Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 1989

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/01884 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.Ү, Ж.Д нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 217 800 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Билгүүн нар оролцов.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Х.Ү, Ж.Д нартай тохиролцсоны үндсэн дээр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 150 000 000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Х.Ү-ийн хүсэлтээр дээрх зээлийн гэрээг 2 удаа сунгасан ба зээлийн хүүнд 94 500 000 төгрөгийг хариуцагчаас авсан, гэрээнд заасны дагуу алдангид 7 200 000 төгрөгийг цувуулж авсан. Хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөр 150 000 000 төгрөг, алдангид 75 000 000 төгрөг, нийт 225 000 000 төгрөгийн үүргээс алдангид төлсөн 7 200 000 төгрөгийг хасч, нийт 217 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Барьцааны гэрээнд заасны дагуу 4 өрөө орон сууц болон авто машины зогсоолыг дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсэж байна гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар Д.Д-оос 150 000 000 төгрөгийг, 2013 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 1 жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлсэн. Хариуцагч нар зээлсэн 150 000 000 төгрөгөөс буюу үндсэн зээлээс 101 700 000 төгрөгийг төлсөн, бид үлдэгдэл  48 300 000 төгрөгийг төлөхөд бэлэн байна. 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдөр, 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус тус зээлийн гэрээ байгуулж талууд гарын үсэг зурсан. Эхний гэрээ нь хуулийн шаардлага хангасан байна, сүүлд байгуулагдсан 2 гэрээ нь хэлбэр болон агуулгын хувьд алдаатай байна. Учир нь 150 000 000 төгрөгийг дахин өгсөн мэт байгаа боловч энэ мөнгийг өгөөгүй байдаг ба энэ гэрээг зээлийн гэрээний сунгалт гэж тайлбарлаж байх боловч шаардлага хангахгүй байна. Энэ гэрээнүүд нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Иймд зээлийн төлбөрт 48 300 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хэргийн 21-32 дугаар хуудсанд нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулга авагдсан байдаг бөгөөд  үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь Б И, Д гэх хүмүүст мөнгө зээлж байсан ба зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь харагдаж байна. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлдэг тул энэхүү хуулийг зөрчиж байна. Иймд зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Би хариуцагч нартай харилцан тохиролцож 150 000 000 төгрөгийг зээлдүүлсэн ба Иргэний хууль болон бусад хуульд нийцүүлэн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх хөрөнгө барьцаалсан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Бидний хооронд Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд заасан иргэд хоорондын зээлийн харилцаа үүссэн. Хуулийн этгээд болон банк бус санхүүгийн байгууллага болон иргэдийн хооронд зээлийн харилцаа үүсээгүй. Иргэн хүний хувьд бусадтай зээлийн гэрээ байгуулахыг хуулиар тусгайлан хориглоогүйг хариуцагч нар, тэдний төлөөлөгч нар мэдэж байгаа. Иргэд хооронд зээлийн гэрээ байгуулахдаа хуульд заасан зохицуулалтыг зөрчсөн, эсхүл хууль зөрчсөн нөхцөлд гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох тухайг хуульд заасан байдаг. Бидний хооронд байгуулсан зээлийн гэрээнд талуудын эрх ашиг хөндөгдөөгүй, гэрээнд оролцогч талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж өөрсдийн эрх ашигт нийцүүлэн гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж зээлийн хүү болон хугацааг тодорхой заасан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 281 дүгээр зуйлййн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Хорлоогийн Үржинчимэгээс 217 800 000 /хоёр зуун арван долоон сая найман зуун мянган/ төгрөгийг гаргуулан Д.Д-д олгож, Жамсранжавын Дүүрэнжаргалд холбогдох зээлийн гэрээний үүрэг шаардсан шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар Д.Д-ын Х.Ү, Ж.Д нартай 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хууль зөрчсөн хэлцэлд тооцож, хүчин төгөлдөр буст тооцох тухай Х.Ү, Ж.Д нарын сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар Х.Ү, Ж.Д нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, ....................., 4 өрөө бүхий орон сууц болон Х.Ү-ийи өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, ..................автомашины зогсоолыг хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийн хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвзрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 282 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Д.Д-ос 832 950 /найман зуун гучин хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, Х.Ү-ээс 1 246 950 /нэг сая хоёр зуун дөчин зургаан мянга есөн зуун тавин/ төгрөгийг, Х.Ү, Ж.Д нараас 832 950 /найман зуун гучин хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг тус тус гаргуулан Д.Д-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

         Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Х.Ү, Ж.Д нар нь, Д.Д-той байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр 150 000 000 төгрөг авсан бөгөөд нийтдээ 101 700 000 төгрөг буцааж төлсөн байна. Хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлж авсан мөнгийг буцааж төлөх ёстой, нэгэнт маргаан үүссэн тул хуульд заасны дагуу үүрэг гүйцэтгэх ёстой гэж үзэж байгаа бөгөөд хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гарсан нөхцөлд шүүхийн шийдвэрийг хүндэтгэн биелүүлэх болно. Гэвч нэхэмжлэгч талаас бүрдүүлж, шүүхэд нотлох баримт болгон өгсөн баримтуудаас үзэхэд, иргэн Д.Д нь, Монгол Улсын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай 15 дугаар зүйлийн холбогдох заалтыг зөрчин тусгай зөвшөөрөлгүйгээр зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа нь тодорхой энэ талаар Дээд шүүхийн тогтоолд үнэлэлт хийж, шалгах, нөхцөл байдлыг тогтоох, хууль зүйн үнэлэлт дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзсээр байхад нотлох баримтад хууль зүйн үндэслэлгүй хийсвэр дүгнэлт хийсний улмаас зохигчдын хооронд байгуулсан 2013 оны 8 сарын 07-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон гэж үзнэ. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч тал хуульд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй шаардлага гаргасан болох нь хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө болон явцад илэрхий байсаар атал хүлээн авахаас татгалзахын оронд хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн шийдвэрийн тогтоох хэсгээс үнэлэлт дүгнэлт хийвэл, нэхэмжлэгч талд зээлийн төлбөрт мөнгө бус харин барьцааны зүйл болох орон сууцыг заавал өгөх ёстой гэж ойлгогдож байна. Дээрх алдаа зөрчлүүдэд хууль зүйн үндэслэл бүхий үнэлэлт дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

                                     

            Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Х.Ү, Ж.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний 217 800 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч  нар эс зөвшөөрч, зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

            Нэхэмжлэгч Д.Д, хариуцагч Х.Ү нар нь 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Д.Д нь  150 000 000 төгрөгийг зээлдүүлэх, зээлдэгч Х.Ү нь зээлийн мөнгөн хөрөнгийг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй төлөх, хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна. Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч Х.Ү, Ж.Д нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, ................. 113,7 метр квадрат талбайтай, 4 өрөө бүхий орон сууц болон Х.Ү-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, .................. автомашины зогсоолыг барьцаалжээ. /хх-ийн 6-10 дугаар тал/

            Дээрх зээлийн гэрээний дагуу 150 000 000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг  зээлдэгч Х.Ү хүлээн авсан, тэрээр зээлийн төлбөрт 101 700 000 төгрөг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

                         Зохигчдын байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хийсэн хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл, хүүг төлөхийг  шаардах, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хариуцагч нараас шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Нэхэмжлэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл, түүнд ногдох алдангийг шаардсан байна. Талууд зээлийн гэрээний хугацааг 2014 оны 8 сарын 8-ны өдөр 3 сараар, 2014 оны 11 сарын 8-ны өдөр 6 сараар тус тус сунгасан байна. /хх-ийн 10 дугаар тал/ Иймд анхан шатны шүүх хариуцагчийн гүйцэтгэсэн үүрэг болох 101 700 000 төгрөгөөс зээлийн гэрээ сунгагдсан өдөр хүртэлх нийт 21 сарын хүүд төлвөл зохих 94 500 000 төгрөгийг хасч тооцсон нь үндэслэлтэй. Харин үлдэх /101 700 000 – 94 500 000 = 7 200 000/ 7 200 000 төгрөгийг зээлдэгчийн хугацаа хэтрүүлсэн үүрэг болох алдангиас хасч тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

            Иймд хариуцагч Х.Үээс зээлийн гэрээний үндсэн үүрэг 150 000 000 төгрөгөөс 7 200 000 төгрөгийг хасч, төлвөл зохих үндсэн үүргийг 142 800 000 төгрөг гэж үзвэл  үүргийн гүйцэтгэлийн хугацаа хэтрүүлсэн алданги тооцож 71 400 000 төгрөг болно. Иймд нийт 214 200 000 төгрөгийг хариуцагч Х.Үээс гаргуулж, нэхэмжлэгч Д.Д-д олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай тус тус нийцнэ.

 

            Хариуцагч Ж.Д нь нэхэмжлэгч Д.Д-той зээлийн гэрээний харилцаа үүсгээгүй тул анхан шатны шүүх түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

            Түүнчлэн талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг гэх үйл баримтыг нотолсон баримтат мэдээлэл агуулаагүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь  үндэслэл бүхий болжээ. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

           

            Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Д нь нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу төлсөн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно. /хх-ийн 118 дугаар тал/

           

            Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг шаардлагад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-т заасны дагуу нэхэмжлэлийн үнийг тодорхойлж, мөнгөн хөрөнгөд ногдох улсын тэмдэгтийн хураамж төлсөн байхад анхан шатны шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагад улсын тэмдэгтийг хураамж бодож зохигчдоос нөхөн гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байх тул энэхүү алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/01884 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

 1 заалтын “... 217 800 000 /хоёр зуун арван долоон сая найман зуун мянган/ төгрөгийг ...” гэснийг “214 200 000 төгрөг” гэж, “... Дүүрэнжаргалд ...” гэснийг “Дүүрэнжаргалд болон 3 600 000 төгрөгт” гэж,

4 дэх заалтын “... Д.Дос 832 950 /найман зуун гучин хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж” гэснийг, мөн “Х.Ү, Ж.Д нараас 832 950 /найман зуун гучин хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг” гэснийг тус тус хасч өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 832 950 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

                                                                                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ