Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 112/2015/0031/З |
Дугаар | 221/МА2016/0461 |
Огноо | 2016-07-06 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2016/0461
"М-Э" ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Билгүүн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, гуравдагч этгээд МОЗТ ХХК-ийн захирал Б.Алтансүх нарыг оролцуулан, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, "М-Э" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасныг баримтлан "М-Э" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөл өгөх 60 тоот санал, 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөл өгөх 247 тоот саналыг тус тус хүчингүй болгож, "М-Э" ХХК-д Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг Жавхлант нэртэй газрын 963.61 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NE-025219 тоот өргөдөлд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох санал гаргахыг аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 60 дугаар саналаар нэхэмжлэгч компанид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөхгүй буюу дэмжихгүй талаар санал өгснийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. Аймгийн Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуг өгөхдөө энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай эрх бүхий байгууллага буюу нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шийдвэрийг үндэслэл болгож санал хүргүүлсэн. Үүнээс харахад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлд Засаг дарга санал өгөхдөө иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг харгалзан үзэх ёстой бөгөөд шууд бие даан шийдвэрлэх боломжгүй байгаа. МОЗТ ХХК-ийн хувьд хууль зөрчиж бүртгүүлсэн зүйл байхгүй, "М-Э" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч "М-Э" ХХК нь Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдуулан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 60 тоот санал, 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 247 тоот саналыг тус тус хүчингүй болгуулах, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох санал гаргахыг даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /хуучин/ 3 дугаар зүйлийн 3.1.4-т захиргааны акт гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг; энэ хуулиар захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг захиргааны актад хамааруулна гэж заасан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт зааснаар аймаг, нийслэлийн Засаг даргаас төрийн захиргааны байгууллагад өгч байгаа тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих эсэх тухай хариу санал нь дээрх хуульд заасан захиргааны актын шинжийг агуулахгүй байна. Тодруулбал,
Аймгийн Засаг дарга Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /хуучин/ 4 дүгээр зүйлийн 4.1.10-т заасан албан тушаалтанд хамаарах хэдий ч Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал гэх бичгийн баримтыг захиргааны акт гэж үзэхгүй тул энэхүү маргааныг захиргааны хэргийн шүүх харъяалан шийдвэрлэх боломжгүй юм.
Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана, 19.4-т Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ 19 дүгээр зүйлийн 19.5-д Аймаг, Нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно гэж зааснаас үзвэл төрийн захиргааны байгууллага хүсэлт гаргасан этгээдэд тусгай зөвшөөрөл олгохдоо харгалзан үзэх олон хүчин зүйлийн нэг нь дээрх аймаг, нийслэлийн Засаг даргын санал бөгөөд төрийн захиргааны байгууллага Засаг даргаас ирүүлсэн саналыг хуульд үндэслэсэн эсэхийг үл хамаарч заавал даган биелүүлэх үүргийг хуулиар хүлээлгээгүй байна.
Энэ нь захиргааны актын хамгийн гол шинж болох заавал биелэгдэх, захирамжилсан шинжийг үгүйсгэж байх бөгөөд эрх бүхий төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл олгох, эс олгох асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй болно.
Түүнчлэн "М-Э" ХХК болон Говь-Алтай аймгийн Засаг даргын хооронд захиргааны эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзнэ.
Дээрх үндэслэлүүд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /хуучин/ 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарч байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлаагүй бөгөөд нэхэмжлэгч нь Ашигт малтмалын газарт холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэ магадлал саад болохгүйг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан "М-Э" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 60 тоот санал, 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 247 тоот саналыг тус тус хүчингүй болгуулах, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох санал гаргахыг даалгах-ыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч "М-Э" ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид, гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж гуравдагч этгээдэд тус тус буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ О.НОМУУЛИН