| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2022/0330/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/370 |
| Огноо | 2022-04-21 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Н.Ням-Очир |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/370
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
Улсын яллагч Н.Ням-Очир,
Шүүгдэгч А.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б холбогдох эрүүгийн 2211000000266 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, А.Б 1990 оны 12 сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн 31 настай халх, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эцэг, дүү, охины хамт Баянгол дүүргийн 22-р хороо Зүүн Нарангийн 15-34 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар
Шүүгдэгч А.Б нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн 2 дугаар давхарт үйл ажиллагаа явуулах "Чансаа Хан Хөхий" ХХК-ийн салбар "Чансаа" гутлын дэлгүүрийн худалдагчаар 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд ажиллах хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан Sartore брэндийн гутал 2 ширхэг, nursace брэндийн гутал 1 ширхэг нийт 3 ширхэг 4.190.000 төгрөгийн гутлыг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Б нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн 2 дугаар давхарт үйл ажиллагаа явуулах “Чансаа Хан Хөхий холдинг” ХХК-ийн салбар “Чансаа” гутлын дэлгүүрийн худалдагчаар 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд ажиллах хугацаандаа “Чансаа Хан Хөхий холдинг” ХХК-иас зарж борлуулахаар итгэмжлэн хариуцуулсан байсан бараанаас Сартори /Sartore/ брэндийн гутал 2 ширхэг, Нурсаке /nursace/ брэндийн гутлыг завшсан болох нь тогтоогдож байна.
Улсын их дэлгүүрийн Чансаа гутлийн тасагт Сартори /Sartore/ брэндийн 1 ширхэг гутлыг 1.670.000 төгрөгөөр, Нурсаке /nursace/ брэндийн 1 ширхэг гутлыг 850.000 төгрөгөөр худалдаалж байсан шүүгдэгч завшсан эд зүйлсийн тоо хэмжээ болон хохиролын үнийн дүнг болох 4.190.000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн болох нь:
шүүгдэгч А.Бгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Ажиллаж байх хугацаандаа 1.680.000 төгрөгийн 2 гутал, 850.000 төгрөгийн 1 гутал нийт 3 гутал авсан. Эхний тооллогоор 450.000 төгрөгийн гутал дутсан. Тооллогын явцад илэрсэн. Мөрдөгч намайг богино түрүүтэй гутал авсан уу гэж асуусан. 3 гутал авсан” гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч А.Бгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Ийм асуудал гаргасандаа үнэхээр харамсаж байна. Дахиж ийм асуудал хэзээ ч гаргахгүй ээ. Миний хувьд дуудсан цагт ирж байгаа. Тэгээд энэ мөнгийг нь төлөх болно. Одоо Зайсанд хүүхэд асрагчийн ажил хийж байгаа, цалингаа cap бүрийн 05, 20-ны өдрүүдэд авна тэгэхдээ хохирлын мөнгийг өгнө. Би Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн 2 давхарын Чансаа гутлын дэлгүүрт худалдагчаар 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхэлж ажилласан. Ажиллах хугацаандаа байгууллагаас нийт 3 ширхэг гутал аваад өөрийнхөө хувьдаа завшаад өөрт байсан зээлээ төлчихсөн. Би урт түрийтэй sartore брендийн 2 ширхэг гутал нэг ширхэг нь 1.670.000 төгрөгийн үнэтэй /нэг нь хар өнгөтэй, нөгөөх нь бор өнгөтэй/, тэгээд бас nurcase брендийн богино түрийтэй 434.000 төгрөгийн гутал 1 ширхэг /хар өнгөтэй/ авсан. Ингээд би нийт 3 ширхэг гутлыг бусдад хямдхан үнээр зарчихсан. Өмнөх гэрчийн мэдүүлэг дээрээ 3 ширхэг урт гутал гэж андуурч хэлсэн бололтой. Тухайн үедээ сандраад мартаад зарим зүйлээ андуурч хэнэггүй царайлаад дандаа урт түрийтэй 3 ширхэг гутал авсан гэж хэлсэн байна. Үнэндээ би 2 ширхэг урт түрийтэй, 1 ширхэг богино түрийтэй гутал авсан...” гэх мэдүүлэг /хх-65/,
Хохирогч А.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Миний бие “Чансаа Хан Хөхий” ХХК-нд тооцооны нягтлан бодогчоор 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж байна. Манай байгууллагын салбар Улсын их дэлгүүрийн 2 давхарт байрлах “Чансаа” гутлын дэлгүүрт 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гутлын тооллого явуулахад 1 ширхэг гутал дутаад эргээд тухайн салбарт ажиллаж байгаа худалдагч А.Б, Э.Б хоёр хоорондоо 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тооллого явуулаад, бүртгэлээ тулахад 3 ширхэг гутал дутсан байна лээ. Улмаар А.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр цалингаа авчхаад тэрнээс хойш ажилдаа ирээгүй. Э.Баярхүү А.Бгаас гутлыг асуухын тулд 89048191 дугаарын утас руу залгахад огт утсаа авахгүй байсан гэсэн..” гэсэн мэдүүлэг /хх-27/,
Хохирогч А.О мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлсэн: “..Алдагдсан гутлуудыг А.Б нь хоёр өөр хайрцгаас дандаа дан 36 размераас ижилсүүлээд 1. Sartore брэндийн гутал 1 ширхэг үнэ нь 1.670.000 /сериал 3400-36//өвлийн гутал, урт түрийтэй/. 2 Sartore брэндийн гутал 1 ширхэг үнэ нь 1.670.000 / сериал 3404-36 1/2//өвлийн гутал, урт түрийтэй/ 3. nursace брэндийн гутал 1 ширхэг үнэ нь 850.000 /сериал 64809- 36//өвлийн гутал, урт түрийтэй/ нийт 4.190.000 төгрөгийн гутлыг хулгайлсан байна лээ. Манай байгууллага гутлаа тоолохдоо хайрцгаар нь тоолсноос болоод өмнөх мэдүүлэг дээрээ 434.000 төгрөгийн гутал гээд буруу хэлсэн байна лээ. Тэгээд ч А.Б өөрөө дээрх 3 гутлыг авсан гэдгээ бид нарт хэлсэн. Манай байгууллага nursace брэндийн гутлыг хайрцгаар нь өвөл, намрын гутал гэхгүйгээр тоолсон юм. Тэрнээс болоод зөрүү гараад байна..” гэсэн мэдүүлэг /хх-28/,
Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Улсын их дэлгүүрт байрлах Чансаа дэлгүүрийн салбарт ажиллаж эхэлсэн ба долоо хоногийн 4 өдөр нь А.Б ажилладаг, харин би долоо хоногийн 3 өдөр нь ажилладаг. 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгууллагаас нэгдсэн тооллого явуулахад ямар нэгэн байдлаар гутал зүйл гараагүй. Тэгээд 2021 оны 12 дугаар: сарын 27-ны өдөр ганцаараа тооллого явуулахад nursace брэндийн гутал 1 ширхэг 434.000 /сериал 57019-35/ үнэтэй гутал байхгүй байсан. Тэгээд А.Бгаас гутал яасан талаар асуухад угаасаа байгаа даа гэж хэлээд юу ч болоогүй юм шиг тайван байгаад байсан. Би тэр гутлыг, агуулахаас бүр хайгаад олоогүй. Тэгээд гэнэт тэр А.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ажиллаад цалингаа авчхаад маргааш нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ажилдаа ирэхгүй, цалин бага байна гээд мессеж явуулсан. Тэгэхээр нь би санаа зовоод агуулах руу ороод бүх гутлыг шалгасан чинь Sartore брэндийн гутал 1 ширхэгүнэ нь 1.670.000 /сериал 3400-36/, sartore брэндийн гутал 1 ширхэг үнэ нь 1.670.000 / сериал 3404-36,1/2/ гэсэн 2 ширхэг гутал байхгүй байсан. Нэг хайрцаг хоосон, харин бас хоёр хос гутлыг хоёр харцаганд нэг нэгээр нь хийчихсэн байсан. Агуулах руу би болон А.Б л орох эрхтэй байсан, бид хоёроос өөр хүн орох боломжгүй. Тэгэхээр А.Б 3 ширхэг гутлыг хулгайлсан байгаа юм. Тэгээд энэ гутал дутсан талаар удирдлагад мэдэгдээд улмаар хуулийн зөвлөхтэй хамт А.Бгийн гэрт 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр очиход гутлыг бараг өөрөө авсан гэдгээ хүлээгээд мөнгийг өгөх талаараа гараараа бичиг хийж өгсөн. 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд аль нэг өдөр 3 ширхэг гутлыг авсан байгаа юм..” гэсэн мэдүүлэг /хх-30/,
А.Бгийн Хаан банкны дансны хуулга /хх-50/, шүүгдэгч А.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-44/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-34/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч А.Б нь улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, завшсан эд хөрөнгийн тоо хэмжээ, учруулсан хохиролын талаар ямар нэг маргаан гаргаагүй болно.
Иймд шүүгдэгч А.Бгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзэж түүний гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч А.Б хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм ббуруугаа хүлээн завшаарч байгаа, гэмт хэрэг улмаас учирсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд гэмт хэргийн хор уршгийг яаралтай арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч А.Б нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн ч одоогоор хохирогчид учруулсан хохирлоос төлөөгүй байх тул түүнээс 4.190.000 төгрөгийг гаргуулан мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 807-81 тоотод оршин суух А.О олгуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Б нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээх болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Б Эрүүгийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч А.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бгаас 4.190.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.О-д олгуулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР