Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 01838

 

оны 08 сарын 18 өдөр

    Дугаар 184/ШШ2017/01838

            Улаанбаатар хот

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 17 байр, 1 тоотод оршин суух Ямаа овогт Доржготовын Дэслэгч /РД:СЮ59110814/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Зээлийн 36 дугаар гудамж, 10 тоотод оршин суух Боржигон овогт Сааралын Эрдэнэтуул /РД:ШЕ85071064/-д холбогдох

Автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Болормаа, өмгөөлөгч Р.Пүрэвлхам, хариуцагч С.Эрдэнэтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Дэслэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие өөрийн эзэмшлийн 95-25УНР улсын дугаартай Ниссан Тино маркийн автомашиныг зарна гээд цонхон дээр нь бичиг бичээд явж байгаад С.Эрдэнэтуул, н.Онцгэрэл нартай таараад авахаар болсон. Тухайн үед машинаа 7,000,000 төгрөгөөр зарахаар явж байсан. 7,000,000 төгрөгөөр нь авахаар тохирсон. 2017 оны 8 дугаар сард 7,000,000 төгрөгөө шилжүүлж авсан. Өнөөдрийг хүртэл нийт 5 жилийн хугацаанд машинаа эзэмшиж байна. Хариуцагч нь худ ураг байсан учраас автомашиныг, бичиг баримтынх нь хамт өгөөд явуулсан байсан бөгөөд 2014 оны 01 сарын 29-ний өдөр автомашинаа өөрийн нэр дээр шилжүүлэхтэй холбоотойгоор автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болно. Автомашинаа шилжүүлээгүйгээс үүсэх үр дагавар байгаа тул худалдаж авсан машинаа өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Эрдэнэтуул шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

            Л.Болормаа гэгч этгээд өөрийн хөрөнгөөр “Ниссан тино” маркийн автомашин худалдан авсан бөгөөд хүргэн хүү Д.Дэслэгчийн нэр дээр худалдан авсан байдаг. Д.Дэслэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Болормаа нь “... чи миний машиныг 6,000,000 төгрөгөөр ав, хэрэв мөнгө байхгүй бол миний дүү Л.Гэрэлмаагийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11-р хороолол, 7 дугаар байрны 00 тоот 16 м.кв байрыг нэр дээрээ шилжүүлж аваад зээл ав. Энэ зээлсэн мөнгөнөөс машины мөнгөө надад өг, тэгээд та нар зээлийг төлж дуусгаарай дараа нь 4-6 жил хэрэглэж болно” гэж харилцан тохиролцож Л.Гэрэлмаа миний нэр дээр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11-р хороолол, 7 дугаар байрны 00 тоот Ү-000214822 тоот гэрчилгээтэй 16 м.кв талбай бүхий байрыг сайн дураараа надад шилжүүлж өгч Транс Капитал банкнаас 10,000,000 төгрөгийн зээл авч нэр дээр шилжүүлж, зээл авч өгсөн гэж Л.Болормаад нийт 7,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Л.Болормаагаас авсан машин эвдэрхий, үзлэг оношилгоонд ороогүй байсан, миний нэр дээр шилжиж ирээгүй, авто замын хөдөлгөөнд оролцоогүй харин ч миний бие зээл авч хохирч их хэмжээний хүү төлж хохирсон. Эвдэрхий машин худалдаж аваад хохирсон болох нь Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 83 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоос тодорхой харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Дэслэгч нь хариуцагч С.Эрдэнэтуулд холбогдуулан автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

  Нэхэмжлэгч Д.Дэслэгч нь хариуцагч С.Эрдэнэтуулд холбогдуулан автомашин худалдах, худалдан авах хэлцлээр авсан 95-25УНР улсын дугаартай Ниссан Тино /Nissan Tino/ маркын автомашиныг өөрийн нэр дээрээ шилжүүлж авахыг даалгахыг шаардаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд татгалзлын үндэслэлээ худалдаж авсан гэх автомашин нь нэхэмжлэгч Д.Дэслэгчийнх бус түүний хадам эгч Л.Болормаагийн автомашин ба эвдрэлтэй, бичиг баримт байхгүй мөн оношлогоонд ороогүйгээс тухайн үед шилжүүлэн өгөөгүй, машиныг буцааж өгнө, энэ автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авахгүй гэж маргаж байна.

2012 оны 7 дугаар сард 9525УНР улсын дугаартай Ниссан Тино маркын автомашиныг худалдах, худалдан авах хэлцлийг Д.Дэслэгч, С.Эрдэнэтуул нарын хооронд хийгдсэн бөгөөд төлбөрийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр С.Эрдэнэтуулын нөхөр Н.Онцгэрэл нь 10,000,000 төгрөгийн зээлийг “Транс капитал ББСБ” ХХК-аас авч, 7,000,000 төгрөгийг Болормаад шилжүүлэн өгсөн үйл баримтын талаар зохигчид хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл, автомашины төлбөрийн 2012 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр С.Эрдэнэтуул, Н.Онцгэрэл нараас шилжүүлсэн 1,700,000 төгрөгийг Д.Дэслэгч хадам Болормаагаас бэлнээр авсан тухай баримт /хх-42 хуудас/, 2013 оны 3 дугаар сарын 13-ний өдөр Д.Дэслэгчийн эхнэр Л.Дэлгэрмаад 1,400,000 төгрөг, 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 3,900,000 төгрөгийг Л.Болормаагийн дансаар дамжуулан Л.Дэлгэрмаад төлж, төлбөрийг барагдуулсан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Болормаагийн тайлбар, хариуцагч С.Эрдэнэтуулын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Улсын дээд шүүхэд гаргасан гомдолд “банкнаас 10,000,000 төгрөгийн зээл авахуулж, өөрөө машины гэх 7 сая төгрөгийг тэр даруй авсан” гэх тайлбар, талуудын хооронд байгуулагдсан 2014 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн гэрээнд төлбөр тооцоо дууссан гэх бичилт зэргээр худалдан авагч тал нь гэрээний үнийг төлсөн болох нь тогтоогдож байна.

Гэрээний зүйл болох автомашины хувьд 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Автотээврийн үндэсний төвийн “Хариу хүргүүлэх тухай” 114 албан тоотоор 9525УНР улсын дугаартай NISSAN TINO маркийн тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаагаар уг тээврийн хэрэгслийн эзэмшигчээр 2012 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Лувсангомбын Дэлгэрмаа /СВ70051208/, 2012 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Доржготовын Дэслэгч /СЮ59110814/-ийн эзэмшилд бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна.

Талуудын хооронд 2012 оны 7 дугаар сард хийгдсэн аман хэлцлийг хожим нь буюу 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Автомашин худалдах-худалдан авах гэрээ” нэртэйгээр бичгээр байгуулж, Ниссан Тино маркийн 95-25УНР улсын дугаартай автомашиныг хариуцагч С.Эрдэнэтуул нь нэхэмжлэгч Д.Дэслэгчээс 7,000,000 төгрөгөөр худалдан авч, гэрээний зүйлийн үнийг бүрэн төлсөн, худалдаж авсан автомашины төлбөрийн тооцоо дууссан талаар талууд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах хэлцэл хийгдэж, хожим нь гэрээг бичгээр үйлдсэн байх учир гэрээний зүйл нь нэг өмчлөгчөөс нөгөө өмчлөгчид эд хөрөнгийн өмчлөх эрхийн хамт бүрэн шилжсэн байна гэж дүгнэв.  

Маргаж буй автомашиныг эзэмшигч Д.Дэслэгч нь хариуцагчид 2012 оны 7 дугаар сард бодитойгоор шилжүүлсэн тул хариуцагчид Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт зааснаар уг эд хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн гэж үзнэ. Хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх нь уг хөрөнгийг өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсч, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог тул автомашины өмчлөх эрх гэрээний дагуу хариуцагч С.Эрдэнэтуулд шилжсэн байна.

    Харин уг автомашины бичиг баримтыг худалдан авагчид шилжүүлэн өгөөгүй, автомашин оношлогоо үзлэгт ороогүй, эвдрэлтэй байсан учраас хариуцагч өөрийн нэр дээр шилжүүлэн авах, ашиглах боломжгүй байсан, автомашины бичиг баримт байгаагүйгээс хариуцагч автомашиныг ашиглаагүй талаар хариуцагч Л.Эрдэнэтуул маргасан боловч энэ талаарх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийлгэх, шинжээч томилуулж шинжилгээ хийлгэх зэрэг хүсэлт гаргаж, шийдвэрлүүлээгүй, сөрөг шаардлага гаргаагүй байна.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс аль нэг тал татгалзах эрхтэй бөгөөд хэрэв худалдан авагч тал нь гэрээнээс татгалзаж байгаа бол энэ тухай худалдагч талдаа мэдэгдэх үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлсэн, худалдагч тал нь гэрээнээс татгалзах хугацааг тогтоосон, уг тогтоосон хугацаанд татгалзах саналаа худалдан авагч тал дахин мэдэгдэх үүргээ биелүүлсэн талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул гэрээнээс татгалзсан гэж үнэлэх боломжгүй байна.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэхээр хуульчилсан бөгөөд талуудын хооронд 2012 оны 7 дугаар сард  9525УНР улсын дугаартай автомашиныг худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэнээс хойш 1 жил 6 сарын дараа худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулахдаа эд хөрөнгийн эвдрэл, гэмтэл, чанарын талаар огт шаардлага гаргахгүйгээр гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байх ба гомдлын шаардлага гаргасан талаараа мөн шүүхэд нотлоогүй, татгалзлын үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй болно.

Харин 2015 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэн Л.Болормаа нь Н.Онцгэрэл, С.Эрдэнэтуул нар холбогдуулан Дүүргийн нэгдүгээр прокурорын газарт Л.Дэлгэрмаагийн өмчлөлийн орон сууцыг Н.Онцгэрэлийн нэр дээр түр шилжүүлж, барьцаанд тавьж, зээл авч хохироосон гэх гомдлыг шалгуулснаар талуудын хооронд уг маргаан үүссэн байх тул худалдах, худалдан авах гэрээний маргаан, гэрээний зүйлийн чанарын шаардлагын гомдол, гэрээнээс татгалзах үндэслэл гэж дүгнэх боломжгүй байна. /хх-36,37 хуудас/ Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг зохигч талуудын хооронд үүссэн үл хөдлөх хөрөнгө, зээл болон барьцааны маргаантай зайлшгүй хамтатган шийдвэрлэх шаардлагагүй, бие даасан шаардлага гаргаж шийдвэрлүүлэх боломжтой гэж дүгнэн шийдвэрлэв.

Авто тээврийн тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт “...хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ” гэж зааснаар тээврийн хэрэгсэл өмчлөгч нь уг тээврийн хэрэгслийн гэрчилгээг тээврийн хэрэгслийн байгууллагад бүртгүүлнэ. Иймд хариуцагч нь тээврийн хэрэгслийг худалдаж авсан өмчлөгчийн хувьд улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй.

            Нэхэмжлэгч Д.Дэслэгчийн хувьд өмчлөлд нь байхгүй болсон тээврийн хэрэгслийн бүртгэлийн шилжүүлэг хийлгэхийг хариуцагч С.Эрдэнэтуулаас шаардах эрхийн үндэслэлээ уг эд хөрөнгийг эзэмшихтэй холбоотой үүсч буй үүрэг, замын хөдөлгөөний дүрэм зөрчих зэрэг эрсдлээс чөлөөлөгдөхийн тулд эрх бүхий байгууллагад Ниссан Тино маркийн 9525УНР улсын дугаартай автомашиныг хариуцагч С.Эрдэнэтуул өөрийн нэр дээр бүртгүүлэх шаардлагатай талаар тайлбарласан нь үндэслэлтэй.

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд хүчин төгөлдөр худалдах, худалдан авах хэлцэл хийгдэж, гэрээний зүйлийн өмчлөх эрх шилжсэн тул нэхэмжлэгч Д.Дэслэгч нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар Автотээврийн тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлж, худалдан авсан автотээврийн хэрэгслээ холбогдох байгууллагад бүртгүүлэхийг хариуцагч С.Эрдэнэтуулаас шаардах эрхтэй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хуваарилж шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасныг баримтлан 9525УНР улсын дугаартай Ниссан Тино маркийн автомашиныг өөрийн нэр дээр бүртгүүлэх үүргийг биелүүлэхийг хариуцагч С.Эрдэнэтуулд даалгасугай.

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Дэслэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Эрдэнэтуулаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5-д зааснаар хариуцагчийн хөрөнгийн талаарх лавлагааг холбогдох байгууллагаас ирүүлээгүй болно.

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХБҮРЭН