Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/350

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:166/2020/0334/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,

Улсын яллагч Б.Батсүх,

Шүүгдэгч О.О.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.М-эд холбогдох эрүүгийн 2018003810378 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2001 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монгол Улсын Боловсролын Их сургуульд 2 дугаар дамжаанд суралцдаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, О.М-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

О.О.М- нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 39 дүгээр байрны хажууд байрлах сагсан бөмбөгийн талбайн дэргэд Д.Н- маргалдан зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, нүүрний зөөлөн эдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.О.М- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Эрүүгийн  2018003810378 дугаартай хэргээс:

Насанд хүрээгүй хохирогч Д.Н- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр би 20 цагийн орчим 39 дүгээр байрны сагсан бөмбөгийн шийд дээр тоглож байхад миний таньдаг ах О.М- дараагийн баг болж тоглох гэж хүлээж байгаад манай баг хожоод дараа нь тоглох гэж О.М- ах босож ирээд надад хандаж- чи намайг таньж байна уу гэж асуусан, тэгэхээр нь би таньж байна гэж хэлсэн чинь шууд миний нүүр рүү гараа атгаж байгаад нэг цохисон, тэгэхээр нь зөрүүлээд О.М-ийн хацар руу нэг удаа алгадаад би зулгаасан бөгөөд шийдний хажуугийн саравчны хажууд би явган хүний замын ирмэг дээр тээглээд хөл алдахад О.М- намайг барьж аваад миний нүүр рүү хоёр удаа өвдөглөсөн. Тэгэхэд миний хамар хүчтэй өвдсөн, тэгээд би босож ирээд О.М-ийн цээж рүү нь түлхээд дахиад зугтаасан бөгөөд 39 дүгээр байрны дэлгүүр рүү орох гэхэд дэлгүүр хаалттай байсан, би тэнд явж байсан эгчээс тусламж хүсэхэд араас О.М-ийг болиулсан юм.” гэх мэдүүлэг /хх 8/,

Гэрч Б.У-мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 20 цагийн орчим би найзуудтайгаа хуучин хорооллын 39 дүгээр байрны сагсны шийдэн дээр сагс тоглож байхад манай найз С- /О.М-/, Н- маргалдаад /би юунаас болж маргалдсаныг мэдээгүй/ О.М- Н-ийн нүүр лүү нь нэг удаа цохиж харагдсан Н- зөрүүлээд О.М-ийг цохиж харагдсан бөгөөд Н- зугтаагаад араас нь О.М- хөөсөн бөгөөд сагсны шийдний хажуугийн саравчны хажууд Н- газар унаад О.М- бас газар унаад тэр хоёр газар ноцолдсон би араас нь салгах гэж очих хооронд Н- дахиад зугтаасан ийм л зүйл болсон юм. Шийдэн дээр байхад Н- өөр хүнтэй хэрүүл маргаан хийгээгүй О.М- хоорондоо маргалдаж цохилцсон.” гэх мэдүүлэг /хх 10/,

Гэрч Э.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 20 цагийн орчим би найзуудтайгаа хуучин хорооллын 39 дүгээр байрны сагсны шийдэн дээр сагс тоглож байхад манай найз О.М- Н- гэх хүүхэдтэй маргалдсан. Би юунаас болж маргалдсаныг мэдээгүй юм...О.М- Н-ийн нүүр лүү нь нэг удаа цохисон тэгэхэд Н- зөрүүлээд О.М-ийн нүүр лүү нэг удаа цохисон тэгээд цохисныхоо дараа Н- зугтаасан араас нь О.М- хөөсөн бөгөөд сагсны шийдний хажуугийн саравчны хажууд Н- юунд юм мэдэхгүй нэг зүйл дээр бүдрээд газар унасан О.М- Н-ийн хөлд нь тээглээд тэр хоёр газар ноцолдсон би араас нь салгах гэж очих хооронд Н- босоод цаашаа дахиад зугтаасан бөгөөд яг тэр үед нэг танихгүй эгч салгасан юм. Шийдэн дээр байхад Н- өөр хүнтэй хэрүүл маргаан хийгээгүй О.М- хоорондоо маргалдаж цохилцсон.” гэх мэдүүлэг /хх 11/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 593 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Д.Н-ийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, нүүрний зөөлөн эдийн цус хуралт тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Д.Н-ийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.Д.Н-ийн биед учирсан гэмтэл нь цаашдын хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. /хх 16-17/,

 

Шинжээч эмч Д.Т- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Д.Н-ийн биед үзлэг хийж № 593 дугаартай дүгнэлт гаргасан. Д.Н-ийн биед учирсан тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, нүүрний зөөлөн эдийн цус хуралт, гэмтлүүд нь тухайн хэрэг болсон цаг хугацаа буюу 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 20 цагийн орчим үүсэх боломжтой гэмтэл юм. 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хамар ясны рентген оношилгоонд хамар яс доод 1/3-т хугаралтай, хамрын таславч зүүн тийш мурийлттай мөн 2020 оны 07 дугаар сарын 21- ний өдрийн гэмтлийн эмчийн тэмдэглэлд хамар битүүрнэ..., хамар орчмоор, хаван, хавдартай, эмзэглэлтэй гэсэн шинж тэмдгүүдээр Д.Н-ийн биед учирсан хамар ясны хугарал гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэх мэдүүлэг /хх 21/,

 

Насанд хүрээгүй хохирогч Д.Н-ийн яаралтай тусламжийн хуудас яаралтай тусламжийн хуудас /хх 18-19/,

 

Шүүгдэгч О.О.М-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх 32-38/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч О.О.М- нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 39 дүгээр байрны хажууд байрлах сагсан бөмбөгийн талбайн дэргэд Д.Н-той маргалдан зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, нүүрний зөөлөн эдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

              

Шүүгдэгч О.О.М- нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч О.О.М-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч насанд хүрээгүй хохирогч Д.Н- түүний хууль ёсны төлөөлөгч Ж.Ганчимэг нарын хохирол төлбөртэй холбоотой нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй ба шүүхийн хэлэлцүүлэгт мөн холбогдох нотлох баримт ирүүлээгүй  болно.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1-т “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсан тул насанд хүрээгүй хохирогч Д.Н- түүний хууль ёсны төлөөлөгч Ж.Ганчимэг нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болохыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч О.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О.М-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О.М-эд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 12 сарын хугацаанд сар бүр 41.666 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О.М- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч Д.Н-, түүний хууль ёсны төлөөлөгч Ж.Г- нар нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О.М-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             З.ТӨМӨРХҮҮ