Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1314

 

    2021       11          30                                 2021/ШЦТ/1314

 

 

    

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

Улсын яллагч Б.Батцэцэг,

Хохирогч *******атням,

Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-д  холбогдох эрүүгийн 2106 02787 2033 дугаартай 1 хавтаст хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймаг  Тариат суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ерөнхий цэргийн команд мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж 90б байрны 62 тоот хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо 73а байрны 34 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ц.Б

           Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

            Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн зэвсэг, техникийн албаны дарга Ц.Бын Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн жижүүрийн өрөөнд 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 13 цагийн үед Цэргийн дотоод албаны дүрмийн 13.2, 13.8, 59 дэх заалтуудыг зөрчин, албан тушаалын хувьд үл захирагдах цэргийн албан хаагч *******атнямыг ажлаа хийсэнгүй, надаас чөлөө авсангүй, өгсөн үүрэг даалгавар биелүүлсэнгүй гэх шалтгаанаар нүүр хэсэгт цохих, өвдөглөх зэргээр биед нь хүч хэрэглэн халдсан,

            Мөн цэргийн албан хаагч Ц.Б Цэргийн дотоод албаны дүрмийг зөрчин хохирогч *******атнямын биед хүч хэрэглэн халдаж зодох явцдаа эрүүл мэндэд нь хамрын хянга ясны хугарал, 2 талын хацар шанаа орчмын зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч *******атнямын шүүхийн хэлэлцүүлэг өгсөн “Тухайн хэрэг болохоос 3 хоногийн өмнө эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт үзүүлэх гээд чөлөө авсан. Эмнэлэгт үзүүлэх хугацаанд шүүгдэгч Ц.Б над руу залгасан. Залгах үед үүрэг даалгавар биелүүлсэнгүй, ажлаасаа тэр чигээрээ яв гэсэн өнгө аястай над руу ярьсан. Би эмнэлэгт үзүүлээд эмнэлгийн магадалгаа аваад ангийн байр руу явсан. Ангийн байранд очих үед шүүгдэгчтэй уулзах шалтгаанаар та гараад ирээч ээ, тантай уулзах гэсэн юм гэж хэлсэн. Тухайн жижүүрийн байранд би байсан. Араас шүүгдэгч ирж миний биед хүч хэрэглэн халдсан байгаа. Тухайн үед миний биед хамрын хянга ясны 2 хугарал, хацар шанаа орчим зөөлөн эдийн гэмтэл учирсан. Үүний дагуу би төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт үзүүлэхээр очсон. Энэ үед ямар нэгэн байдлаар эмчилгээ хийж болохгүй гэх дүгнэлт гарсан. Өөр ямар нэгэн гомдол санал байхгүй” гэв.

           Хавтаст хэргээс:

           Хохирогч *******атнямын “2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 30 минутын үед манай албаны дарга, ахлах дэслэгч Баасанжаргал утсаар залгаад “чи хаана байгаа юм” гэхээр би “эмнэлэг рүү боолт хийлгэхээр явж байна” гэсэн чинь “чи ажлаа ирж хийхгүй юм уу би чиний ажлыг чинь хийх юм уу, тэр чигтээ зайлаарай” гэж ярьсан ... би эмнэлэгт орж боолтоо хийлгэчхээд ангидаа очсон ...даргатай уулзах санаатай жижүүрийн байрны буйдан дээр сууж байтал дарга гаднаас орж ирээд гараараа зүүн, гараараа 2 хажуу хэсэгт тус бүр 2 удаа цохисон. Би толгойгоо хамгаалаад доошоо тонгойсон чинь миний баруун нүд, хамрын хавьцаа 1 удаа өвдөглөсөн. Тэр үед ангийн жижүүр Мөнхсайхан салгасан. Баасанжаргал дарга гаднаас орж ирээд намайг  цохихыг Мөнхсайхан хошууч бол хараагүй ...өрөөний үүдний гадна хэсэгт ахлах дэслэгч Билгүүн зогсож байсан ... Билгүүн харсан эсэхийг би мэдэхгүй байна ... штабын дарга өрөөндөө дуудаж уулзсан ...Тухайн үед миний баруун хацар хавдсан, нүдний ухархай хамар хөндүүртэй, толгойн зүүн хэсэгт хавдар хөндүүртэй байна ... 482.500 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, надаас уучлалт гуйсан, сэтгэл, санааны хохирлыг шүүхээр шийдүүлмээр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 17-20 дугаар хуудас/,

Гэрч Г.Мөнхсайханы “... ард пижигнэх чимээ гарахаар нь эргээд хартал Батням сандал дээр суучихсан, Баасанжаргал тэрний дээрээс нь гараараа ганц, хоёр удаа цохиж байх шиг байсан. Би шууд босож очоод Баасанжаргалыг араас нь татаж Батнямаас холдуулаад жижүүрийн өрөөнөөс гаргаад явуулж байх үед тус өрөөнд ахлах дэслэгч Билгүүн орж ирээд надтай хамт салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Гэрч О.Ариунгэрэлийн “... ахлах дэслэгч Ц.Б нь ангийн захирагчийн орлогч, ахлах инженер, дэд хурандаа Э.Баатарзоригийн шууд удирдлагад харьяалагддаг алба хаагч, харин *******атням нь ангийн захирагчийн материал техник хэрэгсэл хариуцсан орлогч, хошууч Т.Энхтуулын шууд удирдлага доор хараалагддаг алба хаагч. Монгол Улсын цэргийн нийтлэг дүрмийн дотоод албаны дүрмийн 2 дугаар бүлгийн 18 дахь хэсэгт зааснаар царгийн алба хаагчийг цэргийн албаны хувьд захирагч байгаа захирагч нь шууд захирах дарга болно. Мөн захирагдагчийн хамгийн ойр шууд захирах даргыг шадар дарга гэнэ гэж заасан байдаг учраас энэ 2 алба хаагч бие биедээ захирагч, захирагдагч нар биш. Иймд цэргийн нийтлэг дүрэмд заасны дагуу Ц.Б нь *******атнямын дарга, захирагч нь биш, мөн *******атням ч гэсэн Ц.Бын хувьд захирагдагч нь биш” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар хуудас/,

Гэрч Н.Эрдэнэбаярын “... тухайн 2 алба хаагчид албаны шалгалт хийгээд ахлах дэслэгч Н.Баасанжаргал, дэслэгч *******атням нар нь Монгол Улсын 2019 оны 17 дугаар зарлигаар батлагдсан Цэргийн дотоод албаны дүрмийн 13.2 дахь заалт, 13.8 дахь заалт, 59 дүгээр заалтуудыг зөрчсөн байна гэж үзэж 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/75 дугаартай тушаалаар ахлах дэслэгч Ц.Быг албан тушаалд дүүрэн тэнцэхгүй байгааг сануулж шийтгэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 7667 дугаартай “*******атнямын биед хамрын хянга ясны хугарал 2 талын шанаа орчмын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

Яллагдагч Ц.Бын “2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр би дэслэгч *******атнямтай утсаар яриад ажилдаа ирэхгүй байгаа талаар нь асуухад би штабын даргаас хатги гарсан гэж хэлээд чөлөө авсан гэж хэлээд утсаар маргалдсан ... өдөр 12 цаг өнгөрч байх үед би ажлын цайны газар хоол идээд сууж байтал Батням энгийн хувцастай орж ирээд хаалганы цаанаас хөөе чи гараад ир гэж дуудсан. Тэгэхээр би чи ороод ир гэж хэлсэн ... бид 2 утсаар маргалдсан байсан тул гэнэт уур хүрээд гарч очоод ангийн жижүүрийн өрөөн дотор тэрний хацар луу зүүн гараараа 1 удаа алгадсан чинь тэр доошоо тонгойхоор нь би нэг удаа тэрний нүүр лүү өвдөглөсөн. Тэгтэл тухайн өрөөн дотор байсан тэр өдрийн ангийн жижүүр хошууч Мөнхсайхан, ажиллагааны офицер ахлах дэслэгч Билгүүн нар гарч ирээд намайг боль гээд татсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 дүгээр хуудас/,

Ц.Б, *******атням нарын ажилд томилогдсон тушаал, ажил байдлын тодорхойлолт, хувийн хэрэг зэргийн хуулбар /хх-ийн 95-109 дугаар хуудас/,

Зэвсэгт хүчний хяналт шинжилгээ, үнэлгээний газраас сахилгын зөрчлийг шалгасан талаарх баримт, Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн захирагчийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн *******атням, Ц.Б нарт сахилгын шийтгэл оногдуулсан тухай Б/75, Б/76 дугаартай тушаал /хх-ийн 110-121 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохиролтой холбоотой баримт, уг хохирлыг төлсөн талаарх баримт /хх-ийн 9-10, 12 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Бын хувийн байдалтай холбоотой баримтууд:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 52 дугаар хуудас/,

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны тодорхойлолт /хх-ийн 54 дүгээр хуудас/,

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 55 дугаар хуудас/,

Гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 56 дугаар хуудас/,

Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн тодорхойлолт /хх-ийн 60 дугаар хуудас/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 61 дүгээр хуудас/,

Халх журам хууль зүйн дээд сургуулийн бакалаврын димлом /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

2012, 2016, 2021 онд төрсөн хүүхдүүдийн төрсний гэрчилгээ /хх-ийн 65-67 дугаар хуудас/,

2010 онд “Энхийн төлөө” 2012 онд “Африкийн энхийн төлөө”, 2013 онд “Дайчин алдар II” медалиар тус тус шагнагдсан үнэмлэхүүд /хх-ийн 68-70 дугаар хуудас/,

Зэвсэгт хүчний жанжин штабын даргын Ц.Быг ажлаас чөлөөлсөн тухай тушаал /хх-ийн 151 дүгээр хуудас/,

Хаан банкны захирлын Т.Оюун-Эрдэнэд /Ц.Бын эхнэр/ хүүхэд асрах чөлөө олгосон тухай тушаал /хх-ийн 152 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.

            Шүүгдэгч Ц.Б нь Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн Зэвсэг, техникийн албаны дарга  авто техникийн ашиглалтын офицероор ажиллаж байхдаа 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тус ангийн жижүүрийн өрөөнд ажлаа хийсэнгүй гэх шалтгаанаар Авто тээвэр, засварын салааны захирагч ажилтай *******атнямд хүч хэрэглэн харьцаж Цэргийн дотоод албаны дүрмийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг заасан “Монгол Улсын хууль, цэргийн дүрмийг чанд сахин биелүүлж, захирах, захирагдах ёс, цэргийн албаны ёс зүйн хэм хэмжээг мөрдөх”, 13.8 дахь хэсэгт заасан “Эелдэг зан харилцааг эрхэмлэж, ёсолж хүндэтгэх журам, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахууны хэм хэмжээг ёсчлон сахих”, 59 дүгээр зүйлд заасан “Цэргийн албан хаагч нь хоорондоо харьцахдаа зүй бусаар харилцах, зохимжгүй үр хэллэг, хараал, хоч нэр хэрэглэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн,

Ц.Б нь 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн жижүүрийн өрөөнд хохирогч *******атнямтай ажлаа хийсэнгүй гэх шалтгаанаар маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өвдөглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хамрын хянга ясны хугарал, 2 талын хацар шанаа орчмын зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч *******атням /хх 17-20/, Гэрч Г.Мөнхсайхан /хх 25-26/, О.Ариунгэрэл /хх 28-30/, Н.Эрдэнэбаяр /хх 32-33/ нарын мэдүүлэг, ШШҮХ-ийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 7667 дугаартай дүгнэлт /хх 36-37/, Яллагдагч Ц.Бын мэдүүлэг /хх 47-49/, Ц.Б, *******атням нарын ажилд томилогдсон тушаал /хх-ийн 95, 102/, Зэвсэгт хүчний хяналт шинжилгээ, үнэлгээний газраас сахилгын зөрчлийг шалгасан баримт /хх 111-121/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч *******атнямын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд Ц.Б нь Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн Зэвсэг, техникийн албаны дарга авто техникийн ашиглалтын офицер ажилд 2021 онд томилогдсон, ахлах дэслэгч цолтой, *******атням нь тус ангид Авто тээвэр, засварын салааны захирагч ажилд 2020 онд томилогдсон, дэслэгч цолтой бөгөөд албан тушаалын хувьд бие биедээ шууд захирагдахгүй ажил эрхэлдэг боловч ажил хэргийн хувьд уялдаа холбоотой, харилцан нөхцөлдөж ажилладаг, энэ шугамаар утсаар харилцахдаа нэг талаас Ц.Б ажлаа хийсэнгүй гэж, нөгөө талаас *******атням орлогчоос чөлөө авсан гэж маргалдсан, улмаар *******атням ажлын байран дээр ирж Ц.Быг гараад ир гэж маргаан үргэлжилсэн, Ц.Б нь *******атнямын бие хүч хэрэглэн халдсан гэх үйл баримт тогтоогджээ.      

Зэвсэгт хүчний хяналт шинжилгээ, үнэлгээний газраас сахилгын зөрчлийг шалгаад Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн захирагчийн тушаалаар *******атнямд “Офицерийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж харилцааны зөрчил гаргасан, ахлах даргын өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй” үндэслэлээр сануулах шийтгэл, Ц.Баасанжаргад “Офицерийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж харилцааны зөрчил гаргасан” үндэслэлээр албан тушаалд дүүрэн тэнцэхгүй байгааг сануулах шийтгэл оногдуулсан байна.

Цэргийн албан хаагч гэдэгт Монгол Улсын зэвсэгт хүчин, Хилийн цэргийн бие бүрэлдэхүүнд цэргийн жинхэнэ алба хааж байгаа Монгол Улсын иргэн, цэргийн дайчилгаа, сургууль, цугларалтад байгаа цэргийн үүрэгтэй хамаарна.

Ц.Б нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлан, нийгэмд аюултай болохыг мэдсээр атлаа түүнийг хүсэж хийсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг санаатай үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоёр  хоорондоо шалтгаант холбоотой байна.

Бие биедээ захирагдахгүй, адил албан тушаал, цолтой цэргийн албан хаагч нар харилцахдаа цэргийн дүрмээр тогтоосон журмыг зөрчсөн байх, хүч хэрэглэсэн байх зэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.

            Цэргийн албан хаагч нь өөртөө захирагдахгүй, адил албан тушаалтай цэргийн албан хаагчтай харилцахдаа хүч хэрэглэсний улмаас заавал хохирол учирсан байхыг шаардахгүй, хүч хэрэглэсэн үйлдлээр уг гэмт хэрэг төгсдөг онцлогтой.

Уг хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас цэргийн албан хаагчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргээр давхар зүйлчлсэн нь зөв зүйтэй, зүйлчлэл тохирсон гэж үзлээ.   

            Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасантай нийцэж байна.  

Иймд шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бие биедээ захирагдахгүй алба хаагчид хүч хэрэглэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэл гэж үзэв.

Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ тэмдэглэх хэсэгт Ц.Быг зөвхөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдсон байдлаар тусгасан, тогтоох хэсэгт яллагдагчийн нэрийг Ж.Баасанжаргал гэж буруу бичсэн зэрэг техникийн шинжтэй алдаа гаргасныг тэмдэглэж цаашид анхааруулбал зохино.

Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд цэргийн цол, ажилласан хугацаа, туршлага зэргийг бодит байдлаас дээгүүрт тавьж бусадтай харилцдаг байдал, асуудлыг дэвэргэн өдөөн турхирсан зүй бус харилцаа, хандлага, ёс суртахууны дутагдалтай байдал зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ.

Хохирогч *******атнямаас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн 482.500 төгрөг төлөгдсөн, цаашид гэм хорын хохирол нэхэмжлэхээ илэрхийлсэн тул түүний нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ц.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Ц.Б нь 39 настай, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 10 сарын хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бол

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Ц.Б нь 0-9 насны буюу бага насны 3 хүүхэдтэй, эхнэр нь хүүхэд асрах чөлөөтэй, гэр бүлээ асран тэтгэх өөр хүн байхгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй ч хувиараа хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээдэг, мөрдөн байцаалтын шатнаас гэм буруутай үйлдэл, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо төлсөн, хохирол нэмж нэхэмжилбэл төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг заасан ялаас чөлөөлүүлэх санал гаргасан байна.

Ц.Бд эрүүгийн хариуцлагад хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “Учруулсан хохирлыг төлсөн”, 1.4 дэх заалтад заасан “Хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангасан гэх онцгой нөхцөл байдал” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс Ц.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ц.Б-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчиж хүч хэрэглэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Бд 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Бд 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Б нь шүүхээс оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

   5. Хохирогч *******атням нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Ц.Баас нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

   6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.  

            7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                  

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ХАТАНЦЭЦЭГ