Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
Хэргийн индекс | 169/2022/0003/Э |
Дугаар | 2022/ШЦТ/04 |
Огноо | 2021-12-28 |
Зүйл хэсэг | 27.10.2.2., |
Улсын яллагч | Г.Эсэн |
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга: Ж.Б Прокурор Г.Э Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Д Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2122000000170 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.... оны .... дүгээр сарын ....-ны өдөр төрсөн, .......... боловсролтой, ........, ам бүл ......., ............үдийн хамт ........ аймгийн .............. сумын ........ дүгээр багийн “..........” гэх газар нутаглах, ............, ................, ............ овогт ******* гэв.-
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тус аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт гэрлэн зохицуулалттай дөрвөн замын уулзвар дээр 34-57 ДУА улсын дугаартай тоёота приүс 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, мөн дүрмийн 8.9.Гэрэл дохио дараах утгатай байна г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Т.Тийн жолоодож явсан 51-59 УНК улсын дугаартай Lehus RX400H дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарган Т.Тийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...Ажил явдал гараад аймагт ирсэн. Талийгаачийг нутаглуулах гэж машины цуваанд явж байгаад гэрлэн дохиогоо анзааралгүй улаан гэрлээр орсон байсан. Гэтэл баруун гар талаас лэксус маркийн машин ирээд мөргөсөн. Цагдаа дуудтал ирж хэмжилт хийгээд намайг 100% буруутай гэсэн. Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй..” гэв.
- Хохирогч Т.Т-ийн “...2021 оны 10 сарын 22-ны өдөр 13 цагийн орчимд 1-р сургуулийн зүүн талд байх гэрээсээ гараад “М Ойл” ШТС орж машиндаа бензин авах гээд АПУ дэлгүүрийн хойгуур ороод цаг уурын хойд гэрлэн дохион дээр ирэхэд ногоон гэрэл дохио асчихсан байсан. Тэгээд би зүүн гар тийш эргэх гээд уулзвар нэвтэртэл зүүн гар талаас Prius-30 машин гарч ирээд миний машины урдуур ороход би баруун гар тал руугаа дараад, зогсож амжилгүй мөргөсөн. Тэгээд юу болсныг сайн мэдээгүй, тас гээд л явсан.Би машинаасаа бууж ирээд “та яагаад улаан гэрэл асчихсан байхад яваад байгаа юм бэ” гээд гэрэл рүү заагаад хэлтэл нөгөө ах “ах нь ажил явдлын цувааны араас явж байгаад гэрлэн дохио хараагүй” гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дуудсан. Би хар саарал өнгийн, LEXUS RX400H маркийн 51-59 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл унаж явсан.Тухайн тээврийн хэрэгсэл манай том ах Т.Т-ийн нэр дээр байдаг. Би ногоон гэрэл ассан байсан болохоор уулзвар нэвтэрсэн. Би уулзвараар нэвтрэхдээ зүүн гар талын буюу 2-р эгнээгээр явж байсан...Миний хүзүүний 5-6 үеийн сэртэн яс хугарч урагшаа гүйсэн байна гэж хэлсэн. Нуруу өвдөөд байгаа. Машины эвдрэлийн үнэлгээ болох 10.340.000 төгрөгийг буруутай хүнээр гаргуулмаар байна. Миний эмчилгээний зардал болон бусад зардлыг өмгөөлөгчөөр дамжуулан өгөх болно. Намайг хохиролгүй болгож өгвөл ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг/хх-35/
- Иргэний нэхэмжлэгч И.Б-ийн “Би 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр аймгийн төвд осолдсон 34-57 ДУА улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч байгаа юм. Тухайн үед миний машиныг манай төрсөн аав болох ******* унаж яваад аймгийн төвд автомашинтай мөргөлдсөн байсан. Манай аав И тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхтэй эсэхийг нь мэдэхгүй байна. Би 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мал борлуулах ажилтай явсан байх хойгуур гэрт байсан машиныг аав хүний ажил явдалд явах гээд унаад явсан байна лээ. Тэрнээс би аавд машинаа өгөөгүй. Аав надад миний машиныг ажил явдалд унаж явах гэж байгаагаа хэлээгүй. Осол хийснийхээ дараа миний машинтай явж байгаад осол болсон талаар хэлсэн. Ингээд би өнөөдөр л Дундговь аймагт ирж байна. Миний төрсөн эцэг учраас миний эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй. Тэглээ ч миний машиныг манай аав надад банк бус санхүүгийн байгууллагаас 2021 оны 09 дүгээр сард авч өгч байсан юм. Тэгэхээр миний машиныг унах эрхтэй. Би төрсөн ааваасаа юу нэхэмжлэх вэ. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-38/
- Иргэний нэхэмжлэгч Т.Т-ийн “...51-59УНК улсын дугаартай Lexus RX400 маркийн автомашин нь миний нэр дээр байдаг. Ер нь бол ээждээ авч өгсөн машин болохоор зарж борлуулсан зүйл байхгүй, манай ээж л унаж хэрэглэдэг. Осол болдог өдөр манай ээж над руу яриад “дүү чинь осолд орчихлоо” гэсэн. Тухайн үедээ бол гайгүй л гэж бодсон. Үнэлгээний хариу гарсан болохоор үнэлгээний дагуу л төлбөр мөнгөө шилжүүлчихвэл болж байна. Төлбөр мөнгөө гүйцэт барагдуулаад дуусчихвал хэргийн материалтай танилцах шаардлага байхгүй” гэх мэдүүлэг/хх46-47/
- Яллагдагч *******-ын “...2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр манай ах дүүгийн хүн болох Арьяагийн ажил явдал болоод би Сайхан-Овоо суман дахь гэрээсээ өөрийн охин Б-ийн 34-57ДУА улсын дугаартай Prius-30 маркийн машиныг унаж, ах дүү нарынхаа хамтаар Наран бригадаас талийгаачийн оршуулах газрын үзчихээд буцаад аймгийн төвийн АПУ дэлгүүрийн уулзвараар хойноос урагшаа чиглэлтэй цуваагаар явж байтал гэрлэн дохио улаан асаж, би улаан гэрлээр уулзвар нэвтэрсэн. Тэгтэл миний баруун гар талаас буюу баруунаас зүүн чиглэлтэй явж байсан хар өнгийн Lexus RX400 маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн. Тэгээд миний машин зүүн тал руу хараад зогссон бөгөөд тухайн машины жолооч бууж ирээд цагдаад дуудлага өгсөн. Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Тухайн үед манай ах дүү нар ойролцоогоор 10 гаран машинтай явж байсан. Яг надтай хамт бол манай найз Ууганбаяр хамт явж байсан. Ажил явдалд оролцох гээд жолоо барьсан юм . Тухайн автомашин миний төрсөн охин И.Балжирмаагийн эзэмшлийн автомашин бөгөөд охин маань 2021.10.15-ны өдөр Улаанбаатар хот руу мал борлуулахаар явсан байсан. Явахдаа машинаа гэртээ үлдээчхээд явсан юм . Тэр хооронд нь ажил явдал болоод би охиныхоо машиныг унаж явсан, надад хэн нэгэн хүн жолоо шилжүүлж өгөөгүй. Би охиндоо машиныг нь унаж явсан талаар тухайн үед хэлж чадаагүй байсан. Уг машин миний төрсөн охин болох Балжирмаагийн машин, би охиндоо уг машиныг авч өгч байсан юм . Охиндоо заавал мэдэгдэхгүйгээр унаад явж болох байх гэж бодсон. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би замын хөдөлгөөний дүрэм сайн мэдэхгүй. Бид хоёрын биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй...”гэх мэдүүлэг/хх77-78/
- Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 257 тоот “Т.Т-ийн биед хүзүүний 5-р нугалмын арын сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 52-53/
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд“...Бичлэгийн цагаар13:07:01 цагт саарал өнгийн приус 30 маркийн автомашин хойноос урагш чиглэлтэй уулзвар нэвтэрч байгаа харагдах ба энэ үед хойноос урагш чиглэлтэй явах замын зохицуулах дохио улаан ассан байв. Бичлэгийн цагаар 13:07:07 секунд руу үсрэх үед тухайн приус маркийн автомашин марк нь үл мэдэгдэх хар өнгийн машинтай зүүн урд хэсгээрээ мөргөлдөж байгаа бичлэг байлаа. Уг камерын бичлэг нь бодит цагаас 2 минутаар хоцорч байв...” гэжээ. /хх-ийн 81/
- Мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн магадалгаанд “”Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна. Үүнд: 3.7.жолоочид дараах зүйлийг хориглоно: а/Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 8.9.Гэрэл дохио дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно...” гэжээ. /хх-ийн 83-рт/
- Тэнцвэр эстимэйт ХХК-ний үнэлгээний тайланд “Lehus RX400H, улсын дугаар 5159УНК автомашины нийт шууд зардлын дүн-9.210.000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн-10.340.000 төгрөг гэжээ. /хх-ийн 57/
- Хөрөнгө эстимэйт ХХК-ний үнэлгээний тайланд “Toyota Prius-30, улсын дугаар 3457 ДУА автомашины нийт шууд зардлын дүн-1.221.000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн-1.796.000 төгрөг” гэжээ. /хх-ийн 64/
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт гэрлэн зохицуулалттай дөрвөн замын уулзвар дээр 34-57ДУА улсын дугаартай Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгсэл, 51-59 УНК улсын дугаартай Lexus RX400 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн осол гарсан байна.
Зам тээврийн осолд өртсөн Toyota Prius-30 маркийн 34-57ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч *******, Lexus RX400 маркийн 51-59УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг хохирогч Т.Т нар тус тус жолоодож явсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Уг зам тээврийн осол нь Toyota Prius-30 маркийн 34-57 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан шүүгдэгч *******-ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а хэсэгт заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг, мөн дүрмийн 8.9./г хэсэгт заасан “...гэрэл дохио дараах утгатай байна, улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас гарсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн магадалгаа зэргээр тогтоогдож байна.
Уг ослын улмаас Lexus RX400 маркийн 51-59УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т.Тийн эрүүл мэндэд “хүзүүний 5-р нугалмын арын сэртэнгийн хугарал” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Гэвч шүүгдэгч Т.И нь Toyota Prius-30 маркийн 34-57 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох тухайн ангилалд тохирсон жолоодох эрхийн үнэмлэхгүй болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байх тул энэ шинжээр нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогч Т.Тийн эрүүл мэндэд учирсан 1.168.003 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.
Шүүгдэгч нь хохирогч Т.Т-ийн баримтаар нэхэмжилсэн хохирол 1.168.003 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Т.Түвшинбилэгийн баримтаар нэхэмжилсэн 10.340.000 төгрөгийн хохирлоос 9.831.997 төгрөгийг тус тус төлсөн, иргэний нэхэмжлэгч Т.Т-т төлөгдөөгүй үлдсэн хохирол 508.003 төгрөгийг нөхөн төлөхөө шүүх хуралдаанд илэрхийлж байна.
Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч Т.Т-д 1.168.003 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Т.Түвшинбилэгт 9.831.997 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Ослын улмаас иргэний нэхэмжлэгч Т.Т-ийн эзэмшлийн Lexus RX400 маркийн 51-59УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 10.340.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэргийн 57-рт авагдсан үнэлгээний тайлангаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь 9.831.997 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Т.Түвшинбилэгт төлсөн, 508.003 төгрөгийг төлөөгүй байх тул шүүгдэгчээс 508.003 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Т.Т-т олгохоор шийдвэрлэлээ.
Хэрэгт тухайн зам тээврийн осол болох үед хийгдсэн хяналтын камерын бичлэгийг CD-д хуулбарлан хавсарган ирүүлсэн байх тул уг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгох ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ...... овгийн .......... И-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч .......... овгийн ...... И-т Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******-т тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч Т.Төд 1.168.003 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Т.Т-т 9.831.997 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-аас 508.003 /таван зуун найман мянга гурван/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Т.Т-т олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн CD-г эрүүгийн 2122000000170 дугаартай хэрэгт хэргийн хадгалах хугацаа дуустал хавсаргасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгомогц хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолд бүхэлд нь, иргэний нэхэмжлэгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэг давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХБАТ