Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 202/ДШМ/65

 

 

Г.Тд холбогдох

                                     эрүүгийн хэргийн тухай                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Н.Амаржаргал,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

         Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2018/ШЗ/314 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Г.Тд холбогдох, эрүүгийн 1820002080104 дугаартай, 1 хавтас, 70 хуудас бүхий хэргийг прокурор Н.Амаржаргалын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1983 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ..., урьд ял шийтгэлгүй, Цагаангэрүүд овогт Г Т /РД:ЧВ83122679/-д холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.                                                            

           Шүүгдэгч Г.Т нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ний орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт байрлах Петровис шатахуун түгээх станцын хажууд согтуугаар иргэн Т.Гантулгыг ямар нэгэн шалтгаангүйгээр гараараа нүүрэн тус газар цохисны улмаас шүдийг нь хугалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         Анхан шатны шүүх: Шүүгдэгч Цагаангэрүүд овогт Г Тд холбогдох эрүүгийн 1820002080104 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газарт буцааж,

          Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Г.Тд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

         Шүүгдэгч Г.Тын иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэж ирсэн зүйл байхгүй болохыг тус тус дурдаж,

         Энэхүү шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрвөл захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

          Прокурор Н.Амаржаргал давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд 4 үндэслэлээр прокурорт буцаасан. Үүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 буюу шинжилгээ хийлгэх заалтыг ноцтой зөрчсөн, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас нь нотлох баримтын шаардлага хангаагүй, цагдаагийн дардас нь хуулбар, прокурор хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагч, хохирогчид нэн даруй танилцуулж, гарын үсэг зуруулах заалтыг зөрчсөн, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаар хохирогчид танилцуулаагүй атлаа хохирогч санал гаргаагүй учир хохирогчид танилцуулаагүй гэж тайлбарлаж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн, Т.Амгалангийн согтуурлын зэргийг тогтоосон боловч Т.Гантулга гэгч гарын үсэг зурсан нь ойлгомжгүй, нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу авагдсан, эргэлзээгүй байх зарчмыг зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж хэргийг буцаасан нь үндэслэлгүй байна. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “прокурор, мөрдөгч, төрийн байгууллагад иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээлэл, өргөдлийг шалгах, эрүүгийн хэргээс бусад зөрчил, хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн болон баримт мэдээллийг нотлох баримтаар тооцож болно гэж заасан тул зөрчил шалган шийдвэрлэх явцад гаргасан дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, мөрдөгчөөс дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах хууль зүйн үндэслэлгүй юм. Нөгөө талаар Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т зааснаар шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр нэмэлт шинжилгээг хийлгэхээр заасан тул зөрчил шалгах явцад гаргасан дүгнэлт нь ямар нэг эргэлзээгүй, хэргийн оролцогч нараас хүсэлт, санал гаргаагүй тул дахин дүгнэлт гаргана гэсэн ойлголт байхгүй. Бид нар шинжилгээний байгууллагад “зөрчлийн хэрэг шалгах явцад эрх бүхий албан тушаалтан дүгнэлт гаргасан учраас шүүх үүнийг нотлох баримт гэж үзэхгүй байна, дахиад дүгнэлт гаргаж өгнө үү” гэсэн албан тоот явуулахад Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-т заасан үндэслэлээр шинжилгээг гаргуулна гэсэн хариу ирүүлсэн байгаа учраас энэ дүгнэлтийг нотлох  баримт гэж үзнэ. Сум дундын нэг шүүгч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлд зааснаар шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан нотлох баримтыг үнэлж хэрэг шийдвэрлэж байхад, нөгөө шүүгч нь нотлох  баримтаар үнэлэхгүй гэж байгаа нь хуулийг нэг мөр ойлгоход эргэлзээ төрүүлж, хэрэг шийдвэрлэхэд хүндрэлтэй байгааг дурдах нь зүйтэй.  2-т согтуурлыг шалгасан тэмдэглэл байгаа.  Энэ алдааг бид нар илрүүлээгүй, үүнийг прокурорын алдаа гэж үзэж байгаа. Гэхдээ энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, хуулийг буруу хэрэглээгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөөгүй. Үүнийг нотлох баримтаар үнэлэхгүй байх эрх нь шүүхэд байгаа учраас энэ баримтыг үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой. Дараагийн үндэслэл нь ял шалгах хуудсыг эх хувиар нь хийсэнгүй, хуулбар үнэн гэсэн дардастай баримт хийсэн гэсэн. Энэ хуудсаар урьд нь гэмт хэрэг үйлдсэн гэж гарч ирвэл баримтыг эх хувиар нь хийх үндэслэл тогтоогдоно. Т урьд нь гэмт хэрэг үйлдээгүй учраас ял шалгах хуудсыг сүлжээгээр аваад хуулбар үнэн дарсан. Заавал эх хувийг хэрэгт хавсаргана гэсэн хуулийн заалт байхгүй. Нөгөө талаар энэ хэрэг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдэж байгаа хэрэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хохирогчид ялынхаа саналыг танилцуулаагүй гэсэн. Гэтэл хохирогч нь хэргийн материалтай танилцаад санал хүсэлт байхгүй гэсэн байгаа. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар заалтыг буруу ойлгож хэргийг буцаасан. Нөгөө талаар шинэ хуульд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ шүүх шийтгэх, эсхүл цагаатгах шийдвэрийг гаргана гээд заачихсан байхад хэргийг буцаасан нь үндэслэлгүй байна.  Уг хэрэгт авагдсан нотлох  баримтуудаар Г.Тд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.1-4.5-д заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан тул шүүгдэгчийн гэм буруутайг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой. Шүүхээс хэргийг үндэслэлгүйгээр буцааснаар зарим тохиолдолд гэм буруутай этгээдийг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр ял завших боломж олгох магадлал байгааг дурдах нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн 314 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх шүүгдэгч Г.Тд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос шилжүүлснийг хүлээн авч ял оногдуулах шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн боловч хэргийг прокурорт буцаах тухай 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2018/ШЗ/314 тоот  шүүгчийн захирамж гаргасан нь үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

            Давж заалдах шатны шүүхээс прокурор Н.Амаржаргалын бичсэн эсэргүүцэлд үндэслэн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцвэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-т заасан “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх журам “-ыг зөрчиж шийдвэр гаргасан байна.

             Шүүгдэгч Г.Т нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ний шөнө хохирогч Т.Гантулгыг гудамжаар ганцаараа алхаж явахад нь шалтгаангүйгээр, нүүрэн тус газар нь цохиж түүнд үүдэн 2 шүдний хугарал бүхий хөнгөн гэмтлийг учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдсон ба хэргийн талаарх гомдлыг анх Замын-Үүд сум дахь Цагдаагийн хэлтэс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1-д зааснаар хүлээн авч шалгахдаа шинжээч томилж, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн талаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22/ гаргуулсныг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр гараагүй нотлох баримт гэж үзсэн нь үндэслэлгүй болсон.

          Хохирогч Т.Гантулгын гомдлыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлд зааснаар цагдаагийн байгууллага шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоолгохоор шинжээч томилж, дүгнэлт гаргуулахад хохирогч Т.Гантулгын биед дээд баруун 1, зүүн 1-р шүдний хугарал, дээд уруулын зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон тул прокурор Зөрчил шалган шийдвэрлэх тухай  хуулийн 9.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.2-т зааснаар эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, яллагдагчаар татсан нь Зөрчил шалган шийдвэрлэх болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагаа явуулах журамд нийцсэн  гэж үзнэ.

         Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед гарсан 2018 оны 09 дүгээр сарын 17-ны 02/0296 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар “Прокурор, мөрдөгч нь ... эрүүгийн хэргээс бусад зөрчил, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа, мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ... баримтат мэдээллийг нотлох баримтад тооцож болно” гэсэнд нийцэж байх тул уг шинжээчийн дүгнэлтийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан нотлох баримт гэж үзнэ.

           Хэрэгт  шүүгдэгч Г.Тд холбогдох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/ нь эх хувь биш, түүний үнэн зөвийг баталгаажуулаагүй болох нь хавтаст хэргээс харагдаж байгаа боловч түүнийг шүүх хуралдаан эхлэхээс өмнө прокуророос гаргаж өгөх боломжтой баримт бичиг юм. Энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэх үндэслэлгүй.

         Хэрэгт хамааралгүй Төрбат овогтой Амгалангийн согтуурал шалгаж хохирогчоор гарын үсэг зуруулсан тэмдэглэл /хх-ийн 34/ авагдсан нь мөрдөгч, прокурорын хариуцлагагүй ажиллагаа гэж үзэх үндэстэй боловч хэрэгт хамааралгүй уг  тэмдэглэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар нотлох баримтад тооцохгүй байх болон хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэлэх, шалгах эрхийг шүүхэд олгожээ.

           Шүүгдэгч Г.Т нь архи  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг, хохирогч Т.Гантулга, гэрч Э.Баярсайхан, П.Доржсэмбээ нарын мэдүүлгүүд, цагдаагийн байгууллагад эрүүлжүүлэгдэхэд биед нь үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 33/-д 1.44% согтолттой байсан зэргээр тус тус тогтоогдож байх тул эдгээр бусад нотлох баримтуудыг шүүх хянаж үнэлэн шийдвэрлэх боломжтой гэж үзнэ.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4-д зааснаар прокурор яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа хохирогчид танилцуулаагүй, гарын үсэг зуруулаагүй нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзсэн нь мөн үндэслэлгүй болсон.

           Хохирогч Т.Гантулга хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэг өгөхдөө “надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Т нь надаас уучлалт гуйж, хохирол мөнгөө барагдуулсан. Мөн намайг андуураад цохисон байсан тул гомдол саналгүй. Би шүүх хуралд оролцохгүй. Учир нь би одоо Дархан-Уул аймаг руу ажлаа хийхээр явах тул дахиж ирэх боломжгүй” гэж /хх-ийн 18-19/ мэдүүлснээс үзэхэд шүүгдэгч, хохирогч нар эвлэрсэн гэж үзэх үндэстэй.

         Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн шүүхээс хэргийг буцааж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй болсон ба шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

        Харин анхан шатны шүүх прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан журмыг баримтлан шийдвэр гаргах  байтал мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан шүүгчийн захирамж гаргасан нь энэхүү хуулиудад нийцээгүй.

          Хэргээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар “шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй ял оногдуулах шүүх хуралдаан зарлан явуулж болно” гэснийг баримталж шүүх 2018 оны 09 дүгээр сарын 27-нд хэргийг прокуророос хүлээн авч, 2018 оны 09 дүгээр сарын 28-нд шүүх хуралдааныг зарлан явуулсан нь ял оногдуулах хуралдаан гэж үзнэ.

         Шүүх ял оногдуулах шүүх хуралдаан явуулж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-4.6-д заасан нөхцөл байдлуудыг хянаж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах байжээ.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл” гэсэн нөхцөл нь хэрвээ шүүх хэргийг шууд шийдвэрлэх боломжгүй гэж үзвэл мөн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ердийн журмаар шийдвэрлэхээр шийдвэр гаргаж, мөн хуулийн 33.1-д зааснаар шийдвэрлэх бөгөөд анхан шатны шүүх энэ талаарх журмыг зөрчсөн байна.                   

           Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасан үндэслэл болж байх тул прокурорын эсэргүүцлийг хангаж,  анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2018/ШЗ/314 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож,  хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж,  прокурор Н.Амаржаргалын эсэргүүцлийг  хангасугай.

          2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

                                                                                                        А.САЙНТӨГС