Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1358

 

2021        12         07                                   2021/ШЦТ/1358

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

улсын яллагч Ө.Мөнхнавч,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2106 02387 2330 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эмээ, эцэг, эх, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо 16 дугаар хороолол 17 дугаар байрны 41 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *******

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Яллагдагч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 70 дугаар байрны гадаах зогсоол дээр байсан Ц.Ганбатцоожийн эзэмшлийн 93-67 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч автомашины урд хайрцагт байсан 2.290.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Ц.Ганбатцоожид 2.290.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.                    

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс хохирогч Ц.Ганбатцоожийн “2021 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 01-02 цагийн үед Сансарын туннелээс Баянзүрх дүүргийн 72 дугаар хотхон орно гээд нэг эмэгтэй суусан явах замдаа банк ажиллахгүй байгаа юм уу ах гэж асуухаар нь би мэдэхгүй байна юу болсон юм вэ гэхэд ээжийн бие муу эм тарианы мөнгө хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би их биш бол ахдаа утасныхаа дугаар, гэрийн хаягийг хэлээд мөнгө авахаар бол авахгүй юу гэж хэлсэн. Надад тухайн эмэгтэй утасныхаа дугаарыг өгөхөөр нь би залгаж дугаараа үлдээсэн. Тэр эмэгтэй цайзын автобусны буудал дээр зогсоод миний машинаас буулгүй миний утас руу 60.000 төгрөг хэрэгтэй байна гэж мессежийг 80280466 гэсэн дугаараас ирүүлсэн. Тэгээд би машиныхаа голын хайрцагт байсан 2.350.000 төгрөг байснаас 60.000 төгрөгийг нөгөө эмэгтэйд өгсөн. Завтай бол хоёулаа гадуур гарах уу гэж асуухад тэр эмэгтэй зөвшөөрөхөөр нь Нарантуул захын хажуугаар яваад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 70 дугаар байрны 4 дүгээр гудамжны 16 тоотод байх манай гэрт очоод ярилцаж байгаад бэлгийн харьцаанд орсны дараа унтчихсан байсан. Би шөнө 1-2 цагийн үед цонх савсан чимээнд сэрэхэд нөгөө эмэгтэй байхгүй байсан ба цонхоор харсан чинь машины дотор талын гэрэл асаатай байхаар нь машин дээрээ очиход түлхүүрийг нь жолоочийн суудал дээр үлдээсэн байхаар нь машины голын хайрцагт байсан мөнгийг харахад бүх мөнгийг минь аваад явсан байсан ... тухайн үед машины голд байсан 2.350.000 төгрөгөөс 60.000 төгрөгийг өөрөө өгсөн. Тэрний дараа тэр эмэгтэй намайг 40.000 төгрөг өгчих гэхээр нь би гэрт байсан учир жоохон байж байгаад гараад аваад өгье, машинд байгаа гэж хэлсэн. Тэгж хэлээд хэвтэж байгаад унтсан байсан ... тэр эмэгтэйг харвал танина ... Миний хохирол мөнгийг барагдуулсан учир надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12, 58, 60-62 дугаар хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/,

Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-ийн 63-65 дугаар хуудас/,

Яллагдагч *******гийн “Би 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо сансрын туннел орчим өгсөөд явж байхад нэг машинтай ахтай таараад суучих гэсэн тэгээд машинд сууж тэр ахын гэрт очоод гарахдаа ширээн дээр байсан машины түлхүүрийг авч гараад машинаас мөнгө хулгайлж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 хуудас/

*******гийн хувийн байдалтай холбоотой Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 27 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77 дугаар хуудас/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 22 дугаар хуудас/, ЦЕГ-ын асап сангийн лавлагаа зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч *******гийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 70 дугаар байрны гадна байсан хохирогч Ц.Ганбатцоожийн эзэмшлийн 93-67 ТӨА улсын дугаартай суудлын авто машины голын хайрцагт байсан 2.290.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ц.Ганбатцоожийн мэдүүлэг /хх 12, 58, 60-62/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 16/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх 63-65/, яллагдагч *******гийн мэдүүлэг /хх 55-56/, Эд мөрийн баримтаар тооцсон CD-ний бичлэг зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Хохирогч Ц.Ганбатцоож нь өөрийн эзэмшлийн суудлын авто машинтай явж байсан, шөнийн цагаар ганцаараа зам дагуу явж байсан эмэгтэйг хүргэж өгөх санал тавьсан, ******* зөвшөөрч машинд суусан, ярилцаж танилцсан, дугаараа солилцсон, ******* гэрийнхээ гадна очсон боловч буугаагүй, Ц.Ганбатцоожоос 60.000 төгрөг гуйхад нь машины голын хайрцагт байсан бэлэн мөнгөнөөс авч өгсөн, улмаар хамтдаа Ц.Ганбатцоожийн гэрт очсон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, харилцан тохиролцож дотно харилцаанд орсон, Ц.Ганбатцоож нь Б.Мөнхжинг дахин 40.000 төгрөг гуйхад өгөхөө илэрхийлсэн, мөнгө хаана байгааг зааж хэлээд унтсан, ******* авто машины түлхүүрийг авч голын хайрцагт байсан бэлэн мөнгийг хулгайлсан, түлхүүрийг авто машин дотор үлдээсэн, хохирогчийн дугаарыг блок хийсэн, хяналтын камерын бичлэгээр приус маркийн суудлын зориулалттай тээврийн хэрэгсэлд эмэгтэй хүн орж, гарсан үйл баримт тогтоогджээ.    

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Д.Жамъяандагва нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүх хуралдаан давхацсан гэх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй бөгөөд шүүгдэгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй тул өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

Хулгайлах гэмт хэргийг хувьд бусдын өмчлөх эрхэд хүч хэрэглэхгүйгээр, нууц аргаар, гэм буруугийн санаатай хэлбэрээр, идэвхтэй үйлдлээр халдаж, бусдын эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлсний улмаас Эрүүгийн хууль заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

Шүүгдэгч ******* нь хүний өмчлөх эрхийг эсрэг хүч хэрэглэхгүйгээр халдахдаа уг үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул түүний үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ. Энэ гэмт үйлдэл болон учирсан хохирол, хор уршиг хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар буюу хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэн гэсэн хүндрүүлэх шинжтэй зүйлчилжээ.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь хэргийн бодит байдалтай нийцсэн боловч хэргийн зүйлчлэл тохироогүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь хохирогч Ц.Ганбатцоожийг бэлэн мөнгөө авто машиндаа үлдээснийг мэдэж байсан, хохирогчийг унтсан байдлыг далимдуулан авто машиныг түлхүүрээр онгойлгон голын хайрцагт байсан бэлэн мөнгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “агуулахад нэвтэрч” үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг хангаагүй байна.

Тээврийн хэрэгсэл нь хүн болон ачаа тээвэрлэх зориулалттай боловч тээврийн хэрэгсэл болгон агуулах биш, зөвхөн эд зүйл хадгалах, бараа зөөх зориулалтаар тусгайлан тоноглосон, хамгаалалт хийсэн тээврийн хэрэгслийг агуулахад хамааруулан ойлгоно.

******* нь суудлын авто машин дотор байсан мөнгийг хулгайлахдаа авто машины цоожинд түлхүүр тааруулан хаалгыг онгойлгох, эсхүл багаж хэрэгсэл ашиглан цоожийг эвдэх, цонхыг хагалах зэргээр хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хэргийг зүйлчилснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд нэг талаас амар хялбар аргаар мөнгө олох санаа зорилго, нөгөө талаас гэнэн итгэмтгий зан харилцаа, сонор сэрэмж, хайхрамжгүй хандлага буюу танихгүй хүнд мөнгөтэй байдлаа харуулах, тодорхой хэмжээний мөнгө өгсөн, өгөхийг зөвшөөрсөн, гэртээ оруулсан, дотно харилцаанд орсон зэрэг хохирогчийн зүй бус үйлдэл нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Ганбатцоожид 2.290.000 төгрөгийн бодит хохирол тогтоогдсон, хор уршиг учраагүй ба хохирол нөхөн төлөгдсөн тул *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

  Шүүгдэгч *******г хулгалах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, 28 настай, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

  Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

  Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

  Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хохих байгууллагад эдлүүлэх санал гаргасныг дурдах нь зүйтэй.

  *******гийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “Учруулсан хохирлыг төлсөн”, 1.4 дэх заалтад заасан “Хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

  Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийг зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч *******гийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэвэл зохино.

  Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан хорих ялыг сонгон хэрэглэх шаардлагагүй, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тохиолдолд тодорхой хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад байх, үүрэг, албадлагын арга хэмжээ  зөрчихгүй байх гэсэн ирээдүйд үүсэх үр дагаврыг бий болгодог тул шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хорихоос өөр төрлийн ялыг сонгох хэрэглэх нь тохиромжтой гэж үзлээ.

  Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ бага, хор уршиг учраагүй шинж чанартай байдал, урьд ял шийтгэлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бага насны 2 хүүхэдтэй гэх хувийн байдал, хохирогчид итгэл төрүүлэн гэрт нь очиж шөнийн цагаар унтаж байх үед нь сэм аргаар машиныг түлхүүрээр нээж мөнгийг авсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал  зэргийг харгалзан *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

  Энэ хэрэгт *******  нь  2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 40 хоног цагдан хоригдсон байна.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож эдлэх ялаас хасах зарчмаар 40 хоногийг 8 цагаар тооцвол 320 цаг болж, эдлэх ялтай дүйцэж байх тул *******г энэ тогтоолоор ял эдэлсэнд тооцох нь зүйтэй.

   2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өмгөөлөгч Д.Жамъяндагваас шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх талаар бичгээр гаргасан хүсэлтийг үүгээр хангаж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий компакт диск CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

           2. *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар *******гийн цагдан хоригдсон 40 /дөч/ хоногийг 8 /найм/ цагаар тооцон шүүхээс оногдуулсан 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ялаас 320 /гурван зуун хорь/ цагийг хасаж, ял эдэлсэнд тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалсугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, ******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд *******өнжинд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох энэ шийдвэрийг эс зөвшөөрөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ХАТАНЦЭЦЭГ