргэний хуулийн 56.1.8-д заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй буюу төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл учраас хүчин төгөлдөр бус хэлцэл мөн. ... банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “... банк” ХХК нь “120 мянгат салбар”-тай эсэхийг батлах тэмдэглэгээ байхгүй, дээрх хууль болон журмын шаардлагыг хангаагүй, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдах үед ... банк ХХК-ийг хууль ёсоор төлөөлөх эрхтэй байсан гэдэг нь нотлогдохгүй байгаа нь талуудын хооронд 2017-07-28-ны өдөр байгуулагдсан “Шуурхай зээлийн гэрээ”-г “... банк” ХХК-ийн талаас төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Иймд хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн нэхэмжлэлийн 1-р шаардлагаас 57,746,780 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалт үндэслэлгүй байна. “.... муфьт” ХХК нь шударга ёсны зарчмын үүднээс Иргэний хуулийн 56.5-д заасны дагуу дээрх хүчин төгөлдөр бус хэлцлээр тус компанид шилжсэн 100сая төгрөгнөөс 77,892,589.08 төгрөг нь нэхэмжлэгчид буцаан олгогдсон ба зөрүү 22,107,411 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тайлбараа хуулийн үндэслэлтэйгээр маш дэлгэрэнгүй тайлбарласан боловч шийдвэрт тусгаагүй, зөвхөн шүүхэд бичгээр гаргасан тайлбарыг хуулж бичсэн байна. /Шүүх хуралдааны тэмдэглэл, аудио бичлэгт тэмдэглэгдэн үлдсэн/. “Шуурхай зээлийн гэрээ”-ний хавсралт БГ2105116294 дугаартай “Ипотекийн гэрээ”- ний 7.2-т “Энэ гэрээний дагуу үүссэн барьцааны эрх нь Зээлийн гэрээ болон түүний нэмэлт өөрчлөлтийн гэрээнүүдэд нэгэн адил хамаарах бөгөөд энэхүү гэрээ нь Зээлийн гэрээ болон түүний нэмэлт өөрчлөлтүүдийн гэрээний салшгүй хэсэг байна.” гэж заасан байх ба уг гэрээнд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нөхцөлөөр байгуулж байгаа, зээлийн гэрээний салшгүй хэсэг буюу үндсэн гэрээний хамт хүчинтэй байх нөхцөл тусгагдсан. Ийнхүү үндсэн гэрээ хуулийн шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус байх хэлцэл учраас Иргэний хуулийн 56.1.10-т заасны дагуу үндсэн гэрээний хавсралт№2 “Ипотекийн гэрээ” дангаараа хэлцлийн агуулгыг илэрхийлэхгүй тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдоно. Иймээс барьцааны зүйл 902 тоот 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангасан Шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалт хууль зүйн үндэслэлгүй байна. Дээрх үндэслэлүүдээр ... банк” ХХК-ийн 120 мянгат салбар, “.... муфьт” ХХК-ийн хооронд 2017-07-27-ны өдөр байгуулагдсан №3/7105116294 дугаартай “Шуурхай зээлийн гэрээ”, энэхүү “Шуурхай зээлийн гэрээ”-ний хавсралт БГ2105116294 дугаартай “Ипотекийн гэрээ” нь тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

   “...банк” ХХК 2018-12-18-ны өдөр шүүхэд хандаж, “....муфьт” ХХК-с нийт 67,605,083.88 төгрөг гаргуулах, “....грэйди мэн” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн .. дугаар хороо, ... дугаар байр, 902 тоот орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

   Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг заасан, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

   Хариуцагч нар хяналтын гомдолдоо “...банкнаас олгосон зээл нь өндөр хүүтэй байна... гэрээ байгуулахдаа Монголбанкны журмын шаардлагыг хангасан баримтаар төлөөлөх эрхээ нотлоогүй тул гэрээ Иргэний хуулийн 56.1.8-р хүчин төгөлдөр бус байна... “...банк” ХХК нь “120 мянгат салбар”-тай эсэхийг батлах тэмдэглэгээ байхгүй тул төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан....иймд 22,107,411 төгрөг төлөхийг зөвшөөрнө... нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа тайлбарыг шийдвэрт тусгаагүй...зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус тул барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус...” гэжээ.

   Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

  “...банк” ХХК нь “....муфьт” ХХК-тай 2017-07- 27-ны өдөр гэрээ байгуулж, 100 сая төгрөгийг нэг жилийн 35.4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлүүлсэн бөгөөд  “....грэйди мэн” ХХК-тай ипотекийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Нийслэлийн Хан-Уул дүүргийн .. дугаар хороо, ... дугаар байрны 902, 901 тоот орон сууцыг барьцаалсан нь тогтоогджээ.

   Банкнаас зээл олгох гэрээгээр банк, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

    Иймд шүүх зохигчийн хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт нийцсэн байна. 

    “....муфьт” ХХК, “....грэйди мэн” ХХК нэхэмжлэлийн зарим шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ баримтаар нотлоогүй байх тул нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хоёр шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзнэ. Түүнчлэн, шүүх хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлийн талаар тодорхой, хуульд нийцсэн дүгнэлтийг өгсөн байна.   

   Хариуцагчаас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 57,746,780 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах шийдвэр гаргахдаа хоёр шатны шүүх Иргэний хуулийн 174, 175, 451, 452 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/00386 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 899 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Булганхишигийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т баримтлан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Булганхишигээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 516,883 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ