Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 221/2015/0000/З |
Дугаар | 221/МА2015/0313 |
Огноо | 2015-07-09 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2015/0313
2015 оны 7 сарын 09 өдөр | Дугаар 221/МА2015/0313 | Улаанбаатар хот |
Э.Э-ийн нэхэмжлэлтэй,
Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга,
аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт,
аудитын газрын дарга нарт холбогдох захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ү, хариуцагч Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Г нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 9 дүгээр шийдвэрт хариуцагч нараас гаргасан давж заалдах гомдлын дагуу Э.Э-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт, аудитын газрын дарга нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 80, 85 тоот тушаалуудыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрөх, ажилгүй байсан хугацааны цалин болох Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүхийн 12 тоот шийдвэр гарсан хугацаанаас одоо шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлсийг, мөн тухайн хугацаанд сайн дурын даатгалд төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн хураамжийг дээрх хүчин төгөлдөр бус тушаалыг гаргасан этгээдээр хариуцуулан гаргуулах,
Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүхийн 12 тоот шийдвэрээр эгүүлэн тогтоогдсон миний өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал болох аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн албан тушаал нь Засгийн газрын тогтоолын дагуу бүтцийн өөрчлөлтөд орж Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны харьяанд очиж өөрчлөн байгуулагдсан байгаа тул ажил, албан тушаалд томилохыг Санхүүгийн хяналт, аудитын албаны томилох эрх бүхий албан тушаалтанд даалгах гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Э.Э-т ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, жирэмсний болон амаржсаны тэтгэмж нийт 2132014 төгрөгийг олгож, мөн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 80 дугаар тушаалаар ажилд нь эгүүлэн томилж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Засгийн газрын 2014 оны 327 дугаар тогтоолоор санхүүгийн хяналтын ажлын чиг үүрэг аймгийн Засаг даргын Тамгын газрын харьяанд шилжсэн тул мөн өдөр Төрийн албаны тухай хуулийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, Төсвийн тухай хуулийн 16.5.5, Засгийн газрын 2014 оны 327 дугаар тогтоол зэргийг үндэслэн ажлаас чөлөөлсөн. гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт, аудитын газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Засгийн газрын 2014 оны 327 дугаар тогтоолтой холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 78 дугаар тушаалаар нэр бүхий албан хаагчдыг Санхүүгийн хяналт, аудитын албанд шилжүүлсний дотор Э.Энхзаяагийн нэр байгаагүй. Санхүүгийн хяналт, аудитын алба 6 орон тоотой бөгөөд бүрэн гүйцэд ажиллаж байна. Өмнө нь гаргасан Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаал манайд хамааралгүй болно. гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 9 дүгээр шийдвэрээр: 1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн "Ажилд томилох тухай" 80 тоот, "Ажлаас чөлөөлөх тухай" 85 тоот тушаалуудыг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Э.Эийг Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчаар томилох шийдвэр гаргахыг тус албаны даргад даалгаж,
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай
хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх зүйлүүдэд заасныг баримтлан түүний хууль бусаар
ажилгүй байсан хугацаанд нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй
тэнцэх олговор нийт 6 101 906 /зургаан сая нэг зуун нэг мянга есөн зуун зургаа/
төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын
газар /дарга Ч.Э/ даалгасугай.
3. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-т заасныг баримтлан
нэхэмжлэлийн шаардлагын үлдсэнийг буюу нийгмийн даатгалд сайн дураар төлсөн
шимтгэл гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүхийн 2015 оны 05 сарын 12-ны өдрийн 09 тоот шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.Үүнд:
1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсгийг тус тус баримтлан Дорноговь аймгийн МХГ-ын даргын 2014 оны 11 сарын 04-ний өдрийн "Ажилд томилох тухай", "Ажлаас чөлөөлөх тухай" 80, 85 тоот тушаалуудыг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрөх гэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан "Захиргааны акт илт хууль бус болохыг зөвшөөрөх" заалтуудыг зөрчөөгүй гэж үзэх үндэслэл байгаа болно. /МХГ-ын даргын 80, 85 тоот тушаалуудыг дахин хянуулах/
Мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт /төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал {ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага. туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна;/ гэсний дагуу төрийн албаны ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан иргэдээс төрийн албаны мэргэшлийн шалгалт өгсөн иргэнийг тухайн албан тушаалд томилох ёстой байхад нэхэмжлэгч Э.Э нь төрийн албаны шалгалт өгөөгүй,
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Э-ийн хууль бусаар ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нийт 6 101 906 төгрөгийг МХГ-ын дарга Ч.Э-д даалгасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь МХГ-ын санхүүгийн хэлтэс нь Засгийн газрын 2014 оны 327 дугаар тогтоолоор 2014 оны 10 сарын 11-ний өдөр аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын алба болон бүтэц, орон тоо, төсөв, хөрөнгө бүхэлдээ шилжсэн байхад нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны мөнгийг бүхэлд нь МХГ-т даалгасан байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Иймд Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүхийн 2015 оны 05 сарын 12-ны өдрийн 09 тоот шийдвэрийг хүчингүйд тооцон анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт, аудитын газрын дарга давж заалдах гомдолдоо: МХГ-ын санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчаар ажиллаж байсан Э.Э-ийн нэхэмжлэлийн дагуу 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 09 тоот шүүхийн шийдвэрээр /Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь зүйлуүдэд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн "Ажилд томилох тухай" 80 тоот, "Ажлаас чөлөөлөх тухай" 85 тоот тушаалуудыг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Э.Э-ийг Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчаар томилох шийдвэр гаргахыг тус албаны даргад даалгасугай/ шинээр байгуулагдсан Санхүүгийн хяналт, аудитын албанд нэхэмжлэгч Э.Э-ийг хуучин ажиллаж байсан албан тушаалд нь томилох шийдвэр гаргасан байна.
Энэхүү шүүхийн шийдвэрийг илт нэхэмжлэгчийн байр суурьнаас хандсан гэж үзэж байгаа бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй. 17.3-т Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй , энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт /цаашид "мэргэшлийн шалгалт" гэх/ авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтанд бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ гэж заасан байдаг.
Гэвч Захиргааны хэргийн 7 дугаар шүүх нь Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчиж, нэхэмжлэгч Э.Эийг хуучин албан тушаалд нь томилуулах шийдвэрүүдийг 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 12 тоот албан бичгээр, 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 09 тоот бичгээр гаргасан байна.
Энэ хуулийн хэрэгжилттэй холбоотой нотлох баримт, бичгийг Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймгийн салбар зөвлөлөөс гаргуулах боломжтой байсан гэж үзэж байна.
Иймээс дутуу нотлох баримтанд үндэслэж шийдвэр гаргасан Захиргааны хэргийн анхан шатны 7 Дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 09 тоот шийдвэрийг хүчингүйд тооцуулах, энэхүү хэргийг анхан шатны шүүхэд буцаан шилжүүлүүлэх хүсэлтэй байна. гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.
Нэхэмжлэгч Э.Э нь Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 80, 85 дугаар тушаалуудыг тус тус илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүхийн 12 дугаар шийдвэрийг гаргасан хугацаанаас одоо шийдвэр гаргах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг, мөн тухайн хугацаанд сайн дурын даатгалд төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн хураамжийг дээрх хүчин төгөлдөр бус тушаалыг гаргасан этгээдээр хариуцуулан гаргуулах, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал болох Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн албан тушаал нь бүтцийн өөрчлөлтөөр Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны харьяанд очиж өөрчлөн байгуулагдсан тул уг ажил, албан тушаалд томилохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны даргад холбогдуулан гаргажээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нь Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч Э.Э-ийг Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчаар 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.
Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга дээрх тушаалыг 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан атлаа уг өдөр Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 327 дугаар тогтоол, Сангийн яамны 2014 оны 101/5937 тоот албан бичиг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2014 оны 1/3283 дугаар шийдвэр зэргийг тус тус үндэслэн Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн ажлаас Э.Э-ийг чөлөөлж, Ажлаас чөлөөлөх тухай 85 дугаар тушаалыг гаргасан нь хууль бус болох нь дараах байдлаар тогтоогдож байна.
Өмнө нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын Ажлаас чөлөөлөх тухай 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1/3511 дүгээр албан бичиг, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 04 дүгээр хуралдааны шийдвэр зэргийг тус тус үндэслэн Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч ажилтай Э.Эийг үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэснийг Э.Э нь эс зөвшөөрч аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын Ажлаас чөлөөлөх тухай 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, мөн хууль бус тушаалын улмаас дутуу олгогдсон жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн зөрүүг тус тус гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдуулангаргасныг Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
Гэтэл хариуцагч Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нь дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгч Э.Эийг Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн ажил, албан тушаалд эгүүлэн томилж 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 80 дугаар тушаалыг гаргасан атлаа уг өдрөө түүнийг тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн үүрэгт ажлаас чөлөөлж 85 дугаар тушаалыг гаргаж байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д хэргийн оролцогчид захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн биелүүлэх үүрэгтэй гэж заасан зөрчсөн, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлсэн мэтээр дүр эсгэсэн үйлдэл гаргаж байгаа нь захиргааны албан тушаалтан шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэсэн, хууль бус үйлдэл гаргасан гэж үзэхээр байна.
Тодруулбал, дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 80 дугаар тушаалаар нэхэмжлэгчЭ.Э нь Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн албан тушаалдаа эгүүлэн томилогдсоноос хойш уг ажил, албан тушаалдаа ажиллаагүй, мөн түүнийг төрийн албанаас чөлөөлөх хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно, 24.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө, 24.1.3-д өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, 27.2.1-д энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.З-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх гэсэн заалтыг зөрчиж, хариуцагч Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 85 дугаар тушаал гаргасан болох нь нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд хариуцагчийн энэхүү үйлдэл нь нэхэмжлэгч Э.Э-ийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг дахин зөрчсөн, захиргааны албан тушаалтны хууль бус үйлдэл гэж үзлээ.
Мөн Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын Улсын байцаагчдыг шилжүүлэх тухай 2014 оны 10 дугаар 31-ний өдрийн 78 дугаар тушаалаар Төсвийн тухай хууль, Засгийн газрын 2014 оны 327 дугаар тогтоолоор санхүүгийн хяналт шалгалтын чиг үүрэг Сангийн яам, аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжсэнтэй холбогдуулан СХНХХ хэлтсийн дарга, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Золзаяа, Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Н.Бумдарь, Ж.Болор-Эрдэнэ, Н.Бүрэнтэгш, А.Амгаланзаяа нарыг аймгийн Засаг даргын Тамын газарт 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөр тасалбар болгож шилжүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг биелүүлж 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 80 дугаар тушаалыг гаргасан нь, мөн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 85 дугаар тушаалыг гаргасан хууль бус юм.
Учир нь дээрх Засгийн газрын 2014 оны 327 дугаар тогтоол болон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 78 дугаар тушаалаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нарын үүрэгт ажлыг 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс тасалбар болгож, тухайн хэлтсийн байцаагч нарын ажил, үүрэг нь бүтэц орон тооны хувьд аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжсэн байна.
Тиймээс дээрх дүгнэлтээр Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нь 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр хойш тус байгууллагын Санхүү, хяналт шалгалтын улсын байцаагчийн ажил, албанд нэхэмжлэгч Э.Эийг томилох, чөлөөлөх эрхгүй бөгөөд уг эрх нь өөрийнх гаргасан 2014 оны 10 дугаар 31-ний өдрийн 78 дугаар тушаал гарсан өдрөөр дуусгавар болсон байхад маргаан бүхий захиргааны актуудыг гаргасан хууль бус болжээ.
Харин Дорноговь аймгийн Засаг даргын Санхүүгийн хяналт, аудитын алба байгуулах тухай 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/577 дугаар захирамжаар Санхүүгийн хяналт, аудитын албаны бүтэц, орон тоог Албаны дарга-1, албаны ахлах улсын байцаагч-1, албаны улсын байцаагч-4 байхаар тогтоож бүтэц орон тоог баталсан байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэжээ.
Нэхэмжлэгч Э.Э-ийн өмнө ажиллаж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон хуулийн хүчин төгөлдөр Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хариуцагч Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга биелүүлээгүйгээс шалтгаалан нэхэмжлэгч Б.Энхцэцэг нь Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүү, хяналт шалгалтын улсын байцаагчийн ажил, албан тушаалд томилогдон ажиллаж чадаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн нэхэмжлэгч Э.Эийг ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэрийг хариуцагч гаргахаасаа өмнө Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заасан төрийн албан хаагчийн хуулиар олгосон нэмэгдэл баталгаагаар хангагдах боломжийг түүнд олгоогүй зэргээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь хэргийн оролцогч нарын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нийт 6101906 төгрөгийг хариуцагч аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гаргуулан олгохыг даалгаж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн сайн дурын даатгалд төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн хураамжийг дээрх хүчин төгөлдөр бус тушаалыг гаргасан этгээдэд хариуцуулан гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв байна.
Тиймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зөв гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин анхан шатны шүүх, захиргааны хэргийн хариуцагч нь тухайн захиргааны байгууллагын дарга, уг албан тушаалыг хашиж байгаа этгээд бус Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2-т зааснаар хариуцагч нь захиргааны байгууллага, албан тушаалтан болохыг анхаарах нь зүйтэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын сарын 12-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР