Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/11

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж, Ерөнхий шүүгч Г.Мөнхбат шүүгч З.Шүрэнчулуун нарын  бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга Б.Ц 

Иргэдийн төлөөлөгч Э.Б

Улсын яллагч Б.С

Хохирогч С.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2122000000209 тоот хэргийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ....... дугаар сарын ........-ний өдөр .............аймгийн ........... суманд төрсөн, ............, ............., ............, ам бүл .........., ............ аймгийн ......... сумын ............багт .............. оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ............., .......... овогт ******* гэв.

 

Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Хулд сумын төвд Баруун жирмийн 13-06 тоотод 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр иргэн С.Мийг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэн үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

   Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            - Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2021 оны 11 дүгээр сарын 26-ны амралтын өдөр 15 цагийн үед дуудлага ирээд гартал М ах хашаандаа ирсэн байсан. Би мэндэлчхээд “ажлаа амжуулаад эргээд уулзъя” гээд явсан. Эргээд М ах руу ярьж дэлгүүр дээр зогсож байна гэхээр нь уулзаад танай хашаанд буух гэсэн юм хотоос гэр ирж байгаа гэхэд тэг тэг гэсэн. Тэгээд би 12000 төгрөг өгөөд юм авчхаарай гэж хэлсэн. Намайг ажил дээрээс аваад гэрт очиж авсан архиа уусан. Би тэрнээс өмнөхөн эрүүний хагалгаанд орж эмнэлэгт хэвтсэн байхад эргэж чадаагүй гээд машинаасаа архи аваад ороод ирэхээр нь тэрийг нь уусан. Тэгээд С.М ах хөдөө гарлаа гээд явсан. Би хүнд юм өгчхөөд эргээд залгатал “сумын баруун дээр байна” гэхээр нь би баярлалаа гээд нэг шил архитай очсон. Тэрийг хувааж уучхаад халсан байсан чинь эхнэр нь “очоод янз бүр болох гэж байгаа юм” гээд уурлахаар нь би “үлдчих, маргааш дөхүүлээд өгье” гээд эргээд манайд бид 2 хамт ирсэн. Тэгээд үлдсэн архиа хувааж уугаад би гадаа гараад тамхилаад зогсож байгаад С.М ахыг бие засаж байхад “та ууж идчихээд янз бүр болоод байдаг юм биш биз” гэсэн чинь “чамд ямар хамаатай юм, Молигын шээс минь” гэсэн. Манай аавын хочийг Молиго гэдэг. Тэгээд уурлаад хутга авч гарсан. Батцэцэг гэх хүнийг цагдаа дуудаад өгөөч гээд дуудлага өгсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

- Хохирогч С.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2021 оны 11 сарын 26-ны өдөр эхнэр хүүхэдтэйгээ Хулд суманд байдаг хашаа байшингаас өвлийн хувцсаа авах гээд очтол Д “хэзээ ирсэн юм, хэзээ буцах юм, уулзах ажил байгаа шүү” гэсэн. Тэгээд намайг бензин авч байхад залгаад ирж уулзсан. Уулзаад “хотоос гэр ирж байгаа, танай хашаанд бууя” гэхээр нь би “тэг тэг” гэсэн. Тэгсэн надад 12000 төгрөг өгөхөөр нь дэлгүүр ороод Дтой хамт архи авч уусан. Удалгүй би хөдөө явахаар болоод гараад явж байтал Д “та хаана байна, би таныг гаргаж өгье” гээд нэг архитай ирсэн. Тэгэхэд эхнэр “чи архи уусан, очоод хүүхэд айлгаад дэмий” гэхээр нь би үлдээд Дгийнд очсон. Дгийнд архи ууж байгаад гэрээс гараад Д гэрийнхээ үүдэнд тамхи татаж байхдаа “та эхнэр хүүхдээ айлгаад байдаг юм уу” гэхээр нь “би чамд ямар хамаатай юм, молигын шээс минь” гээд хэлээд ийм зүйл болсон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

            - Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ “...Д М нар нь их хэмжээний согтууруулах ундааны зүйл ууснаас болж, хэн хэн нь биеэ барих хяналтгүй болсон байна. Тиймээс өөр өөрсдийнхөө бурууг хүлээж, нэг нэгнийгээ уучилж, дахин ийм ааш гаргахгүй байх гэж бодож байна. Шүүгдэгч Б.Дг гэм буруутай гэж үзэж байна...” гэв.

 

- Гэрч У.Ө-ийн “Би 2021 оны 11 сарын 26-ны өдөр нөхөр С.М болон 2 хүүхдийнхээ хамтаар Хулд сумын төв орж, хашаанд байх байшингаасаа өвлийн хувцас авах ажилтай ирсэн юм. Бид ажлаа амжуулчхаад колонк орж бензин авах замаараа Авидын дэлгүүр орж хүнсний зүйл аваад байж байтал Д ирээд манай нөхөр С.М-тэй уулзаж байгаад явсан. Манай нөхөр С.М машинд орж ирээд “Гочоо манай хашаанд бууя гэж байна, тэгэхээр нь тэг гээд зөвшөөрчихлөө” гэж хэлсэн. Бид дэлгүүрийн гаднаас хөдлөөд Дг ажил дээрээс нь аваад Баруун лагарт байх П.Г ахын хашаанд ортол хүн байгаагүй. Манай нөхөр С.М өврөөсөө Д захисан гээд 0.5 литрийн хараа архи гаргаж ирээд хувааж уусны дараа нь, манай нөхөр С.М машинаасаа хүнд өгнө гэж авсан 0.5 литрийн “ХАРАА” архи авч хувааж уугаад дуусахаар нь би нөхрийнхөө хамтаар хөдөө явсан. Явж байтал Д С.М рүү залгаад “хаана яваа юм, наанаа хүлээж бай, би очлоо” гэсэн. Удалгүй Д 0.75 литрийн хараа гэх архийг авчран тэр хоёр ууж дуусаад “намайг хоёр хүүхдээ аваад түрүүлээд явж бай, дүү нь маргааш С.М ахыг хүргээд өгье” гээд сум руу эргээд явцгаасан юм. Би хөдөө гэртээ очоод амарч байтал манай хадам ээж С.Ц, охин Л-ны хамтаар манайд ирж “С.Мийн бие муу байна, аймаг руу эмнэлгийн машинтай явсан гэнэ, Д хутгалсан байна” гэж надад хэлээд бид нар 2021 оны 11 сарын 27-ны 05 цагт аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирж С.М-ийн дүү С.М-тэй уулзсан.Тэр хоёр маргалдаж муудалцсан зүйл гаргаагүй. С.М, ******* нар нь өс хонзонгийн асуудал байгаа талаар надад мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх22-23/

- Гэрч Б.Б-ийн “Намайг 2021 оны 11 сарын 26-ны орой 20 цаг 30 минутын үед гэртээ байхад ******* өөрийнхөө утсаар залгаад “би гэртээ хүн хутгалчихлаа, яаралтай цагдаад хэлээд өгөөч, би утсыг нь мэдэхгүй байна” гээд сандарсан өнгөөр хэлээд тасалсан юм. Би гэрээсээ гараад цагдаагийн кобан орж, хэсгийн цагдаа Б.Галбадрахад энэ тухай дуулгасан юм. Би *******г багаас нь мэднэ. Нэг суманд төрж өссөн болохоор сайн мэднэ. Надад муухай зан авир гаргаж байгаагүй. Харин архи бага зэрэг уудаг талтай. *******г над руу дуудлага өгөхөд согтсон согтоогүйг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан сандарсан өнгөөр ярьсан. Би тэр хоёрын хооронд өс хонзонгийн асуудал байгаа талаар юм мэдэхгүй,  дуулаагүй. Харин ах дүү хоёрын хүүхдүүд гэдгийг нь мэднэ” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/

- Гэрч Б.М-ийн “Намайг 2021 оны 11 сарын 26-ны орой ээлжийн жижүүр эмчээр үүрэг гүйцэтгэж байх үед манай сувилагч О.Батцэцэг над руу залгаад “яаралтай П.Гантулгын хашаанд очоорой” гэхээр нь 21 цагийн үед очиход хоёр согтуу хүн, П.Г, цагдаа Б.Галбадрах нар байж байсан. Намайг ороход хоёр согтуу залуу гэрийн зүүн орон дээрээ сууж байсан. Нэг залуу нь гэдсэндээ ил шархтай, цус алдсан байдалтай байхаар нь эмнэлгийн анхны тусламж үзүүлэн гэдсийг нь боогоод, сумын эмнэлэгт аваачин тариа дусал хийгээд 22 цаг өнгөрөөгөөд аймгийн нэгдсэн эмнэлэг рүү түргэний машинаар аваачсан юм. Би тэр хоёр залууг зүс танина. Манай сумын ах нар байсан. *******, С.М нар байсан юм. Би 2021 оны 11 сарын 26-ны орой С.Мэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. Намайг дуудлагаар очиход үед С.Мийн биеийн байдал дунд зэрэг, амин үзүүлэлт хэвийн байсан. Харин С.Мийн биеийн баруун хавирганы нуман доогуур 2 см орчим үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хатгагдсан ил шархнаас цус гарсан байдалтай байсан. Би сувилагч О.Батцэцэг, жолооч Л.Галбадрах нарын хамтаар дуудлаганд очсон” гэх мэдүүлэг /хх32-33/

- Гэрч О.Б-ийн “Намайг 2021 оны 11 дүгээр сарын 26-ны орой ээлжийн жижүүр сувилагчаар үүрэг гүйцэтгэж байх үед манай жолооч Л.Галбадрах над руу залгаад “П.Гантулгынд дуудлага ирээд байна, эмч Б.Мөнхшүр рүү утсаар хэлчхээд гараад ир, би очиж байна” гээд намайг эмнэлгийн гаднаас аваад явсан. Намайг 21 цагийн үед баруун лагарт байх П.Гантулгынд ороход Б.Мөнхшүр эмч,сумын цагдаа Б.Галбадрах, П.Г болон хоёр согтуу залуу байсан. Нэг залуу нь гэдсэндээ ил шархтай, цус алдсан байдалтай байхаар нь эмч Б.Мөнхшүрийн хамтаар эмнэлгийн анхны тусламж үзүүлэн гэдсийг нь боогоод, сумын эмнэлэгт аваачин тариа дусал хийгээд 22 цаг өнгөрөөгөөд аймгийн нэгдсэн эмнэлэг рүү түргэний машинаар Б.Мөнхшүр эмчийн хамтаар явуулсан юм. Би энэ хоёр залууг зүс танина. Манай сумын ах нар байсан. *******, С.М нар байсан юм. Б.Мөнхшүр эмч бид хоёр 2021 оны 11 дүгээр  сарын 26-ны орой С.Мэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. С.Мөнхшүр эмч үзлэг хийсэн. Би тариа боолт хийсэн. С.Мийн биеийн хэвлийн баруун хэсэгт ил шарх байсан ба түүнээс нь цус гарч байсан. Би эмч Б.Мөнхшүр, жолооч Л.Галбадрах нарын хамтаар дуудлагад очсон” гэх мэдүүлэг /хх36-37/

            - Гэрч Г.Н-ын  “Д нь манай аавын төрсөн дүүгийнх нь хүүхэд байгаа юм, бид багаасаа найзалж нөхөрлөсөн, найз нөхдийн холбоотой хүмүүс. Манай найз Д нь бага байхдаа Хулд суманд амьдардаг байсан. Зан ааш нь төлөв даруу, ямар нэгэн уурлаж уцаарлаад байдаггүй, хүнтэй зөв харилцаатай, хүнд тусархуу, нийтэч хүн байгаа юм. Одоо бол Хулд суманд амьдардаг, сумандаа цахилгаанчин хийдэг, илүү, дутуу зан байхгүй хүн байгаа юм аа. Нэг их архи дарс уугаад байдаггүй, ажил төрлөө л хийгээд явж байдаг, архи уусан үедээ зан ааш нь бол хэвийн төлөв, даруу хэвээрээ л байдаг, архи уучихаараа хүний үгэнд ороод унт гэхээр унтаад өгдөг, агсан согтуу тавиад байдаггүй” гэх мэдүүлэг/хх-21/

 

- Гэрч С.М-ийн “Би С.Мийн төрсөн дүү нь байгаа юм. Харин *******той төрсөн ах дүүсийн хүүхдүүд. Намайг гэртээ байхад аав билүү П.Г ах над руу ярьсан шиг санаж байна. Би сандарсан байсан болоод сайн санахгүй байна. “Эмнэлэг дээр хүрээд оч, С.М ах чинь болохоо байсан” гэхээр нь эмнэлэг дээр очсон юм. Эмнэлэг руу ороход С.М орон дээр унталтын байдалтай, хэвлийн баруун хэсэг орчим ил шархнаас цус олгойдож гараад байсныг эмч Б.Мөнхшүр, сувилагч О.Батцэцэг нар боогоод аймаг руу түргэний тэргээр аваад явахад би хамт явсан юм. Би сумын цагдаагаас юу болсон талаар асуусан чинь “намайг очиход ******* би хутгалчихлаа” гээд сууж байсан гэж хариулсан. Би тэр хоёрын хооронд үл ойлголцол, өс хонзонгийн асуудал байдаг эсэх талаар сайн мэдэхгүй. Байхгүй гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх39-40/

- Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 289 тоот “С.Мийн биед хэвлийн баруун дээд хэсэгт чээжний хөндий рүү нэвтэрч сэмж гэмтээсэн шарх, хэвлийн хөндийн цус алдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь бусдад хутгалуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Тухайн гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 43-44/

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/
  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4/
  • Хутганд үзлэг хийсэн тэмдэглэлд “шар өнгийн иштэй 26.2 см урттай, ажлын хэргийн урт 14.2 см, бариул нь 12 см” гэжээ.  /хх-ийн 7-8/
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58/
  • Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээний төлбөрийн нэхэмжлэхэд “Сүхбаатарын М-ийн эмчилгээний төлбөр-1.428.000 төгрөг” гэжээ. /хх-ийн 66/
  • Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудасны хуулбар /хх-ийн 67/
  • С.М-д яаралтай тусламж үзүүлсэн баримтын хуулбар /хх-ийн 68-69/
  • Мэс заслын тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 71/
  • Эд мөрийн баримтаар хураагдсан хутга, хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч С.М нь 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр .................. тоот хашаанд бусдад хутгалуулсан үйл явдал болсон, уг үйл явдлын улмаас хохирогчийн эрүүл мэндэд “хэвлийн баруун дээд хэсэгт чээжний хөндий рүү нэвтэрч сэмж гэмтээсэн шарх, хэвлийн хөндийн цус алдалт” гэмтэл бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна.

          Хохирогч С.М-ийн эрүүл мэндэд учирсан “хэвлийн баруун дээд хэсэгт чээжний хөндий рүү нэвтэрч сэмж гэмтээсэн шарх, хэвлийн хөндийн цус алдалт” бүхий хүнд зэргийн гэмтлийг шүүгдэгч *******  хутгалж учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч болон гэрч Б.Батцэцэг нарын мэдүүлгээр нотлогдож байна. Өөрөөр хэлбэл оролцогч нараас шүүгдэгч ******* хохирогч С.М-ийг хутгалсны улмаас хохирогчид хүнд гэмтэл учирсан гэх үйл баримт дээр маргаагүй, хүлээн зөвшөөрч байна.

          Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хохирогч С.М нь шүүгдэгч *******г “молигын шээс” гэж аавынх нь хочийг оролцуулан доромжилсны улмаас сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаж, хүнд гэмтэл учруулсан тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү ” гэсэн хүсэлтийг гаргаж байна.

          Тухайн өдөр шүүгдэгч *******, хохирогч С.М нар нь 0,5 литрийн 2 шил, 0.75 литрийн 2 шил буюу нийт 4 шил архи хувааж уусан, хохирогч С.М нь шүүгдэгчийг “молигын шээс” гэж хэлсний дараа шүүгдэгч хохирогчийг хутгалсан талаар шүүгдэгч хохирогч нар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байна.

          Сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулах гэмт  хэргийн үндсэн шинж нь “...өөрт нь болон ойр дотнын хүний нэр төр алдар хүндийг гутаан доромжилсон хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийг улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан...”-ы улмаас үйлдэгдсэн байдаг.

          Шүүгдэгч хохирогч нарын мэдүүлгээр хохирогч нь шүүгдэгч болон түүний аавыг доромжилсон болох нь тогтоогдож байгаа боловч үүний улмаас шүүгдэгч ******* сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Шүүгдэгч ******* нь хохирогч С.Мийн “молигын шээс ” гэснээс хойших зүйлийг санахгүй байгаа гэж мэдүүлсэн боловч  энэ нь түүнийг сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэж үзэх үндэслэл бүхий шалтгаан биш юм. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч нь сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд харин  архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсний улмаас болсон асуудлыг санахгүй байгаа нөхцөл байдал тогтоогдсон болно.

          Архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсний улмаас болсон асуудлыг санахгүй байгаа нь сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэж үзэх үндэслэл болохгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

          Шүүгдэгч *******-гийн хохирогч С.М-ийг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн  Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

          Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “шүүгдэгч Б.Дг гэм буруутай гэж үзэж байна” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд энэ дүгнэлт нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудад нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт болсон байх тул харгалзан үзлээ.

          Иймд шүүгдэгч *******г хутгыг зэвсгийн чанартай ашиглан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

           Шүүгдэгч нь гэмт хэрэг гарсны дараа хохирогчид тусламж үзүүлэх талаар арга хэмжээ авсан, хохирогчийн эмчилгээний зардал 1.428.000 төгрөгийг Дундговь аймгийн  нэгдсэн эмнэлэгт төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогч С.М-ийн бусдыг доромжилсон зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нь Эрүүгийн  хуулийн Ерөнхий ангийн   6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2, 1.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

          Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******-д Эрүүгийн  хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.4-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 1.428.000 төгрөг төлсөн хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

          Хохирогч С.М нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн боловч түүний эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд зэргийг гэмтэл учирсныг харгалзан хохирогч нь өөрт учирсан хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заав.

          Хэрэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шар өнгийн иштэй, 26.2 см урттай, ажлын хэргийн урт 14.2 см, бариул нь 12 см  урт хутга 1 ширхгийг хураан ирүүлсэн байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

          Шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ...... овогт *******-г зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч ....... овогт *******-д 3 /гурван/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчид 1.428.000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэсэн болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь өөрт учирсан хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн  өмгөөлөгч гардуулсан  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                                                                                                                                                                

                                     ДАРГАЛАГЧ                                   З.УУГАНБАЯР

 

         ШҮҮГЧИД                                   З.ШҮРЭНЧУЛУУН

 

                                                             Г.МӨНХБАТ