| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2021/0008/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/1360 |
| Огноо | 2021-12-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/1360
2021 12 07 2021/ШЦТ/1360
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
улсын яллагч Ө.Мөнхнавч,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2106 02334 2121 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролгүй, цахилгаанчин мэргэжилтэй, Цагаан давааны хогийн цэгт ачигт ажилтай, ам бүл 8, эх, ах, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо Цайзын бор өндөр гудамжны 760 тоотод оршин суух хаягтай,
урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 714 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 272 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 339 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.3, 114 дүгээр зүйлийн 114.1, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар 7 жил хорих ял,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 333 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 7 жил хорих ял,
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 422 дугаартай захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хассан,
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 8 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 6 сар 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Ургийн овог тодорхойгүй, иргэний бичиг баримт аваагүй, *******
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Яллагдагч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 17-ны шөнө 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Нийтийн байрны хашаанаас иргэн Б.Төрболдын эзэмшлийн микро автомашины моторын дээд анги, хроп, обудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 730.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Хохирогч Б.Төрболдын “2021 оны 07 дугаар сарын 16-17 нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Монелийн нийтийн байр 2 давхар шар хашаанд микро автобус задлаад моторын дээд анги, хагас зуу кроп, starex, обуд алдагдсан байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Би микро автобусыг 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр задлаад янзалж байгаад 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 01 цагийн орчим гэртээ орж унтсан юм. Өнөөдөр өдөр 13 цагт сэрээд гарч ирээд үзэхэд уг эд зүйлс алдагдсан байсан бөгөөд хашааны камер шалгаж үзэх гэтэл кодыг нь мэдэхгүй гээд шалгаж болоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
“Дамно” ХХК-ий 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн БЗ1-21-610 дугаартай “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 730.000 төгрөгөөр үнэлэв” гэсэн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Яллагдагч Б.Мөнхтөрийн “2021 оны 07 дугаар сарын 17-ны шөнийн 00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын бор өндрийн гэрээсээ гараад Цайз худалдааны төв рүү уруудаад явж байсан чинь айлын хашааны хаалга онгорхой байсан би тоотыг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Би хашаанаас чирч гаргаад хашааны буланд тавьсан. Ойр орчимд хүн байгаа эсэхийг харж байгаад өргөж авч яваад Алтан-Өлгийн оршуулгын тэнд зэрлэг дотор нуусан. Маргааш нь 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагийн орчим очоод цайз 16 буудлын орчим 62 дугаар худгийн хажуу талын түүхий эдийн цэгт аваачиж 52.000 төгрөгөөр зарсан. Би 52.000 төгрөгийг нь гэр орондоо хоолны мах шөл аваад ахуйн хэрэглээнд зарцуулаад дуусгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
Эд мөрийн баримт буюу дүрс бичлэг бүхий CD-нд үзлэг хийсэн “...нэг хөл нь хазгар этгээд хажуу хашааны завсраар харж байна ... машины эд анги алдагдсан гэх нийтийн байранд жижиг гэрэл тусгасан хүн гаднаас орж ирж байна. Гэрэл барьсан, нэг хөл нь доголон этгээд шат руу гарч байхад хаалганы дээд талын мэдрэгчтэй гэрэл асаж байна. Уг этгээд буцаад гарч байна” гэсэн тэмдэглэл /хх-ийн 8-11 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой Төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний цахим үнэмлэх аваагүй /хх-ийн 79 дүгээр хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 39-78 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч *******ийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруу, хохирол, хор уршгийн талаар:
Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелийн нийтийн байрны хашаанаас хохирогч Б.Төрболдын эзэмшлийн микро автобусны моторын дээд эд анги, хроп, обуд зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 730.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Төрболдын мэдүүлэг /хх 18/, Эд хөрөнгийн үнэлгээ /хх 24-25/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8-11/, яллагдагч Б.Мөнхтөрийн мэдүүлэг /хх 36-37/, эд мөрийн баримт /CD/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Мөнхтөр, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирол дээр маргахгүй, хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.
Хулгайлах гэмт хэргийг хувьд бусдын өмчлөх эрхэд хүч хэрэглэхгүйгээр, нууц сэм аргаар, идэвхтэй үйлдлээр халдаж, бусдын эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлсний улмаас Эрүүгийн хууль заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.
Шүүгдэгч *******д нь хүний өмчлөх эрхийг эсрэг хүч хэрэглэхгүйгээр халдахдаа уг үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул түүний үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ. Энэ гэмт үйлдэл болон учирсан хохирол, хор уршиг хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Төрболдод 730.000 төгрөгийн бодит хохирол тогтоогдсон ба нөхөн төлөгдөөгүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар *******өөс 730.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Төрболдод олгох нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******ийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, 36 настай, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хорихоос өөр төрлийн ял оногдуулах эсхүл хорих ял оногдуулах бол доод хэмжээгээр оногдуулах саналыг тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.
*******ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* урьд удаа дараа ял шийтгүүлж байсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, дахивар хаягдал түүж амьдардаг, хогийн цэг дээр ажилладаг гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, хор уршгийн шинж чанар багатай байдал, шөнийн цагаар, хог ухах зорилготой хашаанд ороод гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал зэргийг харгалзан *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 21 хоног цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар цагдан хоригдсон 21 хоногийн 1 хоногийг 8 цагтай дүйцүүлэн тооцож, 168 цагийг эдлэх ялаас хасаж, эдэлбэл зохих нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 432 цагийн хугацаагаар тогтоолоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******д тайлбарлан мэдэгдвэл зохино.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Мөнхтөрд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар *******ийн цагдан хоригдсон 21 /хорин нэг/ хоногийн 1 /нэг/ хоногийг ажлын 8 /найм/ цагаар тооцон шүүхээс оногдуулсан 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ялаас 168 /нэг зуун жаран найм/ цагийг хасаж, эдлэх ялын хэмжээг 432 /дөрвөн зуун гучин хоёр/ цагийн хугацаагаар тогтоосугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар *******өөс 730.000 /долоон зуун гучин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Төрболдод олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох энэ шийдвэрийг эс зөвшөөрөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ