| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2022/0024/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/18 |
| Огноо | 2022-01-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Оргилболд |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Ц
Улсын яллагч Б.О
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2122002090208 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ........ оны ...... дугаар сарын ........-ны өдөр төрсөн, ..........., ам бүл .........., ........... нарын хамт ..........аймгийн ........... сумын 2 дугаар баг ........... тоотод оршин суух, ........... аймгийн .......... сумын ............ ажилтай, .............., ..........., ............ гэх ........... овогтой ******* гэв.
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2020 оны 11 дүгээр сард Дундговь аймгийн Луус сумын Соёлын төвийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй, солиод ил тавьсан байсан вакуум хаалгыг нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн мэдүүлэгтээ “2020 онд сольсон хаалга байсан. Тэр хаалгыг Бадрах гараашиндаа тавья гээд авсан. Би хаалгаа Бадрахад түр хэрэглүүлэх гээд өгөөд мартаад жил болсон байсан. Тэгээд гаргаж өгсөн. Би мөнгө авсан эсэхээ санахгүй байгаа” гэв.
Хохирогч Т.Ганчимэгийн “...Би Луус сумын соёлын төвийн нярвын ажлыг хариуцан ажилладаг. Манайх 2021 оны 06 сарын дундуур эд хөрөнгийн тооллого явуулахад манай соёлын төвийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй вакуум хаалга алга болсон байсан тул хамт ажилладаг хүмүүсээсээ асуухад мэдэхгүй гэцгээж байсан. Манай соёлын төвийн эрхлэгч Ц.Дашмаа “та эд хөрөнгө хариуцан ажилладаг болохоор энэ хаалгыг олох эсвэл төлж барагдуулах шаардлагатай” гэсэн тул би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Намайг 2020 оны 11 сарын дундуур соёлын төвд цэвэрлэгээ үйлчилгээ хийж байхад манай соёлын төвийн баруун хэсгийн коридорт байсан вакуум хаалга алга болсон байхаар нь “энд байсан хаалга яасан юм бэ, хаана тавьсан юм бэ” гэж ажлынхнаасаа асуухад “мэдэхгүй” гэсэн. Тэгэхээр нь тухайн үед эрхлэгчээр ажиллаж байсан С.Шинэбаяраас асуухад “*******, *******архаспүрэв хоёроор өргүүлж зүүн талын коридорт тавиулсан” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би байгаа юм байх гэж бодоод орхисон. Миний бодлоор 2020 оны 10, 11 сарын үеэр л алга болсон байх гэж бодож байна. Манай байгууллага уг хаалгыг 2018 оны хавар Улаанбаатар хотоос гадна хаалганы зориулалтаар авчирч ашиглаж байгаад шил нь хагарч магадгүй юм байна гэж солиод соёлын төвийн дотор талд оруулж тавьсан юм. Тухайн үед 1 сая төгрөгөөр захиалж хийлгэн авчирч байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/
Гэрч С.Шинэбаярын “Би соёлын төвийн баруун хаалгыг ажлаа аваад нээх удалгүй 06 сард солиулсан юм. Уг вакуум хаалга нь гадаа байхад зохимжгүй, шил нь хагарчих гээд салхи шороо, хүйтэн ордог болохоор нь солиулаад дотор коридорт тавиулсан юм. Уг хаалга нь вакуум цонхтой, 2метр орчим өндөртэй, 1.50 метрийн өргөнтэй, үйлчилгээний зориулалтаар ашиглахаар том хэмжээтэй хийгдсэн байсан. Би уг хаалгыг солиулаад баруун хаалганы хажуу коридорт байлгаж байгаад дараа сард нь *******архаспүрэв, ******* нарыг өргөөд хүний мөрөөс холдуулаад зүүн коридорт тавиарай гэсэн үүрэг өгсөн. Тэр хоёр хаалгаа зүүн коридорт тавьсан байх, баруун коридорт харагдахаа больсон байсан. Манай хөгжмийн багш ******* надаас намар 08, 09 сарын үед “энэ вакуум хаалга зарах юм уу, хүн асуулгаад байна” гэхээр нь би “энэ хаалгыг сумын өмч хамгаалах комиссоор хууль журмынх нь дагуу шийдвэрлүүлнэ, миний мэдэх асуудал биш” гэсэн хариулт өгсөн. Би *******д уг хаалгыг зарж борлуулах зөвшөөрөл, амлалт өгөөгүй. Цэдэнжавын Бадрах гэх хүнийг би зүс танина. Эхнэр нь дэлгүүрийн худалдагч хийдэг байсан юм. Манай хөгжмийн багш ******* надаас энэ хаалгаа зарах юм уу, хүн асуулгаад байна гэж ярьж байсан болохоор хүнд өгсөн байж магадгүй гэж би бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/
Гэрч *******архаспүрэвийн “...Манай соёлын төвийн баруун талын төв хаалгаар өмнө нь ашиглаж байгаад сольсон гээд коридорт байдаг байсныг мэдэж байгаа. Харин манай хуучин эрхлэгч С.Шинэбаяр ******* бид хоёрт “энэ хаалгыг зүүн коридорт тавь” гэхээр нь бид өргөөд тэр газар тавьсан нь үнэн. Тэрнээс хойш яасныг нь мэдэхгүй байна. Шилэн цонхтой цагаан хаалга байсан, хэмжээ нь ердийн хаалганаас том хэмжээтэй байсан. Манай байгууллагын гадна, дотор болон ойр орчимд камер байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/
Гэрч Ц.Бадрахын “...2020 оны зун ******* надаас “манайх гадна вакуум хаалга сольсон, та авахгүй биз” гээд байдаг байсан. Тэгэхээр нь би “хаалгаа ямар өртгөөр өгөх юм бэ” гэсэн чинь “100.000 төгрөг” гэхээр нь би “үнэтэй байна, 50000 төгрөгөөр авбал авъя” гэж хэлээд орхисон. Намар нь 10, 11 сард байх, сайн санахгүй байна. Би тэр өдөр *******тай дэлгүүрийн гадаа таарахад “та вакуум хаалгаа машин олоод очиж аваарай” гэсэн юм. Би орой нь төвөөр машинтайгаа явж байсан Тогтохбаатартай таараад “соёлын төвөөс хаалга авах гэсэн юм, гэрт хүргээд өгөөч” гэхэд Тогтохбаатар зөвшөөрсөн. Бид хоёр портертой соёлын төвийн урд хаалган дээр очиход ******* ирсэн байж байсан. Бид 3 хаалгыг өргөөд машин дээр тавиад би аваад явсан юм. Би соёлын төвийн вакуум хаалгыг 50.000 төгрөгөөр худалдаж авсан. Би хаалганы өртөг болох 50.000 төгрөгийг *******д бэлнээр нь маргааш нь өгсөн юм. Одоо манай нүүрсний амбаарт байгаа. Би зараагүй, хэрэглээгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/
Хаалганд үзлэг хийсэн тэмдэглэлд “...Цагаан өнгийн 2.07 метрийн өндөртэй, 1.52 см өргөнтэй, хаалганы дээд хэсэг шилэн бөгөөд уг шил нь 110 см урттай, 53 см өргөнтэй, хаалганы хажуу талын хавтасны шил нь 96 см урттай, 67 см өргөнтэй хаалганы доод хэсгээр цэнхэр эрээн өнгийн наалттай хаалга байсныг Ц.Бадрахаас хураан авч тэмдэглэл үйлдэв...” гэжээ /хх-ийн 27-28/
Луус сумын үнэлгээний комиссын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн эд зүйлд үнэлгээ хийсэн актад “ 1.000.000 төгрөг” гэжээ. /хх-ийн 32-33/
Хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтууд зэргийг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар Дундговь аймгийн Луус сумын Соёлын төвийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй вакуум хаалга 2020 оны 10-11 сарын орчим алдагдсан үйл явдал болсон болох нь нотлогдож байна.
Дундговь аймгийн Луус сумын Соёлын төвөөс алдагдсан гэх вакуум хаалгыг шүүгдэгч ******* нь нууцаар авч бусдад зарж борлуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан гэрч Ц.Бадрахын мэдүүлэг, хаалганд үзлэг хийж хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын Дундговь аймгийн Луус сумын Соёлын төвийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий вакуум хаалгыг зөвшөөрөлгүйгээр, нууц далд аргаар авч бусдад зарж борлуулж байгаа үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн Луус сумын Соёлын төвд хөгжимчнөөр ажилладаг тул түүнийг орон байр агуулах саванд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх боломжгүй бөгөөд түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийг улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.
Шүүгдэгчийн хулгайлж, бусдад зарж борлуулсан гэх хаалгыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Ц.Бадрахаас хураан авсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Иймд шүүгдэгч *******ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийг тэнсэж хянан харгалзсан хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь 2020 оны 10-11 сарын орчим хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан цаг хугацаанд хамаарч байгаа боловч мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Иймд шүүгдэгчийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн хулгайлж бусдад зарж борлуулсан вакуум хаалгыг хураан авч Дундговь аймгийн Луус сумын Цагдаагийн хэсгийн байранд хадгалж байгаа болох нь яллах дүгнэлтийн хавсралтаар тогтоогдож байх тул Дундговь аймгийн Луус сумын соёлын төвд буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.33, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Наранбулаг овгийн Бүүвэйбаатарын Баяржаргалыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авах буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Наранбулаг овгийн Бүүвэйбаатарын Баяржаргалд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******д шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт хураан авч Дундговь аймгийн Луус сумын Цагдаагийн хэсгийн байранд хадгалагдаж байгаа вакуум хаалгыг хохирогч Т.Ганчимэг / Дундговь аймгийн Луус сумын соёлын төв/-д буцаан олгосугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХБАТ