Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 1990

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Л-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01408 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ч.Л-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХНХЯ-д холбогдох,

 

Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/37 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, ниймийн даатгалын шимтгэл болон, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ч.Л,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Билгүүн нар оролцов.

 

  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Монгол Улсын Хөдөлмөрийн Сайдын 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/17 дугаартай тушаалаар Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс захирлаар томилогдон ажилласан юм. Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Б/37 дугаартай тушаалаар намайг МСҮТ-ийн захирлын албан тушаалаас чөлөөлөгдөж, 2017 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлийн талаар заасан байх ба уг зүйлийн 38.1-д хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр цуцална, 38.1.1-д ажилтан санаачилсан гэж заасан байна. Дээрх хуулийн заалтыг үндэслэн Дархан-Уул аймаг дахь МСҮТ-ийн захирлын ажил, албан тушаалаас намайг өөрийх нь (өөрийнх нь гэдгийг алдаж бичсэн бололтой) хүсэлтийн дагуу хэмээн чөлөөлсөн юм. Миний бие ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх ямар нэгэн хүсэлт болон өргөдөл хэн нэгэнд хандан гаргаагүй болно. Иймд Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдийн Б/37 дугаартай хууль бус тушаалыг хүчингүй болгож, холбогдох хууль, дүрэм журмын хүрээнд шийдвэрлүүлж, ажил албан тушаалд буцаан томилохыг Монгол Улсын ХНХЯ-д даалгаж өгнө үү. Мөн 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.Р шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, 24.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.13 дахь заалтыг тус тус үндэслэсэн болно. Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжгэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-д боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал гэж Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал нь төрийн үйлчилгээний албан хаагч болохыг хуулиар тогтоосон. Түүнчлэн, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-т “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай 354 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтын 4 дэхь хэсэгт политехник коллежийн захирал нь /ТҮМБ-7/ зэрэглэлд хамаарах төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарахыг тус тус заасан. Нэхэмжлэгч нь хэдийгээр төрийн үйлчилгээний албан хаагч хэдий ч Төрийн албаны тухай хуулиар эрх зүйн байдал нь тодорхойлогддог. Төсвийн тухай хуулиар төсвийн шууд захирагч юм. Иймд уг маргаан нь харьяаллын хувьд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд харьяалагдах маргаан гэж үзэж байна. Түүнчлэн Төрийн албаны хуульд зааснаар уг маргааныг Төрийн албаны зөвлөл урьдчилан шийдвэрлүүлэхээр хуульд тусгайлан заасан маргаан юм. Иймд уг маргаан нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргааны харьяалалд хамаарахгүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргаж өгөхийг хүсье. Нэхэмжлэгч нь амаар ажлаасаа гарах талаар ажил олгогчтой тохирсон зүйл байдаг. Амаар ажлаас гарах тухай хэлсэнийг ажлаас гарах өргөдөл гаргасан гэж үзнэ гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Монгол Улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 1 дугаар сарын 25-ны өдрийн Б/37 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, Ч.Л-ийг Дархан-Уул аймаг дахь мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захиралын ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Монгол Улсын ХНХЯ-наас Ч.Лд 7 450 517 төгрөг гаргуулж олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны Ч.Л-гийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасны дагуу нөхөн төлөхийг ХНХЯ-ны удирдлагад үүрэг болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчдийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас 134 158,27 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлсэн, материаллаг хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх ажилтан өргөдлөө бичгээр өгөх ёстой байтал амаар хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Гэтэл хариуцагч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, 24.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийи 8.4.13 дахь заалтыг тус тус үндэслэсэн болно. Нэхэмжлэгч нь өргөдлөө бичгээр гаргаагүй боловч ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга нартай уулзаж ажлаас чөлөөлүүлэх хүсэлт гаргаж байсан нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргаж байсан тайлбар, хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байхад шүүх өргөдлийг зөвхөн бичгээр гаргах ёстой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Ажил олгогчийн санаачлагаар чөлөөлөөгүй бөгөөд ажилтны санаачлагаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Ажлаас чөлөөлүүлэх хүсэлтийг ямар хэлбэрээр гаргах нь нотолгооны ач холбогдолтой байх бөгөөд энэ тохиолдолд ажилтан хүсэлтээ гаргасан болох нь гэрчийн мэдүүлэг, зохигчдын тайлбараар нотлогдож байна. Мөн эдгээр нөхцөл байдлыг тогтоолгохоор нэхэмжлэгчийн утсанд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, нотлох баримтыг үнэлэх боломжгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болно. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01408 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

                                        

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Л нь хариуцагч Хөдөлмөр, нийгмийн  хамгааллын яаманд холбогдуулан Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Б/37 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, ниймийн даатгалын шимтгэл болон, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Ч.Л нь 2015 оны 5 сарын 25-ны өдрөөс Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын албан тушаалд томилогдон ажилласан байна. /хх-ийн  26 дугаар тал/

 

Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Б/37 дугаар тушаалаар ажилтан Ч.Л-ыг Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын албан тушаалаас чөлөөлөхдөө  Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, 24.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.13-т  заасныг тус тус үндэслэжээ. /хх-ийн 52 дугаар тал/

 

Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээг ажилтаны санаачилгаар цуцалсан, ажилтан Ч.Л нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ амаар мэдэгдсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ тайлбарлаж, маргасан байх боловч уг тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж, мэтгэлцсэн. Хариуцагч нь дээрх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй байна.

 

Иймд анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээг ажилтаны санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар тухайн ажилтаны бичгээр гаргасан өргөдлийг үндэслэх нь зүйтэй гэж зөв дүгнэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р нь 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гар утасны мессежид үзлэг хийлгүүлэх хүсэлт гаргасан /хх-40/ байх боловч тэрээр шүүх хуралдаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрч оролцуулсан тохиолдолд үзлэг хийлгэх шаардлагагүй /хх-44/  гэж уг хүсэлтээсээ татгалзсан агуулга бүхий тайлбар гаргасныг үндэслэн анхан шатны шүүх түүний үзлэг хийлгүүлэх тухай хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Иймд энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр Б.Э оролцож мэдүүлэг өгсөн байх боловч түүний мэдүүлгээр ажилтан Ч.Л нь өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаархи үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээгүй нотолсон гэж үзэхэд учир дутагдалтай байна. /хх-ийн 61-64 дүгээр тал/

 

Иймд анхан шатны шүүх Ч.Л-г Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцнэ.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01408 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч ХНХЯ нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

                                                                                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ