| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2019/0500/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/520 |
| Огноо | 2019-06-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Энхтуул |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2019/ШЦТ/520
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга М.Цэрэнням,
Улсын яллагч С.Энхтуул,
Шүүгдэгч Н.Д /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Дд холбогдох эрүүгийн 1911 01407 0673 дугаартай хэргийг 2019 оны 6 сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Н.Д 1978 оны 9 сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эгч, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршоолол …. тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Н.Д нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2019 оны 5 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн … дугаар хорооны нутаг дэвсгэрт М.Бын Хаан банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Н.Даас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Анх удаа ийм асуудалд орж байна. Хөнгөн шийдэж өгнө үү..” гэв.
Шүүгдэгч Н.Даас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-27-28/ “..2019 оны 5 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө би өөрийн дүү болох Ган-Эрдэний эзэмшлийн Тоёота приус-20 маркийн автомашинтай орой гадуур таксинд явсан. Шөнийн 00 цагийн үед байх 4 дүгээр хороолол орчихоод буцаад явж байгаад Гандангийн хавиас 1 залуу ганцаараа гар өргөөд зогсож байхаар нь авсан. Хаана очих талаар нь асуусан чинь Хайлааст орно гэж хэлсэн. Би хөдлөөд явж байхад тэр залуу нэмж пиво уумаар байна, пиво зардаг газар байгаа юу гээд байсан. Тухайн үедээ тэр залуу нилээн согтсон байсан бөгөөд тасганы овоогоор явж дэнжийн 1000 руу өгсөөд явж байхад Хаан банкны ATM машинаас мөнгө авъя гэсэн. Би АТМ-ийн хажууд зогссон чинь цуг орьё гэж хэлээд цуг орсон. Тэр залуу би мөнгө авч чадахгүй байна. Чи миний картнаас мөнгө аваад өг гэж хэлээд надад виза картаа өгсөн. Ногоон өнгийн карт байсан ба картийг нь аваад мөнгө авах гэж байхад үлдэгдэлээ эхлээд шалгачих гэхээр нь үлдэгдэл мөнгийг нь шалгасан чинь 565.000 орчим төгрөг байх шиг байсан. Энэ талаар нь хэлсэн чинь 65.000 нь авчих гэсэн. Би мөнгийг нь аваад буцаж гараад машиндаа суусан. Мөнгийг нь өгөөд виза картийг нь өгөхдөө машин дотор урд талын хайрцагт байсан өөрийнхөө виза картийг түүнд өгсөн юм. Тэгээд цааш явж 32-ын тойргийн дээшээ өгсөж явсан буудал дээр уг залуу зогсоогоод надад 20.000 төгрөг таксины мөнгө гэж хэлээд өгсөн. Буудал дээр байсан ТҮЦ-нээс ундаа болон ус авъя гэж хэлээд буухаар нь би яваад өгсөн. Тэр үед хүн гар өргөөд хүнээ аваад явчихсан юм. Удаагүй буцаад 32-ын тойргоос хойш байдаг Хаан банкны ATM машинаас уг картыг нь уншуулж 400.000 төгрөг авсан. Тухайн үед надад мөнгөний хэрэгцээ шаардлага байсан учраас би тэр хүний картыг нь өгөхгүйгээр өөрийнхөө картыг өгч явуулаад картнаас нь мөнгө авсан..” гэсэн мэдүүлэг /хх-51-52/
Хохирогч М.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-8-10/ “..би 2019 оны 5 дугаар сарын 06-ны шөнө 00 цагийн үед би найзтайгаа архи уугаад салсан ба би гэртээ харихаар ганцаараа гарч Гандангийн орчимоос замаас машин барьсан. Тухайн үед би өөрөө нилээд согтсон байсан ба Гандангаас Дэнжийн 1000-д байдаг гэртээ харихаар явсан. Дэнжийн 1000-н Хүчит шонхор захын замын зүүн талд нь байх шинээр баригдсан худалдааны төвийн урд талд нь байх Хаан банкны автомат машинтай газар зогссон. Надад тухайн үед бэлэн мөнгө байхгүй байсан болохоор бэлэн мөнгө авах санаатай уг автомат машин дээр очсон. Би өөрөө нилээд согтсон байсан тул өөрийнхөө виза картийг тухайн таксины жолоочид өгөөд еөрийнхөө картын нууц дугаар болох 0000 гэх дугаарыг хэлж өгч 65.000 төгрөг авчих гэж хэлсэн. Автомат машин руу би өөрөө цуг очсон бөгөөд эхлээд өөрийнхөө дансны үлдэгдэлийг шалгахад 565.810 төгрөг байсан. Би 65.000 төгрөг авчих гэж хэлээд авсан ба дансанд 500.000 төгрөг үлдсэн. Тэр жолооч надад мөнгийг өгөөд мөн миний виза картийг өгсөн. Буцаж гараа машинтайгаа 32-ын тойргийн тэнд байх ТҮЦ-рүү явсан. Автобусны буудал дээр байдаг ТҮЦ-ний хажууд зогсоод би жолоочид таксины мөнгө гзж 20.000 төгрөг өгөөд өөрөө ундаа ус авахаар ТҮЦ рүү ороод ундаа авчихаад гараад ирсэн чинь машин алга болчихсон байсан юм. Ингээд би гэр рүүгээ харьчихаад өглөө нь буюу 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 08 цагийн үед босоод ажилдаа явахаар болоод гэрээсээ гарч банкны автомат машин руу очиж картаа хийсэн боловч миний карт биш байсан. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан..” гэх мэдүүлэг,
Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-20-21/ “..найзуудтайгаа архи уучихаад гэр рүүгээ явахаар такси барьж яваад замдаа Хаан банкны ATM машинаас таксины жолоочоор мөнгө авахуулаад картанд нь 500.000 төгрөг үлдсэн гэсэн. Өөрөө үлдэгдэлээ шалгасан гэж байсан. Тэгээд жолоочоос картаа буцаагаад авахдаа шууд аваад халаасандаа хийчихсэн чинь жолооч нь өөр карт буцаагаад өгөөд өөрийнх нь картыг аваад үлдчихсэн байсан талаар надад хэлсэн. Тухайн үед картныхаа нууц дугаарыг хэлж өгсөн байсан. Намайг хөдөөнөөс ирэх үед Б Хаан банк орж өөрийнхөө дансны үлдэгдэлийг шалгуулсан чинь 400.000 төгрөг авчихсан байна гэж хэлсэн..” гэх мэдүүлэг, шүүгдэгч Н.Дын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 39/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх -38/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-40/, хохирол төлсөн баримт /хх-47/, Хаан банкны дугаар бүхий данс эзэмшигчийн талаарх мэдээлэл, дансны гүйлгээний хуулга/хх-31-34/, Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-35-37/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Д нь 2019 оны 5 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт такси үйлчилгээнд явж байхдаа хүргүүлэхээр суусан хохирогч М.Бын Хаан банкны картнаас 400.000 төгрөгийг авсан болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Дын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан” гэмт хэрэг байна гэж үзээд, шүүх шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Н.Дын зүгээс улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Н.Д нь хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролыг төлж барагдуулсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хөнгөн төрлийн гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч Н.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд байдал шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар” авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дд хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар Н.Дыг оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.
4. Шүүгдэгч Н.Д нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хаан банкны виза картыг хохирогч М.Б болон шүүгдэгч Н.Д нарт буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР