| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2021/0125/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/17 |
| Огноо | 2022-01-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.2.1., |
| Улсын яллагч | Б.Оргилболд |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Ц
Улсын яллагч Б.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2122000000167 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Биеийн байцаалт: ....... оны ....... дугаар сарын ........-ны өдөр ..............аймгийн .......... суманд төрсөн, ........ настай, .........., .........., ам бүл ........, .............. хамт ......... аймгийн .......... сумын .......... баг ............. тоотод оршин суух, .............., .........овогт ******* гэв.
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг “Аравжих” хүнсний дэлгүүрээс 0,5 литрийн “Хараа” нэртэй архийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдэн авсан, мөн урьд нь согтуурсан үедээ буюу 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус дэлгүүрээс 0,2 литрийн “хараа” нэртэй архийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдэн авсны улмаас нийт 15.500 төгрөгийн хохирол учруулсан,
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тус аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг Зоогийн 8-11 тоот хашааны үүдэнд иргэн Б.А-г тамхи өгөөгүй гэх шалтгаанаар түүний нүүр рүү цохиж биед нь “хацарт шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн талаар:
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
- Шүүгдэгч *******-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн” Би дээрэм хийгээгүй. 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Аравжих дэлгүүрээс Хараа нэртэй 0.2 литрийн архи булааж зугтаагаагүй. Худалдагч Төвсайханаас гуйгаад тал мөнгийг нь өгөөд зээлээр авсан. 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Хараа” нэртэй архийг дээрэмдэж, булааж аваагүй. Архи зардаг хэсэг болох дэлгүүрийн зүүн талын лангуун дээрээс нууцаар хулгайлж авсан. Худалдагч харчихаар нь чигээрээ дэлгүүрээс гараад явчихсан. 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, миний бие өвдөөд гар салгалаад байсан болохоор архи уумаар санагдаад архи хулгайлсан юм. Би хулгай хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 26/
- Хохирогч О.Н-ын “2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дэлгүүрийнхээ амрах өрөөнд сууж байсан чинь худалдагч Н.Төвсайхан “нөгөө Б 0,5 литрийн хараа архи аваад явчихлаа” гэсэн. Би тэр Б гэдэг хүнийг архи аваад гарч байхыг хараагүй. Б тэр хавиар байдаг бүх дэлгүүрээс архи булаадаг гэсэн. Архи булаасан эсэхийг манай худалдагч сайн мэднэ. Аривжих дэлгүүр нь миний эзэмшлийнх байгаа юм. Дэлгүүрийн гадаа камертай. Нийт 3 камер байдаг, бүгд хэвийн ажиллагаатай. ******* согтуу орж ирээд манай худалдагч Н.Төвсайханыг дарамтлаад архи нэхээд байдаг гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 5/
- Гэрч Н.Т-ны “2021 оны 10 дугаар сарын 07-ны өглөө 10 цаг өнгөрч байхад ******* ганцаараа орж ирээд “нэг шил архи өгчих” гээд байхаар нь би “чи өмнөх булааж авсан архиныхаа мөнгийг өгөөгүй байгаа биз дээ, чамд архи өгөхгүй” гэсэн чинь дэлгүүрийн зүүн талд байдаг архи зардаг хэсэг рүү очоод 0.5 литрийн хараа нэртэй архи аваад зугтаагаад явсан. Би араас нь гарч амжаагүй, тэгээд цагдаа руу дуудлага өгсөн. 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр үдээс хойш манай дэлгүүрт ганцаараа орж ирээд “0,2 литрийн архи өгчих” гээд байхаар нь “үгүй” гэсэн чинь шууд аваад гарсан. Би тэр үед нь цагдаа дуудаж өгөөгүй. Аравжих дэлгүүр О.Нбаяр гэдэг хүний эзэмшилд байдаг. Дэлгүүр нь гадаа байдаг камертай нийлээд 3 камертай, бүгд хэвийн ажиллагаатай. ******* байнга согтуу орж ирээд дарамтлаад архи нэхээд байдаг. Үйлчлүүлж байгаа хүмүүст ч түвэгтэй байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 7/
- Гэрч Н.Т-ны 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дахин өгсөн “Бүрэнтогтох 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр цэнхэр өнгийн том нударгатай хар өнгийн дээлтэй, хар өнгийн малгайтай, доогуураа хөх өнгийн пүүз өмссөн байсан. Харин 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хар өнгийн цамц, хар өнгийн өмдтэй, цэнхэр өнгийн маск зүүсэн орж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 9/
- 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “dotor 10.5” гэсэн файлыг нээж үзэхэд 02 минут 03 секунтын бичлэг байлаа...дэлгэцийн зүгээр зүүн талын хаалгаар хар өнгийн малгайтай, цэнхэр өнгийн маск хүзүү хүртлээ доошлуулсан, цэнхэр нударгатай, хар өнгийн дээлтэй, дээлээ шар өнгийн бүсээр бүсэлсэн, цагаан өнгийн канттай хар өнгийн өмд, хөх өнгийн пүүз өмссөн эрэгтэй хүн орж ирээд дэлгэцийн зүгээр баруун талын согтууруулах ундаа байрлуулсан хэсэг рүү дөхөж яваад...согтууруулах ундаа байрлуулсан хэсэг рүү очиж дунд хэсгээс нь шилтэй архи мэт зүйл аваад хар өнгийн дээлнийхээ энгэр рүү хийгээд цэнхэр өнгийн халаадтай худалдагч эмэгтэй хүнтэй ямар нэгэн зүйл яриад дүрс бичлэгийн 14:30:05 цагт дэлгэцийн зүгээр зүүн талын хаалгаар гарч яваад дүрс бичлэг дэлгэцийн зүгээр зүүн дээд хэсэгт 10-5-2021 Tue 14:30:07 цагт дуусав.
“dotor 10.7” гэсэн нэр бүхий файлыг нээж үзэхэд уг файл нь 06 минут 09 секунд байлаа...Дүрс бичлэгийн 10:26:19 цагт дэлгэцийн зүгээр зүүн талын хаалгаар хар өнгийн нүдний шил толгой дээрээ тавьсан, цэнхэр өнгийн масктай, хар өнгийн цамцтай, цагаан өнгийн канттай хар өнгийн өмдтэй, эрэгтэй хүн орж ирэв. Хар өнгийн цамцтай эрэгтэй хүн дүрс бичлэгийн 10:26.21 цагаас 10:31:50 цаг хүртэл худалдагчийн лангууны зүүн талд зогсож байсан эрэгтэй хүн болон лангууны баруун талд сууж байсан цэнхэр өнгийн халаадтай худалдагч эмэгтэйтэй ямар нэгэн зүйл ярьж асууж байгаа мэт үйлдэл гарган хойш, урагш холхиж байлаа. Дүрс бичлэгийн 10:31:51 цагт хар өнгийн цамцтай эрэгтэй хүн дэлгэцийн зүгээр баруун талын согтууруулах ундаа байрлуулсан хэсэг рүү яваад шилтэй архи мэт зүйл шүүрч авах үед цэнхэр өнгийн халаадтай худалдагч эмэгтэй босож очоод болиулж шилтэй архи мэт зүйлийг авах гэтэл хар өнгийн цамцтай эрэгтэй хүн гарыг нь түлхээд дүрс бичлэгийн 10:31:59 цагт дэлгэцийн зүгээр зүүн талын хаалгаар гарч явав...” гэжээ. /хх-ийн 17-18/
- Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 106 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “хараа нэртэй 0.5 литрийн архи 10.000 төгрөг, хараа нэртэй 0.2 литрийн архи 5500 төгрөг” гэжээ. /хх-ийн 94/
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/
- Мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гаргасан “гэрч Н.Т-аас CD-н дээр хуулбарласан дүрс бичлэг хүлээн авсан тэмдэглэл” хх-ийн 14/
- Хэрэгт хурааж ирүүлсэн камерын бичлэг бүхий CD /хх-ийн 15/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29-33/
- Согтуурал шалгасан магадалгаанд “******* 2021.10.07-ны өдрийн 20 цаг 45 минутад согтуурлын зэрэг 0.90 хувь” гэжээ /хх-ийн 3-4/
- Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтууд зэргийн шинжлэн судлав.
2.Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн талаар:
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
- Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “Би 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр уушуу М-ийн гэрт танихгүй 2 залуутай хамт архи уусан. Тухайн үед би согтуу байсан болохоор яг ямар асуудал гаргаснаа сайн санахгүй байна. Би буруу үйлдэл хийсэндээ харамсаж байна...би өмнө нь Аззаяагаас 100-200 грамм бензин авч байсан. Бид хоёрт өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 173/
- Хохирогч Б.А-гийн “Манай гэр Н-тэй хөрш хашаа байгаа юм. Өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 16 цаг 30 минутын орчимд гэртээ байж байгаад ажил руугаа явах гээд гарсан чинь үүдэнд зүс таних Н-ийн гэрээр байнга эргэлдээд байдаг өмд Б намайг дуудсан. Тухайн үед манай хашааны том хаалга онгорхой байсан бөгөөд би Б рүү яваад очтол надаас тамхи асуусан. Би тамхи байхгүй гээд эргэхэд Б миний нүүр рүү гараараа 2 удаа цохисон. Тэгээд би газраас чулуу аваад эргэтэл Б хашааны цаана ороод хашааны завсраар хараад хэрүүл өдөөд байсан. Тэгээд цагдаа дуудсан. Тухайн үед би хар өнгийн нүдний шилтэй байсан болохоор миний зүүн нүдний доор хамар орчмоор шил ороод зүсчихсэн юм шиг байна. Одоогоос 2-3 хоногийн өмнө Б мотоцикл уначихсан бензин гуйгаад байхаар нь би бага зэрэг бензин өгөөд явуулж байсан. Хүн тус болж байхад давраад байдаг юм шиг байна. Би зүүн нүднийхээ доор оёдол тавиулсан, хамар их хөндүүр орсон байна. Мөн уруулын доод талд шалбарсан байна. Нүдний шилтэй байсан болохоор хавсарч цохиод л зүсэгдчих шиг боллоо. Би нүдний шилээ 2021 оны 09 дүгээр сард Дэлгэрхангай дэлгүүрээс 20.000 төгрөгөөр авч байсан, 20.000 төгрөгөөр үнэлнэ. Мөрөөрөө зүгээр байхад зодож гоо сайхан алдагдуулсанд маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 143/
- Гэрч Н.Н-ийн “Манай нөхөр бусдад зодуулсан талаар мэдсэн. Манай гэр Н гуайн яг хажууд байдаг. Тэдний гэрээр орж гардаг Б гэх хүнд зодуулсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 150/
- Гэрч Т.О-ийн “2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 14-15 цагийн орчимд байх ******* ах намайг Н эгчийн гадаа хүргэж өгсөн. Тухайн үед Н эгч гэртээ байхгүй болохоор нь хажуу айл руу нь ороод хоол идээд, ус уучхаад гараад иртэл ******* ах Зоогийн 8-9 тоот хашааны үүдэнд нь, уг хашааны цаад талын цаад буюу Зоогийн 8-11 тоотын гадаа нэг ах нүүр нь цус болчихсон хашааныхаа үүдэнд зогсож байсан. Тухайн үед тэр нүүр нь цус болсон ахын хашааны хаалга онгорхой байсан. Би зодолдож, цохилцсон асуудлыг бол мэдэхгүй. Б миний хуурай ах байгаа юм, тухайн үед согтуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 78/
- Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 280 тоот “Б.Агийн биед хацарт шарх, хамар, уруулын дээд хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтлүүд бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ хязгаарлагдмал хатуу гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, зулгаралтууд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 155-156/
- Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссын 2021.11.22-ны 111 дугаартай дүгнэлтэд “нарны нүдний шил 18.000 төгрөг” гэжээ. /хх-ийн 160/
-Эд мөрийн баримтаар хураагдсан нүдний шилний рам болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг шинжлэн судлав.
3. Шүүгдэгчийн гэм буруу, оногдуулах ял шийтгэлийн талаар:
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар Дундговь аймгийн Сайнцагаан суманд үйл ажиллагаа явуулдаг О.Н-ын эзэмшлийн “Аривжих” нэртэй дэлгүүрээс 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 0.2 литрийн хараа нэртэй архи, мөн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хараа нэртэй 0.5 литрийн хараа нэртэй архийг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн үйл явдал, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвд хохирогч Б.А нь бусдад зодуулсны улмаас эрүүл мэндэд нь “ хацарт шарх, хамар, уруулын дээд хэсгийн зулгаралт гэмтэл ” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан үйл явдал тус тус болсон болох нь тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан камерын бичлэг бүхий CD, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Н.Төвсайхан болон хохирогч О.Н нарын мэдүүлгээр шүүгдэгч ******* нь Аривжих” нэртэй хүнсний дэлгүүрээс 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 0.2 литрийн хараа нэртэй архийг, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хараа нэртэй 0.5 литрийн архийг тус тус ил аргаар, мөнгийг нь төлөлгүй авсан болох нь тогтоогдож байна.
Мөн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч Б.Агийн эрүүл мэндэд учирсан “хацарт шарх, хамар, уруулын дээд хэсгийн зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтлийг шүүгдэгч ******* нь зодох байдлаар учруулсан болох нь хохирогч Б.Агийн мэдүүлэг, гэрч Н.Н, Т.О нарын мэдүүлэг, шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 280 тоот дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч *******-ын “Аривжих” нэртэй хүнсний дэлгүүрээс хоёр удаагийн үйлдлээр 0.2 болон 0.5 литрийн хараа нэртэй архийг мөнгийг нь төлөлгүйгээр ил аргаар буюу худалдагчийнх нь дэргэд хүч хэрэглэхгүйгээр авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжийг, хохирогч Б.А-г тамхи өгсөнгүй гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийг дээрх үйлдлүүдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг, бусдын эд зүйлийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдэж авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Аривжих” нэртэй хүнсний дэлгүүрийн худалдагч Н.Төвсайханд хагас мөнгийг нь өгч 0.2 литрийн хараа архи зээлээр авсан гэж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдохгүй байх тул шүүгдэгчийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.
Шүүгдэгч ******* нь хохирогч О.Н-т гэмт хэргийн улмаас учирсан 15500 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 1998.04.24-ний 79 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1-ийн 1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар, мөн хуулийн 239-р зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нэмж нэгтгэн 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар /хх-ийн 34-40/
Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас хорих ялыг сонгон 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******-д энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоног хорих ялаар тооцож, түүнд оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, шүүгдэгч *******-ын энэхүү шийтгэх тогтоолоор эдлэх ялыг 1 жил 3 сар 15 хоногийн хорих ялаар тогтоохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2021/ХМШЗ/60 дугаартай захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон ялаас 6 сар 15 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж дуусаагүй байгаа болох нь Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02/98 дугаартай албан бичиг, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол зэргээр тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 3 сар 15 хоногийн хорих ял дээр тус шүүхийн 2021 оны 06 сарын 22-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож нэмж нэгтгэн шүүгдэгч *******-ын биечлэн эдлэх нийт ялыг 1 жил 10 сарын хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
4. Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь хохирогч О.Н-т гэмт хэргийн улмаас учирсан хохирол 15500 төгрөгийг төлсөн ба хохирогч Б.Агийн нүдний шилний үнэ болох 18.000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд шүүгдэгч *******-с 18.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.А-д олгох нь зүйтэй.
Хохирогч Б.А нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заах нь зүйтэй.
5. Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч Н-т 15.500 төгрөг төлсөн, болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Б.Агийн нүдний шил /шил нь хагархай/-г эд мөрийн баримтаар хураан авч хэргийн хамт ирүүлсэн байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Аривжих хүнсний дэлгүүрийн 2021 оны 10 дугаар сарын 05 болон 07-ны өдрийн хяналтын камерын бичлэгийг CD-нд хуулбарлан хэргийн хамт ирүүлсэн байх тул хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч ......... овгийн *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг, бусдын эд зүйлийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч ....... овгийн *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял тус тус оногдуулан шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялын 8 цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор тооцож түүнд оногдуулсан 1 жил 2 сарын хугацааны хорих ял дээр нэмж нэгтгэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэхүү тогтоолоор нэмж нэгтгэн оногдуулсан хорих ял дээр тус шүүхийн 2021 оны 06 сарын 22-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож, шүүгдэгч *******-ын биечлэн эдлэх ялыг 1 жил 10 сарын хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 1 жил 10 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь хохирогч Н-т 15.500 төгрөг төлсөн, хэрэгт битүүмжлүүлсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******-с 18000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.А-д олгосугай.
7. Хохирогч нь Б.А нь өөрт учирсан эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хагархай нүдний шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн СД 1 ширхгийг *******-д холбогдох эрүүгийн 2122000000167 хэрэгт хавсаргасугай.
9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ