Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 80

 

                                                                                                                                                             

 

 

 

 

 

 

 

 

                                                       

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

 

Шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Дүүрэнбилэг

                               Нарийн бичгийн дарга У.Солонго нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн 201610000205  дугаарт хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Мандах суманд 1980 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймаг Сайншанд сум 6 дугаар баг Жанчивын 20-15 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ачит гүн овогт Цэдэндамбын Батхуяг /РД: ЕЕ80021914/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

 Шүүгдэгч Ц.Батхуяг нь 2016 оны 06 дугаар сарын 16-ны орой 22 цагийн орчим тус аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт улсын дугааргүй, Dayun маркийн мотоциклийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.2.а,б,в, 2.7.а, 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан Л.Батдэлгэрийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Батхуяг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Намайг гэртээ 3-н хүүхдээ хараад байж байсан чинь 12 цагийн үед миний танил нутгийн ах Батдэлгэр ирээд ганц шил юм уухуу гэхээр нь би мотоциклоо унаж яваад ойрхон дэлгүүрээс 1 шил архи авч ирсэн. Эхнэр маань орой 17 цаг өнгөрч байхад ирсэн. Батдэлгэр ах дахиад 1 шил уухуу гээд би дахиж архинд явж ирсэн. Бид 2 архиа хувааж уучихаад байж байтал Батдэлгэр ахыгаа мотоциклоороо айл руу хүргээд өгөөч гэж гуйгаад байхаар нь би хүргэж өгөх гээд мотоциклынхоо ард суулгаад сундлаад явсан. Манай гэрийн урдуур зам дагуу гэрлийн шонг булах гэж байсан сул шороог мотоциклийн урд дугуй мөргөж онхолдсон. Би босоод мотоцклоо босгоод Батдэлгэр ахыг босгоход түүний зүүн хөл нь дарагдчихсан гутлыг нь тайлж үзэхэд хөл нь хугарсан байсан. Тухайн үед би утасгүй явж байсан тул Батдэлгэр ахыг байж байгаарай гэж орхичихоод гэртэй ирж эхнэрийнхээ утсаар түргэн тусламж дуудсан гэв.

 

Шүүгдэгч Ц.Батхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гэртээ хүүхэдтэйгээ байж байхад 12 цагийн үед миний танил нутгийн ах Л.Батдэлгэр ганцаараа ирсэн. Нэг шил архитай ирээд бид 2 хувааж уусан ... Батдэлгэр ах ахыгаа мотоциклоороо айл руу хүргээд өг гээд гуйгаад байхаар нь би мотоциклио асаагаад Батдэлгэр ахыг хүргэж өгөх гээд ардаа сундлаад хашаанаас гарсан. Манай гэрийн урдуур зам дагуух гэрлийн шонгийн утсыг булах гэж байсан ухсан сул шороонд урд дугуй халтирч онхолдсон. Би халамцуу байсан болохоор хөлөөрөө тулж чадаагүй хоёулаа онхолдсон. Би буугаад мотоциклио босгоход Батдэлгэр ахын зүүн хөл дарагдсан байсан. Батдэлгэр ахын гутлыг тайлахад хөл нь хугарсан байсан. Тухайн үед би утасгүй байсан болохоор Батдэлгэр ахыг байж байгаарай гээд үлдээгээд гэр лүү очиж эхнэрийн утсаар түргэн дуудсан ... гэсэн мэдүүлэг /хх 49-50/,

 

Хохирогч Л.Батдэлгэрийн мөрдөн байцаалтанд өсгөн: ...2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр...архи 22 цагийн үед дуусахаар нь би жаахан согтчихсон байсан ба Батхуягийг ахыгаа мотоциклоор нэг айл руу хүргээд өгөөч гэж гуйгаад байхаар Батхуяг за ахыг хүргээд өгье гээд Батхуяг мотоциклио асаагаад би хойно нь суугаад хашаанаас нь гараад би Батхуягт зүүн гудамжинд нэг айл руу очино гэж хэлээд явж байхад замын хажуугаар гэрэл тавьж байсан гэрлийн утасны сул шороонд дайрч ороод Батхуяг онхолдоод бид 2 ойчсон. Миний зүүн хөл мотоциклд дарагдаж унасан. Батхуяг мотоциклоо өөрөө босгоход би Батхуягт ахых нь хөл хугарчихлаа гэж хэлэхэд Батхуяг миний гутлыг тайлаад үзэхэд хугарчихсан, яс нь хонхойж байсан. ... Надад гомдол санал гээд байх зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /хх 18-20/,

 

Гэрч В.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 6 дугаар сарын 16-ны орой би ажлаасаа тараад гэртээ очиход...Батдэлгэр ах, Батхуяг 2 архи уучихсан бага зэрэг согтуу байсан ... архи ууж дуусаад Батдэлгэр ах манай нөхрийг айл руу хүргээд өг гэж гуйгаад манай нөхөр мотоциклоо асаагаад гэрийн хашаанаас гарсан. Удалгүй нөхөр Батхуяг буцаж ирээд бид 2 онхолдчихлоо, түргэн дууд гэж хэлсэн. Түргэн дуудчихаад бид 2 гарч Батдэлгэр ах дээр очсон. Батдэлгэр ах хөл хугарчихлаа гээд хэвтэж байсан... гэсэн мэдүүлэг /хх 23-24/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.06.24-ний өдрийн 5500 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн Ц.Батхуяг гэж хаягласан цусанд 2,6 промилли спиртийн агууламж илрэв. Цусанд илэрсэн 2,6 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.

2. Шинжилгээнд ирүүлсэн Н.Батдэлгэр гэж хаягласан цусанд 1,8 промилли спиртийн агууламж илрэв. Цусанд илэрсэн 1,8 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэжээ /хх 38/,

 

Шинжээч Б.Батцэвэрийн 2016.06.22-ны өдрийн 34 дугаарт дүгнэлтэнд:

1. Даюун маркийн хул шаргал өнгийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож явсан Ц.Батхуяг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.2-т заасан а/ Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний тухай олон улсын конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэхтэй байна, б/ Тээврийн хэрэгсэл нь бүртгэгдсэн улсынхаа ялгах тэмдэг, дугаартай байхаас гадна Монгол Улын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын албанд тэмдэглүүлсэн байх, в/ Жолооч мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг, мөн бүлгийн 2.7.а-д заасан Жолоочид согтууруулах ундаа, ... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байна.    

2. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.4. дэх х заасан Зам тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас г Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, таримал зүлэг, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна, мөн бүлэгт Замын хөдөлгөөн нийтийн хэрэгцээний зам дээрх явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ба ачаа шилжих үйл ажиллагаа гэсэн нэр томъёог үндэслэн Жолооч Ц.Батхуягийн . тээврийн хэрэгсэл жолоодож явсан зам нь хэрэгцээний зам мөн байна.

3. Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалж зам тээврийн осол гараагүй.

4. Даюун маркийн хул шаргал өнгийн улсын дугааргүй мотоциклыг жолоодож л явсан Ц.Батхуяг нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.2-г заасан а/ Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгслийн жолбо замын хөдөлгөөний тухай олон улсын конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэхтэй байна, б/ Тээврийн хэрэгсэл нь бүртгэгдсэн улсынхаа ялгах тэмдэг, дугаартай байхаас гадна Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын албанд тэмдэглүүлсэн байх, в/ Жолооч мотоникл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг, мөн бүлгийн 2.7.а-д заасан Жолоочид согтууруулах ундаа, хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т 1 заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол гарсан.

5. Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөл нь Даюун маркийн шаргал өнгийн улсын дугааргүй мотоциклыг жолоодож явсан Ц.Батхуяг нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.2.а,б,в, 2.7.а, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна гэжээ /хх 42-43/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.06.20-ны өдрийн 141 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Л.Батдэлгэрийн биед зүүн шилбэ ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ /хх 32/,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-6/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 14-15/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 56/ зэрэг болно.  

 

Шүүгдэгч Ц.Батхуяг нь 2016 оны 06 дугаар сарын 16-ны орой 22 цагийн орчим тус аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт улсын дугааргүй, Dayun маркийн мотоциклийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.2.а,б,в, 2.7.а, 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан Л.Батдэлгэрийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн  нотлох баримтууд болох шүүгдэгч Ц.Батхуяг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ... Батдэлгэр ирээд ганц шил юм уухуу гэхээр нь би мотоциклоо унаж яваад ойрхон дэлгүүрээс 1 шил архи авч ирсэн. Эхнэр маань орой 17 цаг өнгөрч байхад ирсэн. Батдэлгэр ах дахиад 1 шил уухуу гээд би дахиж архинд явж ирсэн. Бид 2 архиа хувааж уучихаад байж байтал Батдэлгэр ахыгаа мотоциклоороо айл руу хүргээд өгөөч гэж гуйгаад байхаар нь би хүргэж өгөх гээд мотоциклынхоо ард суулгаад сундлаад явсан. Манай гэрийн урдуур зам дагуу гэрлийн шонг булах гэж байсан сул шороог мотоциклийн урд дугуй мөргөж онхолдсон. Би босоод мотоцклоо босгоод Батдэлгэр ахыг босгоход түүний зүүн хөл нь дарагдчихсан гутлыг нь тайлж үзэхэд хөл нь хугарсан байсан ... гэв, шүүгдэгч Ц.Батхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Батдэлгэр ах ахыгаа мотоциклоороо айл руу хүргээд өг гээд гуйгаад байхаар нь би мотоциклио асаагаад Батдэлгэр ахыг хүргэж өгөх гээд ардаа сундлаад хашаанаас гарсан. Манай гэрийн урдуур зам дагуух гэрлийн шонгийн утсыг булах гэж байсан ухсан сул шороонд урд дугуй халтирч онхолдсон. Би халамцуу байсан болохоор хөлөөрөө тулж чадаагүй хоёулаа онхолдсон. ... Батдэлгэр ахын гутлыг тайлахад хөл нь хугарсан байсан ... гэсэн мэдүүлэг, хохирогч Л.Батдэлгэрийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Батхуяг мотоциклио асаагаад би хойно нь суугаад хашаанаас нь гараад би Батхуягт зүүн гудамжинд нэг айл руу очино гэж хэлээд явж байхад замын хажуугаар гэрэл тавьж байсан гэрлийн утасны сул шороонд дайрч ороод Батхуяг онхолдоод бид 2 ойчсон. Миний зүүн хөл мотоциклд дарагдаж унасан. ... Батхуяг миний гутлыг тайлаад үзэхэд хугарчихсан, яс нь хонхойж байсан. ...гэсэн мэдүүлэг, гэрч В.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 6 дугаар сарын 16-ны орой би ажлаасаа тараад гэртээ очиход...Батдэлгэр ах, Батхуяг 2 архи уучихсан бага зэрэг согтуу байсан ... архи ууж дуусаад Батдэлгэр ах манай нөхрийг айл руу хүргээд өг гэж гуйгаад манай нөхөр мотоциклоо асаагаад гэрийн хашаанаас гарсан. ... Батдэлгэр ах хөл хугарчихлаа гээд хэвтэж байсан ... гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.06.24-ний өдрийн 5500 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн Ц.Батхуяг гэж хаягласан цусанд 2,6 промилли спиртийн агууламж илрэв. Цусанд илэрсэн 2,6 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна ... гэжээ, шинжээч Б.Батцэвэрийн 2016.06.22-ны өдрийн 34 дугаарт дүгнэлтэнд: ... Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөл нь Даюун маркийн шаргал өнгийн улсын дугааргүй мотоциклыг жолоодож явсан Ц.Батхуяг нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.2.а,б,в, 2.7.а, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна ... гэсэн дүгнэлт, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.06.20-ны өдрийн 141 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд: ... Л.Батдэлгэрийн биед зүүн шилбэ ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ... гэжээ, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Ц.Батхуягийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Батхуяг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүх ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Ц.Батхуягт оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

 

Т О Г Т О О Х нь:

 

1. Шүүгдэгч Ачит гүн овогт Цэдэндамбын Батхуягийг тээврийн хэрэгслийн  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батхуягт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасч, 1 жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батхуягт оногдуулсан 1 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

 

          4. Шүүгдэгч Ц.Батхуяг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батхуягт оногдуулсан 1 жилийн сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоон засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Батхуягт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

            7. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Х.ГАНБОЛД