Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1357

 

2021        12        07                                  2021/ШЦТ/1357

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

хохирогч Ч.Батсайхан,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Э.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Доржийн Амгаланбаярт холбогдох эрүүгийн 2106 02155 2016 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Хун Ши Хуй ХХК-нд тэрэгчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү хамт Багануур дүүрэг 4 дүгээр хороо Байдлаг 5 дугаар гудамжны 4 тоотод хаягийн бүртгэлтэй боловч Баянгол дүүрэг 11 дүгээр хороо Зүүн Ард Аюушийн 5 дугаар гудамжны 116 тоотод түр оршин суух хаягтай,

урьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд засарч хүмүүжихийг даалгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн, *******

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

            Яллагдагч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ганцын задгай тоотод Ч.Батсайханд “Мишээл номин цацрах од” ХХК-ний эзэмшлийн 69-13 УБӨ улсын дугаартай автомашиныг 1.200.000 төгрөгөөр зарна, бичиг  баримтыг нь маргааш авч ирнэ миний эзэмшлийн автомашин тул зарж байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар хохирогч Ч.Батсайханд уг автомашиныг зарж борлуулан, автомашины төлбөр болох 1.200.000 төгрөгийг Хаан банкны 5750903422 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

          Хохирогч  Ч.Батсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Машин зарна гэсэн зарын дагуу холбогдсон. Манай ахын нэр дээр байдаг. Манай ах Солонгос улсад байдаг гэсэн. Маргааш нь ******* өөрөө яриад иргэний үнэмлэхийн лавлагаа, машины бичиг баримтаа аваад найзуудтайгаа цуг аваад ирсэн. Ямар ч асуудалгүй биз дээ гэсэн чинь асуудалгүй гэсэн. Дараа нь тухайн машин ямар учиртай болохыг мэдээд нөгөө хүнтэй нь уулзаад машиныг нь өгсөн. ******* мөнгөө удахгүй өгнө гэсэн. Мөнгөө өгөхгүй болохоор нь би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Одоо 470.000 төгрөг авах ёстой байгаа. Мөнгөө авчихвал гомдол саналгүй” гэв.

           Хавтаст хэргээс

            Хохирогч Ч.Батсайханы “Фейсбүүкт эвдрэлтэй машин авна, зарна гэсэн пост оруулсан. Тэгтэл орой нь 80167317 дугаараас над руу залгаад машин авах уу гээд ярихаар нь гэрийн хаягаа зааж өгсөн. Тэгтэл 69-13 УБӨ улсын дугаартай мөнгөлөг өнгийн приус 11 маркийн машин унаж ирээд ирээд надад үзүүлсэн ... уг залуу нь өөрөө ямар ч бичиг баримт байхгүй байхаар нь чи бичиг баримтаа авчир, би бичиг баримтгүй хүнээс машин авахгүй гэж хэлээд явуулсан. Тухайн үед машинаа 2.000.000 төгрөгөөр зарна гэж хэлэхээр нь машин чинь засвар их хийх юм байна. 1.200.000-д яахав авъя, чи гол нь бичиг баримттайгаа ирээрэй гэж хэлээд явуулсан. Тэгтэл уг залуу маргааш нь эхнэр болон 2 найзыгаа дагуулаад өөрийн цахим үнэмлэхийн лавлагаагаа авчихсан ирэхээр нь машины үнэ болох 1.200.000 төгрөгийг түүний хамт ирсэн найзынх нь Хаан банкны 5750903422 гэсэн данс руу шилжүүлсэн. Би 4-5 хоногийн дараа машины попыг нь янзлаад даатгал хийлгэх гэхэд болохгүй байхаар нь татварын алба дээр очиход надад татварын алба машины эзэмшигч Отгонбаяр гэх хүнтэй холбогдох 99388844 гэсэн дугаар өгөхөөр нь залгаж үзэхэд Отгонбаярын аав нь гэх хүн нэрийг чинь шилжүүлээд өгье гэхээр нь очиж уулзахад надад 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Бямбадорж овогтой Отгонбаяр нь Доржийн Амгаланбаяртай авто машин түрээсээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн байсныгаа үзүүлээд би энэ гэрээг хийгээд удаагүй байна гээд машинаа аваад явсан. ******* нь надад уг машиныг зарахдаа машины эзэмшигч Б.Отгонбаяр нь манай ах байгаа юм. Одоо Бүгд Найрамдах Солонгос улс руу явсан байгаа дараа нь нэрийг нь шилжүүлж өгье гэж хэлж байсан. Машин эзэмшигч нь машинаа аваад явахаар нь ******* руу залгахад гар утсаа авахгүй байхаар нь түүний ээж Чимгээ гэх хүний 88607191 дугаар луу нь залгаад болсон явдлын талаар хэлтэл удалгүй ******* өөрөө над руу яриад харин тиймээ таны мөнгийг буцааж өгнө гэж хэлээд өнөөдрийг хүртэл өгөөгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15-20 дугаар хуудас/,

            Гэрч Н.Бямбадоржийн “******* гэх залуу нь зарын дагуу холбогдож манай байгууллагаас 69-13 УБӨ улсын дугаартай авто машиныг нь 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “Автомашин түрээсээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулж авсан. ******* нь 69-13 УБӨ улсын дугаартай авто машиныг 1 жилийн хугацаатай 2021 оны 05 дугаар сарын 21-нээс 2022 оны 05 дугаар сарын 21-ний хооронд урьдчилгаа төлбөр 1.000.000 төгрөг, тээврийн хэрэгслийн даатгал, жолоочийн хариуцлагын даатгал нийлээд 235.000 төгрөг буюу нийт 1.235.000 төгрөг төлж сар бүрийн 15, 30-ны өдөр тус бүр 265.000 төгрөг төлөхөөр болоод 69-13 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэрээ байгуулаад аваад явсан. Би *******т гэрээнд заасны дагуу 2021 оны 05 дугаар сарын 30-ний өдөр хуваарийн дагуу төлөх 265.000 төгрөгөө төлөхгүй байхаар нь түүний бүртгүүлсэн дугаар руу нь залгаж түрээсээ төлөх талаар нь мэдэгдэхэд Өвөрхангай аймагт явж байна Улаанбаатар хотод удахгүй очоод төлнө, миний гар утасны сүлжээ унаад байна гэж хэлсэн ... Тэгтэл 2021 оны 06 дугаар сарын сүүлээр яг хэдний өдөр гэдгийг мэдэхгүй үл таних /хохирогч Ч.Батсайхан/ хүн над руу залгаад машиныхаа нэрээ шилжүүлж авах гэсэн юм гэхээр нь би гайхаад уг хүнийг тэгье гээд Баянбүрдийн нислэг машины орчимд дуудаж уулзаад наад машин чинь миний машин надаас ******* гэх хүн түрээсийн гэрээ байгуулаад худалдаж авахаар болоод авсан машин авч явснаасаа хойш мөнгөө өгөхгүй сураггүй алга болсон гэж түүнд болсон явдлын талаар тайлбарлаж хэлээд *******тай байгуулсан гэрээгээ үзүүлээд тэр өдрөө Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр хамт ирсэн. Би тэр өдөр Ч.Батсайхан гэх хүний гэр болох Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Ганцын задгай тоотод очиж машинаа буцааж авсан. Тэгтэл ******* нь надтай түрээсийн гэрээ байгуулж худалдаж авсан 69-13 УБӨ улсын дугаартай машинаа үл таних Ч.Батсайхан гэх хүний гэр болох Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Ганцын тоотод очиж машинаа буцааж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар хуудас/,

            2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр *******, Б.Батням нарын хооронд байгуулсан Авто машины түрээсээр худалдах, худалдан авах гэрээ, авто машин хүлээлгэн өгсөн болон мөнгө шилжүүлсэн баримт /хх-ийн 7-12 дугаар хуудас/,

            Тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа /хх-ийн 50 дугаар хуудас/,

            Яллагдагч *******ын “2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Бямбадорж гэх хүнээс автомашиныг түрээсээр худалдах худалдан авах гэрээ байгуулж 69-13 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авсан. Уг автомашиныг Баянзүрх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт ганцын задгай гэх тоотод үл таних Ч.Батсайхан гэх хүнтэй холбогдож манай ахын машин гэж хэлээд 1.200.000 төгрөгөөр зарсан. 1.200.000 төгрөг найз Бааска гэх хүний дансаар дамжуулж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 108-110 дугаар хуудас/,

            Хохирол төлсөн баримт /хх-ийн 128 дугаар хуудас/,

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41 дүгээр хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 57-101 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр бусдын эзэмшлийн машиныг өөрийнх мэтээр итгүүлэн хуурч хохирогч Ч.Батсайханд худалдаж 1.200.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ч.Батсайхан /хх 15-20/, гэрч Н.Бямбадорж /хх-25-27/, яллагдагч ******* /хх 108-110/ нарын мэдүүлэг, Авто машин түрээсээр худалдах, худалдан авах гэрээ, холбогдох баримтууд /хх 7-12/, Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 50/, зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдсон байна.

******* нь Д.Отгонбаярын нэр дээр бүртгэлтэй Тоёота приус 11 маркийн 69-13 УБӨ улсын дугаартай авто машиныг Б.Отгонбаярын эцэг И.Бямбадоржоос 8.100.000 төгрөгөөр худалдан авах, урьдчилгаа 1.235.000 төгрөгийг өгч, үлдсэн төлбөрийг 1 жилийн хугацаанд сар бүр хуваан төлөх нөхцөл тохирч 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулж, авто машин болон мөнгөө солилцжээ.

Гэвч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр зам тээврийн осол гаргаж, хохирол төлбөрт унасан ба дээрх авто машиныг ах Отгонбаярын нэр дээр байдаг ч өөрөө эзэмших, захиран зарцуулах эрхтэй мэтээр итгүүлэн хохирогч Ч.Батсайханд худалдаж 1.200.000 төгрөгийг шилжүүлэн авсан, уг мөнгөө зам тээврийн ослын хохирол төлбөр болон хувийн хэрэгцээндээ зарцуулсан гэх үйл баримт тогтоогдсон байна.   

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж шүүх үзэв.

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирол дээр маргахгүй гэсэн байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

Хэрэгт авагдсан автомашин түрээсээр худалдах, худалдан авах гэрээг хохирогчийн эд хөрөнгийг хууль бусаар авах зорилгоор бусдыг төөрөгдөлд оруулж, гэмт хэрэг үйлдэх арга болгож хийсэн үйлдэл гэж үнэлж дүгнэлээ.  

Бусдын эд хөрөнгийг авах үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атлаа хүсэж үйлдсэн, уг үйлдлээрээ хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул *******ын үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзнэ.

Бусдын эд хөрөнгө, өмчлөх, эзэмших эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тул худал үгээр итгүүлэн үнэмшүүлэх аргаар, шунахайн сэдэлт, идэвхтэй үг үйлдлээр халдаж эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах, захиран зарцуулах, бодит хохирол учруулсан байх зэрэг залилах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангажээ.

*******ын гэрээний үүргийн гүйцэтгэл дуусгавар болоогүй, өөрийн эзэмшилд бүрэн шилжээгүй, захиран зарцуулах эрхгүй эд хөрөнгөө бусдад худалдсан хууль бус үйлдлийн улмаас хохирогч Ч.Батсайханд бодит хохирол учирсан, уг үйлдэл, хохирол 2 хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй.

Иймд *******ыг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд амар хялбар аргаар асуудлыг шийдэх гэсэн санаа зорилго, гэнэн итгэмтгий зан харилцаа, бодит байдлыг нягтлан шалгах дадал хэвшээгүй байдал, эрх зүйн мэдлэг, мэдээлэл дутмаг байдал зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол буюу 1.200.000 төгрөгийг хохирогч Ч.Батсайханд бүрэн төлсөн тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч ******* нь 22 настай, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******т 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгчөөс тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах эсхүл хорихоос өөр төрлийн ял оногдуулах санал гаргасныг тус тус дурдвал зохино.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан хорих ял сонгох, Өршөөлийн хуулийг хэрэглэх шаардлагагүй,  хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тохиолдолд тодорхой хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад байх, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг зөрчихгүй байх гэсэн ирээдүйд үүсэх үр дагаврыг бий болгодог тул шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хорихоос өөр төрлийн ялыг сонгох хэрэглэх нь тохиромжтой гэж үзэв.

Шүүгдэгч *******ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчөөс долоон зуун хорин цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах сонгох санкцтай хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Шүүхээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлсөн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай гэх хувийн байдлыг харгалзан *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. 

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******ын цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилахгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******т шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ер /90/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

             

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Г.ХАТАНЦЭЦЭГ