Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2020/00145

 

Н.Б, Ш.Мнарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/00028 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 474 дүгээр магадлалтай,

Н.Б, Ш.Мнарын нэхэмжлэлтэй,

Н.Нт холбогдох,

Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хороолол 107 дугаар байр, 35 тоот 2 өрөө орон сууцыг Н.Б, О.А, О.Ам нар өвлөх эрхтэй болохыг тогтоож, тэдгээрт ногдох хэсэг 63 744 750 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Орон сууцыг Н.Н, О.Амармандах нарын нэр дээр бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт  даалган, нэхэмжлэгч Н.Бгаас 44 500 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч Ш.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч болон нэхэмжлэгч Ш.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Түмэннаст, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ариунжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч Ш.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1972 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр охин Б.Оюундалайг, 1978 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүү Б.Оюунбилэг нарыг төрүүлсэн. Охин Б.Оюундалай 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр, хүү Б.Оюунбилэг 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр зуурдаар нас барсан. Б.Оюунбилэг нь Ш.Мтай 2004 оноос хамтран амьдарч, 2004 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр охин О.А, 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүү О.Ам нар төрсөн бөгөөд тэд албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй.

2012 оноос Б.Оюунбилэг нь Н.Нтай хамтран амьдарч тэдний дундаас 2013 онд хүү О.Амармандах төрсөн бөгөөд гэрлэлтээ батлуулаагүй. Б.Оюунбилэг Содон хорооллын 3 дугаар ээлжийн 105 дугаар байрны 82 тоот 47.92 м.кв 2 өрөө орон сууцыг захиалж гэрээ байгуулан төлбөрийг төлж байгаад гэрээгээ өөрчлөн 4 дүгээр ээлжийн 107 дугаар байрны 35 тоот, 49.99 м.кв 2 өрөө орон сууцаар солин дахин гэрээ байгуулсан. 2015 оны 2 дугаар улиралд төлбөрийн 51 хувь болох 46 439 200 төгрөгийг компанийн шалгуурын дагуу графикаар төлж, үлдсэн 38 543 800 төгрөгийг Хас банкны 8 хувийн зээлд хамрагдан 20 жилийн хугацаатай лизингээр уг орон сууцыг нийт 84 993 000 төгрөгөөр худалдан авч, өмчлөх эрхийн гэрчилгээ Б.Оюунбилэгийн нэр дээр гарч, улсын бүртгэлд бүртгэгдсэн. Охин Б.Оюундалайг нас барсны дараа түүний хүү О.Алтангэрэлийг Б.Оюунбилэг өөрийн асрамжид авч, уг орон сууцанд Б.Оюунбилэг, Н.Н, О.А, О.Ам, О.Амармандах, О.Аптангэрэл нар амьдарч байсан. Н.Нийг манайд ирэхээс өмнө би охин, хүү хоёрын хамт Хархорин захад 2003 оноос 2017 оны 9 дүгээр сар хүртэл 14 жил 2 лангуу түрээслэн ажиллуулж байсан орлогоос төлсөн болохыг “Хархорин хүрээ” ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн тодорхойлолт, Хас болон Хаан банк ХХК-ийн хадгаламж нотолно. Байрны урьдчилгаанд төлсөн 46 439 200 төгрөгөөс Б.Оюунбилэгийн төрсөн эгч Б.Оюундалай нийт 16 292 800 төгрөгийг, Б.Оюунбилэг нийт 30 146 400 төгрөгийг тус тус төлсөн. Би одоо хөдөлмөр эрхлэх чадваргүй, төрүүлсэн 2 хүүхдээ алдаж, 3 насанд хүрээгүй хүүхдийн хамт амьдарч байна.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.3 дах хэсэгт заасны дагуу талийгч Б.Оюунбилэгийн хууль ёсны өвлөгч, өв залгамжлагчаар охин О.А, хүү О.Ам, эх Н.Б нарыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын 107 дугаар байрны 35 тоот, 2 өрөө орон сууцнаас хууль ёсны өвлөгчдөд ногдох 63 744 750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Талийгч Б.Оюунбилэгийн хүүхэд болох О.А, О. Ам нар өв хүлээн авах талаар хуульд заасан хугацаанд хүсэлт гаргаагүй тул эрхээ алдсан гэж үзнэ. Ш.Мнь нөхөртэй, дундаасаа хүүхэдтэй, өөрийн 2 хүүхдийн өвийн талаар хуулийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй тул өвлөгчид биш. Миний бие 2012 оноос 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх талийгчтай хамтран амьдарч байсныг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/01501 дугаар шүүхийн шийдвэрээр тогтоолгосон. Тэтгэвэрт гарсан хүнд зээл шилжүүлэх боломжгүй. Би улсад 15 жил ажилласны улмаас хамтран зээлдэгч болж банкны зээлийг төлж байгаа тул өмчлөгч гэж үзэж байна. Н.Б нь лангууг 35 000 000 төгрөгөөр, машин 9 500 000 төгрөгөөр худалдан борлуулж 44 500 000 төгрөгийн хөрөнгийг авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Н шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие 2012 оноос 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд талийгчтай хамтран амьдарч, бидний дундаас 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүү О.Амармандах төрсөн. Бидний хамтын амьдралыг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/01501 дугаар шүүхийн шийдвэрээр тогтоосон. Талийгч Б.Оюунбилэг бид хоёр Хархорин худалдааны төвийн хүнсний павилионыг иргэн н.Алтанцэцэгээс авсан. Н.Б нь өвийн хугацаа дуусаагүй байхад бидний өдөр тутмын аж амьдралаа залгуулж байсан павилионыг 35 000 000 төгрөгөөр зарсан, мөн миний нөхрийн нэр дээр байсан Тоёота Рав-4 маркийн 19-86 УНП дугаартай автомашиныг хуучин бэр Ш.Мд 9 500 000 төгрөгөөр худалдан борлуулсан.

Иймд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын 107 дугаар байрны 35 тоот орон сууцны өмчлөгч болохыг тогтоож, орон сууцыг Н.Н болон хүү О.Амармандах нарын нэр дээр бүртгүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт даалгуулж, 45 500 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Н.Н миний гэрт хүү Б.Оюунбилэгтай 2013 оны 9 дүгээр сарын 23-нд ирж хамтран амьдраад 3 жил гаруй болсон. Үүнийг хорооны Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 106 тоот тодорхойлолт гэрчилнэ. Хархорин захын 1-5 дугаар павильон Н.Б миний нэр дээр анхнаасаа гэрээ хийж ажиллаж байсныг гэрчлэх “Хархорин хүрээ” ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 1/132 тоот албан бичиг нотолно. Хариуцагч Н.Нт хамааралгүй. Тоёота Рав-4 маркийн автомашиныг Н.Нийг манайд ирэхээс өмнө 2012 оны 9 дүгээр сарын 5-нд миний бие павилионы бараагаа барьцаалж Хаан банкнаас 9 000 000 төгрөгийн зээл авсан. Сонгинохайрхан дүүргийн, 6 дугаар хороо, Содон хорооллын 107 дугаар байрны 35 тоот, 2 өрөө орон сууцыг Б.Оюундалай, Б.Оюунбилэг бид 3 өөрсдийн павилион жиллуулж 14 жил хуримтлуулсан мөнгөөр байрны 84 993 000 төгрөгийн 51 хувь болох 46 432 200 төгрөгийг төлж, үлдэх хэсгийг 8 хувийн зээлд хамруулсан. Н.Н миний хөрөнгийг өвлөж авах нь буруу тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/00028 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.6-д заасныг баримтлан талийгаач Б.Оюунбилэгийн улсын бүртгэлийн Ү-2201047726 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Содон хороолол 107 дугаар байр 35 тоот 49.99 м.кв 2 өрөө орон сууцны хууль ёсны өвлөгчөөр эх Н.Б, охин О.А, хүү О.Ам нар мөн болохыг тогтоож, ногдох хэсэгт 51 517 650 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Бгаас 3 000 000 төгрөгийг гаргуулан хариуцагч Н.Нт олгон, үлдэх 41 500 000 төгрөг болон орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцыг Н.Н, О.Амармандах нарын нэр дээр бүртгүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 546 873 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 450 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Н.Наас 485 738 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгон, нэхэмжлэгч Н.Бгаас 62 950 төгрөг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 474 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/00028 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 485 738 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч Ш.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 474 дүгээр магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд зааснаар хяналтын шатанд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхээс “Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтыг шалгуулах хүсэлт гаргасныг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу болсон, мөн гуравдагч этгээд оролцуулах хүсэлтийг гаргасныг хангахаас татгалзсан нь учир дутагдалтай” гэсэн 2 үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

Эхний үндэслэлийн тухайд нэхэмжлэгчийн зүгээс анх нэхэмжлэл гаргахдаа Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтыг хавсаргаж өгсөн, мөн хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад мөн нэхэмжлэгчийн зүгээс дахин уг хорооны Засаг даргаас тодорхойлолтыг гаргаж өгсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2 дугззр зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах үүргээ хэрэгжүүлсэн.

Хариуцагчийн зүгээс Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтыг эргэлзээтэй гэж үзэж шалгуулах хүсэлт гаргасан нь үндэслэлгүй, яг юу нь эргэлзээтэй болох нь тодорхойгүй. Уг Засаг даргын тодорхойлолтыг хуульд заасан журмын дагуу авсан бөгөөд ямар нэгэн эргэлзээтэй зйл байхгүй, Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн магадлалаар уг баримтын тодруулах ёстой гэсэн бөгөөд яг юуг тодруулах ёстой нь мөн тодорхойгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...Түүнээс гадна, талууд “Хас банк” ХХК болон Б.Оюунбилзг, Ш.Мнар нь 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан, энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны маргааны зүйл болох орон сууц нь уг зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан гэх тайлбарыг гаргасан ба нэхэмжлэгчийн өмгөөлөгч “Хас банк" ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ” гэж дүгнэсэн. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар “Хас банк” ХХК нь Ш.Мтай гэрээ байгуулаагүй байдаг. Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс “Хас банк" ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тодруулж "Талийгаач Б.Оюунбилэгийн өмчлөлийн Ү-2201047726 дугаартай, 00504069 тоот өмчлөх гэрчилгээтэй, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 107 тоот байрны 35 тоот хаягт байрпах 49.99 м.кв хоёр өрөө орон сууцны хууль ёсны өвлөгч, өв залгамжлагчаар Н.Б, О.Алтангэрэл, О.А, О.Ам нарыг тогтоолгох" гэсэн шаардлага гаргасан. Хариуцагчийн зүгээс гуравдагч этгээдээр “Хас банк”-ыг оролцуулах хүсэлт гаргасан бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага “Хас банк”-ны эрхэд сөргөөр нөлөөлөхөөргүй байна гэж үзэж хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль  зүйн үндэслэлтэй. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны 10 дугаар сард нэхэмжлэлийн шаардлагаа “талийгаач Б.Оюунбилэгийн өмчлөлийн Ү-2201047726 дугаартай, 00504069 тоот өмчлөх гэрчилгээтэй, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Содон” хорооллын Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 107 тоот байрны 35 тоот хаягт байрлах 49.99 м.кв хоёр өрөө орон сууцны хууль ёсны өвлөгчид оногдох хэсэг болох 63.744.750 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү" гэж нэмэгдүүлсэн бөгөөд талуудын зүгээс гуравдагч этгээдийг оролцуулах хүсэлт дахин гаргаагүй байхад давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийг буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь, эсхүл шүүхийн санаачилгаар болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно” гэж заасны дагуу гуравдагч этгээдийг шүүхийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан оролцуулах эрх шүүхэд байхгүй. Мөн “Хас банк”-ны хувьд уг маргаан шийдвэрлэгдсэнээр сөргөөр нөлөөлөх үр дагавар гарахгүй. Учир нь “Хас банк”-тай байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ одоо хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд уг маргаан шийдэгдсэн ч Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т “өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ" гэж заасны дагуу үүргийг нь давхар хүлээн авна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 474 дүгээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

 Н.Б, Ш.Мнар нь Н.Нт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хороолол 107 дугаар байр, 35 тоот 2 өрөө орон сууцыг Н.Б, О.А, О.Ам нар өвлөх эрхтэй болохыг тогтоож, тэдгээрт ногдох хэсэг 63 744 750 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, орон сууцны өмчлөгчөөр тогтоож, орон сууцыг Н.Н, О.Амармандах нарын нэр дээр бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт  даалган, нэхэмжлэгч Н.Бгаас 44 500 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх Н.Б, О.А, О.Ам нарыг орон сууцны хууль ёсны өвлөгчөөр тогтоож, хариуцагчаас 51 517 650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгуулахаар, нэхэмжлэгч Н.Бгаас 3 000 000 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.-т шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно гэжээ.

Талийгаач Б.Оюунбилэг нь маргааны зүйл болсон орон сууцыг “Хас банк” ХХК-ийн ипотекийн зээлээр худалдан авсан, зээлийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор “Хас банк” ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэгт оролцуулахаар хариуцагчийн өмгөөлөгчөөс хүсэлт гаргасныг анхан шатны шүүх “...тухайн маргаан “Хас банк” ХХК-ийн эрх үүрэгт сөргөөр нөлөөлөхгүй...” гэх үндэслэл зааж хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан үндэслэлээ шүүгчийн захирамжид тодорхой заагаагүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар өвлүүлэгч орон сууцыг худалдаж авахдаа “Хас банк” ХХК-иас 38 543 800 төгрөгийг орон сууцны 8%-ийн хүүтэй зээлд хамрагдан авсан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд маргаж буй орон сууцыг барьцаалсан, гэрээний хугацаа дуусах болоогүй, зээлийн төлбөр төлөгдөж дуусаагүй, зээлийн үлдэгдэл төлбөр, гэрээний үүргийг өв залгамжлагч хүлээн авах, эсэх талаар зохигч маргаж байх тул “Хас банк” ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахыг хүссэн хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан нь учир дутагдалтай болжээ гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, хэрэгт цугларсан баримтад тулгуурлан, өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3., 29 дүгээр зүйлийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, магадлал 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтад нийцжээ.

Анхан шатны шүүх магадлалд дурдсан зөрчлийг гаргаснаас гадна зохигчийн хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг бүрэн тодорхойлоогүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүйгээс үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Тухайлбал, орон сууцыг худалдан авахад Б.Оюундалайгийн оруулсан гэх 16 292 800 төгрөгийг орон сууцны үнийн дүнгээс хассан үндэслэл тодорхойгүй, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон атлаа ямар үндэслэлээр хариуцагчаас төлбөр гаргаж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хийсэн шүүхийн дүгнэлт хоорондоо зөрчилтэй, маргаж буй орон сууцны өмчлөлийг эзэнгүйдүүлж, хэний өмчлөлд үлдээж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгч нар зээлийн өрийг өвлөж авсан эсэх талаар хэрэгт дүгнэлт хийгээгүй байна.

Иймд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 474 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-т зааснаар нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШЗ2019/05465 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД