Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2020/ШЦТ/347

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                          Хэргийн индекс: 166/2020/0332/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,

Улсын яллагч  Г.Уянга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Т-,

Шүүгдэгч Д.Д.Л- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Д.Л-д холбогдох эрүүгийн 2018000000349 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, урьд.

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 20- ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ял биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 456 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2- д заасан гэмт хэргийг 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болгосон,

-Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 0216 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн Д.Л-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Д.Д.Л- нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Д.Д.Э-ын эзэмшлийн 1 тооны бярууг хулгайлж 750.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Д.Д.Л- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 07 дугаар сард Хараа голын эрэг 3-4 бяруу байхаар нь нэгийг нь барьж аваад гаргасан. Тэгээд Ц- гээд таньдаг ах руугаа залгаад зараад өгөөч гэсэн. Юун бяруу вэ гэхээр нь манай бяруу байгаа юм аа надад мөнгө хэрэг болоод байна та зараад өг гэж хэлээд өгсөн” гэв.

Эрүүгийн  2018000000349 дугаартай хэргээс:

Хохирогч Д.Д.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 20-ны өглөө 4 бяруу, 3 тугалыг бэлчээрт нь гаргаад орой 17 цагийн үед бяруу тугалнууд ирэхэд ягаан халзан зүсмийн бяруу ирээгүй. Ингээд тэр оройдоо Хараа голын орчим болон гудамжнуудаар хайгаад олоогүй юм. Маргааш нь мөн бүтэн өдөржин хайгаад олоогүй юм. Ингээд 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр миний танил Ариунсанаа “Хараа” голын эрэг дээр шуудайтай үхрийн толгой байна гэхээр нь очиж үзтэл манай ягаан халзан бярууны толгой мөн байсан. Ингээд би манай бярууг хулгайлаад нядалж алаад толгой шийрийг нь хаясан байна гээд Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх 15/,

Гэрч Г.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 15 цаг өнгөрч байхад Д.Л- над руу залгаад такси аваад хүрээд ирээч гэхээр нь такси аваад очтол Хараа голын эрэг дээр нэг бярууны махтай байж байсан. Тэгэхээр нь “юун мах юм” гэсэн чинь “миний бяруу байгаа юм, мөнгөний хэрэг гараад зарах гэсэн юм. Та зараад өгөөч” гэсэн юм. Ингээд уг махыг нь ачаад хуучин Дарханд захын ард Б- гэдэг эмэгтэйтэй таараад мах авах уу? гэсэн чинь үзээд 300.000 төгрөгөөр авах болоод зарсан юм. Уг 300.000 төгрөгийг Д.Л-д би бүгдийг нь өгсөн. Ингээд Лхагва надаас салаад явсан, үүнээс хойш уулзаагүй” гэх мэдүүлэг /хх 20/,

Гэрч Д.А- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өглөө бүр үхрээ хариулгад өгчхөөд Хараа голын эрэг дагаад алхдаг юм. 2020 оны 07 дугаар сарын 22-ны өглөө 06 цагийн орчим үхрээ хариулгад өгчхөөд Хараа голын эрэг дагаад алхаж явахад голын эрэг дээр шуудайнд үхрийн толгой хийгээд хаясан байсан юм. Урд өдөр нь Д.Э- бяруу хайгаад олдохгүй байна гээд явж байсан болохоор нь Д.Э-ыг дуудаж шуудайнд хийгээд хаясан байсан үхрийн толгойг үзүүлтэл манай алга болсон ягаан халзан бяруу мөн байна гээд цагдаад дуудлага өгнө гээд үлдсэн, би тэндээсээ харьсан юм” гэх мэдүүлэг /хх 21/,

Гэрч Х.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр намайг бирж дээр явж байхад танил Ж- гэдэг залуу таараад үхрийн мах авах уу гэхээр нь үзтэл жижиг үхрийн мах байхаар нь хэдээр өгөх юм гэхэд 300.000 төгрөгөөр өгнө гэхээр нь хямдхан мах болохоор нь би худалдаж авсан юм. Тухайн үед манай хурим найр хийх гээд махны хэрэгцээ их байсан учир хямдхан мах таарахаар нь авсан юм. Уг махыг жинлэж үзээгүй, шууд 300.000 төгрөгөөр авч өгөхөөр тохиролцоод авсан. Одоо авсан махаа хүнсэндээ хэрэглээд дууссан. Арьс шийр, толгойгүй, жижиг бярууны мах байсан. Надад ямар нэгэн гарал үүслийн бичиг үзүүлээгүй.” гэх мэдүүлэг /хх 22/,

“Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт: ягаан халзан зүсмийн 2 настай эм бяруу: 750000 төгрөг /хх 25-26/,

 

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 3/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-11/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 12/,

Шүүгдэгч Б.Ганчимэгийн эрүүгийн хариуцлага хүлээсэн хүний тэмдэглэл, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 35-48/, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх тодорхойлолт /хх 54/,

Хохирогч Д.Д.Э-ын мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын хуудас /хх 59-66/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Д.Л- нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Д.Д.Э-ын эзэмшлийн 1 тооны бярууг хулгайлж 750.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.Д.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар бусдын бусдын малыг хулгайлж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Д.Л-ын үйлдлийн улмаас хохирогч Д.Д.Э-д 750000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “2 машин өвс, бэлэн 450000 төгрөг авсан. Одоо гомдол санал байхгүй” гэх бичгийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

 Шүүгдэгч Д.Д.Л-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6 ширхэг шуудайг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.Л-ыг бусдын малыг хулгайлж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Д.Л-ыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Л-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4.Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

 

            5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6 ширхэг шуудайг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

 

            6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          З.ТӨМӨРХҮҮ