Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/06

 

           

 

 

 

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Нарийн бичгийн дарга Б.Ц

          Улсын яллагч Б.С

          Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2122000000197 тоот  хэргийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын .....-ны өдөр ......... аймгийн ............. суманд төрсөн, ......... настай, ......., ............ ............., ........., ............., ам бүл ..........., .......... ......... аймгийн ............сумын ........... баг, .......... тоотод оршин суух, ............., ................ ........ овогт ******* гэв.

 

            Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтуугаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг Залуус хорооллын баригдаж буй барилга дээр 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Д.О-ийг алтан ээмэг авсан гэх шалтгаанаар маргалдан зодож түүний биед “тархи доргилт, зовхины цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

          - Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би 2021 оны 11 сарын 19-ний өдөр Залуус хорооллын барилга дээр буюу нөхрийнхөө ажиллаж байсан газарт 21 цагийн үед очсон. Тэнд заслын ажил хийж байсан хүмүүс архи ууж байхаар нь нийлээд 1 архи, 1 пиво уусан. Тэгсэн намайг зүүрмэглэж байх үед О миний ээмгийг чихнээс авсан. Тэгээд өг гээд маргалдсан. Миний үйлдлээс болж хохирогчид гэмтэл учирсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна...”  гэв.

          - Хохирогч Д.О-ийн “...2021 оны 11 сарын 19-ний өдөр 23 цагийн үед би ажлынхаа Ганаа /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна/, Г, Г нартай ажиллаж байгаа барилга дотроо пиво уугаад сууж байсан чинь гаднаас Г, А хоёр нэмж архи, пиво ундаа авч ирээд бид нар хамт ууцгаасан. Тэгээд архиа ууж байгаад би утас хөгжмөө аваад хажуу өрөөнд сууж байгаад буцаад архи ууж байсан өрөө рүү орсон чинь Г газар унтаж байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө улаан цамцыг толгойн доор нь эвхээд дэрлүүлсэн. Тэгтэл удалгүй шөнө 04 цагийн үед Г сэрээд “миний нэг алтан ээмэг байхгүй байна, манай нөхөр чамайг миний ээмгийг авсан гэж байна, ээмэг өг” гээд л над руу шууд дайраад үсдээд, толгой нүүр рүү цохиод, бас гутлаа тайлаад гутлынхаа яг өсгий хэсгээр миний баруун нүд рүү цохисон. Нөхөр А нь бас намайг үсдээд, хөл рүү өшиглөөд байсан. Тэр хоёр нийлж үсдэж шалан дээгүүр чирсэн. Тэгээд би айгаад ээмгийг нь хайж байтал дэрлүүлсэн улаан цамцанд тэр алтан ээмэг нь тээглэчихсэн байхаар нь би олж өгсөн. Тэгээд би өглөө 10 цагийн үед цагдаад дуудлага өгсөн. Миний толгой маш их өвдөж байна. Баруун нүд хавдаж цус хурсан байгаа. Бас үсдэж чирүүлсэн болохоор нуруу шалбарсан байсан. Нэг ширхэг алтан ээмэг нь алга болчихлоо гээд л намайг харааж зүхэж аймар зодсон. Г их согтуу байсан. Би Г, А нарыг орж ирэхээс нь өмнө 2 лаазтай пиво уусан байсан. Харин Г, А нарын авч ирсэн том нийслэл пивоноос нь 2 аягийг уучхаад нөгөө өрөө рүү орсон. Харин Г, Амараа, Гансүх, Ганаа нар 0,75 литрийн хараа архи, 1 том пиво хувааж ууцгаасан. Тэрийгээ ууж дуусчихаад нэмж уусан үгүйг нь мэдэхгүй байна. Би маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг/хх-6/

          - Гэрч П.Г-ийн “...2021 оны 11 сарын 19-ний орой 22 цагийн үед Амартүвшин, Г нар 0,75 литрийн архи, нэг том пивотой ирсэн. Тэгээд Ганхуяг, Гүндалай, О нарын хамт Г Амартүвшин нар хоёр нэмэгдээд архиа хувааж уусан. Ууж дуусчхаад бид нар унтацгаасан. Тэгтэл 03 цагийн үед Амартүвшин сэрээгээд “алтан ээмэг алга болчихлоо” гэхээр нь “юу болоод байна” гээд боссон чинь Г О рүү уурлаж загнаад “чи хүлгайч минь, ээмэг гаргаж өг, чиний аминаас илүү алтан ээмэг үнэтэй шүү” гээд үсдэж зодож цохисон. Г нь нүүр толгой руу нь цохиод, алгадаад байсан. Би дундуур нь зөндөө орж салгасан. Гэтэл Оийн өөдөөс л харааж уурлаад л байсан. Нүүр амруу нь хэд хэдэн удаа цохисон. Тэгтэл тэр алтан ээмэг нь Оийн орон дээр ил байсан цамцанд нь орооцолдчихсон байсан. Бид нар 0,75 литрийн архи, том пиво хувааж уусан. Орой нь 18-19 цагийн үед нүүр ам нь зүв зүгээр байсан. Өглөө л нэг харсан чинь баруун нүд нь хавдчихсан байсан” гэх мэдүүлэг/хх-10/

          - Гэрч А.А-ийн “...2021 оны 11 дүгээр сарын 19-ний орой 22 цагийн үед “Залуус” хороололд барилга дээр засал хийж байгаа Ганхуяг ах дээр архи аваачиж өгөнгөө хамт архи ууя гээд 0.75 литрийн хараа нэртэй архи, том пиво аваад очсон. Барилга дээр Гансүх, Ганхуяг, Гүндалай, О нар пиво ууцгаасан байсан. Тэгэхэд Оийн баруун талын нүд нь хөхөрчихсөн байсан. Тэгээд Гүндалайгаас нь энэ яагаад нүд нь хөхөрчихсөн юм гэсэн чинь 3 давхраас уначихсан гэж хэлсэн. Тэгээд бид нар архи пиво хувааж ууж дуусаад унтацгаасан. Би муу санаа гаргаад унтаагүй хэвтэж байсан. Манай эхнэр Г бүр тасарчихсан унтаж байсан. Тэгсэн чинь О манай эхнэр Ггийн чихнээс нэг алтан ээмгийг нь авч байхаар нь би бүгдийг нь сэрээгээд Гд “чиний ээмгийг чинь авчихлаа” гэсэн чинь О гараад явчихсан. Тэгээд араас нь орж очоод Г хэрүүл ам хийгээд, миний ээмгийг өг гэж О рүү уурласан. Тэгэхдээ Г Оийн цамцнаас нь зуурч түлхээд, үснээс нь татаад байсан, тэгээд л дайраад л байсан. Тэгээд ээмгийг нэлээн хайгаад л байсан, өглөө 08 цагийн үед О өөрийнхөө улаан цамцнаас ээмгийг нь гаргаад ирсэн. Ганаа , Гансүх , О нар пиво уусан байсан. Тэгээд нэмж 0,75 литрийн архи, том пиво хувааж уусан. Би Оийн биед нь огт хүрээгүй. Харин анх барилга дээр орж очиход Оийн нүд нь хөхөрсөн л байсан. Тэгээд Гүндалайгаас асуухад шатан дээрээс уначихсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-12/

          - Гэрч А.А-ээс дахин авсан “...Би Гүндалайд “Чи Оийг шатан дээрээс унасан гэж хэлээрэй, тэгж мэдүүлгээ өгөөрэй” гэж хэлээгүй. Гэхдээ Гүндалай 2021.11.19-ний орой нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан л даа, гэхдээ О шатнаас унаад нүдээ хавтгасан л гэж хэлсэн. Манай эхнэр Г Оийн биед нь гэмтэл шарх учруулаагүй.Зүгээр үснээс нь зулгааж, түлхэж л байсан.Биед нь гэмтэл учруулахаар тэгж их зодоогүй”гэх мэдүүлэг/хх-19/

          - Гэрч Д.Г “...2021 оны 11 дүгээр сарын 19-ний орой Гансүх, Ганхуяг, О бид нар байсан. 22 цагийн үед Амартүвшин, Г нар ирээд 0,75 литрийн архи бас нэг том пиво уусан. Харин би уугаагүй, би ууж чаддаггүй юм. Тэгээд би О  эгчтэй нөгөө өрөө руу ороод утас оролдож байгаад буцаад нөгөө өрөө руу орсон чинь бүгд согтоод унтацгаасан байсан. Харин Г нь газар шалан дээр унтаж байхаар нь О эгч бид 2 өргөөд орон дээр тавих гэсэн чинь өргөж дийлэхгүй байсан. Тэгээд Ггийн толгой доор нь О эгч улаан цамцаа эвхээд дэрлүүлсэн. Тэгээд О бид хоёр буцаад нөгөө өрөө рүү ороод унтаж байтал гэнэт Г сэрээд “миний алтан ээмэг алга болчихсон байна” гэж орилж хашхираад О эгч руу дайраад “гичий минь чи миний ээмгийг авсан уу, гаргаж өг” гээд л толгой руу нь цохиод , үсдэж чирээд, нөхөр Амартүвшин нь түлхэж унагаад хараагаад байсан. Тэгээд Г нэг гутлаа тайлаад гутлынхаа өсгий хэсгээр нь яг баруун нүд руу нь цохиод аймар их хавтгаад хөх няц болгочихсон. Би тэрийг нь яг харсан. Тэгээд О эгч уйлаад ээмгийг нь хайгаад байсан чинь дэрлэсэн улаан цамцанд нь тээглэчихсэн байсан. Тэгээд цагдаа дуудсан. Харин Амартүвшин надад “чи О-ийг шатан дээрээс унасан гэж хэлээрэй, тэгж мэдүүлгээ өгөөрэй” гээд байсан. Гэхдээ Ггийн буруу болохоор би үнэнийг нь хэлэх ёстой л гэж бодсон. Би уугаагүй, О эгч бас их уугаагүй. Харин Г, Г,  А, Г нар 0,75 литрийн архи , том пиво хувааж уусан. Анх ирэхдээ Амартүвшин Г хоёр согтуу ирсэн. Өмнө нь О-ийн биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Г зодоод нүүр, ам, нурууг нь шархлуулаад гэмтээсэн байсан...” гэх мэдүүлэг/хх-14/

          - Гэрч П.Г-ийн “2021 оны 11 сарын 19-ны орой 22 цагийн үед А, Г нар намайг зорьж ирлээ гээд 0,75 литрийн Хараа нэртэй архи, 1 том пивотой хамт авч ирсэн. Тэгээд нэлээн оройтоод би ч согтоод унтчихсан байсан. Тэгээд шөнө дунд /цагийг нь сайн санахгүй байна/ Г орилж хашхираад байхаар нь сэртэл Г “миний алтан ээмэг алга болчихлоо” гээд л О руу харааж зүхээд өшиглөөд үснээс нь зулгаагаад байсан. Би тэр үед нь салгасан юм. Тэгээд бужигналдаад Г ч голоор нь орж хориглоод л байсан. Тэгж байтал үүр цайгаад өглөө болсон. Тэр ээмгийг нь О улаан цамцнаасаа олоод өгсөн. Г улаан цамцыг нь дэрлээд унтаж байсан. Г нь маргааш “Г гэдэг хүүхэн чинь О эгчийн нүд рүү нь гутлаа тайлж байгаа цохичихсон ш дээ” гэж хэлж байсан. Г, А хоёр ирэхдээ л согтуу ирсэн. Тэгээд нэлээн согтоцгоосон. Харин Г архи уугаагүй архи уудаггүй хүүхэд байгаа юм. О ч нээх их уугаагүй бага зэрэг уугаал хажуу өрөө руу орсон. Өмнө нь хамт ажил дээр байхад бол нүд нь зүв зүгээр л байсан байнга хамт ажилладаг байсан хүн мэдэлгүй яах вэ. Шатан дээрээс ч унаагүй, шатан дээр унасан ч хүний нүд тэгж хөх няц болно гэж юу байх вэ дээ” гэх мэдүүлэг/хх-18/

          - Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 282 тоот “Д.О-ийн биед тархи доргилт, зовхи, нуруу, бугалгад цус хуралт, дух, эрүү, хүзүү, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн биед үүссэн зулгаралт цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ нэг удаагийн хязгаарлагдмал хатуу гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тархи доргилт, зовхины цус хуралт, эрүү, хүзүү, нурууны зулгаралт, нурууны цус хуралт нь бусдад зодуулсан нэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Зүүн далны дунд шугамаар, баруун мөрний ар, бугалга хэсэгт үүссэн цус хуралтууд болон баруун мөрний ар зулгаралт нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанаас өмнө үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна” гэх дүгнэлт /хх-ийн 21-22/

  • Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 25-26/
  • Эрүүгийн  хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

          Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч Д.О нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, Залуус хорооллын баригдаж буй барилга дээр бусдад зодуулсан үйл явдал болсон, уг үйл явдлын улмаас хохирогч Д.О-ийн эрүүл мэндэд “тархи доргилт, зовхины цус хуралт” бүхий гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарч байгаа болох нь тогтоогдож байна.

 

          Хохирогч Д.О-ийн эрүүл мэндэд учирсан “тархи доргилт, зовхины цус хуралт” гэмтлийг шүүгдэгч ******* зодох байдлаар учруулсан болох нь хохирогч, гэрч П.Г, Д.Г, П.Г нарын мэдүүлгээр нотлогдож байна.

 

        Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд шүүгдэгч, хохирогч нартай хамт байсан П.Г, А.А, Д.Г, П.Г нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг авсан байна.  Гэрч А.А нь бусад гэрч нараас зөрүүтэй буюу “Г нь хохирогчийг зодоогүй, хохирогчийн нүд өмнө нь хөхөрсөн байсан” гэж мэдүүлж байгаа боловч түүний мэдүүлэг нь бусад баримтаар нотлогдохгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

         Шүүгдэгч *******-гийн хохирогч Д.О-ийг зодсон үйлдэл нь Эрүүгийн  хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

          Иймд шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгчээс “хохирогч өөрийнх нь алтан ээмгийг унтаж байхад нь авсан учраас эрүүл мэндэд нь халдсан” гэж мэдүүлж байгаа боловч энэ нь бусад баримтаар нотлогдоогүй, түүний алга болсон гэх алтан ээмэг нь шүүгдэгчийн дэрлэж унтаж байсан хохирогчийн цамцанд орооцолдсон байсан болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

          Иймд гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэх боломжгүй бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

          Хохирогч нь шүүгдэгчээс баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй боловч хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдлыг харгалзан хохирогч нь өөрт учирсан хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заах нь зүйтэй.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.33, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ......... овгийн .........Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ......... овгийн *******д 450 /дөрвөн -зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь цаашид учрах хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.МӨНХБАТ